Өргүй хүн баян гэх үг байдаг ч өнөө цагт байдал эсрэгээрээ эргэж. Өр тавихгүй л бол орон сууцтай, эд хэрэгсэлтэй, автомашинтай болоход бэрх. Энэ нь, хэн нэг иргэний хувьд ч биш улс орны хэмжээнд ч ялгаагүй болжээ. Товчхондоо, манай улс эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлөөс ангижиръя гэж үнэхээр хүсч л байгаа бол зээл хүсэхээс өөр аргагүй хэмээн улстөрчид хэлж байна. Үүний тулд өрийн менежмент, зохицуулах механизм, хууль эрх зүйн орчинтой болох шаардлагатай гэж Сангийн яамныхан үзсэн тул шинэ хуулийн төслөө боловсруулжээ. Долоон бүлэг, 47 зүйлтэй энэ хуулиар Засгийн газар, аймгийн удирдлагууд өр тавих боломж нээгдэж, бүх шатны эрх зүйн харилцааг зохицуулахаар өргөн хүрээ хамарсан гэнэ. Улстөрчид ч үүнийг сайшаан дэмжээд “Тийм л байх ёстой. Өр тавих бэлтгэл ажлаас эхлээд эцсийн төгрөгөө төлж дуусах хүртэлх харилцааг жижиг гэж бодолгүй зохицуулах хэрэгтэй” гэж байв. Зөвхөн улсын өрийг хамруулаагүй, хувийн хэвшлийн талаар нэг заалт орсон нь Засгийн газрын өрийн баталгаа хэмээх бүтэн бүлэг юм. Шаардлага хангасан хуулийн этгээд, хувийн хэвшлийн байгууллага олон улсын зах зээлд өр тавихад Засгийн газраас гаргадаг баталгааг урьд нь Төсвийн болон Тогтвортой байдлын тухай хуульд ганцхан заалтаар орсон байж. Тэр нь “Засгийн газрын баталгааг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ-ын зөвшөөрснөөр олгоно” гэх ганц өгүүлбэр. Хэтэрхий ерөнхий, тойм ойлголтыг тултал нь дэлгэрүүлсэн гэдгээ хууль боловсруулсан мэргэжилтнүүд хэлж байна. Шинэ хуулийн төслийг өчигдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын хуралдаанд бэлтгэх ажлын хэсэг томиллоо. Уг хуультай холбогдуулж 13 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хөндөх шаардлагатай.
Байнгын хорооны хурлын үеэр анхаарал татах зарим асуудал гарч байсан юм. 2000 оноос өмнө манай улсад Үндэсний хөгжлийн яам, Худалдаа үйлдвэрлэлийн яам аж ахуйн нэгжүүдэд дамжуулан зээл тараадаг. Түүний араас Сангийн яам хөөцөлдөж олж авах их ажил оволзжээ. Зарим нь одоог хүртэл төлж дуусаагүй байдаг гэнэ. Энэ нь, манай улсад зээлийн тогтолцоо, хяналт, ил тод байдал, механизмыг сайжруулах зайлшгүй шаардлагатайг, ямар хор хохиролтойг харуулсан ойрхон баримт. Түүнчлэн, Оюу толгойн 34 хувийг Монгол Улсын Засгийн газрын зээл гэж хуулиараа ярьж буй. Тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулахаар зааснаас гадна Засгийн газрын өрөнд тооцохгүй байгаа аж. Үүнийг л гишүүд шийдэх шаардлагатай хэмээж байв. Мөн бусад улсад өр тавихын өмнө долоон үзүүлэлтээр эрсдэлээ үнэлж, чадавхиа шалгадаг. Хэрэв гурав нь л муудсан байвал зээл авахаа хойшлуулдаг зарчимтай гэнэ. Харин манай улсын хувьд 2017, 2022 онд манай оронд долоон үзүүлэлтийн хоёр нь муудах төлөвтэй. Учир нь, тэр цагт бондын үндсэн төлбөрийг эргүүлэн төлөх юм. Түүнээс урьдчилан сэргийлье гэвэл зээлийн эрсдэлийн сан үүсгэж, өнөөдрөөс хуримтлуулах шаардлагатайг ч сануулж байв. Өөрөөр хэлбэл, дээрх саналыг шинэ хуулийн төсөлд тодорхой тусгаагүй аж.
Ч.Хүрэлбаатар: Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.6 дахь заалтад “Засгийн газрын өр” гэж хоёрхон зүйл салгаад биччихсэн. Энэ нь, Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлээс төлөхөөр бусдын өмнө үүрэг хүлээсэн төлбөрийг. Нөгөө нь, хууль болон гэрээнд зааснаар үүссэн Засгийн газрын өрийн баталгааг хэлнэ гээд хувааж. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын өр гэдэг нь дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй гэсэнд Засгийн газрын дотоод, гадаадын зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын баталгаа, төрийн болон орон нутгийн өмчит юм уу тэдгээрийн өмч давамгайлсан этгээдийн эргэн төлөх бүх төрлийн санхүүгийн хэрэгсэл гэж бий. Үүнээс хамгийн сүүлчийнхийг, Засгийн газрын санхүүгийн түрээс гэдэгтэй хамт шинэ хуулиар хаячихаж. Цаашид ямар хуулиар зохицуулж, хянах юм бэ. Нэгэнт өр гэж байгаа юм бол бүгдийг нь тооцмоор юм. Сая хэлсэн 40 хувь гэдэг бол тогтвортой байдлын тухай хуулийн заалт. Харин энэ хуулиар ДНБ-ий 70 хувиас хэтрэхгүй, баталгаа нь 20 хувиас хэтрэхгүй гэж. Миний уншиж өгсөн тодорхойлолтоор ДНБ-ий 90 хувьтай тэнцэх өр үүсгэж болохоор болчихож байна. Зөвхөн Засгийн газар дангаараа ДНБ-ий 90 хувьтай тэнцэх өр тавихаар бусад өрийн хэрэгслүүдийг оруулбал бүр замбараагаа алдах нь.
