Улсын хэмжээнд цор ганц байдаг, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг байгууллага бол Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургууль. Сургуулийн хаалгыг татвал үүдний хэсэгт өлгөөтэй самбарт “Нээлттэй сургууль” хэмээн томоор бичсэнийг олж харна. Гэвч нээлттэй нэртэй ч нэдэр дээрээ хаалттай сургууль гэдгийг тэнд одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан багш, ажилтнууд хэлж байна. Сургуулийн захирал С.Энхтуяа улсын сургуулийг хувийн өмч шиг ашиглаж, хараагүй хүүхдүүдийн хөдөлмөрийг шулж мөлжсөөр өдий хүрсэн аж. Энэ тухай хөдөлшгүй баримтыг нэр бүхий хүмүүс олон нийтэд дэлгэсэн нь боловсролын салбарын бугшмал идээ бээрийг бага ч болов шахаж, хаалттай хөшигний цаана ямар “жүжиг” тоглож байдгийг харуулсан хэрэг боллоо.
Сүүлийн хоёр жилд боловсролын салбар тэр дундаа ЕБС-иудын эргэн тойронд ихээхэн хэл ам, хэрүүл тэмцэл дэгдэх болсон нь ихэвчлэн захирал, удирдах ажилтнуудтай холбоотой. Сонгон шалгаруулалтгүй буюу хууль бусаар сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалд томилогдсон захирал, эрхлэгчийг Нийслэлийн боловролын газраас ажлаас нь түтгэлзүүлж ахин шалгаруулсан ч “сүйхээтэй” зарим нь сугарч үлдсэн бололтой.
Хуучин засгийн үед зах замбараагүй олгосон захирлын сэнтийд заларч, хэмжээгүй эрхтэй мэт аяглаж, эрдэм номын өргөөг орд харш шигээ санаж төр, түмэн, төсвийн хөрөнгийг шамшигдуулж суудаг хүмүүсийн нэг бол 116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяа гэнэ.
С.Энхтуяа гэж хэн бэ
Тэрээр 116 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2006-2012 оны хооронд ажиллаж байгаад захирлын албан тушаалд томилогдсон аж. Тухайн үед ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр тус албан тушаалд дэвшсэн бөгөөд томилгоог Нийслэлийн боловсролын газар бус Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас хийсэн байдаг. Мөн тусгай сургуулийн захирлын албан тушаалыг согогзүйч мэргэжилтэй хүн хаших ёстой хэмээн дүрэм, журмаар заасан ч жирийн нэг математикийн багш энэ албан тушаалд очсон нь сонирхолтой. Хуучнаар БСШУЯ-нд ажиллаж байсан С.Энхтуяа хэрхэн, яаж яваад сонгон шалгаруулалтгүй албан тушаал ахисан мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард шинэчлэгдсэн Сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмын хаагуур өнгөрсөн нь ч оньсого мэт.
Өөрөө хууль, журамгүй албан тушаалд дэвшсэн тэрээр төрөл садны хүмүүсээ ч сургуульд ажилд авсан тохиолдол цөөнгүй. Түүнийг тойрон хүрээлэгчдийн дунд төрөл садных нь дөрвөн ч хүн байдаг тухай сургуулийн багш, ажилчид хэлж байлаа.
Мөн сургуулийн нягтлангаар 2013 оноос ажиллах болсон С.Хотхүүг хувьдаа завшсан хөрөнгө мөнгөндөө хуурамч баримт үйлдэхийг тогтмол шаарддаг байсан бөгөөд өнгөрсөн сарын 1-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас нь халжээ. С.Энхтуяагийн сургуулийн төсөв, хөрөнгөнөөс хувьдаа завшсан тохиолдлыг дурдаад байвал дуусахааргүй аж.
