Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лангуу нь хоосорсон дэлгүүр буюу хөрөнгийн бирж


-Хөрөнгийн бирж өнгөрсөн онд компанийн бонд болон анхдагч зээлийн арилжаа хийгээгүй  байна-

Хэн хүнгүй л Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн хөгжил сул, санхүүгийн зуучлалын өөрийн шинж төрхөө олоогүй гэдэг. Ийм ч учраас бизнес эрхлэгчид хөрөнгийн биржийг бус банкийг сонгож хөрөнгө оруулалт санхүүжилт хүсдэг билээ. Үнэт цаасны зах зээл сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд хөгжөөгүй учир нь гээд олон шалтгаан тоочиж болно. Жишээ нь, хууль эрх зүйн орчин дутмаг, зах зээлд шинэ бүтээгдэхүүн гараагүй, иргэдийн санхүүгийн мэдлэг муу гэх зэргээр.

Нөгөө талаар үнэт цаасны зах зээл эдийн засгийн өсөлтөөс шууд хамаарч мөчлөг дагах хандлагатай байгаа юм. Эдийн засгийн өсөлт өндөр жилүүдэд зах зээлийн үнэлгээ, хувьцааны үнэ ханш, арилжааны үнийн дүн өсч идэвхжих болон хэт халах үзэгдэл ажиглагддаг. Харин өнөөдөр эдийн засгийн өсөлт буурахад үнэт цаасны зах зээлийн үнэлгээ дагаад уруудаж буй юм. Манай улсын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ  2005-2010 он хүртэл тогтмол өссөн мэдээ бий. Эдийн засгийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн 2011 онд огцом өсч 2.1 их наяд төгрөг давсан. Үүнээс хойш жил дараалан буурав. Өнгөрсөн онд 129.4 тэрбум төгрөгөөр буурч 1.6 их наяд төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл зах зээлийн үнэлгээ өсч, буурах нь эдийн засгийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад худалдааны тэн­цэл болон Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцааны тоо, үнийн дүнгээс шууд хамаардаг.  Нэг ёсон­доо эдийн засгийн нөхцөл байдлаа дагаад хөрөнгийн биржээр эргэх хөрөнгө татарч эхэлжээ.

Үнэт цаасны зах зээлийг ДНБ-нд харьцуулан үзвэл 2012 онд 12.9 хувийг эзэлж байв. Гэтэл өнгөрсөн жил буурч ДНБ-ий 9.5 хувийг л эзлэх болсон байна. Үнэт цаасны зах зээл ингэж буурахад шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалтгүй, хөрөнгийн бир­жид бүртгэлтэй компа­ниудын хувьцааны төвлөрөл өндөр, мэргэжлийн зуучлагч байгууллагуудын санхүү, төлбөр тооцооны шинэ горимд шилжсэн зэрэг асуудал нөлөөлсөн аж.  Хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүнг нь аваад үзвэл хоёр жилийн өмнө 144.7 тэрбум төгрөг байсан юм. Харин өнгөрсөн онд 97.6 тэрбум төгрөг болон буурчээ. Нэг ёсондоо хөрөнгийн биржийн мөнгөний урсгал татарсаар байна  гэсэн үг. Тэгэхээр Монголын хөрөнгийн биржийг дэлгүүр гэвэл лангуун дээрх бараа нь дуусч буй юм. Үндсэндээ шилжилтийн үеийн буюу тэртээ 1990 оны давснаас өөр бараагүй лангуу болж гэхэд хилсдэхгүй. Иймд шинэ бүтээгдэхүүнээр лангуугаа дүүргэж,  бараа татахгүй л бол худалдаа хийхээр мөнгөө бариад орж ирэх хүн олдохгүй. Хатуухан хэлэхэд сайхан нэр хаягаас өөр зүйлгүй болчихож.

