Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ф.Ганбаатар: Үндэсний дөрвөн компани ухаалаг гар утас үйлдвэрлэнэ


Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйл ажиллагааг тайлагнахын сацуу мэдээллийн технологийн хөгжил дэвшлийг хэрэглэгчдийн өмнө нэг дор дэлгэн харуулдаг “ICT expo” найм дахь жилдээ болох гэж байна. Үзэсгэлэн болоод бусад асуудлаар Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ф.Ганбаатартай ярилцлаа.

-“ICT expo” найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь салбарын хөгжил жигд байгааг илтгэх байх?
-Тэгэлгүй яахав, “ICT expo” 2006 оноос хойш уламжлал ёсоороо найм дахь жилдээ болох гэж байна. Энэ нь таны хэлсэнчлэн салбарын хөгжил жигд өсөн нэмэгдэж буйн нэг үзүүлэлт. Өчигдөр эхэлсэн экспо маань 26-ныг дуустал үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэн “Дэвшилтэт технологи, ухаалаг хэрэглээ” гэдэг уриатай болж байна. Энэ жил “Скайтел” компанийн 15 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллана. Ер нь, дөрвөн үүрэн телефоны оператор маань экспогоо ээлжлэн зохион байгуулдаг. Өнгөрсөн жил “Юнител” компани ивээн тэтгэсэн байдаг. Мөн энэ жилээс “DDish” компани хамтран ивээн тэтгэгчээр оролцоно. Долдугаар сарын 31-ээс Монгол улс тоон системд шилжих гэж байгаатай холбоотой дээрх компани ивээн тэтгэж байгаа юм. Ер нь, тавдугаар сарын сүүлийн долоо хоногт Холбоочдын баяр буюу мэдээлэл, харилцаа холбооны салбарынхны баяр болдог учир энэ үйл явдалтай уялдуулан энэ сар мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйл ажиллагаа, арга хэмжээнүүдээр амьсгалж байна.

-Арга хэмжээнүүдээс дурд­вал?
-Тавдугаар сар дөнгөж гармагц бид спортын долоон төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулж дууссан. “Мобиком” корпорац түрүүлж “Юнител” хоёрт орсон бол “Скайтел” компани удаалсан. Энэ мэт нэлээд ажил амжууллаа. Тухайлбал, Монголд радио хэрэглээд 80 дахь жилтэйгээ золгосон байна. Тиймээс өчигдөр “Радио Монголд” гэдэг эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Энэ хурлаар Монголд радио яаж үүссэн, хөгжлийн хандлага нь хаашаа чиглэж байна, тоон системд шилжихээр яах вэ гэх мэт асуудлаар салбарын мэргэжилтнүүд болоод эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцлоо. Хоёр дахь томоохон арга хэмжээ маргааш буюу энэ сарын 24-нд болно. “Кансат-2014” бичил хиймэл дагуул, пуужин хөөргөх тэмцээн. Энэ жил зургаан баг өрсөлдөнө.

-Эдгээр арга хэмжээн танай газрын зорилтын хүрээнд хийгдэж байгаа байх аа?
-Тийм ээ, шинэчлэлийн Засгийн газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар 2012-2014 оны хооронд долоон зорилт хийж хэрэгжүүлнэ гэж дэвшүүлсэн. Нэгдүгээр зорилт бол сая хэлсэн Үндэсний хиймэл дагуул хөөргөх зорилт юм. Энэ зорилтын хүрээнд цаасан хиймэл дагуул хөөргөж хиймэл дагуул гэж юу болох, ач холбогдлын талаар хүүхэд, залууст мэдлэг мэдээлэл, боловсрол олгох зорилготой.
Гурав дахь том арга хэмжээ олон улсын бага хурал. Дэлхийн цахилгаан холбооны харьяа Ази, номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага гэж бий. Энэ байгууллагын гишүүн 36 орны 21 нь Монголд чуулна. Энэ удаагийн хурлын сэдэв бол кибер аюулгүй байдал. Цахим аюулгүй байдлыг хэрхэн хангах, Дэлхийн цахилгаан холбооны байгууллагын гишүүн орнууд энэ талын аюулгүй байдлаа хэрхэн хангадаг гэх мэт асуудлаар ярьж санал санаачлага гаргах юм. Уг арга хэмжээ маань аравдугаар сарын сүүлээр БНСУ-д Конгрессын өмнө болох гэж байгаагаараа өндөр ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл тус конгрессоор ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа сонгоно, бусад ажлын хэсгийн дарга нараа сонгоно. Энэ мэт экспогийн эргэн тойронд үндсэн гурван том арга хэмжээ болж өнгөрнө.