Өнгөрсөн онд хүүхдийн хоолны мөнгөнөөс 610 мянган төгрөгөөр БНСУ-аас ирсэн зочид төлөөлөгчдийг дайлах зорилгоор “Номин” худалдааны төвөөс архи, шар айраг, ундаа, ус, бялуу, кимчи зэргийг авч баримтыг нь хүүхдийн хоол, боов, чихэр печень авсан мэтээр хуурамчаар үйлдэхийг нягтлан С.Хотхүүд тулган шаарджээ. С.Хотхүү татгалзсан хариу өгөхөд нь “Иймэрхүү юм зохицуулж чадахгүй бол ажлаа өг, зайл” хэмээж байж. Мөн 2013 оны сургуулийн засварын мөнгөнөөс 2.120.000 төгрөгийг “Тансаг обой” ХХК-д шилжүүлж сургуулийн үүдний плитаг солисноос өөр засварын ажил хийгээгүй бөгөөд үлдсэн мөнгийг ч өөрөө завшсаныг нотлох баримт байгаа юм.
Мөн БШУЯ-наас зарласан “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд багш нарт олгох ёстой цалинг бэлнээр авч хувийн ажилд зарцуулснаа сургуулийн ажилд зориулсан хэмээн тайлбарлаж С.Хотхүүгээс хуурамч баримт бүрдүүлэхийг шаарджээ. Энэ мэт С.Энхтуяа гэгчийн идсэн уусан, хувьсгалын хөрөнгийг хувьдаа завшсан тохиолдол мундахгүй.
Үүнийг түүний хамаг л бичиг цаасны ажлыг хийж байсан нягтлан С.Хотхүү баримт сэлттэй нь нотлон харуулахад бэлэн байгаагаа хэлж байв. Тэрээр албан ёсоор ажлаа өгөөгүй нь дээр дурдсан хуурамч баримт бүрдүүлж байсантай холбоотой аж. Захирлын дарамт шахалтаар хийсэн ажилдаа өөрөө буруутан болохгүйг хичээн ажлаа өгөлгүй явсаар өдийг хүрчээ.
Боолын гэрээ
116 дугаар сургуульд төрөлхийн хараагүй, харааны чадамжаа тодорхой хувиар алдсан 60-80 сурагч суралцдаг аж. Тодорхой тоогүй 60-80 гэхийн учир нь сургуулийн нийт сурагчийн тоо өнөөг хүртэл яг таг гардаггүйтэй холбоотой. Цагаан дээр хараар 87 сурагчтай хэмээн бичигддэг ч үнэн хэрэгтээ 60 гаруй сурагчтай аж. Үүний учир нь сургуулиа төгссөн сурагчдыг суралцаж байгаа мэтээр баримт бүрдүүлдэгтэй холбоотой гэнэ.
Түүнчлэн сурагчдын эрхийг ноцтойгоор зөрчдөг нэг хэлбэр нь захирал С.Энхтуяагийн санаачилсан хандивын тоглолт. Тус сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд Хөгжмийн мэргэжлийн сургалт явуулдаг бөгөөд тус сургалтад ахлах ангийн арав гаруй сурагч хамрагддаг аж. Сургалтад хамрагдсан сурагч бүртэй гэрээ байгуулж 2011 оноос хойш тэднээр хандивын тоглолт хийлгэдэг болсон гэнэ. Ихэвчлэн их, дээд сургуулиудаар тоглолт хийдгээс гадна цөөнгүй удаа хөдөө орон нутагт аялан тоглож байжээ. Дуулах, хөгжим тоглох авьяастай сурагчдыг олон удаагийн давтамжтай тоглолт хийлгэн авьяас, хөдөлмөрийг нь мөлжиж ашиг орлого олдог ч сурагчдад тоглолтын орлогоос нэг ч төгрөг хялайлгадаггүй гэнэ. Нэг удаагийн тоглолтын тасалбарыг 2000-3000 төгрөгөөр тогтоодог нь чамгүй ашигтай байдаг аж.