Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Батхуяг: 2015 онд 34 сая тонн ачаа тээнэ


Улаанбаатар төмөр замынхан өнгөрсөн жил хамгийн их буюу 21 сая 35 мянган тонн ачаа тээвэрлэсэн. Гэхдээ энэ амжилтаа илүү ахиулахаар төлөвлөж байгаа. Үүний тулд одоогийн боломжоо нэмэхээр саяхан 8000 тонн жинтэй галт тэрэг аялуулж туршилт хийсэн. Энэ талаар УБТЗ-ын Хөдөлгөөн зохион байгуулалтын албаны дарга П.Батхуягаас тодрууллаа.

-Ачаа тээврийн ашгийг нэмэхийн тулд олон арга туршдагийн нэг нь галт тэрэгний жинг нэмэх. Энэ арга манай нөхцөлд хэр тохиромжтой вэ?
-Хүнд жинтэй галт тэрэг явуулна гэдэг маань тухайн хэсгээр нэвтрүүлэн тээх чадвар хүрэлцэхгүй болсон үед хэрэглэдэг аргын нэг. Нэвтрүүлэх чадвар гэдэг нь тодорхой хугацаанд, тодорхой хэсгээр явуулж чадах хамгийн олон ачааны галт тэргийн тоо. Гэтэл тухайн хэсгээр тээх чадвар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарсан үед зам шинээр барих, өртөө зөрлөг барих, технологийн дараагийн үе рүү шилжих зэрэг арга хэрэглэдэг. Өртөө зөрлөг байгуулах шаардлагагүй үед эдийн засгийн үр дүнг бага хөрөнгө оруулалтаар галт тэрэг, ачааны хэмжээг өсгөх арга хэмжээ авч байна.

-УБТЗ-ын хувьд яг одоогийн байдлаар дунджаар хэдэн тонны галт тэрэг аялуулж байна вэ?
-УБТЗ нийт замынхаа хэмжээнд 4500-5000 тонн жинтэй галт тэргийг явуулж байна. 4500 тонн явдаг хэсгүүдийг түлхэц зүтгүүрээр шийддэг. Хуучин Мандалаас Эмээлт, Рашаантаас Давааны хооронд түлхдэг байсан. Одоо Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хүртэл 5000 тонн жинтэй галт тэрэг аялуулж байна. Үүнээс гадна Сайншандаас Агьсүмбэтийн хооронд түлхдэг байсныг 2013 онд хүчжүүлсэн засвар хийгээд галт тэрэгний хурдыг 90 км/цаг болгож тухайн хэсгээр түлхэлт ашиглалгүйгээр Сайншанд өртөөнөөс Багахангай өртөө хүртэл 5000 тонн жинтэй галт тэрэг явуулж байна.

-8000 тонн жинтэй галт тэрэг аялуулж туршихаас өмнө хамгийн ихдээ хэдэн тонн жинтэйг аялуулдаг байсан бэ?
-УБТЗ 6800 тонн жинтэй гал тэрэг аялуулаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна.

-8000 тонн жинтэй галт тэрэг аялуулсны үр дүн гарч чадсан уу?
-Хамгийн сүүлд Чойроос Багахангай өртөө хооронд 8000 тонн жинтэй галт тэрэг туршсан. Вагоны тоо 92, урт нь 1378 метртэй галт тэрэг. Турших аялал амжилттай болсон. Дараагийн аяллыг бид 9000 тонн жинтэй галт тэргээр туршихаар төлөвлөж байна. Үр дүнгээс нь шалтгаалж техникийн байдлыг нь судалж замын даргын техникийн зөвлөлийн хурлаар оруулаад цаашид явуулах эсэхээ шийднэ. УБТЗ нэг хос замтай учраас зуны улиралд замын засварын ажил хийдэг. Энэ ажлыг долоо хоногт хоёр удаа 10 цагаар тухайн замыг хааж хийдэг учраас ачааны хуримтлал бий болдог. Энэ хуримтлалыг зохицуулахад дээрх аргыг хэрэглэдэг. Тиймээс явцдаа энэ аргаа хэлэлцэж шийднэ.

-8000 тонн галт тэрэг аялуулах нь зүтгүүрийг элэгдэлд нөлөөлөх үү?
-Нэг зүтгүүрээр биш хоёр зүтгүүрээр явж байна. Хоёр галт тэргийг залгаад явуулчихаж байгаа юм. Тэгэхээр тухайн хэсгээр л өнгөрөх вагоны тоо нэмэгдэнэ гэсэн үг. Цаг хугацаа хэмнэнэ. Зардал хэвээрээ.

-Ер нь, дэлхийн жишгээр хамгийн олондоо хэдэн тонн галт тэрэг аялуулсан байдаг вэ?
-Туршаад үзсэн нь 100 мянган тонн ч байна.

-Өнгөрсөн жилийн хувьд УБТЗ түүхэндээ хамгийн олон тонн ачаа тээсэн. Тэгэхээр энэ амжилтаа бататгаж, нэмэхийн тулд одооноос бэлтгэлээ хангаж байна гэсэн үг үү?
-Ойрын үед ачаа тээврийн хэмжээ тасралтгүй өсч байна. Өнгөрсөн жил 21 сая 35 мянган тонн ачаа тээвэрлэсэн. Дээр нь бид дамжин өнгөрөх тээврээ нэмэхээр гурван улсын Тээврийн хэмжээ тохи­рох хурлыг зохион байгуул­сан. Бас аж ахуйн түвшинд ачаа илгээгч, хүлээн авагч нар­тайгаа уулзлаа. Энэ жилийн ажлынхаа төлөвлө­гөөндөө транзит тээврийг 50 хувиар нэмнэ гэсэн зорилго тавьсан. Эхний дөрвөн сарын байдлаар энэ төлөвлөгөө маань биелж байна.

-Монгол Улсын эдийн засаг хүндхэн байдалд бай­гаа. Тэгсэн ч ачаа тээвэр буу­раагүй гэж ойлгож болох уу?
-Ачаа тээвэр мэдээж зах зээлээс хамаарна. Монголоос төмөр замаар гарч байгаа ачаа тээврийн хэмжээ 23 хувиар буурчихлаа. Гэтэл төмөр замд ачаа тээвэрлэх нөхцөл боломж байгаа. Эдийн засаг байнга ийм байдалтай байхгүй. Монгол Улсын эдийн засаг өсөхөд бид бэлэн байх ёстой. Энэ жил 25 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. Ирэх жилийн хөрөнгө оруулалт хийгдэхээр 28 сая тонн болно. 2015 онд 34 сая тонн ачаа тээх бололцоо байна. Үүнийг ашиглаач гэдгийг үйлчлүүлэгч байгууллагаас хүсч байна. Өмнө нь вагон олддоггүй байсан бол одоо вагон та бүхнийг хүлээж байна.

-Зорчигч тээвэр байнгын алдагдалтай байдаг. Ачаа тээврээр амьдарч байгаа ч гэсэн сүүлийн хэдэн жил тээврийн зардлаа нэмээгүй учраас арай гэж л амиа зогоож байгаа гэх  үг олон сонслоо. Та энэ талаар мэдээлэл өгөөч?
-Сүүлийн 10 гаруй жил дотор төмөр замын тээврийн тариф хоёр дахин нэмэгдсэн. Харин нүүрсний үнэ 19.2 дахин нэмэгдсэн. Өнгөрсөн жил л гэхэд нүүрсний тээврээс 14.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Гэсэн ч бид тээврийн зардлаа нэмчихвэл бүх юмны үнэ дагаад өсчих учраас тэсээд л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан