Монголбанкнаас зарласан нэг ам.долларын ханш өчигдрийн байдлаар 1824 төгрөгтэй тэнцэж байна. Өнгөрсөн оны сүүлчээр ханш 1674 төгрөг байлаа. Эдийн засагчдын хэлж буйгаар төгрөгийн ханш эдүгээ 29 хувиар суларчээ. Төгрөгийн ханш ийн сулрах болсон нь эдийн засгийн өнөөгийн байдал гэхээс илүүтэйгээр хэт их улс төржилтөөс үүдэлтэй. Тухайлбал, энэ оны хоёрдугаар улирлын эхэнд манай улсын эдийн засагт ямар нэг өөрчлөлт ороогүй байв. Учир нь сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилж буй эдийн засгийн хүндрэлийн улмаас төгрөгийн ханш 20 хувиар суларсан, гадаад худалдаа тэнцвэржсэн байсан. Гэтэл дан, давхар дээл, сайдуудын асуудал гээд ар араасаа хэт их улс төржиж ханшийг огцом хөдөлгөж орхив.
Шалтгаан
Манай улсад гадаад валют олж ирдэг гол салбар бол уул уурхай. Ийм ч учраас эдийн засгийн 95 хувийг энэ салбар бүрдүүлдэг. 2012 оны хагас жилээс хойш экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ унаж, “урт нэртэй” болон гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль батлагдаж, орж ирэх мөнгөн урсгалын крантыг хаасан. Энэ үеэс өнөөдрийн төлбөрийн тэнцэлийн хямрал эхэлсэн гэж хэлж болно. Өнгөрсөн онд манай улсын төлбөрийн тэнцэл 1.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан тооцоо бий. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар буурсан байдаг. Төлбөрийн тэнцэл гэсэн ойлголтод экспорт, импорт, гадаад, дотоод шилжүүлэг, зээл, хөрөнгө оруулалт багтдаг.
Тэгэхээр экспорт буурч, орж ирэх хөрөнгө оруулалт зогсохоор Монголын эдийн засагт мөнгө дутаж буй хэрэг юм. Өнгөрсөн онд эдийн засаг гайгүй, иргэд ажилтай, бүтээн байгуулалт хаа сайгүй өрнөж байсан нь Монголбанк, Засгийн газар хамтарч “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлснийх байлаа. Уг хөтөлбөрөөр эдийн засагт үйлдвэрлэл, үйлчилгээгээ дэмжиж 2.9 их наяд төгрөг нийлүүлсэн. Энэ нь дутаж байсан мөнгөний бараг тал хувийг нөхөж эдийн засгийн цусны эргэлтийг тэтгэсэн юм. Товчхондоо мөнгөний гачаалаас бага боловч гаргаж чаджээ. Одоогоор дээрх хөтөлбөрт зарцуулсан мөнгөнөөс 600 гаруй тэрбум төлөгдөөгүй үлдсэн мэдээлэл бий.
Мөнгөний хатуу бодлого ажилгүйдэл дагуулна
Гэтэл өнөөдөр эдийн засагчдийн тооцоогоор 3.5 тэрбум ам.доллар манай улсад хэрэгтэй байгаа аж. Харин энэ бүгд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлж өсөх чиглэлд зүтгэж буй гол шалтгаан нь. Төгрөгийн тогтвортой байдал нь бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээр илэрхийлэгдэнэ. Харин бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн хэмжүүр нь инфляц. Өнөөдөр Монголбанкны тооцоогоор инфляц 12.3 хувьтай байна. Оны эцэст найман хувь болж буурах төсөөлөл ч бий. Тэгэхээр одоо тогтож буй инфляцад гадаад валютын ханшийн өсөлтөөр нэмэгдсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ орсон гэсэн үг. Эдийн засгийн ийм хүнд үед мөнгөний хатуу бодлого явуулбал 100-аад мянган хүн ажилгүй болох магадлалтай. Харин зөөлөн бодлогоор бүгд бүсээ чангалаад явбал хямралыг арай бага хохирлоор давах ажээ. Өөрөөр хэлбэл иргэд ажилгүй, орлогогүй бол хямралаас гарахад улам л хэцүү болно. Нөгөө талаар бага, дунд орлоготой иргэдийн нуруунд дарамт учруулахгүй гэвэл мөнгөний бодлого хөдөлгөхгүй байх нь чухал юм.
Валютын зохицуулалтын тухай хуульд Засгийн газар валютын зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ хэмээн заажээ. Үүнд гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээ авна гэсэн байна. Мөн Монгол Улсын гадаад төлбөрийн тэнцэл зохиож, биелэлтэд нь хяналт тавих, гадаадаас авах Засгийн газрын зээл, түүний төлбөртэй холбогдсон санал боловсруулах ёстой.
