Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тээврийн салбар хүч сэлбэлээ


Бид агаарын болон газрын тээврийн үйлчилгээндээ шинэ онгоц, шинэ вагон нэвтрүүллээ.  Нэг хоногийн зайтай орж ирсэн онгоц, вагон нь манай улсын тээврийн салбарт сүүлийн жилүүдэд тохиогоогүй томоохон хөрөнгө оруулалтын үргэлжлэл бөгөөд бусад улсын тээврийн салбартай өрсөлдөхүйц хэмжээний ахиц авчирлаа хэмээн үзэж байна. Ялангуяа, Улаанбаатар төмөр зам (УБТЗ) 15 шинэ вагон хүлээн авсан нь 65 жилийн түүхэнд Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бараг анхны томоохон хөрөнгө оруулалт болсон юм. Харин Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) компанийн үйлчилгээнд нэвтрүүлсэн агаарын хөлөг нь Засгийн газрын төлөвлөгөөний дагуу орж ирсэн гурав дахь онгоц.

Оросоос цуваа ирэв

ОХУ-аас гарсан 15 цуваа суудлын вагон тавдугаар сарын 9-ний буюу аугаа их эх орны дайны ялалтын баярын өдрөөр УБТЗ-ын Улаанбаатар өртөөнд хүрэлцэн ирлээ. Энэ нь хоёр улсын хамтын харилцаа, тэр дундаа Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн хувьд билэгшээлтэй зүйл боллоо хэмээн УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.А.Домборовский хэлэв.
Дээрх 15 вагон нь 1995 оноос хойш үзэгдээгүй суудлын вагон шинэчлэл бөгөөд тээх нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх шат дараатай арга хэмжээний эхний алхам аж.

ОХУ-ын “Тверий вагон”-ы үйлдвэрээс гарсан 15 вагоноор суудлын галт тэ­рэгний тусгай цуваа байгуулж Улаанбаатар-Москва чиглэлд аялуулахаар төлөвлөж байна. Хамгийн сүүлийн үеийн загвар хийцтэй, зорчигчдын тохь тухыг хангах өвөрмөц шийдэлтэй бөгөөд Евро стандартад нийцсэн гэж мэргэжилтнүүд үнэлсэн байна. Түүнээс гадна дээрх цуваанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зориулалтын нэг вагон багтсан бөгөөд шат нь тэргэнцэртэй хүн суухад зориулагдсан, тус­гай амралтын болон ариун цэв­рийн өрөөгөөр тоног­ложээ.
Харин худалдан авах ажил­лагааны талаар дур­дахад, Монгол Улсын зас­гийн газар, ОХУ-ын Зас­гийн газар харилцан тохи­ролцож, Монгол-Оро­сын хувь ний­лүүл­сэн “Улаанбаатар тө­­мөр зам” нийгэмлэгийн дүр­­мийн санг 250 сая ам.дол­лараар нэмэгдүүлэх шийд­­­вэртэй холбоотой юм. Тод­руулбал, 125 сая ам.дол­ла­рыг ОХУ-ын тал, мөн хэм­жээний хөрөнгийг манай улсын Засгийн газраас гар­га­хаар талууд тохиролцсон билээ. Харин манай талаас гаргаж байгаа санхүүжилтээр УБТЗ-д техникийн шинэчлэл хийхээр шийдсэний эхлэл нь сүүлийн үеийн стандарт хангасан дээрх 15 вагон юм. Мөн энэ хүрээнд УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх зорилгоор хотын зорчигч тээврийн зориулалт бүхий төмөр замын автобус (рэйлбус) өндөр хүчин чадалтай хоорондын замын зүтгүүр, ачааны вагон, зам хэм­жигч, сэв шалгагч бо­лон тус­гай зориулалтын вагон ху­далдан авахаар шийд­вэрлэжээ.


Бид энэ талаар УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга, И.А.Домборовскийгоос тодруулаа.

-Өнөөдөр УБТЗ-ын нэвт­рүүлэх хүчин чадлыг нэмэг­дүүлэх зорилтын хү­рээнд зорчигчийн 15 ва­гон хүлээж авлаа. Үүний дараа ямар төлөвлөгөө хэрэгжүүлэх вэ?
-Бид өмнө нь “2Т-116” нэртэй гол замын 30 зүтгүүр авсан. Дээрх зүтгүүрүүд УБТЗ-аар явж байгаа ачааны голыг нугалж байна. Үүний дараагаар УБТЗ ОХУ-аас 15 ширхэг шинэ вагон авч байгаа нь энэ. Нэн түрүүнд зорчигчийн тав тухыг хан­га­хад гол нөлөө үзүүлэх хөд­лөх бүрэлдэхүүн боллоо гэж бид дүгнэж байна. Цаа­шид УБТЗ-ын түүхэнд байгаагүй, рэйлбус буюу төмөр замын автобусыг ирэх зургадугаар сарын 6-наас өмнө нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Түүнчлэн сэлгээний ажлын хүчин чадлыг дээшлүүлэх зорилгоор “ТЭМ-18Д”, “2Т-116УМ” гэсэн гол замын зүтгүүрүүдээс тус бүр дөрвийг авна. УБТЗ-ын хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулахын тулд илчит тэргийг багцаар нь хөдөлгөөнд оруулах үйл ажиллагааны төслийн ажиллагааг ч эхлүүлээд байгаа. Тэр төсөл маань энэ онд эхэлсэн учраас ирэх онд үйл ажиллагаандаа шилжих байх.     