Төрийн мэдлийн болон нэг гарт төвлөрсөн хувьцааг задлана

Иргэд 1990-ээд онд өмч хувьчлалаар авсан цэнхэр, ягаан тасалбарынхаа учрыг өнөөг хүртэл сайн олоогүй. Иймд ямар компанид хэчнээн хувьцаа эзэмшдэг, данстай эсэхээ ч мэдээгүй өнөөдрийг хүрсэн хүн олон. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” компани эх орны баялгийн хувь хүн бүрт хүртээж, 1072 хувьцааг эзэмшүүлсэн. Ингээд ҮЦТТТХТ-д хандаж ямар нэг компанийн хувьцаа эзэмшигч гэдгээ мэдээд түүнийгээ заржээ. Энэ нь хувьцааны төвлөрөл үүсч хөрөнгийн бирж бараагүй болох нэг  үндэс нь болсон байна.   Иймд Хөрөнгийн биржийн лангууны барааг сэлбэхдээ эхний ээлжинд хувьцааны төвлөрлийг задлана хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэж буй. Учир нь биржээр дамжиж олон нийтэд худалдаалж буй хувьцааны хэмжээ  ч бага байгаа юм. Жишээлбэл, нийт хувьцааны 90 хувийг нэг гэр бүл, хамаатан садан, найз нөхөд атгаж байна гэсэн үг. Энэ хувьцаа хэзээ ч арилжаалагдахгүй. Гэтэл үлдсэн 10 хувийг нь худалдаж авах эрсдэлтэй алхам хийх хөрөнгө оруулагч байхгүй гэсэн үг. Ийм хувьцааны төвлөрөл хөрөнгийн биржийн мөнгөн урсгалыг боож байна хэлж болно.  Тэгэхээр энэ учигны зангилааг тайлах юм бол хөрөнгийн биржийг зориод  мөнгөө бариад ирэх хүний тоо нэмэгдэнэ. Тэр хэрээр мөнгөний урсгал ч өсөх юм. Үүний тулд Санхүүгийн зохицуулах хорооноос нэг гарт 75-аас дээш хувийн хувьцаа нь төвлөрсөн компаниудад “Хэрэв танай компани хөрөнгийн биржид бүртгэлтэй байж үнэт цаасны арилжаа хийх бол 25 хүртлэх хувийн хувьцаагаа заавал олон нийтэд худалд”  гэсэн шаардлага тавина гэж байгаа билээ. Тэгэхдээ өөрийн хувьцаанаас зарах, эсвэл нэмэлт хувьцаа гаргах боломж бүрдүүлж өгөх аж.  Бас нэг том зангилаа бол төрийн мэдлийн компа­ниудын хувьцаа. Өнөө­дөр Үнэт цаасны төл­бөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд /ҮЦТТТХТ/ хадгалагдаж  буй  нийт хувьцааны 70  хувь нь төрийн мэдлийн ком­панийх. Иймд төр өмчөө бас задалж  тодорхой хэмжээний хувьцааг нь хөрөнгийн биржээр арилжаалах ёстой гэдэг.  Манай улсын эдийн засаг өндөр өсөлттэй, хөрөн­гийн биржийн арилжааны үнийн дүн огцом нэмэгдэж байх үед гадаадын иргэн, компаниуд гол тоглогч нь байжээ. Тэд хувьцааны зах зээл дээрх нийт арилжааны 60-70 хувийг хийдэг байв. Харин өнөөдөр тэд манай эдийн засгийн өсөлт саарсан, уул уурхайн компаниудын хувьцааны үнэ ханш унасан зэргээс  шалтгаалж бараг бүгдээрээ  дансаа хаагаад гараа даллаад одсон.  Тэгэхээр томоохон тоглогч нь үгүй болохоор хувьцааны арилжаа буурах нь тодорхой юм. Мөн өнгөрсөн онд ногдол ашиг тараах мөнгөн дүн  долоо дахин буурсан байна.

Хувьцаа  нь арилжаалагдахгүй байгаа компанийн тоо ч өсчээ

Үнэт цаасны тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд батлагдсан. Эдгээр хуулийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж  байгаа.  Мөн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль,  Банкны тухай хууль, Компанийн тухай хуулийг сүүлийн жилүүдэд шинэчилсэн билээ. Иймд  үнэт цаасны зах зээлийн хууль эрх зүйн тодорхой болсон,  нэг хэсэгтээ алзахгүй  гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдсэн. Одоо хадгаламжийн бичиг, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг  хамгаалах кастодион банкны үйлчилгээ гээд шинэ шинэ зүйл гарч ирэх боломж бүрджээ. Иймд хөрөнгийн биржийн хоосорч буй  лангуу нь бараа, үйлчилгээгээр дүүрч худалдан авагч, үйлчлүүлэгчээ урин дуудна хэмээн найдаж байна. Гэхдээ үүнд цаг хугацаа хэрэгтэй. Өнөө маргаашдаа бүтэж арилжаа наймаа нь сэргээд ирнэ гэдэг юу бол. Хөрөнгийн биржийн бүх зүйл “ок” болоход наандаж хоёр гурван жилийн хугацаа хэрэгтэй гэж зарим эдийн засагч хэлж байгаа юм. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тооцоогоор өнгөрсөн онд бүртгэлтэй хувьцаат компани 323 байна. Эдгээрийг өмчийн хэлбэрээр нь аваад үзвэл   төрийн өмчийн оролцоотой 30, төрийн өмчит 23, хувийн өмчит 270 байгаа юм.  Гэтэл хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаа  нь арилжаалагдахгүй байгаа компанийн тоо өсөх хандлагатай болжээ. Иймд  хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийдэггүй, үйл ажиллагаа нь зогссон компаниудыг биржийн бүртгэлээс хасах гэнэ. Өнгөрсөн онд л гэхэд хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн 69 компанийг хөрөнгийн бир­жийн бүртгэлээс хассан.  Хө­рөнгийн биржээр өнгөр­сөн онд 254 удаагийн арилжаагаар 134 компанийн 65.8 сая ширхэг хувьцаа арилжжээ. Гэвч компанийн бонд болон анхдагч зээлийн арилжаа хийгээгүй  аж. Тэгэ­хээр өмнө гарсан хувь­цааг л арилжаалсан гэж болно. Хувьцааны арилжааны мөнгөн дүнгийн дунджийг  тооцоод үзвэл 33.6 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл өдөрт дунджаар 384.3 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.  

0 Сэтгэгдэл
Jamarch medeelel ugdugyi jum blee.bi huvtzagaa asuusan medeh negch bn
Хамгийн их уншсан