Эдийн засгийг идэвхжүүлэхэд Төв банк болон арилжааны банкууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж АН-ын бүлэг дүгнэжээ. Тиймээс эдийн засгийг идэвхжүүлэх хугацаанд валютын ханшийг тогтвортой барих, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь Монголбанкны үүрэг. Монголбанк УИХ-ын дэргэдэх байгууллага. Гэхдээ зоосоор авч үзвэл Засгийн газар, Монголбанк бол зоосны хоёр тал болох учиртай. Тиймээс хүлээх хариуцлага ижил байх ёстой гэдгийг бүлгийн гишүүд Монголбанкинд сануулжээ. Мөн Засгийн газраас үл хамаарч өөрийн боломж нөөцийг ашиглаж гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар санаачилгатай ажиллахыг үүрэг болгожээ. Үүнээс гадна арилжааны банкуудад хяналт тавьж, Засгийн газар болон Монголбанкнаас олгогдсон санхүүжилтийг хэрхэн үр өгөөжтэй зарцуулж байгаа талаар Монголбанк, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан шалгалт хийх хэрэгтэй гэдгийг бүлгийн хуралдаанаар сануулсан байна.