Д.Эрдэнэбат: Энэ яриа бүр буруу тийшээ явчихлаа. Уг нь, энэ хуулийн мөн чанар нь зээлийн эрсдэлийг зохицуулах. Энд үүссэн дутагдалтай нэг зүйл нь Засгийн газрын өрийн хэмжээг заачихсан чинь өрийн тухай хууль шиг болгоод буруу тийш явчихлаа. 70 хувийн өр шийдүүлэх нь ээ гэсэн буруу мессеж байна. Тэр 70 хувь нь ороод ирэхээр шүүрэн шанага шиг болсон гээд Хүрэлээ/Ч.Хүрэлбаатар/ гишүүн шүүмжлээд байх юм. Ер нь тогтоож авахгүй юмаа өөрсдийнхөө толгойгоор шүүрэн шанага болгоод байгаагаа зарим хүн жаахан бодмоор юм шиг. Гэхдээ ойлголцох нэг зүйл байна. Бид ийм чухал хуулийг авч гараад, зөв зохицуулахын тулд зээлийн хэмжээг Тогтвортой байдлын хуулиараа тогтоох арга зам байвал ямар вэ. Ингэж олон талаас нь шийдэхгүй бол 70 хувь гэдгээр нь ацаглаад хамгийн хэрэгтэй хуулийг дахиад л хойш татах нь. Өнөөдөр барагцаагаар 6000 гаруй компани урд зүгээс хөрөнгө оруулсан гэж байгаа юм. Гадаадын хөрөнгө орж ирсэн нь сайн боловч бид чинь өөрсдөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг шүү дээ. Харамсалтай нь, дэмжихдээ санхүүгийн эх үүсвэр өгөхөө больё гээд буруу яриад байна. Тэгэхээр бид зээлээс айх хэрэггүй. Харин зээлийн хөрөнгөө зарцуулахад хяналт тавьдаг хуулиа хамгийн түрүүнд батлах нь зөв.
Д.Зоригт: Бид 20 гаруй жил залгамж чанаргүй, сонгуулиас сонгуулийн хооронд, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуульгүй явж ирснийг Бямбацогт гишүүн санаачилж, ажиллаж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина. Уг нь, үүнийгээ Өрийн удирдлагын тухай хуультай зэрэг баталж байж алдаагаа засах юм. Миний бодлоор энэ хуулиасаа 70 хувь гэсэн хязгаараа гаргаад Тогтвортой байдлын хууль руугаа оруулчих нь зүйтэй. Өрийн удирдлагын хуулиар зээл авах, төлөх, дуусгах замын зургийг маш тодорхой гаргамаар байна. Өнгөрсөн хугацаанд бид зээлийн хэд хэдэн алдаа гарсан. Ил тод биш, хяналт сул, эрсдэлийн удирдлагагүй, зээлийн зардал нийтэд өгөөжөө өгөөгүй. Улсын төсвийн алдагдал нөхөх гэж, халамжийн арга хэмжээнд зориулж зээл авч ирсэн. Цаашид нийтлэг зориулалттай эсвэл төсвийн алдагдал нөхөх, халамжинд зориулж юм уу хувийн хэвшлийн хийх ажилд зээл авмааргүй байна. Хөгжлийн маш тодорхой төсөл хөтөлбөртөө зээл авч болно. Түүний тулд 20 жилээр төлөвлөгөө гаргаж, Засгийн газар түүнд нийцүүлж дөрвөн жилийн төлөвлөгөөтэй, нэг жилийн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй.
Ц.Даваасүрэн: Эдийн засаг хямраад, банкууд зээлийн өндөр хүү тавьчихсан, бизнесийн идэвхжил суларчихсан энэ үед компаниудаа зээлийн хямд эх үүсвэрээр дэмжиж, тэднийг орлоготой, иргэдээ ажлын байртай байлгаж, эргээд татварыг нь авдаг байхын тулд нэг хэсэгтээ асуудлыг орхихгүй байх нь зүйтэй болов уу. Гэхдээ үр ашигтай төсөл сонгож, тооцоо судалгаатай ажиллах ёстой. Өмнө нь гарсан алдаа дутагдлаа засъя. Эдийн засгийн яам нь авч тараадаг биш Сангийн яам нь тооцоолж, судлаад зарцуулдаг хэлбэр рүү шилжихгүй бол болохгүй нь. Эдийн засгийн яам ерөөсөө л бодлогоо гаргаад, юу хийхийг төлөвлөхөд л хангалттай. Тэнд багтсан ажлыг ямар эх үүсвэр, санхүүгээр шийдэх нь Сангийн сайдын хэрэг. Бид ЭЗХЯ байгуулахдаа бодлого гаргаад, дунд хугацааны хөтөлбөр боловсруул гэсэн болохоос замын уулзвар бариад өг, зээл хөөцөлд гээгүй шүү. Үүнийгээ хуулийн хүрээнд засах хэрэгтэй.