Манай улсын эдийн засагт төлбөрийн тэнцлийн хямрал нүүрлэлээ гэж буй. Сүүлийн хоёр жил дараалан төлбөрийн тэнцэлд, хүндрэл гарч байв. Тэр нь өнгөрсөн оноос хямралын шинж чанартай болж иржээ. Тухайлбал өнгөрсөн оны эцэст төлбөрийн тэнцэл 1.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Үүнээс гадна манай эдийн засагт өнгөрсөн онд дөрвөн тэрбум ам.доллар буюу зургаан их наяд гаруй төгрөг дутсан гэж эдийн засагчид хэлдэг. Мөнгөний энэ дутагдлыг Монголбанк тодорхой хэмжээнд нөхсөн. Тэгэхдээ Засгийн газартай хамтарч “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр” хэрэгжүүлсэн юм. Энэ хөтөлбөрөөр эдийн засагт цусны эргэлт болгож гурван их наяд орчим төгрөг нийлүүлсэн. Тэгэхдээ харин зөвхөн хувийн хэвшилд санхүүгийн дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээл олгосон билээ. Төв банкны эдийн засагчид тухайн үед ийм арга хэмжээг аваагүй бол эдийн засаг дахь мөнгө буурч ДНБ хасах утгатай гарах байсан гэдэг.
Эдийн засагт мөнгө дутна гэдэг нь орж ирэх валютын урсгал тааруу байгааг илтгэдэг. Өнгөрсөн онд гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар буурсан тооцоо бий. Дээр нь экспортын орлого 800 сая ам.доллараар багассан. Нөгөө талаар манай улсын эдийн засаг 2010-2012 онд огцом өсч мөнгөөр туйлсны гор одоо гарч байна гэж бас хэлж болно. Тэр үед орж ирсэн жаахан валютаа хүн бүрт хишиг хүртээх нэрээр тараачихсан. Энэ нь эдийн засагт эрэлт өсгөж импортыг тэтгэсэн. Үүний улмаас гадаад худалдааны алдагдал сүүлийн жилүүдэд өсчээ. Эдийн засагчдын тооцоогоор 2012 оноос хойш жилд тэрбум ам.долларын урсгал дансны алдагдалтай гарч байж. Мөн гадаад худалдаанаас хоёр тэрбум ам.долларын алдагдал хүлээж иржээ. Энэ нь одоо нүүрлээд байгаа төлбөрийн тэнцлийн хямрал нүүрлэх гол суурь, хөрс нь болж өгсөн байна. Өнөөдөр валютын ханш өсч байгаа нь эдийн засаг хүндрүүллээ гэсэн ойлголт хүмүүст бий. Тэгвэл эдийн засагчид валютын ханш ингэж өссөн нь хямралын шалтгаан биш, төлбөрийн тэнцлийн хямралын шинж тэмдэг хэмээн тайлбарлаж байна.
Эндээс үзэхэд валют олж ирэхгүй бол хямралд орж манай эдийн засаг урьд жилүүдийн өсөлтөө алдаж хий эргэх аюул нүүрлэж байгаа аж. Гадаадын шууд хөрөнгө оруулалт төдийлөн нэмэгдээгүй, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын үнэ унаж борлуулалт зогсонги болсон өнөө үед өр зээл тавих л арга бидэнд бий гэнэ. Үүний тулд ДНБ-нд эзлэх өрийн босгын 40 хувь гэдгийг халж 70 болгох ёстой гэж байгаа. Энэ санааг эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногийн хөтөлбөртөө тусгаад буй билээ. Хэрэв өрийн босгоо дээрх хэмжээнд хүргэвэл гурван тэрбум ам.доллар орж ирэх хууль эрх зүйн боломж нээгдэх аж. Монгол Улсын Засгийн газрын өр одоогоор 9.8 их наяд төгрөг байгаа гэдэг.
