БШУЯ-ны харьяа харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийг тойрсон хэл ам, хэрүүл тэмцэл үргэлжилсээр. Энэ сарын 2-ны өдөр тус сургуульд нийгмийн ажилтнаар ажиллаж байсан К.Жанибек, нярав С.Хотхүү, түүний хуулийн зөвлөх А.Балдангомбо нар тус сургуулийн захирал С.Энхтуяа болон тойрон хүрээлэгчид нь хараагүй хүүхдүүдийн хөдөлмөрийг мөлжиж, сургуулийн хөрөнгөөс хувьдаа завшиж байгаа тухай мэдээлснийг бид уламжилж байсан.
Тэд хэлэхдээ, “Тусгай сургалттай 116 дугаар сургуулийн захирал, нэр бүхий багш нар хамтран харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тоглолтын орлогыг хувьдаа завшиж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байна. Энэ нь сүүлийн хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж, хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Ийм шударга бус байдлыг хараад сууж чадаагүй учраас олон нийтэд энэ тухай хүргэхийг хүслээ” гэж байсан. Мөн захирал С.Энхтуяагийн сургуульд төсөвлөсөн хөрөнгөнөөс өөрийн болоод, өрхийн хэрэгцээндээ зарцуулдаг тухай баримтыг ч дэлгэсэн.
эгвэл энэ мэдээллийг тус сургуулийн өөр нэг хэсэг багш няцааж, мөн л хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Хуралд захирал С.Энхтуяа оролцоно гэсэн ч ирсэнгүй. Үүнийг хөгжмийн багш Б.Батболд тайлбарлахдаа сахарын өвчтэй учраас эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа гэв. Ингээд сургуулийн арав гаруй багш, ажилчин болон эцэг эхийн төлөөлөл гэх хүмүүс гүжир, гүтгэлэгт өртсөн тухайгаа ийн тайлбарлав.
Тэдний хэлж буйгаар 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын шугамаар 116 дугаар сургуулийн сурагч, багш нарт БНСУ-д аялан тоглолт хийх боломж олдсон гэнэ. Гэхдээ нэг талын зардлаа өөрсдөө гаргах нөхцөлтэй, очсон хойно бусад зардлыг Солонгосын талаас гаргасан аж. Ингээд багш, сурагч нийлсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй баг БНСУ-ыг зорьж, нэг талын замын зардал нь 17 сая төгрөг болжээ. Энэ мөнгийг тоглолтын багт багтсан долоон багш цалингийн зээл авч бүрдүүлсэн гэнэ.
Тоглолтоор явж ирсний дараа багш нарын зээлийг төлөх гэж 2011-2013 оны хооронд сурагчдаараа арав орчим удаа тоглолт зохион байгуулж, дээрх зээлээ хүүтэй нь босгосон аж. Энэ тухай хөгжмийн багш Б.Батболд тайлбарлахдаа “К.Жанибек, С.Хотхүү нар үүнийг буруугаар ойлгож, нийт багш ажилчдын нэр хүндэд бүдүүлгээр халдлаа. Тэд өөрсдийн хүсэлтээр ажлаа өгсөн учир 116 дугаар сургуулийн нийт багш, ажилчдын байр суурийг төлөөлж чадахгүй” гэж байв.
Ийнхүү багш ажилчдыг мэдээлэл хийх үеэр тус сургуулийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан К.Жанибек танхимд орж ирснээр байдлыг нэлээд хурцатгаад авсан юм. Юутай ч, хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг хоёр тал хэн хэнийгээ чичилсэн хэрүүл маргаанаа үргэжлүүлсээр байна. С.Хотхүү, К.Жанибек нарын хувьд холбогдох байгууллагуудад хандсан, тун удахгүй үнэн худал нь тогтоогдоно гэсэн итгэлтэй байгаа аж. Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн боловсролын газарт тус тус бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн боловсролын газар шалгалт хийсэн ч хариу нь хараахан гараагүй гэнэ. Мөн Авлигатай тэмцэх газарт хандсан ч холбогдох хэрэг биш хэмээн буцаажээ. Ямартай ч, шударга шүүх энэ хэргийг нэг тийш болгож харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хувь заяа хааш эргэхийг шийдэх биз ээ.
К.Жанибек: Хүүхдийн эрх зөрчиж байгааг зүгээр хараад сууж чадахгүй
Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар К.Жанибектэй ярилцлаа.
-Таныг ямар нэг шахалт, дарамтаар биш өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан гэж байна?
-Тийм ээ. Гэхдээ намайг захирал С.Энхтуяа үргэлж ажлаа өг, гар, зайл гэж хөөж туудаг байсан. Би ямар нэг зөрчил дутагдал гаргаагүй, үнэхээр хүүхдийн төлөө л гэж ажиллаж байсан. Эцэстээ захирал, түүний тойрон хүрээлэгчид нь хүүхдийн эрхэд ноцтойгоор халдаж байгааг хараад сууж тэвчихгүйдээ өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
-Та хүүхдийн эрх зөрчиж байгааг хэзээ ч хараад сууж чадахгүй гэлээ. Тухайлбал, яаж зөрчөөд байгааг жишээ баримтаар ярихгүй юу?
-Үүрэг гүйцэтгэгч байхаасаа л захирал ямар ч үндэслэлгүйгээр 30 орчим багшийг ажлаас нь халсан. Энэ тухай, бас захирлын идэж уусан бүхий л мэдээлэл надад нэр ус, данс тооцоотойгоо байгаа. Эдгээр нь бүгд хууль бус үйлдэл. Мөн гадаад руу тоглолтоор явсан мөнгийг хүүхдүүдээр төлүүлнэ гэдэг хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр. Тэр тусмаа хараагүй хүүхдүүдээр шүү дээ. Хүүхдүүд удаа дараа тоглолт хийгээд өөрсдөд нь юу ч наалдахгүй байхад дуртай байхгүй нь мэдээж шүү дээ. Ер нь, С.Энхтуяа захирал багш ажилчидтай ямар ч ёс зүйгүй, дээрэнгүй харьцдаг. Өнөөдрийн хэвлэлийн хуралд сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороо оролцож байна. Багш ажилчид, боловсон хүчнийхээ талд биш захирлын талд үйлдвэрчний эвлэл нь ажиллаж байна гэдэг маш том алдаа дутагдал. Эднийг ингэж жүжиг тоглож явах хооронд хүүхдүүд л хохирч байгаа шүү дээ.
Тэгээд ч нийгмийн ажилтан гэдэг захирал, удирдах албан тушаалтнаас хараат бус, бие даасан статус бүхий ажил. Тиймдээ ч би харааны бэрхшээлтэй хүүхдүүд удаа дараа тоглолт хийж эрүүл мэндээрээ хохирч байгааг хараад сууж чадаагүй. Үгээ хэлэхээр өөдөөс зайл, яв, ажлаа өг гэнэ.
-Бусад багшийн хэлж буйгаар хүүхдүүд тоглолт хийхдээ дуртай байдаг гэх юм?
-Үгүй дээ, танд юу ч хүртээхгүй хэрнээ авьяас чадвар, цаг зав, хөдөлмөрийг чинь шулж мөлжөөд байвал дуртай байх уу, үгүй. Хөгжмийн мэргэжлийн сургалтын гэх арав гаруй сурагчийг сургалтын гэрээгээ цуцална гэж айлгаж өдий хүртэл тоглолт хийлгэсэн. Төгсөх ангийн хоёр хүүхдэд тус бүр 100 мянган төгрөгөөр тоглолтын хувцас авч өгснөөс өөр юу ч хялайлгаагүй.
-Эцэг эхчүүд энэ байдлыг зүгээр л хараад суудаг хэрэг үү?
-Иргэд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. 116 дугаар сургуулийн энэ асуудал олон жил бугшсан хэрэг. Гол шалтгаан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн амьдралын түвшин доогуур хүмүүс. Тиймдээ ч хүүхдээ аль болох дотуур байранд амьдруулах сонирхолтой байдаг. Тоглолтод оролцдог хүүхдүүд бүгд ахлах ангийнхан, бүгдээрээ хөгжмийн мэргэжлийн сургалтад хамрагддаг. Хүүхдүүдийг нь ашиглаж мөнгө олж байгаа тухай эцэг эхчүүд үг цухуйлгах л юм бол хүүхдийг чинь хөөнө, хөгжмийн сургалтын гэрээгээ цуцалж хасна гэж дарамталдаг. Ер нь, харааны бэрхшээлтэй хүүхдүүд бие даах чадвар муу байдаг учир энэ сургуулиас гарвал тэднийг хэн ч наашаа гэхгүй. Ийм л байдалд орчихсон эцэг эх, сурагчид захирал болоод тойрон хүрээлэгчдийн утсан хүүхэлдэй шиг болсон хэрэг. Үүний эсрэг үгээ хэлсэн над мэтийн багш, ажилчдыг шалтгаангүй халж орхидог.
