Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай улсын экспорт өссөн ч эдийн засаг агшсан хэвээр


Эдийн засаг агшиж иргэд бүсээ чангалж байна. Энэ нь төлбөрийн тэнцэлийн хямрал буюу эдийн засаг дахь гадаад валютын дутагдлаас болсон хэмээн тайлбарлаж буй. Сангийн яамнаас гаргасан эдийн засгийн тоймд Монгол Улсын ДНБ-ий бодит өсөлт энэ он гарснаас хойш 7.4 хувьтай гарчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулбал 0.3 хувиар өссөн үзүүлэлт аж.  Хямрал нүүрлэсэн ийм үед эдийн засаг өсөлттэй гарахад барилгын салбарын 15.7, хөдөө аж ахуйн 18.4 хувийн өсөлт голлон шалтгаалжээ. Нөгөө талаар аж үйлдвэрийн салбарт Оюу толгойн зэсийн баяжмал үйлдвэрлэл чухал нөлөө үзүүлсэн хэмээн дурджээ. Тухайлбал, тус баяжуулах үйлдвэр манай улсын зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 83 хувиар өсгөсөн тооцоо гарсан байна. Гэвч бүтээгдэхүүний цэвэр татварын орлого 4.2 хувиар буурсан тооцоо гарчээ. Энэ нь экспорт буурч улсын төсөв энэ он гарснаас хойш тасарч ирсэнийг илтгэж буй аж. Өөрөөр хэлбэл, 2009 оны хямралаас хойш  анх удаа ийм зүйл тохиож байгаа гэдэг. Өнгөрсөн оны эцсээр олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд болон судлаач манай улсын эдийн засгийг энэ онд  буурах ч 12 хувь дээр тогтож үлдэнэ гэж төсөөлж байв. Харин өнөөдөр энэ төсөөлөл талаар өнгөрч 7-8 хувь дээр арайл гэж тогтож үлдэх төлөв байгаа юм. Учир нь нүүрлэсэн хямралаас хохирол багатай гарахын тулд эдийн засгийн өсөлтөө зольж тогтвортой байдал, ажлын байраа хадгалах нь чухал хэмээн судлаачид үзэж буй билээ.


Гадаад худалдааны алдагдал буурсан ч 93.8 сая ам.доллар байна

Энэ оны эхний улирлын байдлаар хөрөнгө ба санхүүгийн тэнцэл  267.9  сая ам.долларын ашигтай, урсгал тэнцэл нь сая ам.долларын ашигтай, урсгал тэнцэл 293.6 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Иймд нийт тэнцэл  25.7 сая ам.долларын алдагдалтай гарсан хэмээн Сангийн яамнаас тодорхойлсон.  
Эдийн засаг өндөр өсч байсан жилүүдэд импорт огцом нэмэгдэж байлаа. Өөрөөр хэлбэл, импорт экспортоо давж гадаад худалдаа алдагдалтай явж иржээ. Энэ нь эдийн засагчдын хэлээд байгаа өнөөгийн төлбөрийн тэнцэлийн хямралд хөтөлсөн гэж болох нь. Эдүгээ  гадаад худалдаа алдагдалтай хэвээр байна. Тухайлбал, Сангийн яамнаас хийсэн судалгаагаар энэ оны эхний дөрвөн сард манай улсын экспортын орлого 1.4, импорт 1.5 сая ам.доллар болжээ. Иймд манай улсын гадаад худалдааны алдагдал 93.8 сая ам.доллар байгаа юм. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 5.6 дахин буурсан үзүүлэлт. Энэ бууралтад импорт 12.3 хувиар буурсан явдал гол нөлөө үзүүлсэн байна.

Экспортын гол орлогыг зэсийн баяжмал бүрдүүлэх боллоо. Уг бүтээгдэхүүн он гарснаас хойш нийт экспортын ашигт малтмалын 35.4 хувийг  эзлэх болжээ. Зэсийн баяжмалын экспорт 53, орлого нь 66 хувиар өслөө. Энэ оны эхний хоёр сард Лондонгийн металлын бирж дээр нэг тонн цэвэр зэс 7100-7200 ам.доллар байлаа. Харин гурав, дөрөвдүгээр сард үнэ унаж 6400-6800 ам.долларт хэлбэлзэж эхэлсэн. Металлын зах зээл судлаачид үүнийг сүүлийн дөрвөн сард нэг тонн зэсийн үнэ хамгийн доод хэмжээндээ хүртэл уналаа гэж дүгнэсэн билээ. Цаашид Хятадын эдийн засгийн бууралт, эрэлт хэрэгцээнээс шалтгаалж өнгөт металлын үнэ бууж болзошгүй хэмээн үзэж буй юм.