-Бага хурал хэзээ болох вэ?
-Энэ сарын 26-28-нд “Туу­шин” зочид буудалд болно. Экспо үндсэндээ тухайн оныхоо мэ­дээ­лэл, харилцаа холбооны сал­барт мэдээллийн технологийн чиг хандлага хаашаа чиглэж бай­гааг харуулдаг. Ялангуяа, энэ сал­барт үйл ажиллагаа явуулж хоорондоо өрсөлдөж байгаа бизнесийн байгууллага хоорондын өрсөлдөөнийг харуулдгаараа онцлог. Үүнээс гадна бид ухаалаг хэрэглээ гэдэг зүйлийг яриад чамгүй удлаа. Энэ ухаалаг хэрэглээнд мэдээллийн технологи ашиглан ямар технологи, хэрэглээшинээр нэвтрүүлж байгааг мөн л экспогийн хүрээнд үзүүлдэг.
Өнгөрсөн удаагийн бодлого шийдвэрүүдээс харвал Монгол Улсад мэдээллийн технологийг ашигласан ямар шинэ бүтээгдэхүүн гарах бололцоо байгааг ярилцсан. Үүний хүрээнд дөрвөн компани эх орондоо гар утас үйлдвэрлэх боломжтойг тогтоосон.

-Үүрэн телефоны операторууд багтаж байгаа юу?
-Үгүй. Жишээлбэл, “IT zone” компани “Могул Сонор” нэртэй, Монгол Улсад үйлдвэрлэв гэсэн шошготой, монгол залуучуудын бүтээсэн утас хийхээр ажиллаж байгаа. “Мигма” компани өөрийнхөө бүтээгдэхүүнийг гаргана үндэсний дөрвөн ч компани ухаалаг гар утас үйлдвэрлэхээр ажиллаж байна. Ер нь, миний дээр хэлсэн долоон зорилтын хүрээнд хийх ажлуудын тодорхой шийдлийг үзэсгэлэнгийн хүрээнд хийж танилцуулдагийн нэг нь энэ. Улсын хэмжээнд явж байгаа мэдээлэл, харилцаа холбооны салбарын ажлын гүйцэтгэл ямар байгааг энэ үзэсгэлэнгээс харж болно. Товчхондоо, “ICT expo”-гийн гол агуулга нь ийм л учиртай юм.

-Товчхондоо, салбарын ажлыг тайлагнах гэж ойлгож болох нь?
-Ер нь, XXI зууныг мэдээллийн тэр дундаа мэдээллийн технологийн эрин зуун гэж яриад байгаа. Мэдээллийн зуун гэдэг нь өөрөө асар өргөн цар хүрээтэй ойлголт. Мэдээлэлд ойр хүн хамгийн түрүүнд баялаг бүтээж, амжилтад хүрч байна, хамгийн түрүүнд өөрөө өөрийгөө боловсруулж чадаж байна. Энэ ч утгаараа маш чухал салбар юм гэдгийг энэ арга хэмжээгээр өөрийн чинь хэлдгээр тайлагнаж байгаа гэж болно. Салбарын хөгжлийн нүүр царай ч гэж ойлгож болно. Хийсэн ажлаа ерөнхийлөн дүгнэж байгаа хэрэг. Ерөнхий зохион байгуулагчаар нь Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагч нь Харилцаа холбооны зохицуулах хороо. Салбарын дээд хоёр байгууллага болохын хувьд зохион байгуулалт, цар хүрээ ч сайн болдог.

