Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пениафоби - Ядуурахаас айх айдас


Хүн амын төвлөрөл, хотжих гэгч зүйл бий болохоос өмнө бодит шалтгаангүйгээр айх айдас гээч зүйл байсангүй гэвэл онцын хэтрүүлэг болохгүй. 10 мянган жилийн тэртээ хүн төрөлхтөн дөнгөж модноос буугаад үндсэн төрхөө олж байх үед таньж мэдэхгүй зүйлээс айна гэдэг хэвийн үзэгдэл байсан биз. Тэр үеэс хойш олон зүйл өөрчлөгдөж олноор суурин газар, гадны халдлагаас айх юмгүйгээр орших боломжтой болсон ч айдас нь арилсангүй. Энэ үзэгдэл дэлхий нийтийг хамарсан гэдгийг хэлэх хэрэгтэй. АНУ, Орос эсвэл Хятад гэлтгүй бодит шалтгаангүй айдас бүгдэд нь байж байдаг. Нийгмийн бухимдал нэмэгдэхийг дагаад бодит шалтгаангүй айдас нэмэгдэнэ. Дэлхийн хэмжээнд ам.долларын ханш нэмэгдээд, үндэсний валютын ханш унаад байвал бодит шалтгаангүй айдсын хүрээ нэмэгдэнэ. Гол шалтгаан нь хүн.

Хүн гэдэг маш нарийн, туйлын мэдрэмтгий систем. Их олон хүчин зүйлээс хамааралтай. Олон хүчин зүйлийн нэг нь гажихад л систем тэр чигээрээ доголддог. Тийм ч болохоор заримдаа гадны нөлөөнд санаанд оромгүй, хачирхалтай, бүр гажиг гэж болохоор хариу өгөх нь цөөнгүй. Үүний нэг жишээ нь фоби буюу ямар нэг зvйлээс шалтгаангүй айх айдас юм.

 Хэр баргийн хүнд дийлдэхгүй хүчтэй, шаламгай, зоригтой атлаа хулгана харахаараа ухаан алдаад өгдөг хүн үүний нэг жишээ. Энэ мэт бодит шалтгаангүй айдас үй түм байдаг. Анагаах ухаанд латин хэлийг олон улсын хэл болгож ашигладаг болохоор тэр олон айдаст латин нэр өгсөн аж. Заримаас нь сонирхуулъя, магадгүй та өөрийгөө, эсвэл танил хүнийхээ дүр зургийг олж харах ч юм билүү. Тэгээд олж харвал сэтгэл судлаачтай уулзаж, шалтгаангүй айдас буюу фобигоосоо салахыг хичээгээрэй.

Агарофоби. Энэ нь задгай газраас айх айдас. Гудамж, талбай гэх мэтийн харьцангуй том ил задгай газар байж чаддаггүй гэсэн үг. Өргөн замыг хөндлөн гарахаас айна, талбай, өргөн чөлөөгөөр явахаасаа айна.
Клаустрофоби. Дээрхийн эсрэг айдас. Өөрөөр хэлбэл битүү орон зайнаас айна. Лифтэнд сууж чадахгүй, жижиг өрөөнд байж чадахгүй гэх мэт хаалттай түгжээтэй зай багатай юм болгоноос шалтгаангүйгээр айна. Яг юунаас нь айгаад байгаа юм бэ гэхээр олигтой тайлбар хэлж чаддаггүй.

Оксифоби. Өөрөөр бас айх мофоби ч гэдэг. Энэ нь хурц үзүүртэй эд зүйлээс айх айдас юм. Хурц үзүүртэй зүйл гэнэт амь ороод өөрийг нь, эсвэл өрөөл бусдыг гэмтээчих вий гэж байнга айж явдаг. Уул шугамандаа энэ айдас нь өөрийнхөө үйл хөдлөлийг хянаж чадахаа байхаас айх айдсан дээр суурилан үүсдэг. Гэхдээ хамгийн хачирхалтай нь өөрийгөө хамгийн их хянадаг биеэ барьдаг хүмүүс энэ айдсаас болж шаналж байдаг.
Гипсофоби. Өөрөөр акрофоби ч гэдэг. Энэ нь өндрөөс айх. Дотроо хоёр янз гэж байгаа. Нэг нь өөрийгөө хянаж чадахаа байгаад өндөр дээрээс гэнэт үсэрчих вий гэсэн айдас. Нөгөөх нь гэнэт бие муудаад, эсвэл хальтраад өндөр дээрээс уначих вий гэсэн айдас. Ийм айдсаасаа болоод өндөр давхарт байдаг найзындаа орж чаддаггүй хүмүүс ч байдаг.

Дисморфофоби. Эрэмдэг, муухай бие, зүс царайтай болохоос айх. Энэ нь гол төлөв загвар өмсөгчид, бодибилдингийн тамирчид зэрэг хүмүүст тохиолддог. Тэд өөрийн бие, зүс царайнаас айсаар байгаад өө гэж хэн ч хэлхээргүй зүйлийг олоод, түүнээ хүний нүдэнд тусчих вий гэхээс айж явдаг.
Нозофоби. Хүнд өвчнөөр өвчлөхөөс айх айдас. Энэ нь дотроо бас тоймгүй олон янз гэж байгаа. Жишээлэхэд, сифилофоби-тэмбүүгээр өвдөхөөс айх. Цаг ямагт л өөрийгөө энд тэндээс тэмбүүгийн халдвар авчихсан юм биш байгаа гэж айн, биеэ чагнаж, байсхийгээд л шинжилгээ өгч гүйнэ гэсэн үг. Цаашилбал, канцерофоби-хорт хавдар тусахаас айх, дохофоби- ДОХ-ын халдвар авахаас айх айдас, лисофоби-галзуу өвчин тусахаас айх айдас, кардиофоби-зүрхний өвчин тусахаас айх айдас гээд зөндөө зөндөө.
Тоочоод байвал маш ихийн жишээг танд сонирхуулья.
Танатофоби-үхэхээс айх айдас
Пениафоби-ядуурахаас айх айдас
Гематофоби-цуснаас айх айдас
Некрофоби-үхдэлээс айх айдас
Эргазофоби - мэс заслаас айх айдас
Фармакофоби-эмнээс айх айдас
Гипнофоби-унтахаас айх айдас
Годофоби-аялалд явахаас айх айдас
Сидеродромофоби-галт тэргээр явахаас айх айдас
Тахофоби-хурдтай явахаас айх айдас
Аэрофоби-онгоцоор нисэхээс айх айдас
Гефирофоби-гүүрээр явахаас айх айдас
Гидрофоби-уснаас айх айдас
Ахлуофоби-харанхуйгаас айх айдас
Монофоби-ганцаардахаас айх айдас
Эротофоби-бэлгийн харьцаанд орохоос айх айдас
Петтофоби-нийгмээс айх айдас
Антопофоби-цугларсан олон хүнээс айх айдас
Социофоби-хүнтэй танилцах, харьцах, олны өмнө үг хэлэхээс айх айдас
Катагелофоби-шоолуулахаас айх айдас
Ксенофоби-танихгүй хүнээс айх айдас
Гомофоби-ижил хүйстэнтэйгээ явалдагчдаас айх айдас
Лалофоби-ярихаас айх айдас /ээрдэг хүмүүст тохиолддог/
Кенофоби-хоосон гэр, байрнаас айх айдас
Мизофоби-хиртэх, бохирдохоос айх айдас
Зоофоби-амьтад, ялангуяа жижиг амьтдаас айх айдас
Арахнофоби-аалзнаас айх айдас
Офидиофоби-могойноос айх айдас
Кинофоби-нохойноос айх айдас
Тафефоби-амьдаараа булшлаг­дахаас айх айдас
Ситофоби-хоол иднэ гэхээс айх айдас
Трискайдекафоби-13-ны өдрөөс айх айдас гэх мэт.
Хүн болгонд л өөрийн гэсэн фоби байдаг. Үүний нэг тод жишээ нь дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн суут хүмүүс. Жишээлэхэд, Францын цэргийн суут жанжин Наполеон нь цагаан мориноос маш их айдаг байсан гэдэг. Харин Сталин хорлогдох, онгоцоор нисэхээс мөн унтахаасаа ч айж байсан болохоор өдөржин шөнөжин ажиллаж туйлдаа хүртэл ядарсныхаа дараа л албан хүчээр шахуу унтдаг байсан гэнэ. Ромын хаан Юлий Цезарь аянганд ниргүүлэхээс, суут зохиолч Л.Толстой үхлээс, А.С.Пушкин шаргал үстэй эрэгтэй хүний гарт үхэхээс айдаг байсан. Суут сэтгэл судлаач Фрейд ил задгай газрын айдастай байсан болохоор зам хөндлөн гарах гэж үйлээ үздэг байж.

Оддын хувьд гэвэл Холливудын од Николь Кидман толинд харахаас, Карибын тэнгисийн дээрэмчин Жон­ни Депп шавьжнаас, Жастин Тимберлейк могой, акул, шавьж бас хэнд ч хайрлуулалгүйгээр үхэхээс, Алла Пугачева өндрөөс, Уолт Дисней үхэхээс айдаг байсан.
Мадонна нүүрэндээ үрчлээс тогтоно гэхээс ухаангүй айдаг.
Том Круз пеладофоби, омматофобитой. Өөрөөр хэлбэл халцарна, цагаан хэл ам хүрнэ гэхээс айдаг.

Алдарт Роберт Де Ниро шүдний эмчид үзүүлэхээс, найруулагч Стивен Спилберг  хүүхэд, лифт, хүмүүстэй харилцахаасаа маш их айдаг.
Дуучин Челентано онгоцоор нисэхээс, Вуди Ален нарны туяа, шавьж, хүүхэд, нохойноос, аймшгийн зохиолын хаан Стивен Кинг хүмүүсээс, битүү орон зай, шавьж, харанхуй, эрэмдэг болохоос айдаг.
Эцэст нь хамгийн хачирхалтай гэж болох хоёр айдсыг сонирхуулъя. Нэг нь фобофоби, нөгөөх нь пантофоби.
Эхнийх нь айна гэхээс айх айдас, нөгөөх нь юм болгоноос айх айдас.
Нэг иймэрхүү дүр зураг гарч байна. Гол нь өндөр хөгжилтэй орнуудад айдас буюу фоби газар авахыг даган сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг газрууд нэмэгддэг онцлогтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан