Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд ердөө л арваадхан хоног үлдсэн энэ үед дунд сургууль төгсөгчид аль хэдийнэ мэргэжлээ сонгож, суралцах сургуулиа онилсон байгаа. Тэдний дунд дотоодын их дээд сургуулийг сонгосон нь байхад гадаадад суралцахаар төлөвлөсөн нь ч бий. Тиймээс намрын элсэлттэй холбоотойгоор “Шинэ үеийн мэдлэг боловсролын төв” сургалтын төвийн захирал Г.Бямбасүрэнтэй ярилцлаа. Тус төв гадаад хэлний сургалт явуулахаас гадна гадаадын их дээд сургуульд зуучлах үйлчилгээ явуулдаг юм. Тиймээс гадаадад сурахаар явахад тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар болон суралцахад тохиромжтой улсуудын талаар түүнтэй ярилцлаа.
-Гадаадад сургахаар зуучлал хийдэг гэж байна. ЭЕШ хаяанд ирсэн энэ үед хүүхдүүд хэр хандаж байна?
-Ер нь, сургалтын төвөөр хэлний мэдлэгээ сайжруулж байгаа хүмүүс бүгдээрээ нэг зорилготой байдаг. Гадаад руу явж суралцах. Англи хэлний суурьгүй хүн гэж одоо бараг байхаа больсон. Гадаадад суралцахаар явах гэж байгаа хүүхдүүд өндөр үнэтэй зуучлалын төвд хандаад визний асуудлаас болоод ч юм уу бүтэлгүйтлээ гэхэд нөгөө төлбөрөө буцаан авах боломжгүй. Гэтэл гадаадын их дээд сургуульд элсэх, тэндээс урилга авах одоо бол энгийн л ажил болсон. Заавал өндөр төлбөр төлөөд, хэн нэгнээр зуучлуулаад байх шаардлагагүй. Гадаад хэлний жаахан мэдлэгтэй байхад л болох асуудал.
-Гэхдээ танайх одоо зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа.Тэгэхээр ийм хэрэгцээ шаардлага бас л байх нь. Ямар үнэ хөлсөөр зуучилдаг юм бэ?
-Одоо зуучлалын үйлчилгээ үзүүлдэг ихэнх байгууллага 3-4 мянган ам.долларын төлбөртэй байгаа. Гэтэл яг үнэн хэрэгтээ тийм ч өндөр өртөг зардал ордоггүй. 1000 орчим ам.доллар л болдог.
-Тэгвэл 1000 ам.доллартай байхад гадаадын их дээд сургуулийн урилгыг зуучлуулаад авч болно гэсэн үг үү?
-Тийм ээ. Гадаадын ямар ч их дээд сургуулийн урилга авахад 21 хоногийн хугацаа шаарддаг. Бидний явуулсан материалыг цаанаа судлахаас эхлээд хугацаа ордог. Тэр хооронд нөгөө хүүхдээ 21 хоногийн хугацаанд элчингийн ярилцлагад бэлтгэдэг. Тэгээд бичиг баримт нь бүрдэхээр элчингээс цаг аваад хүүхдээ оруулдаг.
-Гадаадын сургуулиас урилга авахаас илүү сургуулиа сонгох хамгийн хэцүү байх. Үүн дээр танай төвөөс ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Гадаад руу явахаар төлөвлөж байгаа ихэнх залуус эхлээд АНУ болон Европын орнуудыг сонгодог боловч гарах магадлал нь бага учраас эцэстээ Азийн орон руу л явдаг. Тиймээс анхнаасаа л Азийн орнуудыг сонгосон нь зөв. Тэтгэлэг элбэгтэй. Тайваний боловсрол гэхэд дэлхийн шилдэг 100 сургуулийн 50-иас дээгүүр байрт явдаг. Сургалт ч сайн. Олон улсын оюутнуудтай учраас англи хэлээр хичээл нь ороод, хятадаар ярьдаг учраас хоёр хэлтэй болоод ирэх боломжтой.
-Зуучлалын төвөөр дамжуулснаар тэтгэлэгт хамрагдах боломж илүү байдаг уу?
