Бонд бол өр, буцааж өгнө. Тиймээс бид зөв зарцуулж байж олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларын зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлж чадна. Өөрөөр хэлбэл, авсан мөнгөө үржүүлэх нь бондын хүүгээс илүү олон хувьсагчтай, илүү үр дүнтэй ажил байх ёстой. Тэгвэл өнөөдрийн байдлаар дээрх мөнгөний 765 сая ам.доллар зээл хэлбэрээр зах зээлд нэвтэрч, 735 сая ам.доллар буюу “Чингис” бондын 51 хувь нь Хөгжлийн банкаар дамжин арилжааны банкуудад шилжсэн байна. Засгийн газрын тогтоол, төслийн гүйцэтгэлийн дагуу тодорхой хувь нь бүтээн байгуулалтад зарцуулагдах бол 7.3 их наяд төгрөг үйлдвэрлэлд олгохоор тооцоологдсон юм. Ирээдүйгээс хумсалсан бондын мөнгөний багахан хэсгээр хойч үедээ хөрөнгө оруулж, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулна гэж Н.Алтанхуягийн танхим шийдвэрлэсэн. Үүний дагуу шалгарсан 888 төсөл хөтөлбөрийн талаар өчигдөр Засгийн газрын тэргүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон төслөө өгсөн компаниуд, арилжааны банкуудын төлөөлөл Гадаад харилцааны яаманд цугларлаа.
Есөн их наяд төгрөгийн төсөөлөл
Бондын мөнгөөр санхүүжих хүсэлтэй 1151 төсөл Засгийн газарт цугларснаас 59 нь давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй учраас давхардаагүй тоогоор 1088 төсөл шалгаруулсан.
Үүнээс экспорт дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгод нийцээгүй 200 төслийг хассанаар бондын мөнгөөр санхүүжих 888 төсөл сонгогдсон юм. Дээрх хэмжээний төсөлд нийт 7.3 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд үүнээс 4.2 их наяд төгрөгийн зээл авах хүсэлт хүргүүлсэн байдаг. Эдгээр төсөл хэрэгжсэнээр эдийн засагт есөн их наяд төгрөгийн эерэг нөлөө үзүүлнэ гэсэн төсөөлөл Хөгжлийн яам болон Засгийн газрын түвшинд яригдаж байна. Мөн урьдчилсан тооцоогоор 888 төслийг дагаж 40 мянган ажлын байр бий болохоос гадна нийт төслийн үр ашиг таван жилийн дотор гарна гэсэн тооцоолол бий.
Зээлийн хүсэлтийг салбараар нь авч үзвэл экспортын чиглэлийн ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн салбарын 16 төсөл нийт 626 тэрбум, коксжих нүүрс, биотүлш зэрэг хүнд үйлдвэрийн салбарын дөрвөн төсөл 169 тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус хүссэн байна. Харин импортын чиглэлийн барилгын материалын үйлдвэрийн салбарын 210 төсөл нэг их наяд 655 тэрбум төгрөгийн зээл хүсчээ. Үүнээс цементний 11 үйлдвэр 784.2 тэрбум, метал хийцийн 32 төсөл 315 тэрбум төгрөгийн зээл хүссэн нь барилгын салбар хамгийн өндөр хэмжээ хэмээн тооцогдож байна. Дээрх 888 төслөөс нэг их наяд 186 тэрбум төгрөгийн зээл хүссэн 524 төсөл Улаанбаатар хотод хэрэгжихээр төлөвлөгджээ.
Гэвч…
Засагт мөнгө байна. Тэр нь аржилжааны банкуудад байршсан. Бас бидэнд тэнгэрээс хэлээд өгчихсөн юм шиг 888 төсөл байна. Гэвч тэдэнд мөнгө очихгүй, эргэлтэд орохгүй байсаар хоног хугацаа алдаж, шаардлагагүй хүү хуримтлагдах, төсөл хэрэгжих хугацаа удаашрах, нийлүүлэлт нь хүлээгдэх зэрэг олон асуудал тулгарч эхэллээ гэдгийг үйлдвэрлэгчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Харин энэ асуудлын зангилаа нь арилжааны банкуудад төвлөрсөн байгааг өчигдрийн уулзалтын үеэр л мэдээллээ. Үүнийг тайлбарлахын өмнө яагаад арилжааны банкаар дамжуулан зээлийн хөрөнгө оруулалтыг олгох болсон шалтгааныг дурдая.
