Бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаасаа салж, цаашид хөгжих гарцыг зааж өгөхөөр нэгэн дээвэр дор чуулж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Консалт 2014” үзэсгэлэн Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өчигдөр нээлтээ хийлээ. Уг арга хэмжээ Монгол Улсад шинээр хөгжиж байгаа бизнесийн зөвлөх үйлчилгээг зөв замаар явуулах, бизнес эрхлэгчидтэй холбож зуучлах гол зорилготой аж. Зөвлөхгүй бизнес эрхлэгчийг үндсэндээ дасгалжуулагчгүй тамирчинтай зүйрлэдэг. Тиймээс бизнесээ дараагийн түвшинд хүргэхийг хүсч байгаа л бол зайлшгүй зөвлөх үйлчилгээ авах хэрэгтэй. Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Энхбат “Зөвлөхгүйгээр аливаа бизнес хүссэн хэмжээгээр чинь урагшилж чадахгүй. Таны өрсөлдөгч зөвлөхтэй болчихвол та гүйцэх аргагүй олон алхмаар хоцроно гэсэн үг. Тийм болохоор зайлшгүй зөвлөхтэй байх шаардлагатай. Та бүхэн “Консалт 2014”-т цугларсан шилдэг зөвлөхүүдийг харьцуулж судлаад хэрэгтэй асуудлаараа зөвлөгөө авах боломжтой. Үзэсгэлэнгийн гол зорилго нь ч энэ юм” гэв.
Манай улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй мянган аж ахуйн нэгжийн 83 хувийг жижиг дунд бизнес эрхлэгч эзэлдэг. Санхүүгийн дэмжлэг, техникийн туслалцаа гэхчлэн тэдэнд тулгардаг маш олон асуудал бий. Тэгвэл зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд бизнес доктор буюу бизнесийн эмчилгээ хийж, зөвлөгөө өгөхөд бэлэн гэнэ. Дашрамд дурдахад, Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн гаргасан мэдээллээс үзэхэд өнгөрсөн хугацаанд 330 гаруй аж ахуйн нэгжид бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлсний 82 хувийнх нь эргэлтийн хөрөнгө сайжирсан аж. Мөн дундаж өсөлт нь 47 хувьд хүрчээ. Аж ахуйн нэгжид үзүүлсэн зөвлөх үйлчилгээний ачаар зөвлөгөө авсан аж ахуйн нэгжийн 69 хувь нь бүтээмжээ нэмэгдүүлсэн, 39 хувь нь нийт 73.2 сая еврогийн санхүүжилт авсан гэх тооцоо байдаг. 2011-2013 онд зөвлөгөө авсан байгууллагуудын 60 хувь нь ажилчдынхаа тоог нэмэгдүүлсэн гэх дүн ч байгаа юм.
Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн гүйцэтгэх захирал А.Алтантуяатай энэ үеэр уулзлаа.
-Манай улсад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хэдэн компани байдаг вэ. Үнэхээр үйлчилгээ нь чанартай байж чадаж байна уу?
-Манай институтээс хоёр жилийн өмнө судалгаа хийхэд 500-гаад компани байдаг гэсэн дүн гарсан. Одоо энэ тоо 600 хүрсэн байх. Зөвлөх үйлчилгээ нь дотроо дэд салбаруудад хуваагдана л даа. Жишээ нь менежмент стратеги, хүний нөөц, байгууллагын засаглал, инженерийн, мэдээллийн технологийн гэх мэт. Манай зөвлөх компаниуд бүгд хөгжлийнхөө эхэн үед явж байгаа гэж болно. Бид зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил л болж байна. Тэгэхээр хоёр, гурван зуун жилийн түүхтэй өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад арай эрт байна. Гэхдээ монголчууд аливааг амархан сурдаг болохоор зөвлөх компаниуд маань маш хурдтай хөгжиж буй юм. Зарим нь гадаадын зөвлөх компаниудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн. Монголын зөвлөхүүдийн менежментийн институт энэ төрлийн компаниудыг хөгжихөд туслах үйл ажиллагаа явуулахыг хичээдэг. Тэднийг сургах, ур чадварыг батламжлах, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэхэд нь анхаардаг юм. Цаашдаа олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах гэрчилгээт сургалт явуулахаар төлөвлөсөн.
