Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур өнгөрч буй төмөр замыг хүн тээвэрт ашиглахаар, зориулалт бүхий рэйлбусыг Амгалан-Толгойтын чиглэлд ирэх сарын 6-наас эхлэн үйлчилгээнд явуулахаар болсон. Харин үүнээс урьдаж, рэйлбусыг танилцуулах журмаар орон нутгийн аялалд гаргаад байгаа юм. Урд чиглэлийн буюу Улаанбаатар-Сайншанд чиглэлд рэйлбус энэ сарын 21-нд явсан бол дараа өдөр нь Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд зорчсон юм. Бид рэйлбусыг Зүүнхараа өртөөнд түр саатахад Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг тосч, иргэдийн сэтгэгдэл ямар байгааг сонирхсон юм. “УБТЗ” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж “Рэйлбус гэж шинэ хөдлөх бүрэлдэхүүнийг бид энэ сарын 16-нд оруулж ирсэн. Удахгүй хотынхоо нэрээр овоглосон Улаанбаатар төмөр замын түүхт 65 жилийн ой болох гэж байна. Үүнийг угтсан олон арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн. Тэдгээрийн нэг нь рэйлбус болон ОХУ-аас авсан шинэ 15 вагон юм. Бид дээрх хөдлөх бүрэлдэхүүнүүдийг анх удаа, төмөр замчиддаа болон орон нутгийн иргэддээ танилцуулж явна. Бидний явсан газраар хүн бүхэн сайхан угтаж авлаа. Зогссон газар бүртээ иргэддээ чөлөөтэй танилцах боломж олгож байгаа нь тэдэнд их сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Удахгүй Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийнхээ ойд хөдлөх бүрэлдэхүүний парад явуулахаар бэлтгэл хангаж байгаа. Нэг ёсондоо, төмөр замд ашиглаж байсан бүх вагон, зүтгүүрийг Толгойтоос-Улаанбаатар хүртэл явуулна. Иргэдийг очиж, өргөнөөр сонирхохыг урьж байна” хэмээв.