Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургадугаар бүлэг нь Санхүүгийн хуримтлалын удирдлага гэсэн хэсгийн 17.4-т зааснаар Төрийн өмчит хөгжлийн банк энэ хуулийн 17.3-т заасан үнэт цаасыг борлуулж, татан төвлөрүүлсэн санхүүгийн хуримтлалын эх үүсвэрээр зөвхөн хөгжлийн хөрөнгө оруулалтын дараахь төсөл, арга хэмжээг дунд, урт хугацааны зээлээр санхүүжүүлж болно:
17.4.1.төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний цахилгаан станц барьж байгуулах;
17.4.2.олон улсын болон Европын холбооны стандартын шаардлага хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх гэж заасан атал “ Бондынхоо мөнгөнөөс 200 сая ам.доллар өгөөч. Тэгвэл гүний усны байгууламжаа барьж, усны нөөцтэй болгож, цахилгаан хангамжийнхаа асуудлыг шийдэж, төмөр замын салаа замаа барьж, бас автозамаа хүнд машин механизм явах боломжоор хангана.
Хэрвээ биднийг дэд бүтцээ ингээд шийдчихвэл гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар үйлдвэрээ эхнээс бариад, хоёр жилийн дараа Сайншанд хэмээх томоохон аж үйлдвэрлэлийн төв сүндэрлэх гээд байна” гэж Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын төслийн багийнхан гуйж гувшиж сууна.
Уг нь хуулийн дагуу Чингис бонд бол тэдэнд оногдох ёстой мөнгө. Харамсалтай нь, Монголд дээдсээсээ авахуулаад доодост хүртлээ хууль хэрэгжүүлдэг нь хэд билээ.
Хэрвээ Сайншандад аж үйлдвэрийн төв сүндэрлэчихвэл үүнийг дагаад багадаа 10 мянган хүн ажлын байраар хангагдана. Зөвхөн төмөр замаар жилд 130-150 сая тонн ачаа тээвэрлэж, найман тэрбумын орлоготой ажиллаж, дотоодынхоо гангийн хэрэглээг бүрэн хангаж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай өөрийн гэсэн үйлдвэртэй болно. Гол нь хуульд заасан төмөр замын сүлжээ, эрчим хүч цахилгааны станц баригдана, нүүрс шингэрүүлж шатахуун үйлдвэрлэх үйлдвэр байгуулна.
Энэ бол эхний алхам. Дараагийн алхам нь нүүрсээ коксжуулж, гангаа үйлдвэрлэж, дотоодынхоо шатахууны хэрэгцээг хангаж, цементээ экспортлоно. Хамгийн гол нь Сайншандад ахиад нэг Эрдэнэт бий болгоно.
Энэ бол бидний маргаашийн төлөөх өөдрөг төсөөлөл. Гэхдээ цаасан дээр бүх зүйл нь буучихсан төсөл. Мөрөөдлөөс бодит биеллээ олоход бэлэн болсон зүйл.
АН, МАН-ын хамтарсан Засгийн үед баталж хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоол нь гарчихсан эд. Харин бүтээн байгуулалтыг эхлүүлэх тогтоол нь энэ Засгийн үед гарсан. Харамсалтай нь эдийн засгийн нэгдсэн бодлого гэдэг энэ улсад үйлчилдэггүй учраас өчигдөр гаргасан шийдвэрээ өнөөдөр нь мартдагийн гайгаар төсвөөс гээгдсэн их бүтээн байгуулалт. Өнөөдрөөрөө сэтгэх улстөрчдийн ачаар зөвхөн өнөөдөр л өгөөжөө өгөх зүйл Монголд хэрэгтэй болсны илрэл. Хоёр жилийн өмнө гарсан бодлогоор маргаашийн үр өгөөжийг ярих учраас өнөөдөртөө ашигтай төсөлд л ордоо өгч, концесс байгуулна. Үндсэндээ Засгийн тэргүүн хэзээ ч өчигдрийн шийдвэрийг өнөөдөр хардаггүй гэсэн үг. Учир нь тэр бол өнөөдрийн Засгийн тэргүүн. Өчигдөр баталсан хууль, маргааш хийх ажил түүнд падгүй.
Маргаашдаа тэмүүлэх хүний мөнхийн хүслэн
Үр хүүхдийнхээ төлөө, маргаашдаа тэмүүлж, мөрөөдөж амьдардаг нь хүн бидний амьдралын үндсэн зарчим. “Хүн гэдэг мянган жил амьдрах биш мянган жил идэх хөрөнгө цуглуулж яана аа” хэмээн саяхан ярилцлага хийсэн нэгэн хүн хэлж байсан санаанд бууна. Нээрээ л мянган жилийн хөрөнгө цуглуулах гэж махаа идэж зүтгэх... гэж бодсон боловч, энэ бол үр хүүхдээ сайн сайхан амьдруулах гэсэн хүн гэгч амьд бодьгалийг мөнхийн хүсэлд хөтлөх шунал.
Хэрвээ өнөөдрөөр амьдардаг бол гээд та төсөөлөөд үз л дээ. Зөвхөн өнөөдөр хийх ажлаа хийгээд өнөөдрийнхөө цалинг аваад өнөөдөр идэх талх, мах, ногоо, гурилаа аваад гэртээ орж, өнөөдрийнхөө хоолыг хийж идээд өнөөдрийн нэвтрүүлгээ үзээд л... Маргааш ахиад л энэ бүхэн давтагдана. Хоёр идэхгүй хоосон хонохгүй. Гэхдээ хүсэл мөрөөдөл тэмүүлэл гэж танд үгүй. Амьдрал ийм бол...
Монгол Улсын хувьд зөвхөн өнөөдрөөр амьдардаг гэвэл та санал нийлэх үү. Монголбанкны захирал Н.Золжаргал “Монгол улс зөвхөн нэг жилийнхээ төсвийг батлах гэж л хэрэлдэж суухаас арав байтугай хоёр гурван жилээр ч төсөл хөтөлбөр хийж хэрэгжүүлсэн туршлагагүй” хэмээж байсан. Үнэхээр зөвхөн өнөөдрөө л болгож, өчигдөр чинь сайхан байсан шүү гэж ард түмэнд хэлж чадвал болоо гэсэн бодол манай төрийн түшээ гэх хүн бүрт бий.
Нийгмийн халамжийн төсөл гэх хэдэн зуу зуун тэрбумаар нь цацсан мөнгө бол ердөө л энэ бодлыг нь амьдралд буулгасан хэлбэр. Та сар бүр авч байсан 21 мянган төгрөгөөрөө юу хийсэн бэ. Хэлэх гээд үз дээ. Жилд та 2010 онд 120 мянга, 2011 онд 252 мянга, 2012 онд 128 мянган төгрөг улсаас авчээ. Үндсэндээ манай их хурлын гишүүд сонгогчдодоо хайртайдаа хүн бүрт 500 мянган төгрөг “өгсөн”. Мэдээж 2012 оны сонгуулиар таны саналыг худалдаж авах бэлтгэлээ хангаж, өчигдөр сайхан байсан биз дээ гэж асуух гэснийх. Гэхдээ 21 мянган төгрөг бол зүгээр л ядуу сэтгэлгээ дээр тоглосон улстөрчдийн “шоглоом”. Харин улсаас үүнд нэг их наяд 250 тэрбум төгрөг гаргажээ. Та бидний өгсөн өнөөх л татвараас чинь. Магадгүй тэр нь хүрэхгүй учир бусдаас зээлсэн зүйл бий. Үндсэндээ төсвийнхөө 14 хувийг санал худалдаж авахад зарцуулсан гэсэн үг. Харин маргааш... Өр, зээл, төсвийн хүндрэл... Өөр юу ч үгүй. Архины хэдэн үйлдвэр жаахан ашиг орлоготой ажилласан байх. Хэрвээ та анзаарсан бол 2013 онд манай архи үйлдвэрлэгчид багагүй шинэчлэл хийж, үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмсэн. Тэгвэл энэ мөнгө маань өнөөх аж үйлдвэрийн төвд яг өнөөдөр хэрэгтэй байгаа 200 сая ам.долларыг бараг тав нугалсан их мөнгө. Тэгэхээр 2012 онд энэ мөнгөөр Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороо эхлүүлсэн бол...
Өнөөдөр бид гангийн үйлдвэрээ барьчих байлаа гэж...
Гангийн үйлдвэр барихад тийм амархан гэж үү хэмээн та гайхав уу. Гангийн үйлдвэр өнөөдрийн өртгөөр тооцвол 3,5 тэрбум ам.доллар. Дэд бүтцэд нь хоёр тэрбум ам.доллар хэрэгтэй. Ийм өндөр өртгөөр хэрхэн босгох билээ гэх нь тодорхой. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчид өөрсдөө шийдчих боломжтой. Хамгийн түрүүнд Бугатын гангийн үйлдвэр хөрөнгө оруулах боломжтой гэдгээ илэрхийлжээ. Бас дотоодын хэд хэдэн томоохон компани ч санал өгчээ. Энэ их хөрөнгөнд бид ямар хариу барих вэ гэхээр гангийн үйлдвэрийн түүхий эдийг бүрэн хангана гэсэн баталгаа өгөх. Мөн хууль эрхзүйн тогтвортой орчин, улс төрийн тууштай бодлого. Энэ бүхнийг нэн тэргүүнд Монголын төр биелүүлэх нь тодорхой. Гэхдээ хүн ийм их хэмжээний мөнгөө зүгээр л “май” гээд өгөхгүй нь тодорхой. Монгол Улс гангийн үйлдвэрээ 50-60 жил өлхөөн тэжээчих чадалтай гэж батлаад байгаа ордоо хөрөнгө оруулалтдаа барьцаалах нь гарцаагүй.
Үйлдвэрийн барилга угсралтын ажилд 36-42 сар зарцуулна. Сунжирч сунана гэсэн ойлголт байхгүй. Учир нь энэ бол зөвхөн Монголд хийж байгаа цоо шинэ зүйл биш. Зөвхөн нутагшуулж л байгаа төсөл. Эхлээд гангийн үйлдвэр дараа нь зэс, коксын гэсээр аж үйлдвэрийн томоохон цогцолбор бий болно.
Эцсийн дүнд...
Эрдэнэтээс том хоттой болно. Зөвхөн энэхүү аж үйлдвэрийн цогцолбороо дагасан үйлдвэрүүдэд хэдэн арван мянган ажлын байр шинээр бий болно. Төмөр замаар тээвэрлэх ачаа 130-150 сая тонн хүрнэ. Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллага гээд тооцоолоод үзээрэй. Өнөөдрийн Эрдэнэтэд 100 мянган хүн амьдарч ажиллаж, Монгол улсын ДНБ-ий 30 хувийг хангасаар байгаа бол Маргаашийн Сайншандад үүнээс олон хүн ажиллаж амьдарч ДНБ-ий 60-70 хувийг бүрдүүлэх боломж бий.
Сайншандын аж үйлдвэр бүрэн утгаараа цогцолбор болоход нийт оруулсан хөрөнгө оруулалт 13 тэрбум ам.доллар байх тооцоо гарсан ч 20 жилд олох орлогоо 150 тэрбум ам.доллар гэж тооцсон аж. Танд ямар санагдаж байна. Боломжийн биш гэж үү.
Хэрвээ та байрны зээл саяхан авсан бол 20 жилийн дараа тэрнээсээ л ангижирч байна гэсэн үг. Үр хүүхэд, ач зээ чинь ажил дээр гарахад бэлэн. Харин тэдний маань ирээдүй гэрэлтэй итгэлтэй байгаагийн ач тус нь магадгүй та бидний зүтгэж бүтээсэн Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байх ёстой. Учир нь үйлдвэржилт гэдэг ямар ч улс орны хөгжлийн шан байдаг. Үйлдвэржихгүйгээр хөгжсөн улсыг олоод ир гэвэл өвсөн дотроос зүү хайх дайны юм болох биз. Дэлхийн томоохон судлаачид, судалгааны агентлагууд дэлхий дахинаа ирэх жилүүдэд Зүүн өмнөд Азийн бүс нутаг хөгжлийн төв нь байх болно гэж тодорхойлоод 15 жилийн дараа гангийн хэрэглээ дээд цэгтээ хүрнэ гэж онцлоод байна. Тэд бидэн шиг өнөөдрийг биш маргаашийг тооцож амьдардаг. Эрдэнэтээрээ 30 жил тэжээлгэсэн Монгол Сайншандаар 60 жил тэжээлгэж яагаад болохгүй гэж.