Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

70 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар юу хийх вэ

УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлснээр анх удаа Монгол Улсын Засгийн газар 125 сая ам.долларыг төмөр замд зориулсан. Энэ санхүүжилтээр УБТЗ-д техникийн шинэчлэл хий­хээр шийдэж, тээвэр зо­хион байгуулалт, дохиолол холбооны байгууллагад 70 сая ам.доллараар орчин үеийн дохиолол суурилуулж, үлдсэн 55 сая ам.доллараар нь зүтгүүрийн албанд орчин үеийн сэлгээний дөрөв, гол за­мын дөрвөн элчит тэрэг, орчин үеийн суудлын 15 вагон, төмөр замын автобус, хоёр зам хэмжигч вагон, сэв шалгагч хоёр вагон авахаар төлөвлөсөн. Эдгээр цуваа эхнээсээ манай оронд ирсэн нь 15 суудлын вагон, төмөр замын галт тэрэг. Тэднийгээ ч туршаад эхэлсэн. Ирэх сарын 6-наас албан ёсоор хөдөл­гөөнд оролцуулна. Тэгвэл 70 сая ам.долларын өртгөөр хийг­­дэх дохиоллын ажлууд ч эхэлчихэж.

Зардал хэмнэх жижүүргүй зөрлөг

Агьсүмбэтийн өртөө Сайншандаас 32 км-ийн наана байрладаг. Өөрөөр хэлбэл, вагоноор 26 гаруй минут явах газар аж. Харин Агьсүмбэтийн наад талын 33 дугаар өртөө 25 км-ийн зайд бий. Гэтэл ганц гол замтай манай нөхцөлд Сайншанд болон 33 дугаар зөрлөг дээр хоёр талаас зэрэг ирсэн вагонууд Агьсүмбэт дээр зөрөхийн тулд нэг нэгнээ 40 орчим минут хүлээн цаг алддаг байж. Тийм ч учраас энэ цагийг хэмнэх, мөн нэгж хугацааны тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Сайншанд болон Агьсүм­бэтийн өртөөний хооронд “857 дугаар км зөрлөг”-ийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинээр нээсэн юм. Гэхдээ энэ зөрлөг өмнө нь бай­гуулагдаж байснаас тэс өөр.

Зөвхөн ганц төмөр контейнер бүхий энэ зөрлөг бусад зөрлөг бүрийн хийдэг замаа тохируулах, бүртэл хийх, хориг тавих, зөвшөөрөл өгөх гээд л бүгдийг нь хийх чадвартай. Гэхдээ манайхаас бусад төмөр зам хөгжсөн орнуудад олон жилийн өмнөөс нэвтрүүлээд ашиглачихсан энэ шинэ технологийг анх байгуулаад, туршихад хүнгүй зөрлөгт эргэлзэх олон хүн байв. Гэсэн ч байгуулагдсан цагаасаа эхлээд зургаан сарын хугацаанд хэвийн ажилласан тул найдвартай ажиллагаатай гэдэг нь батлагдчихаж.

ОХУ-д 1998 оноос хэрэглэж эхэлсэн Орос улсын Bombardier компанийн 3EBILOCK-9503 алсын удирдлагатай, микро­про­­цессорын байгуу­ламж бүхий зөрлөг анх удаа Монголд байгуулж, Агьсүмбэт, Сайншанд гэсэн хоёр талынхаа замын чөлөөтэй ба эзэлгээтэй байдлыг бүрэн хянасаар байна. Харин сум, дохио, болон бусад шаардлагатай төхөөрөмжүүдийг зэргэлдээ байрлах Агьсүмбэт өртөөний жижүүрийн автоматжуулсан ажлын байрнаас удирддаг.  Тэр ч бүү хэл Агьсүмбэтийн жижүүр “857 дугаар км зөрлөг”-ийн байдлыг каме­раар хянаж, тэнд ямар нэг аюул учрах зэрэгт зориулан чанга яригчаар дамжуулан дуу хоолойгоо хүргэх бүрэн боломжтой юм.

Алсын удирдлагатай зөрлөг гурваар нэмэгдэнэ

Нэг зөрлөг байгуулахад зөвхөн байгууламж нь долоон тэрбум орчим төгрөгөөр бүтнэ. Тэгээд нэг зөрлөгт 20-25 хүн ажиллах шаардлагатай ч хөдөөгийн нөхцөлд ажиллах боловсон хүчин дутмаг, нэг өртөөг иж бүрнээр нь байгуулахад жил гаруй хугацаа шаарддаг гээд л асуудал их. Гэтэл алсын удирдлагатай өртөөг зэргэлдээ өртөөнөөс хянах боломжтой учраас заавал хүн сахиж ажиллах шаардлагагүй, зургаан сарын хугацаанд бүтээн босгочихдог, нийт зардал нь гурван тэрбум орчим төгрөг, гэрэл цахилгаан гэх мэт урсгал зардал нь тогтмол, эко гэдгээрээ олон талын ач холбогдолтой. Тиймээс энэ онд нэмж алсын удирдлагатай  өртөөг Алтганы гол, Улхын-Овоо хооронд, мөн Түшлэг зөрлөгийн хоёр талд байгуулахаар болжээ. Энэ тоог 2015 онд дахин хоёроор нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн.

Алсаас удирдахын тулд дохиолол холбоогоо шинэчлэх ёстой

Одоогоор алсаас удирдах системийн зарим мэдээлэл 1959 онд баригдсан хагас автомат агаарын шугамаар дамжиж буй. Урд чиглэлийн замд ирэх жил гэхэд алсын удирдлагатай зургаан өртөө зөрлөг нэмэгдэхээр түү­ний хяналтыг нэгтгэж Улаан­баатараас удирдаж болно. Гэхдээ ингэхийн тулд хагас авто­мат агаарын шуга­маа хальж, шилэн кабелиа нэмэх ёстой. Тиймээс орчин үеийн дохиолол холбооны тө­хөөрөмжид төсөвлөсөн хө­рөн­гө оруулалтаараа энэ жил Айрагаас Сайншанд хоо­­ронд шилэн кабелиар холбог­дож, 100 хувийн тоон системд шилжиж, аналоги системийг халах нь. Цаашид ОХУ-ын хилээс, БНХАУ-ын хил хүртэлх гол замын да­гуух дохиолол холбооны сис­темийн шинэчилж, 100 хувийн тоон системд шил­жүүлэхээр замчид ажилдаа оржээ. Хэдийгээр манай улсад хос зам зайлшгүй хэрэгцээтэй ч одоо байгаа замаар 50 сая тонноос илүү ачаа тээвэрлах боломжтой учраас шинээр өртөө зөрлөг нэмж байгуулах зэргээр замаа бүрэн ашиглах ёстой. Ингэхдээ үйл ажиллагааг автоматжуулах нь ирээдүйн зорилго.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан