Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сард улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. Эдүгээ 15 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийнх “Татвар төлөгч танд баярлалаа” уриатай юм. Татварын ерөнхий газрын удирдлагууд өчигдөр уг арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийв.
Хурлын үеэр Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай “Манай улсын эдийн засаг өнгөрсөн жилийнхээс сайжраагүй байна. Иймд татвар төлөгчдийн бизнесийн нөхцөл хүнд байгаа юм. Энэ оны эхний улирлын байдлаар татварын орлого 20-30 хувиар тасарсан. Гэвч одоо дөнгөж нэгдүгээр улирлын тайлан гарсан. Манай улсын бизнес эрхлэгчид улирлын шинж чанартай ажилладаг тул тодорхой дүгнэлт хийхэд эрт. Гаалийн орлого нэмэгдэж буй эерэг мэдээлэл бий.
Тиймээс бизнес, эдийн засгийн эргэлт дээшилж байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл импорт, экспорт нэмэгдэж байна гэдэг нь ирэх улирлуудад татварын орлого өсөх хандлага байгаа гэсэн үг. Татварын алба бол хэрэгжүүлэгч агентлаг. Татвар төлөгч нарт учирч буй бэрхшээл, сайжруулахыг хүсч байгаа зүйлийг тэдэнтэй харилцах фронт дээр байдгийн хувьд сайн мэддэг юм. Үүнийгээ Сангийн яаманд уламжилж төр засгийн бодлого шийдвэрт тусгахаар ажилладаг. Ийм учраас жижиг дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд жилд 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас чөлөөлөх тухай асуудал тавьж байна. Үүнийг Сангийн яам Засгийн газарт өргөн барьсан” хэмээв.
Өнөөдөр зэс, нүүрс, төмрийн хүдэр гээд экспортын гол түүхий эдийн зах зээлийн үнэ ханш унаж байна. Гэсэн хэдий ч төр засгаас ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлж төлөвлөсөн хэмжээний борлуулалт хийх арга сүвэгчилж байгаа. Тухайлбал төрийн үйлчилгээний хүнд суртал, ойлгомжгүй байдал, зарим шимтгэл хураамжийг халж чадсан. Хятадын хил, гаалийнхантай хэл амаа олж экспортын ачаагаа саадгүй нэвтрүүлэх, орон нутгийн чанартай зарим төлбөр хураамжийг нь болиулсан. Цаашид ч ашигт малтмалын экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломж бий гэдэг. Гэвч зах зээлийн үнэ хямд байгаа тул түүнд ногдуулах татвар бага байгаа ажээ. Өөрөөр хэлбэл орлогын тасалдлын дийлэнх нь Ашигт малтмалын нөөц ашигласны татвар байгаа юм. Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр гаргаж УИХ-аар хэлэлцүүлэх болсон. Энэ хөтөлбөр хэрэгжвэл орлого нэмэгдэнэ гэж Татварын албаныхан хүлээн байна. Нөгөө талаас барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын ажил эхэлдэг цаг үе ирж байгаа тул татварын орлого нэмэгдэх найдвар төрүүлж буй юм.
НӨАТ-т төлсөн мөнгөнийхөө хоёр хувийг эргүүлэн авна
НӨАТ-ын тухай хуулийг өөрчилнө хэмээж буй. Энэ хуулийн өөрчлөлтөд НӨАТ төлөх босгыг 50 сая төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгажээ. Үүнээс гадна манай улс НӨАТ-ыг 10 хувиар тогтоодог. Одоо шинэчлэх гэж буй хуулийн төсөлд дээрх хувийн хоёр хувийг нь иргэдэд буцаан олгохоор тусгасан байна. Жишээлбэл, иргэн та жилд нийт нэг сая төгрөгийн НӨАТ-тай бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол 200 мянган төгрөгийг нь буцаан авах аж. Нөгөө талаар татварын албаныхны тайлбарлаж буйгаар бизнес эрхлэгчдэд өрсөлдөөн бий болно гэж үзэж буй юм. Тухайлбал худалдан авагч заавал НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг сонгох нь. Өөрөөр хэлбэл хэн хуулийн дагуу ажиллаж байна тэр бараа бүтээгдэхүүнээ илүү борлуулах давуу талтай болох гэнэ. Энэ тогтолцооны талаар судалж буй аж.