-Тэгэлгүй яахав. Манай сургалтын төв л гэхэд гадаадын олон сургуультай хамтын ажиллагаатай учраас явуулж байгаа хүүхдүүдээ аль болох тэтгэлэгт хамруулахыг л боддог. Азийн орнуудад харьцангуй их тэтгэлэг олгодог. Тайваньд бүр 100 хувийн тэтгэлэгтэй сургадаг. Байр, хоол, сургалт гээд бүх юм нь орно. Тухайн элсэгч оюутны хотхондоо байрлаад л хичээлээ хийнэ. Ажил хийх эрхгүй. Гадаадын оюутнуудад 100 хувийн тэтгэлэг олгосноор өөрийн орны боловсролыг дэлхийд сурталчилж байгаа хэрэг. Харин тэд дотоодынхоо оюутуудад бол төлбөртэй. Баттай биш эх сурвалжийн ярьж байгаагаар ер нь хэтдээ Тайвань 100 хувийн тэтгэлэгээ болих гэж байгаа сураг гарсан. АНУ зэрэг оронд бол оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжтой. Бас өөрийн анх сонгосон сургуульдаа гурван сар сурчихсан байхад өөр сургуульд шилжих боломжтой. Энэ нь анхнаасаа муу сургуулиасаа муу сургууль сонгосон ч, солиод шилдэг сургуульд элсэх боломжтой гэсэн үг. Хэрэв шилдэг сургуульд элсэх юм бол дүрэм журам нь маш хатуу. Хичээлийн цагаа гүйцэхгүй бол хөөгдөх хүртэл арга хэмжээ авдаг учраас ажил хийх боломжгүй болчихдог. АНУ-ын их, дээд сургуулийн нэг давуу тал нь төлбөрөө хувааж хийж болдог. Тухайн сургуулийн төлбөр 12-15 ам.доллар байлаа гэхэд эхлээд 2-3 мянган ам.доллараа өгчихөөд очмогцоо ажил хийгээд дараагийн төлбөрөө олох боломжтой.
-Дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 20-д багтсан сургуульд тэнцсэн оюутнуудад мэргэжил харгалзахгүй төрийн сангаас тэтгэлэг олгодог болсон. Зуучлалын төвүүдээр дамжуулан тийм зэрэглэл өндөр сургуульд зуучлах боломж хэр байдаг вэ?
-Дэлхийн шилдэг сургуулиуд элсэгчдээ маш хатуу шаардлага тавьсан байдаг. Тэрэнд нь тэнцэх хүүхэд ховор. Тэгээд ч дэлхийн шилдэг сургуульд элсэх хэмжээний хүүхэд заавал зуучлалын төвөөр дамжуулаад байдаггүй. Зуучлалын төвд янз бүрийн хүн л ханддаг. Мөнгөтэй, мөнгөгүй, хэлтэй, хэлний мэдлэггүй гээд. Тэр болгоныг нь харгалзаад л гэрээтэй сургуулиуддаа боломжийнх нь хэрээр явуулдаг.
-АНУ-ын виз тэр бүр амар гардаггүй. Хүүхдүүдийг визэнд хэрхэн бэлтгэдэг вэ?
-АНУ-аас бусад улсын виз харьцангуй амархан. Сургуулийн урилга бол материалаа илгээгээд л болчихдог. Харин Элчингийн ярилцлагад ороход хэн ч нөлөөлж чадахгүй. Гэхдээ АНУ-ын Элчингийн ярилцлагад ороход 12-21 асуултыг тогтмол асуудаг. “Яагаад АНУ-ыг сонгох болов” гээд л эхэлнэ. Тэгээд хэн чиний төлбөрийг төлөх вэ гэдэг асуулт маш чухал. Төрийн албан хаагч юм уу, ажилтай хүмүүс төлбөрийн баталгаагаа байгууллагаасаа гаргуулчихвал баталгаатай. Гэхдээ заавал төлүүлэхгүй. Зөвхөн батлан даалт л болж байгаа юм. Тэгээд визэнд тэнцэх магадлалтай хүмүүс гэж байна. Дөнгөж дунд сургуулиа ч юм уу бакалавраа төгссөн хүмүүс эсвэл нас тогтсон хүмүүсийн виз хурдан гардаг. Харин сургуулиа төгсөөд хэсэг ажил хийчихсэн мастерт явах хүмүүсийн виз жаахан уддаг. Бас нэг зүйлийг хэлэхэд өмнө нь хүмүүс хар тамга даруулсан гэж ярьдаг байсан даа. Одоо бол тийм юм байхгүй. Эхний удаа орчихоод бичиг баримт нь дутуугаас виз нь бүтээгүй тохиолдолд түүнийгээ бүрдүүлээд дахин очих боломжтой.
-Дээр та англи хэлний суурьгүй хүн гэж байхгүй гэсэн. Гэхдээ дунд сургууль, их сургуульдаа англи хэл үзээд ч сураагүй хүн олон бий. Тэдний алдаа нь юу вэ?
-Манайхан сонсголгүй л гээд байдаг. Аргагүй. Өөрөө тухайн үгээ зөв дуудаж сураагүй учраас зөв дуудаж байгаа хүний яриаг сонсоод ойлгоно гэж байхгүй. Хүүхдүүд бичиж чаддаг мөртлөө ярьж чаддаггүй байх нь элбэг. Нэг эссэ бичлээ гэхэд тэрийгээ биччихээд л яриад байх хэрэгтэй. Бас өдөр тутмын сонинуудаас нийтлэл, мэдээ материал орчуулах нь маш үр дүнтэй байдаг. Үлгэр орчууллаа гэхэд л тэнд аль хэзээний мартагдсан, өдөр тутам хэрэглээд байдаггүй үгс явж байдаг. Тэгээд аливаа хэлийг суръя л гэж байгаа бол тодорхой хугацаагаа зориулж, өөрийгөө чөлөөлөх л хэрэгтэй.