“Чингис Хаан” олон улсын нисэх буудал нэг чиглэлийн хөөрч, буух зурвастай учраас хаврын улиралд ихэвчлэн арын салхины хязгаарлалт хэтэрснээс үүдэн нислэг саатах тохиолдол гардаг.
Мөн “Чингис Хаан” ОУНБ-ын цаг агаар, уур амьсгалын олон жилийн төлөв байдлаас харахад зонхилох салхины чиглэл нь хөөрөх, буух зурвасын чиглэлтэй давхацдаг. Ялангуяа хаврын улиралд өдрийн цагаар агаарын хэмийн өөрчлөлтөөс шалтгаалан нар мандсанаас 2-3 цагийн дараа баруун хойноос салхины хүч эрс нэмэгдэж, нар жаргасны дараа намдах төлөвтэй байдаг. Энэ нь зарим нислэг үдээс хойш Чингис Хаан ОУНБ-д газардах үед хүндрэл учруулдаг тул тухайн нислэгийн хөөрөх цагийг хойшлуулж зохицуулалт хийдэг.
Түүнчлэн хаврын сүүл болон зуны эхэн сарын зарим өдөр зүүн өмнө зүгээс хүчтэй салхи салхилдаг нь агаарын хөлөг хөөрч гарахад саад учруулдаг. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан зургадугаар сарын прогноз мэдээнээс харахад энэ сар нэлээд салхитай байх төлөвтэй байна.
Иймээс зүүн өмнө зүгээс хүчтэй салхитай үед “Чингис хаан” ОУНБ-аас хөөрөх нислэг хойшлох, мөн баруун хойноос салхитай өдөр ““Чингис хаан” ОУНБ-д буух нислэг саатах тохиолдол гарч болзошгүй тул эрхэм хүндэт зорчигчид Та бүхэн аяллаа зөв төлөвлөхийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК санал болгож байна.