Харин нүүрсний экспорт 8.7 хувиар нэмэгдсэн ч орлого нь 1.4 хувиар буурсан тооцоо гарав. Учир нь нүүрсний зах дээр үнэ бүр доод цэгтээ хүртэл унаад буй билээ. Зарим судлаачийн хэлж буйгаар нэг тонн нүүрс 35 ам.доллар болтлоо буурсан аж. Гэвч Хятадын зах зээл дээрх нүүрсний эрэлт буураагүй харин ч өссөн хэмээж буй. Үнэ ингэж буурсан гол шалтгаан нь  сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ өндөр байсан тул экспортлогчдын тоог нэмэгдүүлэх шалтгаан болжээ. Нэг ёсондоо урд хөршид нүүрс нийлүүлэгч улс, компани олширсон байна. Гэтэл ганц зах зээлтэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улс аяндаа нүүрсний зах зээлийн “тулаанд” ялагдсан гэсэн үг. Нөгөө талаар ашигт малтмалаа борлуулах нэгдсэн зохион байгуулалтгүй тул монголчууд хоорондоо өрсөлдөж үнэ ханшаа буулгах явдал ч гарсан гэдэг. Нэгэн үед ашигт малтмалын нийт экспорт, орлогын  40 гаруй хувийг нүүрс эзэлж байв. Гэтэл өнөөдөр экспортын 20 хувь дээр тогтож үлдээд буй ажээ.  
Манай улсын экспортын орлогод одоо газрын тос, алт чухал нөлөө үзүүлэх боллоо. Жишээ нь өнгөрсөн оны мөн үеэс газрын тосны экспорт 16, алтных 8.9 хувиар өсөөд байна.


Манай улс хоёр тэрбум 195 сая ам.долларын нөөцтэй

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ оны эхний таван сарын байдлаар  29.2  хувь суларсан тооцоо бий. Манайхтай адил уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч Австрали, Өмнөд Африк, Индонези, Энэтхэг зэрэг улсуудын мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханш мөн сулрах үзэгдэл энэ оны эхний улиралд ажиглагджээ. Эдгээр улсын мөнгөн тэмдэгт  14.8-27.5  хувиар суларсан байна. Гэвч тавдугаар сар гараад мөнгөн тэмдэгт нь ам.долларын эсрэг  1.2-5 хувиар чангарсан мэдээлэл бий. Энэ нь дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн хэлбэлзэлтэй холбоотой гэдэг. Монголбанкнаас зарласан ханшаар өчигдрийн байдлаар нэг ам.доллар 1823 төгрөг байна. Ам.долларын ханш ингэж өссөн нь манай улсын эдийн байдал, төлбөрийн тэнцэлийн хямралтай холбоотой хэмээн эдийн засагчид дүгнэж байгаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сард манай улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар байв. Харин энэ оны нэгдүгээр сард 2.4 тэрбум ам.доллар болжээ. Гадаад валютын нөөц ингэж буурсан шалтгаан нь “Чингис” бондтой холбоотой. Өөрөөр хэлбэл,  тус бондын 1.5 тэрбум ам.доллар орж ирснээр өнгөрсөн жил гадаад валютын нөөц огцом өссөн юм. Одоо уг бондын мөнгийг зарцуулаад дуусч буй тул нөөц буурахад гол нөлөө үзүүлсэн гэж болно.  Монголбанкны мэдээллээс үзвэл энэ оны эхний улиралд манай улсын гадаад валютын нөөц хоёр тэрбум 446 сая ам.доллар байжээ. Харин хоёрдугаар улиралд энэ нөөц хоёр тэрбум 195 сая ам.доллар болсон аж. Удахгүй,  гуравдугаар улиралд манай улсын гадаад валютын нөөц ямар болсон талаарх мэдээлэл нь гарна.  
           
Монголбанк долоо хоногт хоёр удаа  дуудлага худалдаагаар гадаад валют зах зээлд нийлүүлдэг. Үүний зорилго нь гадаад валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлоход оршдог.  Хамгийн сүүлд өнгөрсөн мягмар гарагт хийсэн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 10 сая ам.доллар, 21 сая юань  нийлүүлсэн байна. Тэгэхдээ нэг ам.доллар 1824, юань 292 төгрөгийн ханштай байжээ.  Үүнээс гадна спов, форвод хэлцэлээр арилжааны банкуудад 46.5 сая ам.доллар худалдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан