Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Бат-Очир: Арилжааны банк улсынхаа эдийн засгийн толин тусгал болдог


Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Өнөөдөр Монгол Улсад арилжааны 17 банк тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Банк бүр өөрийн гэсэн онцгойлох бүтээгдэхүүнтэй болжээ. Бидний онцолсон ХАС банк жижиг, дунд үйлдвэрлэл болон бичил бизнес эрхлэгчдийг өөрийн бүтээгдэхүүнээр хамгийн сайн дэмжиж чаддаг.  Ингээд “Хас банк”-ны гүйцэтгэх захирал Д.Бат-Очиртой банкны салбарын талаар ярилцсанаа хүргэе.

-Монголд банкны тог­толцоо үүсээд 90 жил бол­лоо. Цаг үеийн амаргүй шал­гуурыг давж ирсэн.  Арилжааны бан­куудын засаглал ямар түв­шинд байна гэж та бод­дог вэ?
-Тийм. Төвлөрсөн төлөв­лө­гөөт эдийн засгийн үед улсын ганц банк л бай­сан. Нийгэм өөрч­лөг­дөж, 1990-ээд оны эхээр арилжааны банкууд бай­гуу­­лагдаж эхэлсэн.  Аливаа шинэ зүйл эхлэхэд  алдаа, оноо гарахгүй яахав. Хэдийгээр алддаг ч, хөрс нь шинэ сэргэг тул  үйл ажиллагаа нь жигдэрч ургаж, цэцэглэх нутагшихдаа хурдан байдаг. Арилжааны банкууд ч энэ жамаар л явж өнөөг хүрсэн. Монгол залуу улс. Тухайн үед боловсон хүчний суурь бааз нь байсан. Мөн тэднийгээ бэлдэх эдийн засгийн сургуулиуд ч сургалтын бодлогоо  хурдан өөрчилсөн юм. Ингэж банкинд ажиллах боловсон хүч хангалттай болсноор  зөв хөлнөөсөө эхэлжээ гэж боддог. 1990-ээд оны үед олон банк дампуурсан нь бидэнд асар том сургамж өгсөн юм. Тухайлбал, арил­жааны банкуудын эрсдэлээ удирдах чадвар төлөвшихөд чухал нөлөө үзүүлсэн. Өнөө­дөр  жижиг, дунд зээлийн түвшинд  манай арилжааны банкууд аль ч улсын банкаас дутахааргүй чадвартай бол­сон. Тэгэхээр  жижиг, дунд зээлийн хэмжээнд засаглалын шаардлага харьцангуй тө­лөвшсөн гэж хэлж болно.

-Тэгэхээр танай банкны хувьд эрсдэлээ  яаж хянаж, удирдан зохицуулдаг  вэ?
-Банкны үйл ажиллагаа,  бүтээгдэхүүнийг тогтвортой авч явахад боловсон хүчин, засаглал их чухал. Өдийг хүртэл жижиг, дунд бизнест арил­жааны банкны үйл ажил­лагааны нэлээдгүй хэ­сэг тогтдог байхад өндөр төвш­ний засаглал нэг их шаард­даг­гүй байсан. Одоо манай улсын эдийн засаг тэлж банкууд томоохон бизнест үйлчилгээ үзүүлээд ирэхээр хүссэн, хүсээгүй засаглал нь чанартай байж гэмээнэ эрсдэлээ удирдана. Эсвэл аль нэг зээлд төвлөрөхгүй, захиргаадалтын гэдэг зээл олгохгүй. Боловсон хүчний бод­лого, дэд бүтэцдээ  хө­рөн­гө оруулалт тууштай хий­нэ. Бидний нэг давуу тал мэргэжлийн удирд­лагын баг банкны үндсэн үйл ажиллагаагаа авч яв­даг. Хараат бус Төлөөлөн удир­дах зөвлөл дунд хуга­цааны хөгжлийн хэтийн төлвийг гүйцэтгэх удирд­лагын багтайгаа хамт­ран тодор­хойлж хэрэг­жүүл­дэг юм. Манай банкны бүтцийг харвал хувь ний­лүү­лэгчдийн талаас  хэт их төв­лөрөл байхгүй. Хувь нийлүүлэгчид гэвэл олон улсын байгууллагууд. Өн­гөрсөн оноос “МАК”, Япо­ны “Орикс” корпорац, олон ул­сын хөгжлийн санхүүгийн хоёр байгууллага бий. Аль нэг нь давамгайлах эсвэл өө­рийн хүсэл зориг, явцуу ашиг сонирхлоо банкны биз­несийн бодлогод оруу­лах, үйл ажиллагаанд нө­лөө­лөх нь хаалттай байдаг. Өө­рөөр хэлбэл, хувь нийлүүлэгчиддээ банкны за­саг­лалд оролцохгүй гэсэн шаард­лага тавьдаг. Цаашдаа манай банкны хувьд одоо­гийн засаглалын чанараа ба­риад явахад 1998 оноос хойш өнөөг хүрсэн амжилт, өсөл­тийн хурдаа  хадгалаад явах бо­­ломжтой гэж бид үзэж бай­­гаа.  Жишээлбэл, манай банк­ны нийт активийг 2001 оноос өнгөрсөн жилийг хүр­тэл харвал жилд дунджаар 67 хувиар өссөн. Одоо 1.8 их наяд  гаруй төгрөгт хүрээд байна.