Зарим эдийн засагчдын үзэж буйгаар хөгжиж буй эдийн засагт өрийн хэмжээ асар өндөр байдаг. Харин зээлсэн мөнгөө богино хугацаанд үр ашгаа өгч дараагийн хөрөнгө оруулалтаа татах гол өдөөгч болох төсөл хөтөлбөрт оруулах учиртай гэдэг. Тэгээд өрийн босгоо шинэчлээд дээрх хэмжээний мөнгө орж ирлээ гэхэд яг юунд хөрөнгө оруулалт хийж яаж зарцуулахаа тодорхой болгох шаардлага гарч ирж буй юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр хэл амны бай болоод байгаа “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларыг яаж үрсэн бэ гэдэг асуудал араасаа дагуулахгүй байх учиртай.
Уг бондын мөнгийг төгрөгт шилжүүлбэл өнөөгийн ханшаар 2.5 их наяд төгрөг болно. Гэтэл энэ мөнгөнийхөө дийлэнхийг уулзвар зам засах, барихад зарцуулсан гэсэн шүүмжлэл гарч буй. Энэ угтаа нөгөө импортоо дэмжээд өнгөрсөн гэх эдийн засагчид бий. Жишээлбэл өнөөдөр нэг км авто зам тавихад түүний өртөгийн 60 орчим хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг гэнэ. Тэгэхээр “Чингис бонд”-ын мөнгө хөгжлийн хөрөнгө оруулалт бус импорт дэмжээд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй нь. Өнгөрсөн онд эдийн засаг 20-30 хувиар агшиж гадаад валютын ханш өсч байхад шатахууны импорт нэмэгдэж байсан нь үүнтэй холбоотой хэмээж буй юм.
Уг нь, “Чингис бонд”-ын мөнгө орж ирэх үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ашигт малтмалын ордуудаа ашиглах, боловсруулах үйлдвэр байгуулах, түүний дэд бүцийг хөгжүүлэх зэрэгт түлхүү зарцуулах учиртай гэсэн зөвлөмж өгсөн. Гэвч энэ зөвлөмж талаар өнгөрч өнөөдөр буруу зарцуулсан гэсэн шүүмжлэлд хүргээд байна. Замд зарцуулсан энэ мөнгийг улсын төсвөөс л төлж таарна. Тэгэхээр тэртэй тэргүй төсвийн хөрөнгөөр барих зүйлд богино хугацаатай зээлсэн мөнгөө зарцуулсан нь алдаа болжээ гэдэг нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл бондын мөнгөөр гадаад валют орж ирэх гол өдөөгч болгосон хөрөнгө оруулалт хийсэн бол ашигт малтмалын үнэ унасан, гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан энэ үед төлбөрийн тэнцлийн хямралд орохгүй байх нэг гарц болох байжээ. Дээрх хэмжээний мөнгөөр Оюу толгой, Таван толгой гэх мэт уул уурхайн томоохон төслийг бүрэн санхүүжүүлж хүрэхгүй. Гэвч тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд үлдсэнийг өөрсдөө гадаадын зах зээлээс босгож хөрөнгө оруулалт олно гэсэн бол байдал арай л өөр байх байсан гэдэг.
Тэгэхээр энэ удаа алдаж харин дараагийн удаа энэ алдааг давтахгүй байх ёстой. Эдийн засгаа эрчимжүүлнэ гээд өрийн дээд хэмжээг 70 хувьд хүргээд валют оллоо гэж бодъё. Тэр мөнгөө л валют татах өдөөгч болгон зарцуулаасай. Хамгийн гол нь өнөөдөр монголчууд бидэнд хөгжлийн хөрөнгө оруулалт хийх мөнгө алга. Ашигт малтмалын үнэ унаж төсөв дутаж буй өнөө үед нүүрлээд байгаа төлбөрийн тэнцлийн хямрлаас гарах гарц болгохыг хаа хаанаа анхаарч алдах эрхгүй байхыг цаг үе шаардаж байна.