Нэгэн үе сая ам.доллар давсан хөрөнгөтэй хүн гэхээр бүгд гайхдаг байлаа. Удалгүй сая гэхээр тоохоо байгаад зуун сая буюу дүнчүүр ам.доллараас давж гарсан хүн хамгийн баяны тоонд ордог болов. Одоогоор дэлхийд тэрбум ам.доллар давсан хөрөнгөтэй хүмүүс л хамгийн баянд тооцогдож байна. Монголчуудын хувьд ч төгрөгийн тэрбумтан гэдэг тийм ч ховор үзэгдэл биш болж.
Зөвхөн УИХ-ын гишүүдийн дунд тэрбум давсан хөрөнгөтэй нь цөөнгүй байгаа бөгөөд хадгаламжиндаа тэрбум, тэрбумаар бэлэн мөнгө хадгалдаг нь олон.
Жишээ нь, УИХ-ын гишүүн Л.Болд 31,5 тэрбум, Б.Наранхүү 8,6 тэрбум, Ж.Энхбаяр 3 тэрбум, Д.Бат-Эрдэнэ 1,4 тэрбумыг хадгалж суугаа гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байна. Авлигатай тэмцэх газраас гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал төрд ажилладаг тэрбумтан УИХ-ын гишүүдээр тогтохгүй олон болжээ. Сангийн дэд сайд С.Пүрэв гэхэд 5,4 тэрбумын байшин барилгатай, 0,9 тэрбумын хадгаламжтай. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат 1,5 тэрбумын байшин барилгатай, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат 1,7 тэрбумын хадгаламжтай гээд жагсаалт үргэлжлэх нь.
Зөвхөн орон сууц байшин барилгын үнэлэмжийг нь жагсаавал Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцынх 6,1 тэрбум, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгийнх 9,1 тэрбум, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа 19,4 тэрбум, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай 1,2 тэрбум, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат 1,2 тэрбум, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь 2,1 тэрбум гэж бичжээ. Эд бол зөвхөн төрд алба хааж, хуулийн дагуу хөрөнгө орлогоо мэдүүлэгсэд. Хэрвээ үүн дээр манай бизнесийнхэн нэмэгдвэл тэрбумтны тоогоор Монгол тийм доогуур үзүүлэлтэй орон биш. Өөрөөр хэлбэл, ам.долларын саятан гэсэн үг.
Гэхдээ тэдний дунд ам.долларын тэрбумтан ч байгааг үгүйсгэхгүй. Энэ нь, монгол төгрөгөөр тооцвол их наядтангууд. Өнөөдөр Монголын төсөв их наядад эргэлдэж байхад ийм хэмжээний хөрөнгөтэй нэгэн байгаа гэхээр дэлхий чихээ дэлдийлгэн хүлээж авах нь гарцаагүй.
Тэгвэл дэлхийд хамгийн анхны их наяд ам.доллар давсан хөрөнгөтэй хүн хэдийд гарч ирэх вэ. Энэ талаар судлаачид судалгаа явуулж, сонирхолтой тоо баримт дэлгэснийг танд хүргэе.
“Forbes” сэтгүүл 1982 онд Америкийн хамгийн баян 400 хүний жагсаалтыг анх гаргахад үүнд багтахын тулд 75 сая ам.доллар хангалттай байв. Өнөөдөр энэ жагсаалтад багтахын тулд хамгийн багадаа тэрбум ам.доллартай байх шаардлагатай. Өнгөрсөн жил их наяд ам.доллар гэсэн түвшинд хүрэхийн тулд Америкийн хамгийн баян 51 хүний хөрөнгийг нийлүүлэх шаардлагатай байсан бол энэ жил 37 хүн хангалттай болж, ахиад 20 жилийн дараа гэхэд ганц хүн байхад хангалттай болж магадгүй гэнэ.
Судалгааны “Ipsos MediaCT” компанийн үзэж байгаагаар анхны нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй хүн ойрын 25 жилийн дотор гарч ирнэ. “New World Wealth” компанийн шинжээчид энэ талаар илүү дэлгэрэнгүй таамаг дэвшүүлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар хүн амд ногдох ДНБ, орлогын түвшин, түүхий эдийн үнэ, валютын ханш гэх мэт хүчин зүйлсийг оруулан тооцож үзвэл, АНУ, Орос, Энэтхэг гэх мэт улсад ойрын 25 жилийн дотор их наядтан төрөх магадлал 11 хувь.
Олон улсын “Oxfam” байгууллагын мэдээгээр 2039 он гэхэд Америкийн хамгийн баян таван хүний нийт хөрөнгийн хэмжээ нэг их наяд ам.доллар болно.
АНУ-ын хамгийн баян 400 хүний хөрөнгө 1982 онд нийт мөнгөний нэг хувь байснаа 2014 онд гурван хүн болж нэмэгдсэн ч хүн амын дунд эзлэх хувь нь буурчээ.
Өнөөдөр Билл Гейтсийн хөрөнгө “Forbes” сэтгүүлийн жагсаалтад орсон хүмүүсийн нийт хөрөнгийн 3,6 хувь болсон. Үүнтэй зэрэгцээд үндэсний нийт баялгийн хэмжээ 1982 онд 10 их наяд ам.доллар байснаа өсч, 70 их наяд ам.доллар болсон. Ойрын 25 жилийн дотор энэ тоо ердөө 300 их наяд ам.доллар болтол өснө. “Ердөө” гэдэг нь учиртай гэнэ. Учир нь, дэлхийн эдийн засгийн өсөлт 1982 оныхтой адил байсан бол энэ тоо 490 их наяд ам.доллар болох байжээ. Ингэж буурахад дэлхийн эдийн засгийн өсөлт тэр бүр тогтвортой байдаггүй нь гол нөлөө үзүүлсэн байна.
Америкийн нийт хөрөнгөнд хамгийн баян 400 хүний эзэлдэг хувь одоогийн гурваас өсч найм хүрлээ гэж бодоход “Forbes”-ын жагсаалтад багтагсдын нийт хөрөнгө 24 тэрбум болно. Ингэлээ ч тэдний хамгийн баян хүн өнөөдөр Билл Гейтстэй адил хувийг эзэлж байвал 846 тэрбум ам.доллартай байна.
Гэхдээ ингэх магадлал тун бага. 1980 оны байдлаар шинжээчид эдийн засгийн өсөлт хамгийн сайн байлаа гээд 100 тэрбум ам.доллар гэсэн түвшинд 25 жилийн дараа хүрэх боломжтой гэжээ. Гэтэл Билл Гейтс 1990-ээд онд, “Microsoft” компанид эзэмшдэг хувьцаагаа зарж эхлэхээс өмнө энэ шугамыг давж гарсан. 1990-ээд онд түүний эзэмшдэг хувьцааны үнэ 100 тэрбум ам.долларын заагийг чөлөөтэй давж гарах байсан юм.
Харин өнөөдөр Билл Гейтс шиг супер амжилттай бизнесмэн дахин гарч ирнэ гэх магадлал тун бага байгаа болохоор нэг их наяд ам.доллар гэсэн заагийг давж гарахын тулд “Microsoft”-оос хавьгүй илүү зүйл шаардлагатай гэсэн дүгнэлт хийжээ.
Тэгэхээр ойрын 25 жилийн дотор хэн нэгэн бизнесмэн Билл Гейтсийн амжилтыг хоёр, гурав нугалаад их наяд ам.долларын эзэн боллоо гэсэн мэдээ сонсохгүй бололтой. Харин 40-50 жилийн дараа бол гарцаагүй гарч ирэх юм байна.