Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 26-29-нд айлчиллаа. Ингээд өчигдөр сайд Ота Акихиро тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид Зам тээврийн сайд А.Гансүхтэй албан ёсны уулзалт хийв. Энэ үеэр хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Япон Улс өнөөдөр шинэ төмөр зам барих зураг төсөл, Хөшигийн хөндийд байгуулж буй олон улсын нисэх онгоцны буудалд хамтран ажиллаж буй юм. Эдгээр төслүүд нь манай улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх билээ. Ингээд уг уулзалтын үеэр Зам тээврийн сайд А.Гансүх хариуцсан салбартаа хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн талаар Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихирод товч танилцууллаа.
Тэрээр “Монгол Улс нийт 5600 орчим км төмөр зам барихаар төлвөлсөн. Эхний ээлжинд 1800 орчим км төмөр зам барих бэлтгэл хангаж, ажлаа эхэлж байгаа юм. Одоогоор Таван толгойн нүүрсний ордоос урагшаа чиглэсэн 225 км төмөр замын газар шорооны ажлын 70 хувийг хийлээ. Эхний ээлжинд барих 1600 орчим км төмөр замын техникийн зургийг Японы “Ниппон Коэй” компани амжилттай хийж дуусгасан. Цаашид, бид шинэ төмөр замын төсөлд Японы талтай хамтран ажиллах, банк, санхүүгийн байгууллагаас зээл, хөрөнгө оруулалт татах, Таван толгой зэрэг уул уурхайн томоохон төслүүдтэй уялдуулан авч үзэж хэлэлцээр хийх саналтай байна” гэлээ. Дашрамд дурдахад Японы төлөөлөгчид Хөшгийн хөндийд барьж буй олон улсын нисэх буудлын ажлын явцтай танилцсан билээ. Уг нисэх буудлыг Японы “Жайка” байгууллагын хөнгөлөлттэй зээлээр барьж буй юм.
Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро “Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих ажил амжилттай байгаад баяртай байна. Энэ уулзалтын үеэр А.Гансүх сайдтай Япон-Монголын зам тээврийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Тодорхой төслүүдэд хамтран ажиллах талаар санал нэгдэж ойлголцсон. Шинэ онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлыг илүү хурдан гүйцэтгэхэд санал нэгдэж байна. Тэгээд олон улсын нисэх онгоцны уг буудлыг Монголын талд шилжүүлж өгсөний дараа менежмент хийхэд нь Японы компани оролцох ямар боломж байгаа тухай тайлбар хийлээ.
Улаанбаатар хотын хөгжлийг бид хараад гайхаж бишэрлээ. Ингэж хурдан хөгжиж байгаа хотод тээврийн асуудал тулгардаг. Иймд Улаанбаатарын зүүн зүгээс баруун тийш төмөр замын тээвэр явуулах төсөл хэрэгжүүлэх болжээ. Тэгээд эхний гол хэсэг буюу 6.6 км зам нь метро маягаар газар доогуур явах юм байна. Энэ хэсгийг Японы зээлээр барьж байгуулах боломж хэр байгаа талаар судалж байгаа. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Сайд А.Гансүх Монголын төмөр замын бүтээн байгуулалтын тухай ярьсан. Японы пүүс, компаниуд Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хувь эзэмших сонирхолтой байгаа. Энэ асуудлыг ч бас тавьсан. Иймд Таван толгой, шинэ төмөр замын асуудлыг яаж холбож, хэрхэн шийдэх гарцыг цаашид яаж зохицуулах талаар ярилцлаа. Мөн агаарын тээврийг хөгжүүлэх тухай хэлэлцсэн. Ингээд бидний яриа хэлцэл маш үр дүнтэй боллоо” хэмээн уулзалтаа дүгнэлээ.
Зам тээврийн сайд А.Гансүх Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиротой уулзсаны дараа хэлэлцсэн асуудлынхаа талаар сэтгүүлчдийн асуудалд хариулсан юм.
-Ямар ямар асуудлаар ярилцав. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Юуны өмнө Япон Улсын Тээврийн сайд Монгол Улсад айлчилж зам тээврийн салбарт хамтран ажиллах талаар ярилцаж амжилттай хэлэлцээр хийж санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүнд хоёр тал сэтгэл хангалуун байна. Хэлэлцсэн асуудлыг хоёр хуваан үзэж болно. Тухайлбал, одоо хэрэгжиж буй хамтын ажиллагаа амжилттай байгаа. Шинээр барьж буй нисэх буудлын ажил хуваарийн дагуу явж байна. Мөн төмөр замын төсөлд Японы компани зургийн ажил хийж буй юм. Энэ хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилаа. Үүнээс гадна одоо барих метроны төсөл, гүүрэн гарц, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах чиглэлээр ямар ямар үр дүнтэй ажил хийж болох вэ гэдгийг хэлэлцлээ. Японы талаас ажил хэрэгч санал гарсан. Өөрөөр хэлбэл, нисэх онгоцны шинэ буудлын менежментийг Японы тал үргэлжлүүлэн хариуцаж ажиллах санал тавьсан. Энэ бидний зорилттой нийцэж байгаа. Үүнийг дахин хэлэлцэж ажил хэрэг болгох талаар тохирлоо.
-Та агаарын тээврийн салбарын харилцаагаа өргөжүүлнэ гэж ярилаа. Энэ талаар тодруулбал...?
-Агаарын тээврийн салбарт бид харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа. Ингээд онгоцны нислэгийн тоог нэмэгдүүлэх, шууд нислэгийн тоог олшруулах юм. Бид зөвхөн Наритагаас гадна Осака руу шууд нислэг хийх, хоёр компанитай аяллын дугаар хамтарч эзэмших хувилбар ярилаа. Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро энэ талаар анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.
