“Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани 60 сая ам.доллараар гол замын таван зүтгүүр, сэлгээний нэг зүтгүүр авсан ч хэрэгцээгүй эд болсон. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийнхэн ТӨХК-ийн зүтгүүрүүдийг тоож авч хэлэлцээгүй тухай мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Үнэхээр ийм үр ашиггүй хөрөнгө оруулалт хийсэн эсэхийг тодруулав. Ингээд энэ мэдээллийг нягтлан үзвэл андуу ташаа болохыг эх сурвалжууд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэдээлэлд дурдсан гол замын тав, сэлгээний нэг зүтгүүрийг худалдаж авсан үнэ нь 60 сая ам.доллар биш ажээ.
Баримт дурдвал, УИХ-ын 2008 оны 41 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаарх “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-т өөрчлөлт оруулан CKD4b маркийн илчит тэрэг тав, сэлгээний илчит тэрэг нэг, 245 вагон худалдан авахаар болжээ.
Уг төслийг хэрэгжүүлэхээр 2009 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас тендер зарласан байна. Тендерт шалгарсан Хятадын “China CNR Corporation Limited” корпорацтай гэрээ байгуулж, 35.6 сая ам.доллараар дээр дурдсан тооны хөдлөх бүрэлдэхүүнийг худалдан авахаар болжээ. Энэ бол 2009 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хийсэн гэрээ. Гэрээг Сангийн яамны зөвшөөрлөөр ЗТБХБЯ байгуулсан байдаг.
Гэрээгээ байгуулаад хоёр жилийн дараа вагонууд, зүтгүүрүүдийг хүлээн авч эхэлсэн. Тухайн үед бие даасан агентлаг байсан Төмөр замын газрын дарга 2011 онд 154 дүгээр тушаал гаргаж, мөн оныхоо арванхоёрдугаар сараас эхлэн 2012 оны дөрөвдүгээр сарын хооронд 185 хагас вагон, хоёр чингэлэг өргөгч, 50 тавцант вагон, 10 битүү вагон хүлээн авсан аж. Төмөр замын газрын даргын 43 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж таван зүтгүүрийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Замын-Үүд өртөөнд хүлээн авсан байна.
Харин “Монголын төмөр зам” ТӨХК хөнгөлөлттэй зээлийн шугамаар авсан зүтгүүр, вагонуудаа 14 хоног туршилтын журмаар явуулаад Улаанбаатар төмөр зам ХНН-тэй протокол байгуулан ачаа тээвэрлэж эхэлжээ. УБТЗ-ын ачааллыг багасгах үүднээс Хятад улсад захиалан үйлдвэрлэсэн зүтгүүр, вагонуудыг ачаа тээвэрт ашиглах болов.
245 ачааны галт тэрэг 2012 онд нийтдээ 534.399 тонн, 2013 онд нийт 573.182 тонн ачаа тээвэрлэж, өнгөрсөн жил л гэхэд 4.5 тэрбум төгрөгийн орлого олсон байна. CKD4b маркийн таван зүтгүүр Монголд ирснээсээ хойш 2012 онд гэхэд 12310.73 цагийн ажил хийжээ.
Ямар нэг асуудалгүй тээвэр хийж байсан хүчин чадал сайтай шинэ зүтгүүрүүдийг 2013 оны нэгдүгээр сараас УБТЗ-аас ашиглахгүй гэдгээ мэдэгдэв. Ингээд ч зогсохгүй дээрх зүтгүүрүүдийг явуулахгүй гэснээс гадна өнгөрсөн оны нэгдүгээр сар хүртэл тээвэр хийсэн төлбөрийг нь өдий хүртэл барагдуулаагүй байгаа аж.
Энэ нь хэд хэдэн шалтгаантай. УБТЗ Техникийн хурдаа нэмэгдүүлж зүтгүүрүүдээ цөөлөх бодлого баримталж эхэлсэн гэнэ. Мөн 2010 онд УБТЗ ОХУ-аас 35 зүтгүүр оруулж ирэн ашиглах болсонтой холбоотойгоор өөр компанийн зүтгүүр явуулахгүй байгаа аж. УБТЗ “Трансмашхолдинг” корпорацтай 2010 онд гэрээ байгуулж, ТЭ116М маркийн хүнд даацын 35 зүтгүүр нийлүүлэхээр болжээ. Техникийн шинэчлэл хийсэн хэдий ч эдгээр зүтгүүрийн эхний ээлжинд хүлээж авсан нь эвдэрч, гэмтсэн талаарх мэдээлэл тухайн үедээ гарч байсан.
Өөр нэг том шалтгаан нь УБТЗ нийгэмлэг Хятадад үйлдвэрлэсэн ямар ч зүтгүүрийг өөрийн зам дээр ашиглахгүй гэдэг шийдвэр Ерөнхий хорооны хурлаар албан ёсоор гарсан. Зөвхөн “МТЗ” ТӨХК-ийн гэлтгүй “Болд төмөр ерөө гол” компанийн зүтгүүрүүд ч гэсэн ийнхүү УБТЗ-ын төмөр замаар ачаа тээвэрлэлт хийхээ больсон гэсэн үг. Оросууд хятад техник ашиглах сонирхолгүй гэж ойлгож болно.
Хөнгөлөлттэй зээлийн шугамаар “МТЗ” ТӨХК-ийн авсан зүтгүүр, вагонууд бол Монгол Улсын өмч. Хэн нэгэн эрх мэдэлтэн эсвэл албан тушаалтны дур мэдэн хийсэн ашиггүй наймаа биш, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр баталгаажиж, хэрэгжсэн боловч бусдаас шалтгаалан ийм нөхцөл байдал үүссэнийг дээрх баримтууд нотлоно. Засгийн газруудын үйл ажиллагааг залгамжлан өмнөх гэрээ, хэлцлийг үргэлжүүлэн, гүйцэтгэх нь зүй ёсны үүрэг билээ.