Хаврын урь аль хэдийнэ орсон ч олон аашаа харуулсан тэнгэрээс цас бударч, цаашлан байгаа өвлийг дахин нэг сануулах шиг хуйсагнасан өдөр аян замд гарлаа. Өчигдөрхөн цасаар шуурч байснаа унтаад босоход цас аль хэдийнэ хайлчихсан, яргуй, шар цэцэг соёлж, ногоорч буй талыг чимэх нь нэн таатай. Хаврын тариалалт, бэлтгэл ажилтай танилцахаар тариалангийн бүс нутгийг зорьж яваа бидэнд газар дэлхий чийгээ авсны дохио өгөх шиг байгаль өнгөө зассаныг харахад сэтгэл өег.
Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймагт бэлтгэл ажил дуусч, тариалалт эхэлжээ. Энэ жил манай улс 375 мянган га газарт үр тариа тариалахаас 304 мянган га-д улаан буудай, 15,5 мянган га-д төмс, 8,1 мянган га-д хүнсний ногоо, үлдсэн талбайд тосны ургамал болон тэжээл тариалах юм. Хаврын тариалалтын нүсэр ажлын эхлэлийг тавьж, Хөвсгөл аймгийн Тариалант суманд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан тэргүүтэй албаны хүмүүс, тариаланчид анхны үрийг хөрсөнд суулгасан юм. Тус сумын хувьд 24 га газар хамрах тариалангийн талбайдаа энэ сарын 27-ноос хаврын тариалалтаа эхэлсэн бол бусад тариалангийн бүс нутгууд байгалийн онцлогоосоо хамаарч, ажлаа эхэлнэ.
2014.04.27-нд тариалалт эхэллээ
Үрийн шинэчлэл
Манай улс энэ онд 373.5 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай 426.4 мянган тонн, төмс 198.1 мянган тонн, хүнсний ногоо 106.8 мянган тонн, малын тэжээл 25.9 мянган тонныг хураан авах зорилт тавьснаас хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаардлагатай.
Үүний 33 мянган тонныг нь нөөцөлсөн. Үүн дээр нэмж 11.5 мянган тонн үрийн буудай импортлохоор гэрээ байгуулж, тариалалтаас өмнө үрээ бүрэн оруулж, хуваарилан олгохоор ажиллаж байгаа талаар дэд сайд Ц.Туваан ярьж байсан. Харин улсын нөөц болон гадаадаас ирэх үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдлийг ургацаас тооцон төлүүлэх гэрээгээр олгох юм. Харин ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр авлагадаа тооцон авах нэг тонн хүнсний буудайн доод үнийг 460 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн нь тариаланчдад сайхан мэдээ болсон билээ.
Бидний зорьж очсон хамгийн эхний газар маань Сэлэнгэ аймгийн Хөтөл сум дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сан. Улсын хэмжээнд тариалан эрхлэлтийн таван сан байдгаас төвийн бүсийн үр тариа, шатахуун, ургамал хамгааллын бодис гээд тариалан эрхлэхэд шаардлагатай бүхий л зүйлээр хангадаг газар бол энэ. Жилдээ 36 мянган тонн хүртэлх үр тариа хадгалах хүчин чадалтай учраас хэд хэдэн аймаг уг элеваторт үр тариа нийлүүлж, басхүү худалдан авдаг байна. Энэ жилийн хувьд Төв, Дорнод, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн 535 аж ахуй, нэгж байгууллага гэрээ хийж, тус сангаас бэлтгэлээ базаах нь. Эдгээр 535 аж ахуй нийтдээ 119 мянган га-д тариалалт хийх ёстой учраас шаардагдах үрийн хэмжээ тийм ч бага биш. Гэсэн ч сангийн хувьд бэлтгэлээ базаагаад дуусчээ. Үр тарианы элеватор дэргэдээ лаборатортой. Тариалалтаар хөрсөнд суулгах үрийг энд шинжилдэг бөгөөд лабораторийн орчинд шинжилдэг учраас эндээс гарах үр 99.7 хувь цэвэр ажээ.
