Манай улсын арилжааны банкууд нийт 11 их наяд төгрөгийн зээл олгосон судалгаа бий. Үүний 27 хувь нь гадаад валютаар илэрхийлэгдэх зээл. Ялангуяа, ам.долларын ханш өссөн үед гадаад валютын зээл авсан иргэд ихээхэн хүнд байдалд орсон билээ. Өөрөөр хэлбэл, улсад орж ирэх ам.долларын урсгал тасалдсанаас ханшийн эрсдэл хүлээж, зээлээ төлж чадахгүйд хүрээд буй. Тиймээс цаашид гадаад валютын орлогогүй иргэдэд зээл олгохгүй байхаар болсон байна. Иргэд гадаад валютын зээл авдаг гол шалтгаан нь хүү бага байдагтай холбоотой аж. Нөгөө талаар валютын ханш нэг их өөрчлөгдөхгүй хэмээн тухайн үеийн эдийн засгийн байдлаас хамааран үнэлдэг гэнэ. Иймд арилжааны банкны мэргэжилтнүүд иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой гэлээ. Нөгөөтэйгүүр эдийн засгийн энэ хүндрэлийг даван туулахад мөнгөний нийлүүлэлт хэрэгтэй. Тэгэхдээ ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн төв банкны эдийн засагчид тодорхойлж. Ингэж байж эдийн засгийн өсөлтөө хадгалж хохирол багатай даван туулна гэв. Хэрэв ам.долларын нийлүүлэлт хийж чадахгүй бол эдийн тогтвортой байдлаа хадгалж үлдэх арга зам бий гэж. Хэрвээ тогтвортой байдлаа хадгалж үлдсэн тохиолдолд манай улсын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос бууж 8-9 хувьтай гарч магадгүй гэсэн төсөөлөл бий юм.