-Үүнээс гадна Улаанбаатарт метро барих талаар Япон Улстай хэрхэн хамтарч ажиллах вэ. Ажил нь ямар шатандаа яваа юм бол?
-Метро барих ажил эхэлсэн. Судалгааны ажил дуусаад байна. Энэ талаар санхүүгийн ямар эх үүсвэр авах, хамтарч ажиллах яриа хэлцэл үргэлжилж байгаа.
Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбатаас Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал барих ажлын явцын талаар тодрууллаа.
-Нисэх онгоцны шинэ буудал барих ажилд хэчнээн компани ажиллаж байгаа бол. Төслийн ажлын явц ямар байна вэ?
-Өнөөдөр талбай дээр 400 орчим хүн 220 орчим техниктэй ажиллаж байна. Одоогоор төслийн туслан гүйцэтгэгчээр 22 компани шалгараад ажил гүйцэтгэж буй юм. Үүнээс 18 нь Монголын компани. Нийт ажлаа зуун хувь гэж үзвэл 10 хувийг нь хийгээд байна. Анхны төлөвлөгөөний дагуу тооцож үзвэл 8.8 хувьтай гарч буй юм. Энэ зун төслийн бүтээн байгуулалтын талбайд дунджаар 1000 орчим хүн ажиллах төлөв бий. Замын асуудал хүндрэлтэй байгаа. Үүнийг Монголын тал хариуцахаар хүлээж авсан үүрэг. Нийт 54 км зам тавих боловч хоёр хуваагдаж буй юм. Тухайлбал, Нисэхийн товчоо хүрэх замыг Нийслэлийн санхүүжилтээр тавина. Энэ жилдээ уг зам ашиглалтад орох байх гэсэн хүлээлт бий. Тэгээд үүнээс цааш төслийн талбай хүрэх зам тавих ажил концессын гэрээний жагсаалтад орсон. Бидний авсан мэдээллээр уг замыг тавих гэрээ хэлцэл хийж байгаа юм билээ. Уг зам нэлээд муудсан тул тээвэр хийхээс өгсүүлээд хүндрэл учирч байна. Үүнээс өөр саатал алга. Төлөвлөгөө ёсоор хоёр жилийн өмнөөс уг замын ажил эхэлсэн байх учиртай.
-Улс орны эдийн засгийн асуудал хүндхэн байна. Энэ байдал танай төсөлд нөлөөлж хүндрэл учирч байгаа юу?
-Төсөв хүндрэх асуудал манай төсөлд харьцангуй гайгүй. Учир нь, энэ төсөл Японы хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байна. Зээл олгож буй талд санхүүгийн ямар нэг хүндрэлтэй асуудал байхгүй.
-Тэгэхээр хэдий хэмжээний зээл авч байна. Гаргасан зардлаа ямар хугацаанд төлөх тооцоо байгаа вэ?
-Төсөл хэрэгжиж буй үндсэн санхүүжилт нь хөнгөлөлттэй зээл. Зээлийн гэрээгээ 2008 онд байгуулсан. Энэ гэрээгээр 28.8 тэрбум иен. Үүнийг өсгөөд 49.5 тэрбумд хүргэж барилга барих гэрээ хийсэн. Өнгөрсөн жил Японы Ерөнхий сайд айлчлахдаа эхний олгосон зээлийн гэрээний нөхцөлийг тохирсон. Энэ мөнгө харьцангуй хямд гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл хүү маш бага. Авч буй зээл 40 жилийн хугацаатай, эхний 10 жилд төлбөргүй. Үлдсэн 30 жилийн хугацаанд жилийн 0.2 хувийн хүүтэй юм. Иймд манай улсын авч буй бусад зээлээс хүү бага, хугацаа урт гэдгээрээ давуу талтай тул эргэж төлөхөд хүндрэлгүй гэж болно. Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро 50-иад хүний бүрэлдэхүүнтэй манай улсад айлчилж байна. Тэгээд тавьж буй гол саналын нэг нь Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын менежментэд Японы талаас хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллах асуудал юм. Үүнийг зөв чиглүүлээд явбал энэ зээлийг төлөх асуудал магадгүй манай төрийн бус тус улсын хувийн хэвшлийн нуруун дээр очих боломж гарч ирж болох юм.
-Шинээр барьж буй нисэх буудлын хүчин чадлын талаар товч мэдээлэл өгөөч?
-Нисэх буудлын хүчин чадал гэвэл ямар хэмжээний онгоц нисч, буух зурвасын даац, зорчигч хүлээж авах багтаамжаас шалтгаална. Нисэх онгоцны шинэ буудалд олон улсын хэллэгээр “4И” гэсэн кодтой зурвас барьж байгаа. Иймд бидний мэдэх “Боинг 747” гэх мэт том ангиллын онгоц бууж, хөөрөх бүрэн боломжтой. Зорчигчийн терминалын хүчин чадал гурван сая хүнд үйлчлэх юм. Өнгөрсөн оны мэдээллээр манай улсын агаарын тээврээр нэг сая 190 мянган хүн зорчсон тооцоо бий.
Ингээд зорчигчийн тоо жилд 10 хувиар өслөө гэж бодвол 2024 оны үед жилд гурван сая зорчигч хүлээж авдаг болно. Энэ үеэс эхэлж өргөтгөл хийх талаар бодох ёстой. Нисэх онгоц хөөрч, буух зурвасын хувьд ямар ч асуудал байхгүй. Терминалын барилга нь тухайн үед хүртэл хангалттай юм.