Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 90 жилийн хүрээнд Монголбанкнаас зарласан “Эрдэм шинжилгээ, онол, практикийн бүтээл шалгаруулах уралдаан” өчигдөр боллоо.
Энэ үеэр Монголбанкны Мөнгөний бодлого судалгааны газрын Мөнгөний бодлогын хэлтсийн эдийн засагч Б.Даваадалайтай ярилцлаа. Тэрээр ханшийн эрсдэл болон эдийн засгийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавьсан юм.
-Ханшийн эрсдэл чанаргүй зээлд хэрхэн нөлөөлж байна вэ. Та судалгааны ажлаасаа танилцуулаач?
-Мөнгөний бодлогын ахлах эдийн засагч Баярдаваатай хамтарч ханшийн эрсдэлийн талаар судалгаа хийж, илтгэл тавилаа. Бидний судалгааны гол агуулга нь сүүлийн үед манай улсад ажиглагдаад байгаа ам.долларын эсрэг төгрөгийн ханшийн сулрах байдал банкны салбарт хэрхэн тусах, чанаргүй зээлд яаж нөлөөлөх тухай юм. Тухайлбал, ханшийн өөрчлөлтийн эрсдэл нь зээлдэгчдэд хүндээр тусч банкны чанаргүй зээлд сөргөөр нөлөөлж болохыг судалгаагаар гаргахыг зорьсон.
Ингээд судалгааны дүнгээр төгрөгийн ханш сулрах нь банкны системийн чанаргүй зээлийн хэмжээг нэмэгдүүлж байна. Ялангуяа 1-2 улирлын дараа нөлөө нь хүчтэй мэдрэгдэж буй юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр шинээр гаргасан зээлийн чанар нь дээрх хугацааны дараа муудах эрсдэлийн мэдээлэл нь гардаг гэсэн үг.
-Тэгэхээр гадаад валютын орох урсгал муудсанаас ханш хөдлөх болсон. Та эдийн засагч, судлаач хүний хувьд цаашид чанаргүй зээлийн хэмжээ яах бол гэж харж байна вэ?
-Манай эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жил гаруй хугацаанд гадаад орчны үр нөлөө, дотоодын алдаатай бодлогын нөлөөгөөр хүндрээд байгаа. Гэвч одоогийн байдлаар чанаргүй зээлийн хэмжээ нэг их нэмэгдсэн зүйл алга. Ер нь, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сулрах нь банкны систем, зээлийн чанарт сөрөг нөлөөлж байна. Бидний судалгаагаар манай улсын худалдааны гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт буурах, банкуудын олгож буй зээлийн хэмжээ нэмэгдэх, экспортын түүхий эдийн үнэ унах явдал үргэлжилвэл ирэх гурван улиралд банкны чанаргүй зээл нэмэгдэх төлөв байгаа юм. Үүнийг бодлого боловсруулагчид, судлаачид анхаарч тодорхой арга хэмжээ авах талаар санал дэвшүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Ханшийн эрсдэл банкны салбарт дарамт учруулах магадлал өндөр байгаа юм. Энэ нөхцөлд манай санхүүгийн систем тогтворгүй болж доройтож буй эдийн засгаа улам хүнд байдалд оруулах эрсдэлтэй. Тэгэхээр бид ханшаас шалтгаалсан макро эдийн засгийн бодлогоо зүй зохистой явуулахгүй бол банкинд очих дарамт улам нэмэгдэнэ. Нөгөө талдаа өнгөрсөн онд Хадгаламж банкийг татан буулгаснаас шалтгаалаад чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн үзүүлэлт бий.
-Тэгэхээр манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ ханш өсвөл эдийн засгийн хүндрэлээс гарах нь тодорхой. Ашигт малтмалын үнэ ханш ирэх саруудад ямар байх төсөөлөл байгаа вэ?
-Олон улсын байгууллагуудын судалгаа, төсөөлөл, мэдээллээс харахад манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ өсөх төлөв ойрын хугацаанд ажиглагдахгүй байна. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт саарч буйтай холбоотой. Иймд ашигт малтмалын үнэ одоогийн буюу бага төвшинд хадгалагдахаар хүлээгдэж байна гэсэн үг. Гэхдээ нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг таашгүй. Шинжээчид, олон улсын байгууллагын төсөөлөл ийм л байна.
-Монгол Улсын гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх нэг суваг нь хөрөнгө оруулалт татах. Хөрөнгө оруулалтын тухай хуулиа өөрчилж таатай орчин бүрдүүлсэн. Гэтэл хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа шалтгаан юунд байна вэ?
-Ашигт малтмалын үнэ унасан, зах зээлийн ороо бусгаа байдлаас шалтгаалж манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт төдийлөн сэргэхгүй нь. Үүнээс улбаалж манай эдийн засгийн орчин суларсан. Эдгээрээс гадна Таван толгой, Оюу толгой зэрэг томоохон төслүүдийг хараад байх шиг байна. Нэг ёсондоо эдгээр төслийг хүлээж, Монголд хөрөнгө оруулах эсэхээ шийдэж чадахгүй байна гэж болно. Мөн өмнөх жилүүдэд баримталсан бодлого, хууль эрх зүйн сөрөг байдлаас шалтгаалж хөрөнгө оруулагчдын итгэл алдарчихаад төдийлөн сэргэхгүй тал ажиглагдаж буй юм. Гэвч энэ бүхэн түр зуурын зүйл. Цаашид хөрөнгө оруулалт сэргэнэ гэж найдаж байна. Энэ оны хоёрдугаар хагас болон ирэх жилд хууль эрх зүйн өөрчлөлт, эдийн засгаа эрчимжүүлэх хөтөлбөр, мөнгө, төсвийн бодлогоос шалтгаалж хөрөнгө оруулагчдыг татаж гадаад валютын урсгал нэмэгдэх төлөв бий.
-Тэгэхээр эдийн засгийн энэ хүнд байдлаас богино хугацаанд гарах, валют олж ирэх гарц нь юу байна вэ?
-Хугацаа алдсан явдал бий. Гэхдээ хамгийн гол нь Монголыг чиглэсэн гадаад валютын урсгалыг сайжруулах хууль эрх зүйн болон эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлэх нь чухал. Энэ оны өмнө Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан. Гэсэн хэдий ч гадаадын хөрөнгө оруулалт сайн нэмэгдэхгүй байгаа. Тэгэхээр Засгийн газраас зарласан 100 хоногийн хүрээнд авах арга хэмжээг богино хугацаанд маш үр дүнтэй, мөнгө, төсвийн бодлоготойгоо нийцтэй байдлаар хэрэгжүүлж чадвал эхний ээлжинд чухал гэж бодож байна.