-“ХАС” банк анх хэрхэн байгуулагдав. Монголын банкны системд ямар ямар дэвшилтэт технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн бэ?
-“Хас” банк  нийгмийн чиглэлийн төслөөс системийн хэмжээний банк болсон түүх­тэй. Монголд жижиг төс­лөөс банк болтлоо өссөн анхны тохиолдол. Бид банк болохын тулд богино хугацаанд  тухайн үедээ санхүүгийн салбарт шинэлэг хэд хэдэн зүйл эхлүүлсэн юм. Тэр үед зөвхөн арилжааны банк л хууль ёсоор зээл олгодог байлаа. Өөрөөр хэлбэл, төсөл зээл олгоно гэдэг нь хууль эрх зүйн орчингүй нөхцөлд ажиллаж байсан гэсэн үг. Гэхдээ Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн агентлаг  хамтарч манай төслийг хэрэгжүүлж байсан юм. Гэвч урт удаан хугацаанд  зохицуулах  боломжгүй  байсан учраас тухайн үеийн УИХ, Монголбанк, төрийн холбогдох байгууллагуудтай хамтарч Банк бус санхүүгийн байгууллагын хууль, журам гаргасан. Ингээд зээл олгох эрх зүйн орчин албан ёсоор бүрдснээр анхны Банк бус санхүүгийн байгууллага бол­сон юм. Тухайн үед бид арил­жааны банкуудад одоо хэрэглэж буй зарим шинэлэг зүйлийг  нэвтрүүлж байв. Одоо банкинд ороход теллер гэж бий. Манай банк бус санхүүгийн байгууллага 1999 онд санхүүгийн байгууллагын бүртгэл тооцоонд хэрэглэдэг программ нэвтрүүлсэн. Энэ нь теллерийн тогтолцоотой юм. Ингээд теллер гэдэг нэр томъёо анх нэвтэрсэн.  Манайхаас хойш Банк бус санхүүгийн байгууллагууд гарч ирсэн. Тэдний нэг нь АНУ-ын “Мерси корпус” гэж төрийн бус байгууллагын “Говийн санаачилга” төслийн  “Говийн эхлэл” хэмээх Банк бус санхүүгийн байгууллага. Энэ Банк бус санхүүгийн байгууллага говийн бүсийн эдийн засгийг хөгжүүлэх зо­рил­гоор жижиг дунд бизнест зээл олгох болсон.  Тэгээд бидний ажил иргэд болон жижиг дунд бизнес сан­хүүжүүлэхэд чиглэж бай­лаа. Иймд нэгдэж үйл ажиллагаа явуулах санал гарч 2000 онд бид хүсэл зорилго ажил үйлсээрээ нийлсэн. Дараа жил нь арилжааны банк байгуулах шаардлагатай хэмжээний дүрмийн сан бүрдүүлж, эрх авч ажлаа эхэлсэн.

