“Оюу толгой” ХХК өчигдөр үндэсний шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулж урамшууллаа. Тус компани өнгөрсөн онд дотоодын 949 ханган нийлүүлэгч компаниас 538.1 сая ам.долларын бараа үйлчилгээ худалдан авчээ.
Энэ нь нийт худалдан авалтын 76 хувийг эзэлж байгаа аж. Гэвч далд уурхайн хөрөнгө оруулалт хойшилсноор манай эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалд нөлөөлсөн хэмээж буй.
Ингээд дээрх арга хэмжээний үеэр Төрийн өмчит “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал, “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдоос Оюу толгой төслийн өнөөгийн байдлын талаар сонирхлоо.
-Оюу толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт хойшиллоо. Энэ нь манай эдийн засагт хүндхэн цохилт болсон. Далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхэлж чадах уу?
-Гүний уурхайн ажил цаашид үргэлжилнэ. Анхны төлөвлөгөө ёсоор 2016 онд гүний уурхай ашиглалтад орох учиртай. Энэ төлөвлөгөө, тооцоо өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн он, саруудад зэсийн зах зээлийн байдал хүндэрснээс баяжмал борлуулах төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй. Иймд нэмэлт санхүүжилт авах шаардлага гарч ирсэн. Дээр нь ТЭЗҮ, Засгийн газартай хийх ёстой яриа хэлцэл удааширсан тул бид ирэх есдүгээр сар дуустал далд уурхайн нэмэлт санхүүжилт авах хугацааг сунгасан. Санхүүжилт өгөх олон улсын банкууд ч хугацаагаа сунгахыг зөвшөөрлөө. Тэгэхээр далд уурхайн төслийн санхүүжилтэд хүндрэл гарахгүй хэвийн хийгдэх байх.
-ТЭЗҮ-ийг шинэчилж байгаа. Энэ ажил ямар шатанд явна. Хэзээ дуусах вэ?
-Далд уурхайн нэмэлт санхүүжилт авах хугацаагаа сунгасан нь үүнтэй бас холбоотой. Тухайлбал, Оюу толгойн шинэчилсэн ТЭЗҮ-ийг ирэх зургадугаар сард хийж дуусгах ёстой. Тэр үед илүү нарийн бодит тооцоо, судалгаа гарна. Уул уурхайн яам, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл шинэ ТЭЗҮ-ийг хянаж шийдвэрлэх хугацаатай давхцаж буй. Өөрөөр хэлбэл, есдүгээр сард шинэ ТЭЗҮ-ийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн үг. Ийм учраас Оюу толгой төслийн ажил хэвийн, цаашдаа ч тасралтгүй үргэлжилнэ гэж дахин хэлмээр байна.
-Далд уурхайн ажил зогссоноос олон хүн ажилгүй болсон. Тэднийг эргэж ажилд нь авах уу. Үүнийг яаж шийдэх вэ?
-Тухайн үед 1000 гаруй хүн ажлаас чөлөөлөгдсөн. Үүнд, хоёр үндсэн шалтгаан бий. Дээр дурдсан барилга бүтээн байгуулалт дууссан тул өмнө нь тэнд хөдөлмөрлөж байсан хүмүүсийн ажил зогссон. Тэгэхээр далд уурхайн төслийн ажил зогссоноос болж олон зуун ажилтан халаагүй.
Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн шатанд шилжсэн учраас барилгын ажил дуусч, олон хүн халагдсан. Бүтээн байгуулалтын ид үед олон мянган хүн ажиллаж байлаа. Үүгээр ч зогсохгүй Хятадаас олон мянган ажилтан авсныг та бүхэн мэднэ шүү дээ. Оюу толгой үйлдвэрлэлд шилжсэн учраас Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан ёсоор нийт ажилчдын дийлэнх нь монголчууд байгаа. Харин мэдээлэл болгож хэлэхэд энэ он гарснаас хойш 200 гаруй хүн нэмж ажилд авсан. Түүнээс биш нэмж халсан тохиолдол байхгүй. Хүмүүс буруу ойлгосон юм шиг байна лээ. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Рио Тинто” компани эдийн засгийн хямралын нөлөөгөөр арвилан хэмнэх горимд шилжиж, системийн хэмжээнд олон зуун хүнийг цомхотгосон талаарх мэдээлэл бий. Гэвч манай Монголтой, Оюу толгойтой холбоотой ажлаас хомроглон халсан тохиолдол байхгүй.
-Анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн. Энэ нь Засгийн газартай хийж буй хэлэлцээрийн гол асуудал. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ?
-Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилттэй холбоотой асуудлыг товлосон хугацаанд багтаж шийдвэрлэх ёстой. Ер нь, олон жил ажиллах ийм томоохон төсөлд өдий дайны хөрөнгийн хэтрэлт гарах явдал түгээмэл байдаг. Хамгийн гол нь, ямар зардал, хаана гарсан бэ гэдгийг тогтоож хоёр тал тохиролцох асуудал бий. Аудитын ажлын хэсэг жаахан удаашралтай ажилласан ч дууссан байгаа. Иймд удахгүй энэ асуудлыг шийдэх байх гэж бодож байна.
-Манай улс эзэмшиж буй 34 хувийн хөрөнгө оруулалтдаа 861.7 сая ам.доллар зээлээд байгаа. Энэ мөнгөний хүү бодогдож байгаа тул жилээс жилд өр нэмэгдэж буй гэдэг. Уг өрийг хэзээ төлж дуусах вэ?
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралыг бүхэлд нь хөндөж буй том төслийг тодорхой, бодит мэдээлэлд үндэслэж ярих ёстой. Энэ нууц биш. Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшиж байгаа 34 хувийг зээлээр авсан.
Жишээлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийг ч бас тухайн үед зээлээр авч, олон жилийн дараа төлж дууссан. Тэгэхээр Оюу толгой төслийн 34 хувь ч гэсэн Монгол Улсын өр. Дөнгөж энэ оноос бүтээгдэхүүнээ борлуулж ашиг олж эхэлж байгаа. Цаашид олон жилийн хугацаанд олсон ашгаасаа бага багаар цувуулж, төлж байж ногдол ашгийн асуудал босч ирнэ. Ийм учраас дөнгөж төрсөн хүүхдээс чи хэзээ, ямар сургууль төгсөх гэж байна хэмээн асуух нь эрт шүү дээ. Зарим маргаантай асуудал бий. Хэдийгээр цаг алдаж байгаа ч үүнийгээ ярилцаад шийдэж л байна. Тиймээс энэ өрийг ингэж, төдийд төлнө гэж хэлэх эрх одоохондоо надад алга. Дээр хэлсэн шинэчилсэн ТЭЗҮ батлагдан гарснаас хойш их олон тоо тодорхой болно.
-Оюу толгойн баяжуулах үйлдвэр 20, 30 жил ажиллахад ашиглах усны нөөц хүрэлцэхгүй гэсэн маргаан гардаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Усны талаарх хүндрэлтэй асуудал байхгүй. Ном ёсоороо хэлэлцэж шийдвэрлээд явж байгаа. Ямар ч уурхайн үйл ажиллагаа усгүй явдаггүйг хүн бүр мэддэг. Тэгэхээр 70, 80 жил ажиллах ийм том уурхай усан хангамжгүй бол төсөл эхлүүлэх шаардлага байхгүй.
-Өнөөдөр Оюу толгойн үйл ажиллагаа ямар хэмжээнд байна вэ?
-Оюу толгой хэвийн ажиллаж байна. Үүний илрэл нь өнөөдрийн энэ шилдэг ханган нийлүүлэгчээ шалгаруулж буй арга хэмжээ. Оюу толгой төслийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд олон зуун компани ханган нийлүүлэлт хийдэг. Үүнд оролцож буй компанийн тоо, худалдан авч буй барааны мөнгөн дүн өмнөх жилүүдээс өсч байгаа нь энэ төсөл амжилттай хэрэгжиж буйн нотолгоо юм. Энд бас нэг зүйлийг онцолж хэлэх ёстой. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалт, барилгын ажил үндсэндээ дууссан. Одоо үйлдвэрлэлийнхээ үе шатанд орсон учраас ажиллахад шаардлагатай бараа материал, төрөл бүтцэд томоохон өөрчлөлт орж байна.