Ц.Мөнхтулга. Түүнийг танихгүй хүн өнгөц хараад л хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж бодно. Гэхдээ тэр одоо СУИС-ийн номын санчийн гуравдугаар курсын оюутан.
Тэрээр “Хүн бүхэн төгс биш, хэн нь ч гологдол бус” гэж хэлэх дуртай. Бусдын чадахгүйг чадах гэж, чаддаггүйгээ сурах гэж тэр хичээдэг болохоос бүх зүйлийг хийж чаддаггүйдээ сэтгэлээр унадаггүй. Тиймээс өөрийн дуртай мэргэжлээр бусдаас дутахааргүй сураад л явж байна. Гэхдээ яаж гэж үү. Түүнийг яаж ийм амжилтад хүрснийг сонирхуулъя.
Бага сургуулийн сурагч Ц.Мөнхтулга зургаадугаар анги хүртлээ бүх л хичээл дээрээ 100 хувийн амжилт гаргасан ч ганцхан хичээл дээр л 60 гарчихаж. Тэр нь биеийн тамир. Хүүгийн “өвчтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн эмчийн дүгнэлт биеийн тамирын багшид хүрээгүйгээс ийм зүйл болчихож. Гэхдээ тэрээр шантарсангүй. Уран зохиол сонирхож, шүлэг биччихдэг хүү дунд ангид орохдоо л өөрийгөө таньжээ. Тэрээр дунд сургуульд орохдоо л байгалийн ухааны хичээлийг хойш тавьж, дөрвөн жилийн дараа нүүр тулах Элсэлтийн ерөнхий шалгалтаа нийгмийн ухаан, монгол улсын түүх, монгол хэл бичиг гэсэн хичээлээр өгөхөөр төлөвлөжээ. Ингээд л алгебрын цаг дээрээ шүлэг бичиж, химийн хичээл дээрээ Нийгмийн ухааны тест бөглөж, физик судлах цагтаа монголчууд XVIII зуунд Манжийн эрхшээлд дарлагдсан түүхийг уншиж суудаг болов. Харин бусад хичээлийн дүнгээ хөнгөхөн аргалах гэж хичээнэ. Хэрэв тэрээр бүх хичээлд анхаарлаа хандуулж эхэлбэл алийг нь ч сайн ойлгохгүй, ойлгох гэж хэт их шамдсанаас бие нь ч муудаж мэдэхээр байв. Тиймээс энэ замыг сонгосон хэрэг. Ингээд л амьдралын замаа сонгох Элсэлтийн шалгалттай нүүр тулж, шудрагаар их сургуульд орж, тэр дундаа улсын сургуулийн хуваарийг өвөртөлж чаджээ.
Хэдийгээр Ц.Мөнхтулгыг хоёрдугаар ангид орох хүртэл нь аав, ээж хоёр нь сургуульд нь хүргэдэг байсан ч амьдралын шаардлагаар орцны үйлчлэгч эгч түүнийг хүргэдэг болж. Ангийн хүүхдүүдээс нь ч найзыгаа хүргэж байхыг аав, ээж нь гуйна. Гэхдээ хүү анги ахих тусам ганцаараа алхах нь сайжирсаар байсан тул тэдгээр хүмүүсээс зугтах болж. Түүний хувьд орцны үйлчлэгчээс зугтаж, шургаж унаад өвдгөө шалбалчихаад ангидаа орох тэр л мөч амттай. Учир нь хүү өөрийн хүчээр суруульдаа ирж чадсандаа өөртөө баярлана.
Аав, ээжийгээ эзгүйчилж хоёр найзтайгаа компьютер тоглоомын газар тоглодог ч сааталтай учраас төхөөрөмж эвдчихнэ хэмээн зарим газар түүнийг тоглуулдаггүй хөөгөөд гаргах үе ч байж. Гэтэл тэр л жаргалтай үе хоёр найз нь өөр газар руу шилжсэнээр дуусгавар болжээ. Гэсэн ч хүү гадуур ганцаараа явдаг болов. Аав, ээжийнхээ л сонгосон хувцсыг өмсдөг байсан хүү өөрийнхөө сонгосон хувцсаар гангардаг болов. Гэхдээ л түүнийг харсан хэн боловч “хөөрхий, чааваас” гэсэн байдлаар харьцана. Ингэж явсаар тэр хувцсаа авдаг дэлгүүр, цай уудаг кафе, үсээ засуулдаг салонтой болов.