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй бусад хүүхдийг бодвол бие даах чадвар, бие бялдрын хөгжил муу, илүү бүрэг, хаалттай байдаг ба энэ байдлыг соргогоор ашигласан захирал жилд 8-20 удаа тоглолт хийлгэж ашиг олдог байжээ. Сурагчид ойр ойрхон тоглолт хийсээр сульдаж ядардаг учир эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цөөнгүй. Ухаан алдаж унах, гар хөлөө бэртээсэн нь ч олон гэнэ. Мөн хэт ачаалал үүрч, ядарсанаас болж сургуулийн орчинд ухаан алдаж хөлөө хугалж байсан сурагч ч бий. Ийм байдлыг эцэг эхчүүд мэддэг ч хүүхдийг чинь сургуулиас хөөнө, хасна гэх мэтээр далайлган хэргээ нуун далдалдаг аж. Сурагчид утга учиргүй олон удаагийн тоглолтоос залхаж санал хүсэлтээ илэрхийлдэг ч “Хөгжмийн сургалтаас чинь хасна, гэрээгээ цуцална” гэх сүрдүүлдгээс айж эмээгээд эсэргүүцэж чаддаггүй байна. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөдөлмөр эрхлэх амаргүй учраас урлаг соёлын салбарт ажиллах хүсэл сонирхол ихтэй байдаг. Тиймдээ ч Хөгжмийн мэргэжлийн сургалтын хүүхдүүд төгсөхийн хооронд сургалтаасаа хасагдахыг хүсдэггүй аж. Юутай ч, хараагүй сурагчидтай “Боолын гэрээ” байгуулж авьяас чадвар, хөлс хүчийг мөлжиж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж буй хэлбэр юм.
Нохойд барьдаг мод
Б.Батболд бол тус сургуулийн дуу хөгжмийн багш. Захирал С.Энхтуяатай ямар холбоотойг мэдэхгүй ч түүнийг захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэх болсноос хойш нохойд барьдаг мод адил хэлсэн бүгдийг нь хийдэг нэгэн болсон гэнэ.
Багш, ажилчдын зүгээс удаа дараа С.Энхтуяагийн нэр дээр захирал, удирдах албан тушаалтанд байвал зохих ёс зүйгүй, сургуулийн хөрөнгө мөнгө шамшигдуулдаг, хамт олныг хагаралдуулдаг, сурагчдын эрх цаашилбал хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэмээн Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн боловсролын газарт өргөдөл гомдол хүргүүлсэн аж. Тухай бүрт дээрх байгууллагууд хяналт шалгалт хийн дүгнэлт гаргадаг ч Б.Батболд багш захирлаа огцруулахгүй хэмээн сурагчдыг өдөөн хатгаж өлсгөлөн зарладаг ажээ. Харааны чадвараа бүрэн алдсан түүнийг өлсгөлөн зарламагц айж мэгдэж аясаар нь болдог учир тухай бүрт Б.Батболдын эсэргүүцэл захирал С.Энхтуяад хир халдаадаггүй байж. Захирлын хөлд суусан түүнийг С.Энхтуяа ч бусад багш ажилчдаасаа илүүд үзэж сул цалин олгосоор таван ч жил өнгөрчээ.
116 дугаар сургуульд англи хэл, мэдээлэлзүйн анги кабинет байдаг ч хичээл заах мэргэжлийн багш байдаггүй. Б.Батболд хөгжмийн багшийн үүрэг гүйцэтгэхээс гадна дээрх хоёр хичээлийг ордог хэмээн давхар цалин авсаар өдийг хүрсэн гэнэ. Багшгүй хоёр хичээлийн орон тоог бөглөх багш захаас аваад байсаар атал өдийг хүртэл мэргэжлийн бус хүнийг хичээл заадаг нэрээр сул цалин олгосоор байгаа гэнэ.
Юутай ч, харааны бэрхшээлтэй хүүхдийн нэрээр халаасаа зузаалсаар байгаа захирал С.Энхтуяагийн хэрэг энэ хүрээд өндөрлөх ёсгүй. Хүний эрхийг нэгдүгээрт тавьдаг ардчилсан нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээр бизнес хийж хөлжиж байгаа 116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяа болоод түүнийг тойрон хүрээлэгчдийн хар хөшгөөр халхалсан хаалттай хэргийг цааш мөшгих болно.