ОХУ-аас үрийн шинэчлэл хийж, Хөтөл дэх Тариалан эрхлэлтийг дэмжих санд элит сортын 2200 тн үр одоогоор ирсэн бол 1000 тн үр тээвэрлэлтдээ ирж явааг сангийн эрхлэгч Б.Содномцог дуулгалаа. Манай улс 2008 оноос хойш үрийн шинэчлэл хийгээгүй учраас энэ жил ОХУ-ын Алтайн хязгаарт ургасан үрийг сонгож, шинэчлэл хийсэн нь энэ. Хөрсний хувьд ялгарах зүйлгүй, цаг агаарын нөхцөл байдал ч гэсэн адил тул манай хөрсөнд тохирно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ жил дотоодын нэг тонн үрийг 660 мянган төгрөгөөр худалдаалагдах бол гадаад буюу элит сорт 880 мянга, нэгдүгээр сортын репродукция үр 830 мянган төгрөгөөр худалдаалах аж.
Улсын хэмжээнд хаврын тариалалтад 2100 трактор, 1700 үрлүүр, 3200 хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин ажиллах ч, техникийн бэлэн байдал 80 хувьтай байгаа ажээ. Хэрэв техникийн асуудал бүрэн шийдэгдэж, жигд хурдаар ажил өрнөвөл ирэх сарын 25 гэхэд нийт нутгаар тариалж дуусна. Гэхдээ ингэж ажиллахдаа 62 мянган тонн, шатахууны хэрэгцээ гараад буй. Тиймээс Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр үлдэгдлийг намрын ургацаас төлөх нөхцөлөөр олгохоор “НИК”, “Магнай трейд” компаниудтай гэрээ хийгээд буй. Төвийн бүсийнхэн энэ журмаар Хөтөл дэх тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээгээ хийгээд эхэлчихсэн, үр тариа, шатахуунаа авч байна билээ. Арвин ургацын хамгийн чухал хэрэгцээ бол ургамал хамгааллын бодис. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгохоор болсон. Тэгвэл Хөтөл дэх сангаар нэг литр нь 20-250 мянган төгрөгийн үнэтэй, үр тарихаас өмнө хэрэглэдэг, зэрлэг устгах, уринш хамгаалдаг гээд олон төрлийн хор тарааж байна.
Техник тоног төхөөрөмжийн шинэчлэл
Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумыг зорьж, “Норбу агко” компанийн тариалангийн бэлтгэл ажилтай танилцаж, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нь сонирхсон юм. Хамгийн сүүлийн үеийн газар тариалангийн техник тоног төхөөрөмж хүний гараар эсвэл олон машин ашиглаж хийх үйлдлийг нэг машинаар хийж болохоор шийджээ. Тус компани тариалангийн ажилдаа дөрвөн үйлдэл зэрэг хийдэг машин оруулж ирсэн байна. Монголдоо бол шинэлэг зүйл. Германы “Амазон катрос” нэртэй брэндийн уг техник дөрвөн машин ажиллах үйлдлийг буюу хавах, бүхэл шороог бутлах, нягтаршуулахыг нэг үйлдлээр хийх чадвартай. Тиймээс шатахууны хэрэглээг 7-8 дахин хэмнэжээ. Даанч өртөг нь их өндөр, 150 мянган ам.долларын үнэтэй. Тэгэхээр тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжүүд тэр бүр худалдан авах боломж бололцоо хомс. Тус компанийнхан улсаас хөнгөлөлттэй зээл, тусламж авалгүй өөрсдийн хүчээр тариалангийн салбарыг хөгжүүлэх шинэ техник нэвтрүүлсэн нь бахархмаар.
Техник тоног төхөөрөмжийн шинэчлэл тариалан эрхлэгч хэн бүхний толгойны өвчин. Гэхдээ Атрын гуравдугаар аянаас эхэлж техник шинэчлэл хийсэн ч энэ жилээс эхлэн Газар тариалангийн тогтвортой хөгжил төсөл хэрэгжүүлж, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж оруулж ирэхээр ажиллаж байна. Ингэхдээ АНУ-аас 80 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар гурван төрлийн сонголттой тоног төхөөрөмж оруулж ирэхээр болжээ. Ингэхдээ 500 га хүртэлх талбайд тариалан эрхлэгчдэд, 500-1500 га, 1500 га-гаас дээш гэсэн сонголтын хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд тариаланчдад санал болгох гэнэ.
Гэхдээ тариаланчдын өмнө тулгардаг нэг асуудал нь газар тариалангийн тоног төхөөрөмж лизингээр авах бололцоог судлахаар банкинд хандахад барьцаа хөрөнгө шаарддаг. Ингэхдээ газар болон ургац барьцаалдаггүй мөн зээлээ тогтмол төлөхийг шаарддаг учраас тэдэнд ямар ч бололцоогүй болчихдог гэдгийг энэ үеэр ярьж байсан. Үүн дээр салбар яамнаас анхаарч, банкуудад хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох тухай хууль санаачлан Хууль зүйн яамд өгсөн гэдгийг салбарын дэд сайд онцолж байлаа. Хэрэв энэ хууль батлагдвал тариаланчид газар болон ургацаа барьцаалан зээл авч, тоног төхөөрөмжөө шинэчлэх боломжтой юм.
Мөн бас нэг гарц бол аж ахуйн нэгж биш, хувиараа тариалан эрхлэгчид гурван га газарт нэгдэн, тариалалт хийж чадна гэвэл тохиролцоод салбар яамтай гэрээ хийж техник технологийн шинэчлэл, бордоо, ургамал хамгааллын бодисоор хангах тал дээр уян хатан дэмжлэг үзүүлж болохыг ч дэд сайд хэлсэн.
Газар тариалан VS мал аж ахуй
Энэ жил Сэлэнгэ аймгийн хувьд 150 мянган га талбайд тариалалт хийнэ. Үүнээс 4400 га-д төмс, 2800 га-д хүнсний ногоо, 15 мянган га-д тосны ургамал, 4500 га-д тэжээлийн ургамал үлдсэн талбайдаа улаан буудай тариална.
Газар тариалангийн бүс нутгийн хамгийн том бэрхшээл нь мал аж ахуй. Очсон газар бүрт үүнийг ярих ч Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ асуудал хүндрээд байгаа гэнэ. Тариалан эрхлэгчид одоогоор нийт талбайн тэн хагасыг уриншилж үлдээгээд үлдсэн хэсэгт нь тариалалт хийдэг. Энэ маягаар жил бүр сөөлждөг ч уриншилсан талбайд түрүү жил ургуулаад хураасан тарианы үндэс дагтаршсан байж байх учиртай. Ингэснээр хөрсний элэгдлээс хамгаална. Гэтэл өвөл мал тариан талбайд бэлчиж, тариан үндсийг идсэнээр хаврын улиралд тариалалт хийгээгүй хөрс салхинд их хэмжээгээр хийсч элэгдэлд ордгийг Сэлэнгэ аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүү учирлалаа. Түүний тооцоогоор тариалалт хийгээгүй нэг га талбайгаас жилдээ 30 тн хөрс хийсдэг. Монгол Улсын хэмжээнд жилд 35 мянган га-д тариалалт хийлгүй амраадаг. Ингээд бодохоор асар их хөрөнгө хаврын салхинд хийсдэг байна. Хэдийгээр тариаланчид өөрсдийн боломжоор газраа хамгаалж хашаа босгодог ч түүнийг нь адуу, үхэр нэг дайраад л унагачихдаг учраас нэмэр болдоггүй гэнэ.
Гэхдээ үүнээс гарах арга нь газар тариалангийн бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох. Зөвхөн эрчимжсэн буюу мах, сүүний чиглэлийн ашиг их өгөх цөөн тооны малыг тариалангийн бүс нутагт маллахыг тариаланчид салбар яамд санал болгож байлаа.
Харин салбарын дэд сайд Ц.Туваан Хөрсний алба шинээр байгуулах тухай хэлээд цаашид талбайгаа уриншилж, амраах шаардлагатай эсэх талаар судалгаа хийж байгаа, бордооны асуудлыг шийдэж чадвал талбайг жил өнжөөх шаардлагагүй гэж хэлсэн юм. Гэхдээ хамгийн гол нь тариаланчид, малчидтай тохиролцох нь маш чухал. Малчид тариан талбайг хамгаалсны хариуд тариаланчид эргүүлээд малын тэжээл өгдөг байвал асуудал бага ч гэсэн шийдэгдэнэ гэдгийг онцлосон.