-Харилцаа холбооны сал­барын хөгжлийг гал тогоонд нь суугаа хүний хувиар дүгнэвэл?
-Монгол Улсын харилцаа холбооны салбар дэд бүтэц гэдэг хөрс, сууринаасаа эхлэх ёстой. Хөрс, суурь нь боломжийн түвшинд байгаа. 340 сум, суурин газрынхаа 304-ийг нь бид өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбочихлоо. Үүрэн телефоны операторууд 300 гаруй сум, сууринд 3G сүлжээ нэвтрүүллээ. Энэ бол дэд бүтэц, бүтээн байгуулах ажлын хувьд том хөрөнгө оруулалт.
Шилэн кабелиар холбогдоно гэдэг бол Цахим Монгол, цахим засаглал бий болгох үндсэн дэд бүтэц. Үүнээс улбаалж интернет хэрэглээ нэмэгдэнэ. Цаашлаад өнгөрсөн хугацаанд нэвтрүүлсэн ТҮЦ машины үндэс суурь, дэд бүтэц мөн л энэ кабель болж байгаа юм. 21 аймаг, Улаанбаатар хотын 47 цэгт ТҮЦ машин үйлчилж байгаа бол нэмээд 51 цэгт байрлуулах гэж байна. Мөн шинэ тутам нэр томъёо, бүтээгдэхүүн нэвтрүүлж буйн нэг нь ухаалаг шуудангийн хайрцаг. Энэ нь дээрх долоон зорилтын хүрээнд хийгдсэн ажлын нэг. Нөгөө шилэн кабелиараа дамжуулан мэдээлэл солилцоно. Ердийн, уламжлалт шуудангийн хайрцгаас ялгаатай нь ямар ч тохиолдолд, цаг хугацааны хамааралгүйгээр таны шуудангийн хайрцганд мэдээлэл ирэх юм. Хэрэглэгч шуудангийн хайрцгаа мессежээр удирдах, шуудангаа хүлээн авах бололцоотой. “Вива Сити” хотхоны 50 номерын шуудангийн хайрцагт тийм илгээмж ирлээ хэмээн хүлээн авна гэсэн үг. Гэх мэт ийм шинэлэг бүтээгдэхүүн нэвтэрч байгаа нь салбарын хөгжил сайн байгааг илтгэнэ. Ер нь, бүтээн байгуулах, хөгжиж дэвшил гэдэг зүйлийг энэ салбарт технологийн дэвшлээр дүгнэдэг болсон шүү дээ.

-Миний мэдэхээр “ICT expo” хамгийн их үзэгчтэй үзэсгэлэн байх?
-Мишээл экспогийн зүгээс статистик тоо гаргадаг юм билээ. Бүх салбар чиглэлийн байгууллагууд энд арга хэмжээ зохион байгуулж байна шүү дээ. Бүтэн жилийн хугацаанд үзэсгэлэн, арга хэмжээ болдог төвийн хамгийн их үзэгчтэй, хамгийн хүртээмжтэй, мөлжүүртэй нь энэ “ICT expo” байдгийг “Мишээл”-ийнхэн өөрсдөө хэлдэг. Тодорхой тоо хэлбэл давхардсан тоогоор 5-8 мянган үзэгч ирдэг гэсэн дүн гарсан. Дээр нь энэ экспог үзээд гарахад хамгийн их сэтгэл ханамжтай байдаг. Яагаад гэвэл дөрвөн үүрэн телефоны операторын хийж байгаа бүтээгдэхүүн, мөн харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор дэлгэн үзүүлж байна шүү дээ. Хэрэглэгчид ч үнэхээр юм хийгээд байгаа юм байна, бидэнд хүргэх гэж зорьж байна гэсэн ойлголт авдаг.