С.Энхтуяа: Хүүхдүүдээ юм үзэж, нүд тайлаг л гэж авч явсан
Сургуульд нь үүссэн асуудал болоод өөрийнх эсрэг гараад буй мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар 116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяатай уулзаж ярилцлаа.
-Таныг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн авьяас чадварыг ашиглан тоглолт хийлгэж орлогыг нь хувьдаа завшдаг гэх юм?
-Хүүхдүүдийн тоглолт хийж олсон мөнгийг би хувьдаа авсан тохиолдол нэг ч байхгүй. Орлогыг юунд зарцуулдаг тухай нарийн ширийнийг ч би мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар 2010 онд байх, Чой гэдэг солонгос хүний урилгаар БНСУ-д Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн фестивальд оролцсон юм. Тухайн үед хүүхдүүдээ юм үзэж, нүд тайлаг л гэж авч явсан. Нийт зардал 20 гаруй сая төгрөг болсон. Хүүхдүүдийн ар гэрээс мөнгө гаргах боломжгүй учир багш нар цалингийн зээл авсан. Энэ зээлийг төлөхөөр өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөвсгөл аймагт тоглолт хийснийг би мэдэж байна. Бусад асуудлыг би огт мэдэхгүй. Ер нь, мөнгөний асуудалд нягтлан хяналт тавих ёстой. Гэсэн ч ийм асуудалд нягтлан оролцохгүй гэсэн учир тухайн үед ажиллаж байсан нарийн бичиг, тоглолт зохион байгуулж байсан багш нар хариуцсан. Ер нь, тоглолттой холбоотой бүх асуудлыг хөгжмийн багш, нийгмийн ажилтан хариуцдаг.
-Таныг багш ажилчидтайгаа ёс зүйгүй харилцдаг, үндэслэлгүйгээр 30 орчим хүнийг ажлаас халсан, ажлаас гарах өргөдөл хүчээр бичүүлдэг гэсэн?
-Энэ бол гүтгэлэг. Би үүнийг хувийн чанартай асуудал гэж бодож байна. Нэг хүний хувийн асуудлаас болж 50 жилийн түүхтэй улсын сургуулийн нэр сэвтэх учиргүй. Намайг ажлаа авахад сургууль 14 багштай байсан. Одоо 22 багштай үйл ажиллагаа явуулж байна. Тэгж олноор нь халаад байх хүн манайд байхгүй. Өөрсдөө өргөдлөө өгөөд гарсан хүмүүс бий. Өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ур чадваргүй, хамт олонтойгоо таарч тохирдоггүй гэх шалтгаанаар халагдсан арав гаруй хүн байгаа. Тухайлбал, жижүүр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн учир ажлаас нь халсан. Нийгмийн ажилтан байсан К.Жанибек хувийн шалтгаанаар өргөдлөө өгөөд гарсан. Мөн нярав Хотхүү хамт олны нэр хүндийг унагасан, тэднийг хагалган бутаргах сөрөг мэдээлэл тараасан, ажлаа хийдэггүй гэх шалтгаанаар халагдсан. Эхэндээ ажлаасаа гарна гэж байсан ч сүүлдээ бүр ирэхээ ч больсон.
-Танай сургуулийн дотуур байранд хэчнээн хүүхэд амьдардаг вэ. Зардлаа хэдэн хүүхдээр бодуулж авдаг вэ?
-Манайх 87 хүүхэдтэй. Үүнээс дотуур байранд 63 хүүхэд амьдардаг. Хүүхдийнхээ тоогоор л нэг хүүхдэд ногдох хувьсах зардал бодуулж авч байна.
-Сургуулийн хашаанд барилгын материал хадгалдаг долоон чингэлэг байдаг юм билээ. Түрээсийн мөнгийг нь юунд зарцуулж байна?
-Сул зай талбайгаа ашиглаад долоон чингэлэг байрлуулсан нь үнэн. Түрээсийн мөнгийг нь бид хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор сургуулийн засвар үйлчилгээнд зарцуулдаг.
-Та дээрх мэдээллийг үндэслэлгүй, гүтгэлэг гэж үзэж байгаа бол цаашид холбогдох хүмүүст ямар арга хэмжээ авах вэ?
-Би өөрөө их тайван хүн л дээ. Юу ч болоогүй байхад асуудал үүсгэхийг хүссэнгүй. Одоо арай л хэтэрч байна. Энэ асуудлаа болиосой л гэж хүсэх байна.