Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК АНУ-ын “Боинг” компаниас “Б737-800” маркийн шинэ онгоцыг түрээсийн зарчмаар авахаар болжээ. Энэхүү шинэ онгоц нь энэ сарын 11-нд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм байна.
Энгийн ангиллын 150, бизнес ангиллын 12 суудалтай Боинг 737-800 онгоц нь орчин үеийн техник технологийн дэвшлийн хүчээр нислэгийн аюулгүй байдлыг илүү баталгаатай хангана хэмээн албаныхан хэллээ. Тодруулбал алсын зайн олон цагийн нислэгээр зорчигчдыг бага чилээх, уйдаахгүй байлгах үүднээс тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Түүнчлэн тус онгоц нь тэнгэрийг илтгэсэн бүдэг цэнхэр өнгийн дотоод засалтай бөгөөд бизнес ангиллын суудлууд нь зорчигчдод Монголын болон Холливудын киног дуу дүрсийн өндөр чанартайгаар үзэх “Inflight Entertainment” программтай аж. Ийнхүү “МИАТ” ТӨХК нь өнгөрсөн жилийн тавдугаар сарын 15-нд өөрийн эзэмшлийн шинэ “Боинг 767-300” онгоцоо хүлээн авч байсан бол дахин шинэ онгоцтой болж байна.