Жастин Бибер ээлжит шуугианаа дэгдээж, хэвлэлийн баатар болоод байна. Энэ удаа тэр уучилж боломгүй алдаа гаргаж, арьс өнгөний үзэл гаргасан доромж үг хэлсэн дүрс бичлэг интернэтээр тарлаа. Мэдээж энэ нь залуу дуучны цаашдын карьер, ирээдүйд ч сүүдрээ тусгах аюултай учир Бибер олон нийтээс уучлал гуйсан мэдэгдэл гаргажээ. Дээрх дүрс бичлэгт Ж.Биберийн “Хар хүмүүс яагаад хөрөөнөөс айдаг юм бэ” гэснээ хөрөө харших чимээ амаараа гаргаж “Зугтаарай, нигер, нигер” хэмээн давтан хэлж байгаа нь үлджээ. Түүнтэй хамт байсан нэг найз нь энэ хошигнол нь дэмий гэж сануулсан ч хар арьстнуудын хувьд доромж утгатай “нигер” гэдэг үгийг таван ч удаа хэлсэн байна. Энэ бичлэгийг Биберийн менежрүүд олон нийтэд тараахгүйг хичээж, өндөр үнэ амласан ч “TMZ” цахим хуудас дэлгэжээ. Нэгэнт нийтэд хүрч, олны дургүйцлийг төрүүлсний дараа Ж.Бибер энэ алдаагаа ухамсарлаж байгаа, дахин ийм явдал гаргахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр мэдэгдэлдээ “Би маш их харамсч байна. Найз нөхөд, эргэн тойрны хүмүүс, гэр бүлийнхнийхээ зөвлөгөө, өөрийн гаргасан алдаанаасаа сургамж авч өсч том болж байна. Хүүхдийн гэнэн томоогүй зангаар уучилж боломгүй алдаа гаргаж, бусдыг доромжилж, шархлуулсандаа уучлал хүсч байна. Тэр үед би хүүхэд байсан. Харин одоо бол хэлсэн үг маань яаж бусдад тусдгийг ойлгодог хариуцлагаа ухамсарласан эр хүн болсон” гэж дурджээ.