Импорт, экспорт, үндэсний үйлдвэрлэгчид гэсэн нэршил бондтой хоршиж эхлэхэд төслийг санхүүжүүлэх ажлыг Хөгжлийн банк хариуцах тухай мэдээлэл мэр сэр гарсан. Гэвч 10, 20 сая төгрөгийн зээлийн хүсэлтийн анкет бөглүүлж, түүнийг сонгон шалгаруулах нь Хөгжлийн банк гэх том нэрэнд жижигдэж байна гэж удирдлагууд үзсэн. Үүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүн ч хүлээн зөвшөөрч, арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох ажлыг эхлүүлсэн байдаг. Нөгөөтэйгүүр, арилжааны банкуудад мөнгөө байршуулсан нь 4.1-5.1 хувийн хүүтэйгээр авсан бондын мөнгөө дор хаяж, долоон хувийн хүүтэйгээр байршуулах боломжийн гаргалгаа. Үүнийг нь банкууд зээл болгон гаргахдаа 10-аас дээш хувийн хүүтэй болгоно. Ингэснээр төрийн авсан мөнгөний хүү шат шатандаа төлөгдөх систем үйлчлэх юм. Энэ бол төрийн гүйцэтгэж буй боломжийн менежмент. Тиймээс банкаар дамжуулан зээл гарах нь нэгдүгээрт, зээлийн хүүгээр шархаа нөхөх, хоёрдугаарт, арилжааны банк эрсдэл үүрэх гэсэн хоёр чухал нөлөө үзүүлэх юм.
Энэ сараас арилжааны банкаар дамжин олгож эхэлсэн 888 төслийн зээл таван жил хүртэлх хугацаатай, жилийн есөн хувиас ихгүй хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа нь 12 сараас доошгүй байхаар тогтосон. Гэвч банк эрсдэл үүрч байгаа нэрийдлээр бондын мөнгө дарж суучихаад аль эсвэл төсөл хэрэгжихэд хүрэлцэхээргүй буюу барьцаа хөрөнгөнд нь тааруулж зээл гаргаж эхэлсэн байна. Мөн компаниудын зээлийн хүсэлт төрийн байгууллагаар дамжиж шат шатандаа танагдаж байгаа гэдгийг үйлдвэрлэгч Г.Майцэцэг жишээ татан тайлбарлав. Тэрээр “Таван тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан ч харьяа яам хоёр тэрбум болтол нь танаж, банк түүнийг нь 750 сая төгрөг болтол нь бууруулсан” гэв. Шалтгаан нь оёдлын үйлдвэрт барьцаа хөрөнгө гээд байх зүйл байдаггүй хэмээн үргэлжлүүлэн ярив. Үүний хариуд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Тийм зүйл огт байх ёсгүй. Мөнгө өгвөл өгсөн шиг өгөх ёстой. Дутуу алсан могой шиг байлгаж болохгүй. Дахиж тийм асуудал гарвал шууд Засгийн газарт хандаарай. Яагаад гэвэл, эх үүсвэрийг нь бид гаргаж өгч байгаа” гэсэн юм. Гэсэн хэдий ч үйлдвэрлэлийн бүх салбарынхан барьцаа хөрөнгийн асуудлыг дахин дахин хөндсөн учраас Засгийн газрын зүгээс зээлийн батлан даалтын сангийн механизмыг нэвтрүүлэхээр судалж байгаа гэдгээ хэлсэн. Түүнчлэн зээлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх боломжтой юм байна. Харин олон гомдлын дараа Засгийн газар эрсдэлгүй буюу худалдан авалт нь хүлээгдэж буй 100 орчим төслийг Хөгжлийн банкны хүрээнд шийдвэрлэхээр болсон юм.
Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлогчдын холбоо: Барьцаа хөрөнгө байхгүйгээс цуцалсан
Оёмол бүтээгдэхүүнийг экспортод гаргах гэрээ бидэнд байна. Бид оёж чадаж байна. Захиалагч байна. Үүнийг амьдралд буулган гадаад зах зээлд гаргахын тулд манайд тусгай зориулалтын гурван төрлийн үйлдвэр хэрэгтэй болсон. Уг үйлдвэрийг босгоход 10.3 тэрбум хэрэгтэй. Бид төсөлдөө энэ талаар дурдсан ч санхүүжилт олгох боломжгүй гэсэн. Барьцаа хөрөнгөгүй гэсэн үндсэн шалтгаанаар хассан. Хоёрдугаарт, таван тэрбум төгрөгийн чадамжтай компани яаж 10 тэрбум төгрөг авах юм бэ гэсэн зүйлийг яриад энэ асуудлыг цуцалсан байгаа. Гэтэл санхүүжилт орсон бол импортын бүтээгдэхүүнийг шахах, сумдад 10 хүний, аймгуудын төв дээр 50-100 хүний, дүүргүүдэд 100 гаруй хүний ажлын байр бий болох боломжтой байсан.
Сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Болдбаатар: Үндэслэл муутай харагдаж байна
Чингис бондын 888 төсөл хэрэгжүүлэхэд нэг асуудал хүндрэл болж магадгүй. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн, импортын түүхий эд хоёрын хооронд асар их ялгаа байна. Өнөөдрийн байдлаар импортын бэлэн бүтээгдэхүүн хөнгөлөлттэй, тусгай зөвшөөрөлгүй, татвар алдаг оног төлдөг, мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй. Гэтэл түүхий эд нь тусгай зөвшөөрөлтэй, байнгын хяналттай байдаг. Тэгэхээр бэлэн бүтээгдэхүүнийг дэлхийн худалдааны байгууллагын баримталдаг хэм хэмжээгээр татварыг өсгөж, түүхийн эдийн татварыг хөнгөлж өгөхгүй бол Монголд хэчнээн сайхан мөнгө тараагаад үндэслэл муутай харагдаж байна зэргээр үйлдвэрлэгчид санаа бодлоо илэрхийлэв.