-Манай санхүүгийн зах зээлийн 95 хувийг арил­жааны банкууд эзэл­дэг. Сүүлийн үед ярих бол­сон томоохон төсөл хөтөл­бөрүүдэд  хөрөнгө оруу­лалт хийх боломж хэр бай­даг юм бол?
-Манай улс сүүлийн дө­рөв, таван жилээс л том, том төсөл хэрэгжүүлнэ гэж ярьдаг, бас бүтээн бай­гуул­даг  боллоо. Мөн гадаадад нэр хүнд ч өссөн. Урд нь амиа аргацаасан аж ахуй гэдэг шиг жижиг, дотоод хэрэг­цээ­гээрээ эдийн засаг нь ааж­маар урагшилдаг байсан.  Нэг ёсондоо, яст мэлхийн хурд­тай байсан гэж хэлж болно. Зээлийн хэмжээ өсч томроод ирэхээр эрсдэл удир­дах чадвар сул болдог талтай. Яагаад гэвэл, тэр их хэмжээний зээл шаардлагатай  томоохон төсөл хөтөлбөрт урт хугацааны   ирээдүйг хар­сан, тохирсон санхүүжилт  шаард­лагатай  байдаг. Тэр хэм­жээгээр мөнгөн урсгал нь их удаж байж орж ирдэг. Тэгэхээр ийм том төслийн санхүүжилт гэдэг тусдаа санхүүгийн зуучлал. Үүнийг Хөрөнгө оруулалтын том сангууд, Хөгжлийн банкуудын хийдэг, хөрөнгийн за­хаас мөнгө босгох хэл­бэрээр ашигладаг арай өөр сан­хүүгийн үйл­чилгээ.  Арил­жааны банк бол иргэдийн хад­галамжийг татан төв­лө­рүүлж эдийн засагт эр­гэл­дүүлэх зориулалттай сан­­хүү­гийн зуучлал. Иймд иргэ­дээс богино хугацаатай мөнгө харьцангуй өндөр хүүтэй татаж аваад тэр нь томоохон төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд оруулах гэхээр нөгөө талдаа дарамт болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл арилжааны банкны 90 хувийг нь хадгаламж болон бусдаас татан төвлөрүүлсэн мөнгийг удирддаг. Үлдсэн мөнгө нь хувь нийлүүлэгчдийн болон өөрийн хөрөнгө юм. Ийм мөнгийг хэчнээн найдвартай байсан ч том төсөлд оруулж бо­лохгүй. Жишээ нь, 100 сая ам.долларын хөрөнгө оруу­лалт хийлээ гэхэд түү­ний 10 сая нь банкны өө­рийн хөрөнгө. Үлдсэн нь хад­галамж эзэмшигчдийнх. Гэ­тэл тэр төсөл нь биднээс шалт­гаалалгүй  эрсдэл хү­лээ­вэл оруулсан мөнгөө ал­дах аюултай.  Ийм болгоомжтой зуучлал учраас арилжааны бан­кууд томоо­хон төсөл хө­төл­бөрт хөрөнгө оруулалт хийдэггүй.

-Манай банкуудын хувьд боломж ч хомс байх. Гэхдээ л...?
-Хөгжиж буй эдийн за­саг, бусад санхүүгийн зууч­лал манайд хөгжөөгүй тул  арил­жааны банкууд хөрөн­гө оруулалт хийхээс өөр арга­гүй. Гэхдээ хэтрүүлж болох­гүй. Томоохон төсөлд хэд хэдэн банк хамтран хөрөнгө оруулж болно л доо. Хүү, хугацааны хувьд хэцүү. Мон­голын хадгаламжийн дундаж хугацаа нэг жил орчим байдаг. Гэтэл нөгөө хөрөнгө оруул­сан төсөл доод тал нь 5-7 жилийн хугацаанд хэрэг­жинэ гэхээр хугацааны зөрүү гардаг. Мөнгөө хадгалуулсан хүн дараа жил нь хугацаагаа сунгахгүй авна гэвэл яах билээ. Та таван жил хүлээчих гээд сууж болохгүй.  Тэгэхээр томоохон төсөлд олон улсын хөгжлийн банкууд, хөрөнгө оруулалтын сангуудыг оролцуулахаас өөр аргагүй. Дунд хугацаанд хувийн тэтгэврийн сангаас хөрөнгө оруулалт хийж болох байх. Яагаад гэвэл, тэтгэврийн санд  тодорхой хугацааны дараа авах  чанартай орлого үүсгэж хуримтлуулдаг. Түү­нээс биш намайг саятан эсвэл  тэрбумтан болгоод өг гэж хөрөнгө хийдэггүй. Тэгэхээр тэтгэврийн сангийн зардал харьцангуй бага байдаг.

