Хаврын тариалалт эхлээд удаагүй байна. Энэ талаар ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Есөнтөмөртэй ярилцлаа.
-Хаврын тариалалт хэдэн хувьтай явна?
-Тариалалт эхлээд удаагүй. Энэ жил нийтдээ 304 мянган га-д улаан буудай, 15.5 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 10.3 мянган га-д малын тэжээл, 20 мянга гаруй га-д тосны ургамал тариалах зорилт тавин бэлтгэлээ хангасан. Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй га-д үр тариа, 400 га-д төмс, 200 га-д хүнсний ногоо, дөрвөн мянган га-д тосны ургамал тариалаад байна.
-Нийт дүнгээрээ тариалалтын хэмжээ өсөх үү?
-Төлөвлөгөөгөөр тав орчим хувиар нэмэгдэхээр байгаа. Гэхдээ тариалах явцаас бүх зүйл шалтгаална шүү дээ.
-Өнгөрсөн өдрүүдэд цаг агаар таагүй байлаа. Үүнээс үүдэн тариалалт саатаагүй байгаа?
-Тариалалтад цаг агаарын байдал зайлшгүй нөлөөлдөг. Сүүлийн хоёр өдөр тариалангийн нутгуудад хур тунадастай байснаас шавартай талбайд машин техник ажиллах боломжгүй болсон нь тодорхой. Гэхдээ иймэрхүү хүйтрэл, цас, бороо тариалалтад хүндрэл учруулахгүй. Энэ жилийн хувьд цаг агаарын таатай нөхцөл бүрдсэн. Цаг агаар таатай дулаан, чийг ихтэй байгаа. Өөрөөр хэлбэл, гадаргын болон хөрсний чийг нийлж таримал ургамал ургах сайхан нөхцөл бүрдсэн.
-Энэ янзаараа байвал арвин ургац хураах нь дээ. Зун, намрын цаг агаарын төлөв ямар байх юм бэ?
-Зургаа, долдугаар сарын цаг агаар буюу дулааны улирлын төлөв гарсан байна лээ. Хэдийгээр одоогоор байдал сайхан байгаа ч урьдчилсан төлөвийг харахад нэлээд халуун, зарим газраар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байх магадлалтай. Гэхдээ тэнгэр хангай ямар байсан ч технологийн ажлаа нарийн чанд хийвэл гайгүй байх.
-Одоогоор аль аймагт тариалах ажил хамгийн сайн байна вэ?
-Тариалангийн бүс Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт үргэлжилсэн цас бороо орлоо. Нийтдээ тариалалт түр зогсчихсон байгаа. Гэхдээ талбай дээрх ажлаас бусад нь хийгдэж байна. Ирсэн мэдээнээс харахад Сэлэнгэ аймаг нэлээд сайн байна. Зөвхөн буудайг нь авч үзэхэд Дархан-Уул аймаг нийт тариалах буудайнхаа 10 хувь, Сэлэнгэ тав, Архангай дөрвөн хувийг нь тариалаад байна.
-Дотоодын хэрэгцээгээ хэр хангана гэж төлөвлөж байгаа вэ?
-Төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг хангана гэж төлөвлөсөн. Жилийн дөрвөн улиралд хүлэмжинд тариалах боломжтой хүнсний ногоог тариалах боломж бүрдүүлэх зорилгоор Чингис бондоос төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөлд томоохон аж ахуйн нэгж оролцож, хүлэмжийн аж ахуй байгуулахаар ажиллаж байна.
-Ер нь, хаврын тариалалттай холбоотой санал хүсэлт ирж байна уу?
-Санал хүсэлт гэх юм гараагүй. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 20 хувийн урьдчилгаа төлөөд үлдсэн 80 хувийг намрын ургацаар нөхөн бүрдүүлэх нөхцөлөөр үр олгож байна. Шатахуун, ургамал хамгааллын бодисыг ч мөн хөнгөлөлттэйгөөр олгож байгаа. Техник тоног төхөөрөмжийн хувьд үр тарианы чиглэлийн бус, бага талбайд хүнсний ногоо тарьдаг иргэн, байгууллагад хөнгөлөлттэйгөөр тоног төхөөрөмж өгсөн.
-Газар тариалангийн чиглэлээр ямар ямар төсөл хэрэгжиж байна вэ?
-Гадаад, дотоодын эх үүсвэрээс хэрэгжүүлж буй төсөл хэд, хэд бий. Олонхи нь шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүмүүст мэдлэг олгох сургалт явуулахад чиглэсэн л дээ.
-Үр байхгүй гэсэн яриа гараад байх шиг байна. Компаниуд заавал элит үр авах гээд ийм яриа гаргасан юм болов уу?
-Үрийн мэдээлэл өдөр цаг бүрт өөрчлөгдөж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тавдугаар сарын 2-нд өгсөн мэдээгээр 5.7 мянган тонн үр импортоор орж ирсэн байна. Нийтдээ 6.8 мянган тонн үр оруулж ирэхээр гэрээ байгуулсан. Энэ нь элит үр. Сүүлийн үед үрийн шинэчлэл олигтой хийгээгүй болохоор аж ахуйн нэгжүүд элит үр авах сонирхол их байна. Гаднаас үр авах гэхээр хомс. Үүнээс үүдэн үр алга гэх яриа гарсан байх.
-Тариаланчид рапс тарих сонирхол ихтэй байх шиг. Үүнээс болоод улаан буудайн тариалалт буурч магадгүй гэх юм?
-Улаан буудай бол стратегийн бүтээгдэхүүн. Гурилын үндсэн түүхий эд. Төрөөс үзүүлж буй дэмжлэгүүд улаанбуудайд чиглэсэн болохоор тариалах сонирхол нь буураагүй. Бид үрийн шинэчлэл ч хийлээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан буудайг 460 мянган төгрөгөөр авна гээд зарлачихсан шүү дээ.
-Гурилын үйлдвэрүүд буудайн үнийг ангилан тогтоож байсан тэр жишгээрээ явахгүй юм уу. Үүнд нь урамшууллын 100 мянган төгрөг орж байгаа юу?
-Үнийг Засгийн газар бус зах зээл тогтоодог. Тэр жишгээрээ явна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэг тонныг нь 460 мянгаар авна л гэсэн үг. Энэ дүнд урамшууллын мөнгө ороогүй. Урамшууллыг ярихад эрт байна. Төсөвтэй холбоотой асуудал л даа.
-Энэ жил тариалах буудай дотоодын хэрэгцээгээ хангахаасаа гадна илүү гарах хандлагатай гэх юм. Энэ тухайд?
-Сүүлийн үед тариалангийн салбарт томоохон компаниуд орох сонирхолтой болсон. Улс ч экспортын чиг баримжаатай бодлого барьж байна. Энэ жилийн тухайд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн агуулахаа сайжруулсан. Тодорхой хэмжээний ургац хураалаа гэхэд үйлдвэрүүд ашиглаад явна. Үүнээс гадна улс хүнсний аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх гэж нөөц бүрдүүлдэг. Энэ үүднээс тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахын нөөц 36 мянган тонноор нэмэгдсэн. Мөн гурилын үйлдвэрүүд ч агуулах саваа нэмсэн.