-Энэ жил 4G технологи олны анхаарлыг ихэд татаж байх шиг?
-Дэлхийн үүрэн телефоны чиг хандлага 4G рүү аль хэдийнээ орчихлоо. Одоо 5G рүү дэвших гэж байна. Энэ бол мэдээллийг хоорондоо солилцож буй хурдыг сайжруулж байгаа хэлбэр. Энэ хурдаар дамжуулаад гар утсаараа телевиз үзэх бололцоотой, гар утсаараа дата эрхээ хэнтэй ч хамаагүй хуваалцах боломжтой болно. Тиймээс өнгөрсөн онд “Юнител” компани 4G технологи танилцуулсан хэрэг. Энэ нь ч тохируулагч байгууллагын бодлогын түвшинд яригдаж байгаа зүйл.

-Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын тухай яривал та бид хоёрын яриа чамгүй сунжрах байх. Онцолж асуувал ухаалаг утас үйлдвэрлэлээ гэхэд манайд зах зээл нь байгаа юу?
-Утас үйлдвэрлэх шалтгааныг хаанаас гаргаж ирсэн гэхээр “Юнител” компани “Samsung”-ийн борлуулагч, харин “iPhone”-ы борлуулагч нь “Мобиком”. Энэ хоёр утас хамгийн багадаа 800 мянган төгрөг.

-Үйлдвэрлэлийн өртөг нь үү?
-Үгүй ээ, Монголд борлуулж буй үнэ нь. Гэтэл дотооддоо утас үйлдвэрлэе гээд байгаа дөрвөн компани хамгийн дээд тал нь 100 ам.долларын үнэтэй байхаар тооцоолж байгаа юм. 800 мянган төгрөг, 100 ам.доллараар утас авах хоёрын хооронд маш их ялгаа бий. Энэ нь зах зээл байгааг илтгэж байгаа юм.

-Гэхдээ технологи гэж зүйл бий шүү дээ?
-Яахав, манайхны хийх гэж байгаа утас ч “Samsung”, “iPhone”-той л адил технологи, хэрэглээ бүхий ухаалаг утас юм. Үүнийг гаргаж байгаа бас нэг шаардлага нь интернэт хэрэглээг сайжруулахтай холбоотой. Ер нь, гар утсаар дамжин ихэнх интернэтийн хэрэглээ яваад байна. Өнөөдөр тогтмол интернет хэрэглэгчийн тоо Харилцаа холбооны зохицуулах газраас гаргасан судалгаагаар 800 гаруй мянган гэрээт хэрэглэгч байгаа юм. Үүний цаана 650 мянган 3G хэрэглэгч буюу утсаараа интернэт ашиглагч байна. Тиймээс 3G буюу ухаалаг утас хэрэглэгчийн тоог аль болох өсгөх юм бол нөгөө интернэтээр дамжин цацагдах мэдээллийн тоо ч тэр чинээгээр өснө. Харин гар утсаар интернэт хэрэглэгчдийн тоог өсгөх арга зам нь аль болох боломжийн үнээр утас үйлдвэрлэх юм. Нэг үгээр дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн үг.

-Тэгэхээр “Android”, “iOS”-той адил бие даасан үйлдлийн систем бүхий монгол хүний оюуны өмчөөр дотоодын зах зээлээ хангах гээд байна аа даа?
-Ерөөсөө энэ хоёр систем л гар утасны зах зээлд ноёлж байна. Тиймээс манай дөрвөн компани аль алинд нь ашиглаж болох, уялдах чадвартай ухаалаг утас үйлдвэрлэх гээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хүний хийгээд байгаа юмыг хийж чаднаа битгий гуйлгачин царайлаад бай залхуу новшнууд
солиотой юм, гар утас ямар талх юм уу, зах зээлгүй,бусад том гаруудтай өрсөлдөх чадваргүй байж өөр бодит юманд зарвал таарна
T U TS mashiniig 2 garaa deesh urguud bayarlalaa gej helmeer bna. Mash ih ajil hunguvchilj bui Jinhene uhaalag shuu.Giahaltai
Хамгийн их уншсан