Дээрх хуульд Монголбанк ямар бүрэн эрхтэй байхыг бас тусгасан. Монголбанк улсын хэмжээнд валютын гүйлгээг зохицуулж, хэрэгжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Монгол Улсын болон гадаадын валютын зах дээр эрх хэмжээнийхээ дотор валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцоо эрхлэх, төрийн өмчид байвал зохих валютын гадаад цэвэр нөөцийн доод хэмжээ тогтоох тухай санал боловсруулж шийдвэрлүүлэх, түүнийг хадгалах, оновчтой, үр ашигтай байршуулах, Засгийн газрын валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцоог гүйцэтгэх учиртай ажээ.
Хэрвээ дээр дурьдсанаар төв банк нөөцөө нэмэгдүүлж гадаад валютаа захаас хамаад авбал ханш улам галзуурна. Яагаад гэвэл валютын захад хомсдол үүсч дутаж буй мөнгөний эрэлтийг улам дэвэргэнэ. Тэгэхээр төв банк гадаад валютаа зарах ханшаа зөөлрүүлэх арга хэмжээ авсаар буй юм. Тухайлбал, хамгийн сүүлд өнгөрсөн 20-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад 20 сая ам.долларыг 1820 төгрөгийн ханшаар нийлүүлэв. Бас 46.5 сая юанийг 292 төгрөгөөр худалжээ. Үүнээс гадна гадаад валютын своп, форвард хэлцлээр банкуудад 63 сая ам.доллар нийлүүлсэн байна.
Гарц, гарц, гарц
Цаашид эдийн засгийн хямрал болох эсэх нь Засгийн газрын бодлого, улс төрийн байдлаас шууд шалтгаална. Иймээс эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах эсэхийг хүлээж Монголбанкны Мөнгөны бодлогын зөвлөлийн хурал түр зогсоод буй билээ. Нэг ёсондоо төр засгаас эдийн засгийн хүндрэлийг туулах ямар шийд гарна түүнд тохируулж мөнгөний бодлогын шийдвэрээ гаргах юм.
УИХ-аас саяхан, “Эдийн засгийн идвэхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Угтаа энэ тогтоол нь хямралыг сөрж, багыг алдаж гарах төлөвлөгөө гэсэн үг. Энэ төлөвлөгөөнд энэ жилийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж зардлыг нь 20 хувиар буюу 1.1 их наяд төгрөгөөр танахаар тусгажээ. Мөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, хайгуулын ажлыг сэргээх, уул уурхайн салбарын эрх зүйн орчинг тогтвортой болгох юм. Гэтэл уг хууль мөн л улс төржилт дагуулж удааширч магадгүй нь. Уг нь энэ хуулийг баталчихвал гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх хүлээлт арилж хаалга нь нээгдэнэ хэмээж буй. Хэрэв Ашигт малтмалын хууль шинэчлэгдэж хайгуулын ажил сэргэвэл 100 гаруй аж ахуйн нэгжийн ашигт малтмалын 300 лиценз хөдөлгөөнд орох юм. Өөрөөр хэлбэл тэд ажлаа эхэлснээр боомилогдоод буй гадаад валютын хаалтыг авч 1-1.5 тэрбум ам.доллар урсан орж ирэх нөхцөл бүрдэнэ гэдэг. Үүнээс гадна экспортын өрсөлдөх чадвараа сайжруулж тээврийн дэд бүтцээ шийдвэрлэх төлөвлөгөө бий. Ингэснээр нүүрсний тээврийн зардал тонн тутамдаа 10 ам.доллараар буурах тооцоо гарсан. Тээврийн зардал ингэж буурахад 200-300 сая ам.доллар хэмнэх аж. Мөн төмөр зам, тээврийн дэд бүтцэд 1-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэмж татах боломжтой хэмээн Засгийн газар үзэж буй юм.
Энэ оны эхэнд Оюу толгойн далд уурхайн хоёр тэрбум ам.долларын санхүүжилт орж ирнэ гэсэн найдлага Засгийн газар, Монголбанкинд байлаа. Гэвч энэ нь талаар өнгөрсөн. Учир нь, хөрөнгө оруулагч талуудын хэлэлцээр удааширсан, зэсийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр унаж буй зэрэг шалтгаанаар ирэх есдүгээр сарын 31 хүртэл хойшлоод буй билээ. Хэлэлцээр амжилттай болж талууд тохиролцож чадвал хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж мөнгөний урсгал дагуулна гэсэн хүлээлт байна. Гэвч энэ бүх төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлсэн ч орж ирэх мөнгөн урсгал нь удаж орж ирнэ. Товчхондоо бодлого хэрэгжлээ гээд өнөө маргаашгүй бөөн бөөн мөнгө ороод ирнэ гэж байхгүй.
Эцэст нь мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж ханшаа суллаад, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь өнөө цаг үед хамгийн чухал оновчтой шийд болоод байна. Үүнээс гадна бага, дунд орлоготой иргэдээ хамгаалах, ажлын байраа хадгалж үлдэх нь хямралыг сөрөх зөв гарц ажээ.