УБТЗ-ын техникийн шинэчлэл хийсний маргааш нь буюу тавдугаар сарын 10-ны өдөр МИАТ компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын “Боинг” үйлдвэрээс хөөрсөн “Боинг 737-800” агаарын хөлгөө хүлээн авсан юм. “JU-1015” бүртгэлийн дугаартай “Гүюг хаан” онгоц “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан нь МИАТ үндэсний агаарын тээвэрлэгч компани олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, манай улсын агаарын тээврийн аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг бүрэн хангахад чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм. Өнгөрсөн жил Монголчууд “Боинг 767-800” онгоцыг худалдан авч байсан бол шинэ “Боинг 737-800” онгоцыг үйл ажиллагааны түрээсээр авч байгаа аж. Тус онгоц нь 162 зорчигчийн суудалтай бөгөөд 12 нь бизнес зэрэглэлийн, контентыг дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэх “Inflight Entertaiment” систем суурилуулсан байна. Мөн “Боинг” компанийн зүгээс хамгийн сүүлд гаргасан хөх тэнгэрийг билэгдсэн цэнхэр өнгийн лед гэрлийн “Sky Interior” дотоод засал хийжээ.                  

2011 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр “Боинг” компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Энэ хүрээнд “Боинг 737-800” агаарын хөлөг түрээсийн гэрээгээр орж ирсэн бол ирэх онд дахин нэг шинэ Боинг авахаар төлөвлөсөн байна. Ингэснээр Монгол Улс агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хүрэх зорилтоо биелүүлэхэд  “Боинг” агаарын хөлгүүд чухал нөлөө үзүүлнэ хэмээн МИАТ агаарын тээвэрлэгч компани дүгнэж байна.

Энэ талаар МИАТ-ийн захирал Г.Жаргалсайханаас тодрууллаа.

-Шинэ онгоц газардлаа. Энэ нь агаарын тээврийн үйлчилгээнд ямар ахиц авчрах вэ?             
-МИАТ компанийн түү­хэнд баярт үйл явдал болж байна. Нэг жилийн өмнө “Боинг 767-300” гэсэн хо­лын зайн том оврын онгоц­нуудаа Монгол Улс худалдан авч нислэг үйлдэж эхэлсэн. Өнөөдөр (уржигдар) “Боинг 737-800” дунд зайны онгоцыг түрээсийн хэлбэрээр авч байна. Энэ нь МИАТ компанийн гурав дахь шинэ онгоцоо хүлээн авч байгаа тохиолдол. Цаашид МИАТ хувьцаат компани ийм төрлийн хоёр онгоц авах Засгийн газрын төлөвлөгөөнд орсон. Тэдгээр онгоцнууд нь мөн адил “Боинг 737-800” маркийн дунд зайны онгоц байх юм. Ингэснээр МИАТ хувьцаат компанийн үйлчилгээнд явж байгаа агаарын хөлгүүдийн 90 хувь нь шинэ онгоц болох юм. Мэдээж үүнийг дагаад олон улсын зах зээлд өрсөлдөх, зорчигчийн аюулгүй байдал хангагдах, агаарын тээврийн үйлчилгээний чанар, үзүүлэлт улам бүр сайжирна.

0 Сэтгэгдэл
УБ-АНУ,УБ-БРАЗИЛ,УБ-ЭНЭТХЭГ,УБ-ЛОНДОН,
ШИНЭ ЧИГЛЭЛ ХЭЗЭ НЭЭХ ВЭ?
Шинэ онгоцтой боллоо гээд хөөрөөд байх юм. Зээлээр авч байгаа, тэр зээлийг татвар төлөгчдийн хөрөнгөөр бүрдүүлэхийг МИАТ нь гуйж, ЗГ нь тийм шийдвэр гаргах гэж байна. Тэгээд шинэ онгоцтой болж байгаа гээд аюулгүй байдал, үйлчилгээний соёл сайжирч байгаа нь хаана байна? Хичнээн гоё, шинэ онгоцтой байгаад хариуцлагагүй ажиллаад байвал хэрэг байхгүй шүү дээ.
Хамгийн их уншсан