Дийлэнх улс орон далд мөнгөний эргэлтийг шахаж эдийн засгаа эрүүл байлгахын тулд НӨАТ-т суурилсан хяналт тавих тогтолцоотой байдаг. Үүний илрэл нь тухайн бараа, бүтээгдэхүүний эцсийн худалдан авагч буюу НӨАТ төлөгч иргэнд төлсөн татварынх нь тодорхой хувийг урамшуулал болгож буцаан өгдөг ажээ. Гэтэл манай улсад НӨАТ-ын тухай хууль хэрэгжихдээ мордохын хазгай гэдэг шиг явж ирсэн байна. Тухайлбал хуулийн нэр томъёог зөв хэрэглээгүй алдаа гаргажээ. Хуульд заасан НӨАТ төлөгч гэдэг нь дэлгүүрээс өөрийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн худалдан авч буй иргэн. Гэтэл өнөөдөр тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, борлуулагч нь НӨАТ төлөгч хэмээн андуу ойлгож иржээ. Харин тэд бол НӨАТ суутгагч нь аж. Үүнээс үүдээд НӨАТ суутгагч зарим нэг нь тэр татварыг өөрийн ашиг мэт андуурч хардаг буруу ойлголт хэвшчээ гэж татварынхан тайлбарлаж буй юм. Ийм ч учраас өнгөрсөн онд НӨАТ-ын падаан хуурамчаар бичиж мөнгө зувчуулсан хэрэг гарсан билээ. Нэг компани л гэхэд 800 орчим тэрбум төгрөгийн НӨАТ-ын падаан хуурамчаар бичсэн байдаг. Одоогоор НӨАТ-ын падаан хуурамчаар бичдэг байсан 100 гаруй компанийн үйл ажиллагааг зогсоон шалгаж байна.
Өнгөрсөн онд 926 тэрбум төгрөгийн татварын зөрчил илрүүлжээ
Нийгмийн хариуцлага гэдэг нь татвараа цаг хугацаанд төлж хүлээсэн үүргээ биелүүлэхийг хэлдэг. Татварын алба өнгөрсөн онд улс, орон нутгийн төсөвт 2.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Үүнээс улсын төсөв болон Хүний хөгжил санд хоёр их наяд төгрөг нь орсон байна. Нийт орлогын 24 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 19 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, найман хувийг онцгой албан татвар, нэг хувийг агаарын бохирдлын төлбөр тус тус эзэлж буй юм. Татварын орлогыг нийгмийн хэв журам, аюулгүй байдал сахиулах, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, дулаан хангамж, нийгмийн халамж зэрэг зүйлд зарцуулж буй юм. Хэрэв татвар нуун дарагдуулвал тухайн аж ахуйн нэгж, иргэний эрхэлдэг бизнес хаагдах эрсдэл дагуулдаг. Учир нь, татвар нуун дарагдуулах улс орны эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн хэрэг юм. Татварын алба 2012 оноос хойш далд эдийн засгийг илрүүлэх, татварын орлогыг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авчээ. Ингээд өнгөрсөн онд 110 аж ахуйн нэгж 926 тэрбум төгрөгийн татварын зөрчил гаргасныг илрүүлжээ. Тэгээд улсын төсөвт 83.3 тэрбум төгрөгийн татвар нөхөн төлүүлсэн байна.
Энэ жилийн татвар төлөгчдөд талархах өдрүүд 9-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр шилдэг татвар төлөгчдөө шалгаруулж урамшуулах, хүүхэд сурагчдын дунд зарласан гар зураг, зохион бичлэгийн уралдаанаа дүгнэх, сургалт хийх, цахим татварын тайлан хүлээн авах үйл ажиллагааг сурталчлах гээд олон ажил өрнөх ажээ. Үүнээс гадна “Дүнжингарав” худалдааны төв, “Да хүрээ” техникийн зах, “Бөмбөгөр” гээд томоохон худалдаа үйлчилгээний төвүүдэд “Татвар төлөгчдөд өгөх зөвлөгөө” төв ажиллуулна.