Эдийн засаг өссөн эсвэл буурсан гэх маргааныг хараат бус, бие даасан тодотголтой Үндэсний статистикийн хороо эцэслэн тогтоох ёстой. Олон улсын хэмжээнд ч нийтлэг мөрддөг журам бий. Тухайлбал, статистик нь нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлбарлах, танилцуулахтай холбоотой бие даасан шинжлэх ухаан. Манай улсын Үндэсний статистикийн хороо сар бүр тоон мэдээлэл гаргадаг. 1663 оноос хойш салбарлан хөгжсөн энэ шинжлэх ухаанд тухайн улс орны удирдагчид дөрөөлөн өнөө цагийнхаа нийгэм, эдийн засгийн байдлыг судалж, цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргах энгийн зарчмаар ажиллах ёстой. Товчхондоо, Үндэсний хэмжээний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээ нь эдийн засаг хямраагүй, иргэдийн амьдрал сайхан байгаа мэтээр ярьж байгаа салбарын сайдынхаа “ам руу нь алгадах” хөдлөшгүй баримт, нотолгоо болдог юм.
Тэгвэл тэр шинжлэх ухааны үндэслэлтэй тоон баримт иргэдийн амьдрал сөхөрч байгааг баталлаа. Салбаруудын энэ сарын байдлыг өнгөрсөн сарын болон сүүлийн таван жилийн өсөлт, уналттай харьцуулахад гэмт хэрэг гаралт, аюулт үзэгдэл, ослын тохиолдол, хүүхэд эндэх, өргөн хэрэглээний барааны үнэ зэрэг нь өссөн үзүүлэлттэй гарлаа. Харин эдгээр салбар нэгжээс хамгийн муу дүн авсан нь макро эдийн засаг. Иргэдийн хэтэвчин дэх мөнгөөр хэмжигдэх эдийн засгийн энэ сөрөг нөлөө нь банкны зээл, худалдан авах чадвар, зээл эргэн төлөх зэрэг асуудлыг араасаа дагуулж, өрнөөс өрийн хооронд амь зогоох аж байдалд хүргэлээ.
Төрийн татаас нэмэгдэж, иргэдийн өр зузаарлаа
Улсын татварын нийт орлого нэмэгдсэн байна. Гэвч иргэдийн өр, найдваргүй зээлийн хэмжээ хэт өссөн нь иргэдийн амьдрал, эдийн засгийн байдал таагүй байгааг дахин баталлаа. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 11737.7 тэрбум төгрөг байсан нь өмнөх сарынхаасаа 3.1 хувь буюу 356.8 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 51 хувиар буюу 3966.7 тэрбум төгрөгөөр өсчээ. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуй нэгжүүд энэ хэмжээний өртэй байна.
Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 299.0 тэрбум төгрөг хэмээн тоологдож байсан нь өмнөх сарынхаасаа даруй 19.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт билээ. Энэ нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулбал, чанаргүй зээлийн хэмжээ 188.1 тэрбум төгрөгөөр дахин өссөн тоо баримтад хөтөлж байна. Нийтэд нь буюу банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн хувь хэмжээг авч үзвэл өнгөрсөн сарын эцэст 616.2 тэрбум төгрөг байсан чанаргүй зээлийн үлдэгдлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, 305.4 тэрбум төгрөг буюу 98.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь ганцхан жилийн дотор банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл бараг хоёр дахин нэмэгдэж байгаа үзэгдэл боллоо.
Гэтэл эсрэгээрээ татварын нийт орлого өмнөх оныхоос 17.3 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлтэд, орлогын албан татвар 27.1 тэрбум төгрөг буюу 7.5 хувиар буурсан зэрэг нь гол нөлөө үзүүлээгүй нь дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 37.9 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 25 тэрбум төгрөг, гадаад худалдааны татварын орлого 13.3 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн аж, ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 42.3 тэрбум төгрөг, бусад татварын орлого 34.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Гэсэн хэдий ч татварын нийт орлого жилийн хугацаанд 1.2 хувиар өссөн юм.
Өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ
Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас нэг хувиар өссөн байна. Энэ нь оны эхнээс 4.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхээс 12.3 хувиар өссөн байна. Харин нэг хувийн өсөлт буюу ерөнхий индекс энэ оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас өссөн байдлыг задалбал, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.1, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.7, тээврийн салбарын үнэ 0.3, бусад бараа үйлчилгээний үнэ 2.1 хувиар тус тус өссөн байгаа нь нөлөөлжээ.
Тэгвэл мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 10197.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 281.4 тэрбум төгрөг буюу 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 3013.6 тэрбум төгрөг буюу 41.9 хувиар өссөн байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст 841.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 40.4 тэрбум төгрөг буюу таван хувь, өмнөх оны мөн үеийнхээс 81.8 тэрбум төгрөг буюу 10.8 хувиар өсчээ.