-Эздэд нь ямар ч бэрхшээл тулгарсан бизнесийг нь эмчлэх чадвартай гэж ойлгож болох уу?
-Тиймээ, бизнес эрхлэгчид хэнд хандах, яахаа мэдэхгүй яваад байхын оронд зөвлөх компаниудад хандах хэрэгтэй. Хүссэн хэмжээндээ хүртэл хөгжихөд нь туслаад дасгалжуулаад явах мэргэжлийн зөвлөх олон бий. Жишээ нь, үзэсгэлэнгийн хоёр өдөр бид бизнес эмчилгээний булан ажиллуулж байна. Манай зөвлөхүүд ямар ч асуудлаар зөвлөхөд бэлэн.
-Бизнес эрхлэгчдэд голчлон ямар асуудал тулгардаг вэ?
-Өөрийн чадвараар тодорхой амжилтанд хүрсэн ч цаашид яахаа мэдэхгүй гацах үе эздэд тохиолддог. Үүнд нь зөвлөхүүд тусладаг гэсэн үг. Хөрөнгө оруулалт олж авахад хүртэл учир бий. Олсон хөрөнгөө хэрхэн зарцуулах вэ, хааш нь оруулах вэ, ажилчдаа яаж бүтээмжтэй ажиллуулах вэ зэрэг асуудлаар тусламж зөвлөгөө авах нь элбэг байдаг. Үүнээс гадна хүний нөөц, мэдээлэл технологи, маркетинг, компанийн засаглалын асуудлаар ч тусламж хүсдэг. Компаниуд тулгарсан асуудлаа оношлоод санхүүгийн асуудлаа шийдэж, сайжруулах хэрэгтэй гэж үзвэл тэр чиглэлийнхээ дагуу зөвлөх компанид хандана. Ингээд сайжирсан жишээ маш олон бий.
“Консалт 2014” арга хэмжээнд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй компани оролцож байгаа аж. Зарим компанийн үйл ажиллагааны талаар сонирхлоо.
Төслийн удирдлагын “PMI Mongolia” ОУБ-ын гишүүн Л.Баярмаа:
-Манайх “Project manаgеment institute” Олон улсын байгууллагын Монгол дахь салбар юм. Нийтдээ 270 гаруй салбартай. 700 гаруй гишүүнтэй төслийн удирдлагын мэргэжлийн, ашгийн бус байгууллага л даа. Олон улсын стандартын дагуу төслийг хэрхэн яаж амжилттай хэрэгжүүлэх талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Мэдээж төсөл гэдэг нь цаг хугацаа хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад харьцангуй ойлголт. Гэхдээ ямар ч төслийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм ур чадварыг олгохын тулд анхан шатны сургалт зохион байгуулж эхэлсэн. Төслийн удирдлага гэдэг нь шинэ салбар боловч Монголд ажилладаг гадаадын мэргэшсэн сертификаттай хүмүүс Монгол дахь салбарыг байгуулсан. Олон улсын стандартыг монголчуудад эзэмшүүлэх дадлага туршлагатай гэсэн үг.
“Ай Би Ай” ХХК-ийн менежер Э.Уранцэцэг:
-Манай байгууллага санхүүгийн программ гаргасан. Үүнийг авсан хэрэглэгчдийнхээ бүртгэлийн бодлогыг цэгцэлж зөвлөгөө өгөх үйлчилгээг давхар үзүүлдэг юм. Ийм төрлийн программ хангамж гаргадаг 20 гаруй компани байдаг ч бид 1996 оноос хойш тогтвортой ажиллаж ирсэн анхдагч нь. Өөрөөр хэлбэл манай программыг удаан хугацаанд ашиглаж туршсан. Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, уул уурхай, банк зэрэг янз бүрийн салбарын 2000 гаруй байгууллага манай программыг ашигладаг. Аваад л шууд ашиглах боломжтой, хялбар ойлгомжтой гээд давуу талаа дурдаж болно. Бид нэг гаргасан программаа борлуулаад л суугаад байдаггүй дэлхийн жишгийг судалж, Сангийн яамны бүртгэлийн бодлогын хүрээнд байнга сайжруулаад явдаг юм.