Өөрийн бичсэн шүлгээрээ ном гаргах гэсэн хүсэл, бичсэн дууны үгээ зарах гэсэн санаа, дурласан охиныхоо орцны гадаа бараг л амьдрахаа шахсан сэтгэл гээд л түүний хувьд бусдын өмнө амархан нээгддэг хаалга цоожтой байсаар. Бүр давхар давхар цоожоор цоожилчихсон мэт бүтэлгүйтэхийг нь яана. Гэхдээ л түүний шантраагүй зориг энэ бүх цоожийг нэг нэгээр нь тайлж чадсан юм.
Ц.Мөнхтулгын амьдралын амжилт ердөө л зориг, тэсвэр хатуужил. Тэрээр Монгол Улсын хэмжээнд байгаа олон мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс амжилт үзүүлж, зорилгодоо хүрсэн цөөхөн хүний нэг. Гэхдээ тэрээр тусгай биш энгийн сургуульд, эрүүл хүүхдүүдтэй хамт суралцсан.
Яг одоогоор Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1300 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад, 15770 хүүхэд сургуульд суралцаж байгаа. Гэхдээ тэдэнд зориулсан зургаахан тусгай сургууль бий. Энд 1600-хан хүүхэд л суралцах боломжтой. Тэгэхээр дунд сургуульд сурдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 90 хувь нь энгийн сургуульд сурч, Ц.Мөнхтулгын туулсан замаар явж байгаа гэсэн үг. Гэхдээ нөгөө л нэг “хөөрхий, чааваас” гэсэн харилцаан дор шүү. Зарим сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгаад нэг анги болгочихож. Тэднийг энгийн хүүхдүүд “мангарууд” хэмээн шоглох нь ч байна.
Харин АНУ-ын жишгээр бол хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг “Боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүд” гэж нэрлээд энгийн сургуулийн нэг ангид цөөн тоогоор суралцуулдаг байна. Ингэхдээ бүтэн баг гаргаж ажиллуулдаг бол манайд яг одоогийн байдлаар улсын хэмжээнд тэдэнтэй ажиллах согог зүйч багш 58, хэл засалч багш дөрөвхөн бий. Ц.Мөнхтулга шиг мэрийлттэй, зорилгоо тодорхойлж чадсан цөөн хэдэн хүүхэд л амжилтыг атгахаас, бусад нь мэргэжлийн багшаар заалгаагүй учраас ангайж суугаад л хичээлийн цагаа өнгөрөөчихнө. Энэ дүр зургийг уншигч та төсөөлөн бодоод үзээрэй. Нүдний чинь өмнүүр зурсхийх болов уу...
Гэхдээ сургалтын чанарыг сайжруулах ажлын хүрээнд ирэх хичээлийн жилээс тусгай хэрэгцээт боловсролын багшийн мэргэжлээр МУБИС-д тусгайлан элсэлт авахыг БШУ-ны сайдын тушаалаар баталсан. Өмнө нь зөвхөн хувийн хэвшил ярьж байсан энэ асуудлыг энэ жилээс төр засаг анхаарч, БШУЯ, Насан туршийн боловсролын үндэсний төв, “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Нийслэлийн боловсролын байгууллага хамтран бодлого боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан “Тэгш хамруулах” тухай ярьж эхэллээ.
Ингэхдээ тусгай сургуулийн хүрэлцээнээс болж, боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдийг орхигдуулахгүй тэгш сургахыг чухалчилж байгаа юм билээ. Хүүхэд бүр сурч мэдэх эрхтэй. Тиймээс энэ эрхийг хангах үүднээс энгийн сургуулиудын нэг ангид тодорхой тоогоор боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сургахаар төлөвлөж. Гэхдээ боловсролын тусгай хэрэгцээт хүүхэд энгийн ангид бусад хүүхдүүдээс хоцрохгүй суралцахын тулд хэл засалч, хөдөлгөөн засалч, ахуй засалч, ангийн багш, тусгай хэрэгцээт ангийн багш гээд л бүтэн баг шаардлагатай болж байгаа юм. Гэхдээ эдгээр багийг тухайн сургуульд заавал орон тоо гаргаж байлгах албагүй. Тухайн тусгай боловсролын хэрэгцээт хүүхэд сурч байгаа сургуульд цагаар ажилуулахад болно гэх зэргээр олон талын санал санаачлагыг дэвшүүлж байгаа ч анги дүүргэлт 50 хүүхэдтэй байгаа өнөөгийн нөхцөлд энэ санал санаачлагыг хэрэгжүүлэхэд тун ч амаргүй. Гэхдээ л байгаа нөхцөл байдлыг зүгээр хараад суухын оронд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэр томъёог хасч боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүд гэдэг нэршлийг хэрэглэж чадвал та нэг ч гэсэн хүүхдэд сурах хүслийг төрүүлж байна гэсэн үг.