-Хүмүүсийн гол со­нирх­дог зүйл хад­га­ламж, зээ­лийн хүү байдаг. Гэ­тэл арилжааны банкууд зар­дал, эрсдэл гээд олон хүчин зүйл тооцож хүү­гээ тогтоодог. Ер нь, хад­га­лам­жийн хүү бага зэрэг өсөх, зээлийнх нь буурах бололцоо бий юу?
-Манай улсад асар их бүтээн байгуулалт өрнөж бай­на. Гэтэл эдийн засаг мөнгөөр дутмаг. Бүх  аж ахуйн нэгж Хятадын юм уу эсвэл Оросын хуучин тех­ник технологи, байшин ба­рил­гатай.  Үүнийг халж сайн технологи оруулж ирвэл бүтээмж нь дээшилж бараа үйл­чил­гээ нь чанаржиж бор­луу­лалт өснө. Нөгөө талдаа, үүнийг санхүүжүүлдэг нь ир­гэдийн хуримтлал. Хэв­лэл мэдээллээс харвал мон­гол­чуудын 15 хувь нь баян, бусад нь дундаж болон орлого багатай байна гэдэг. Гэтэл дундаж орлоготой иргэд сарын цалингаасаа хэдийг нь хуримтлуулж чадах билээ дээ. Эндээс үзвэл хуримтлал бий болгодог хурд нь удаан байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлт нь бага, нөгөө талдаа эрэлт нь их байна гэсэн үг. Тэгэхээр банкууд  иргэдээс  хадгаламжийн хүүг нь бага хувиар тооцож авна. Яагаад гэвэл, зээлдэгчдэд бага дарамттай хүүгээр өгнө гэж онолын хувьд хэлж болно. Гэвч үр дагавар нь сөрөг гарах юм. Нөгөө талаас  инфляц 14, 15 хувь байна. Хадгаламж эзэмшигчид нэг жилийн өмнөх мөнгөнийхөө үнэ цэнийг арай гэж хадгалж буй. Иймд хүү тодорхойлогч гол хүчин зүйл нь инфляц. Банкууд инфляц дээр 2-4 хувийн хүү нэмж үнэгүйдүүлэлгүй иргэдийн мөнгийг татаж авдаг.  Тэгэхээр инфляц доошилвол хүү дагаад л бууна. Мөн хадгаламжийн бааз суурь нэмэгдэж бусад санхүүгийн зуучлал өрсөлдөхөөр хүү буурна гэсэн үг. 

-Төв банкнаас арил­жаа­ны банкуудыг олон улсын зах зээлээс мөнгө бос­говол дэмжинэ гэсэн.  Тэгэ­хээр манай арилжааны бан­кууд хэдий хэмжээний мөнгө босгох боломж, бололцоо байна вэ?
-Тухайн банкных нь гүй­цэтгэлээс шалтгаална. Дээр нь, улсынх нь зээлжих зэрэг­лэл гол нөлөө үзүүлдэг.  Арил­жааны банк  эдийн засгийн бүх салбарт зээл олгодог учраас улсынхаа эдийн засгийн толин тусгал болж таарна. Өөрөөр хэлбэл, зээл авч буй салбаруудынх нь чадавхи нь муудвал банкны үзүүлэлт бас дагана. Иймд банкны өөрийнх нь суурь чадамж өндөр байгаа бол олон улсын зах зээлээс мөнгө босгож  болно. Гэхдээ их өндөр үнэтэй олдоно. Тэрийг бид энд авчраад төгрөг болгож зуучилна гэвэл эдийн засгийн идэвхи ийм сул үед авах хүн байхгүй.  Авлаа гэхэд түүгээр хийсэн бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг өсөх тул бусад нь авахгүй. Харин агуулахаа л томруулах хэрэг­тэй болох байх даа. Ер нь, Монголбанкнаас  гаргасан шийдвэр гаднаас авчирсан ам.долларыг төгрөг болгох боломж олгосон нь чухал алхам болсон. Өмнө нь, бид гаднаас ам.доллар босгоод төгрөгт хөрвүүлэхээр эрсдэлийн зардал бараг 10-11 хувь болдог байлаа. Тэгэ­хээр 8-9 хувиар  валют олж ирээд  ахиад өөр нэг бай­гууллагад эрсдэлийн зардал төлөхөөр нийт 18-19 хувийн зардалтай төгрөг болно. Тэгээд ийм өндөр хүүтэй мөнгийг зээлдүүлэхээр чинь хүн авахгүй шүү дээ. Харин Мон­голбанкны шийд­вэ­рээр  эрсдэлийн зардлыг 6-7 хувь болгож өгч байгаа юм. Ингэснээр жижиг, дунд үйлд­вэр санхүүжилтийн эх үүсвэрээ харьцангуй нэмэг­дүүлэх боломжтой болно.

