Өнгөрсөн бямба гарагт Италийн Флоренц хотод болсон Ким Кардашиан, Кэни Уэст нарын хурим 12 сая ам.долларын өртөгтэй байсныг хэвлэлүүд тооцжээ.
Ким Кардашианы 500 мянган ам.долларын үнэтэй хуримын даашинзнаас эхлээд XVI зууны үеийг санагдуулам орчин бүрдүүлэхийн тулд 410 мянган ам.доллар зарцуулжээ. Твиттер хуудасныхаа нэрийг Ким Кардашиан Уэст болгон өөрчлөөд удаагүй Кардашиан Живеншигээр хуримын даашинзаа хийлгэсэн нь хагас сая ам.долларын үнэтэй болсон байна. Тэрээр өөртэйгөө яг ижил загвараар охиндоо мөн цагаан даашинз хийлгэж, хослуулан өмссөн юм. Түүний өмссөн туфль гэхэд 40 мянган ам.долларын үнэтэй байж.
Флоренц дэх эртний эдлэнг хуримаа хийхээр хөлслөн авсан хос хоёр хуримын зочдоо тав тухтай байлгах үүднээс хувийн хоёр онгоц, 50 машинаар үйлчилсний зэрэгцээ тэдний байрласан зочид буудалд нийтдээ 500 мянган ам.доллар зарцуулсан байна. Харин тэд өөрдийн гэр бүлдээ хоногийн 1800 ам.долларын үнэтэй зочид буудлын өрөө захиалсан бөгөөд хуримын зочдоо бүгдийг нь гоёхын тулд нүүр будагч, үсчин стилистийн баг ажиллуулж, 65 мянган ам.доллар төлсөн байна.
Мөн хуримын танхимыг чимсэн нийт цэцгэнд гэхэд 136 мянган ам.доллар, хоёр метр өндөр хуримын бялуундаа 6800 ам.доллар зориулжээ.
Дуурийн алдарт дуучин Андре Бочелли 1,3 сая ам.долларын хөлстэйгөөр дуулахдаа сүйт бүсгүйг нөхөр рүү нь хүргэж өгөх ёслолын дуу болгож “Ave Maria”-г дуулсан гэнэ. Мөн хуримд дуучин Лана Дел Рэй хосуудын дуртай “Young and Beautiful” дуугаа дуулжээ. Гэхдээ тэрээр үнэ хөлсөөр дуулаагүй гэнэ.
Хурим найрын зоог ч дээд зэргийн байж, Кэни Уэст, Ким Кардашиан хоёр багагүй мөнгө зориулсан байна. 200 зочны хүлээн авалтын ганц таван шпагетти нь гэхэд 90 ам.долларын үнэтэй байсан гэнэ. Учир нь, хүлээн авалтын тогоочоор Флоренцийн хамгийн нэртэй рестораны эзэн Энни Феолди ажиллажээ.
Ийм тансаг хурим хийсэн шинэхэн гэр бүл бал сараа Ирландад өнгөрүүлж буй юм.