Ажилсаг “Тариалан”-чид
Хамгийн сүүлийн зогсоол буюу энэ хаврын тариалалтыг эхлүүлсэн газар бол Хөвсгөл аймгийн Тариалант сум. Энэ суманд хэд хэдэн аж ахуй байх. Тэдний нэг нь “Алтан дуулга” компани. Сумандаа хамгийн том бүтээн байгуулалт хийсэн газар гэхэд болно.
Нийтдээ зургаан мянган тонны хүчин чадал бүхий элеватор, хоногт 100 тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэрийг гурван тэрбум орчим төгрөгөөр босгожээ. Хөвсгөл аймгийнхаа гурилын 40 гаруй хувийг, мөн Эрдэнэт хот, Завхан аймгийн хэрэгцээг хангадаг тус компанийнхан энэ жилийн хувьд 2672 га-д улаан буудай тариалахаар төлөвлөсөн байна. Үүнээс авах ургацаасаа үрийн буудайгаа нөөцлөөд, үлдсэн буудайн дээрээ бүс нутгийн тариаланчдын буудайнаас нэмж худалдан авч гурилын үйлдвэрээ түүхий эдээр хангана гэдгээ компанийн захирал Д.Дуламсүрэн хэлсэн. Хэдийгээр хоногт 100 тонн тариа тээрэмдэж, гурил үйлдвэрлэх хүчин чадалтай, гурилаа борлуулах зах зээлтэй ч тус үйлдвэр тарианы эрэлтээс болоод бүрэн хүчин чадлынхаа 20 хувиар л ажиллаж байгаа гэсэн юм.
Дараагийн аж ахуй бол “Бат зол” ХХК. Тариаланчид намар тариагаа хураагаад ялгах, хатаах, сортлох ажлыг гар ажиллагаагаар үтрэм дээр хийдэг.
Тэгвэл үтрэмийн энэ ярвигтай ажлыг халсан газар бол тус компанийнхан. Тус аж ахуйн захирал С.Ламжав элеватор дээрээ байрлуулсан өөрийн бүтээсэн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар намрын үтрэмийн хүнд ажлыг хөнгөвчилжээ. Хаягдал төмөр ашиглан өөрийн ур ухаанаар бүтээсэн хоёр давхар байшингийн хэмжээний өндөртэй тус тоног төхөөрөмж хэдийгээр нүсэр ч үтрэмийн хүнд бэрх ажлыг шийдсэн учир тариаланчид санаа авмаар юм билээ.
Дараа жил талхаа хэдээр авах вэ
Хүнс, хөдөө, аж ахуйн сайдын тушаалаар энэ жил тариаланчдаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр авлагадаа тооцон авах нэг тонн хүнсний буудайн доод үнийг 460 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн. Үүн дээр урамшууллын 100 мянган төгрөг нэмэгдэх учраас тариаланчид урам зоригтойгоор тариалалтаа эхэлжээ. Улаанбуудай тариалаад олох ашиг нэмэгдэх учраас энэ жил тосны ургамал тариалах нь өмнөх жилүүдээс багассан сайхан мэдээ байгаа ч үүнийг дагаад нэг түгшүүр нэмэгдсэн нь ирэх жил талхаа хэдэн төгрөгөөр худалдан авах вэ гэдэг асуулт.
Тариаланчдын амьжиргааг дээшлүүлэх болон гадаадаас орж ирж буй гурил, талхны хэрэгцээг багасгахаар гаргасан энэ шийдвэр үр дүнгээ өгч улаан буудай тариалалтын хэмжээ 15 мянган га-гаар нэмэгдсэн. Гэтэл бохир жингээр нэг тонныг нь 460 мянган төгрөгөөр авсан буудайг гурилын үйлдвэрүүд аваад, түүгээр нь талх үйлдвэрлэн гаргахад үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа алга.