-Тэгвэл танай банкны хувьд энэ боломжийг ашиг­лаад олон улсын сан­хүү­гийн захаас мөнгө бос­гох уу?
-Бидний хувьд нийт хө­рөн­гийнхөө гуравны нэг орч­мыг сүүлийн арваад жи­лийн харилцаагаа ашиг­лан гадаадаас авсан. Дотоодын хадгаламжаас гадна шүү дээ. Хуга­цаа нь 3-7 жил байд­гаараа бидэнд давуу тал олго­дог. Харин дотоодоос тат­­сан  хадгаламж нэг жи­лээр л сунгагдаж явдаг. Гэвч дотоодын хадгаламж эзэм­­шигч хүссэн үедээ хуга­цаа­­наас нь өмнө хүүгээ ба­гаар бодуулж авах эрхтэй. Ингэхээр бүх хугацаатай хадгаламж хугацаагүй болох ч ма­гад­лалтай. Жишээлэхэд, ту­хайн банкны талаарх муу мэ­дээ гараад ирвэл хүмүүс олон жил хадгаламжаа хадгалуулсан ч авахыг хүсэх л байлгүй. Гадны энэ хад­галамжууд гэ­рээнд заа­сан нөхцөл зөр­чиг­дөө­гүй л бол байж байх үүрэгтэй. Ийм болохоор бид боломжийн хугацаа санал болгох бо­ломж­той болсон. Энэ хүмүүс яагаад манайтай ажил­лаад байна вэ гэхээр ма­най ажлын туршлага, ха­рилцаа холбоо, бо­ловсон хүч­ний чадвар гээд олон зүйлд  итгэж байгаа хэрэг. Мөнгөө хийхээсээ өм­­нө бүгд ирж судалгаа хий­­нэ, өгснийхөө дараа ч жил болгон шалгадаг тог­тол­цоотой.

-Банкны салбарын 90 жилийн ойг тохиолдуулж  нэг салбарт зүтгэж буй журмын нөхдөдөө хандаж та үг хэлнэ үү?
-Бид их хариуцлагатай хатуу цаг үед ажиллаж байна. Манай банк гэхэд 600 мянган харилцагчтай. Энэ олон хүний өмнө бид хариуцлага хүлээж байна гэсэн үг. Тэгэхээр манай банкны салбарынхан гурван сая монголчуудын ху­­римт­лалыг эдийн засагт аль болох найдвартайгаар зууч­­­лаарай. Эдийн засгийн өсөлт бол манай иргэдийн ху­римт­лал эргэлтэд амжилт­тай орсны л ач гавьяа юм. Энэ бүхний хариуцлагыг үүр­нэ гэдэг амар биш. Тиймээс энэ хүнд ачааг үүрч ирсэн үе, үеийн хүмүүсийн найдвартай залгамж ха­лаа болоод явж байгаа сал­ба­рынхандаа та­лархлаа илэр­хийлмээр бай­на. Тэгээд цааш­даа ол­сон амжилтаа илүү их ба­татган, найдвартай зууч­лалыг илүү их үр дүнтэй хүргэх амаргүй үүрэг даал­гавраа амжилттай бие­лүүлэхийг хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан