Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зүүд хэмээх зөн билгийн ертөнц


Хүний амьдралд сонирхолтой адал явдалд хөтөлж чаддаг сэтгэл хөдлөлийн нэг нь зүүд. Зүүд нэг талаас тухайн хүний оюун санаанд далд, нөгөө талаас таныг унтаж байгааг хүн болгон харах боломжтой бодит амьдрал дээр зэрэг өрнөдөг болохоор ямагт олны анхаарлыг татсаар ирсэн түүхтэй. Зүүд тайлагч гэсэн их нарийн, мэргэжлийн, өндөр цалинтай хүн Эртний Ромоос эхлээд Монголын тал нутаг хүртэл газар сайгүй байлаа.

Зүүд ийнхүү анхнаасаа хоёрдмол утгатай болохоор зөнч зүүдэнд бүгд л анхаардаг байв. Жишээлэхэд, Эртний Ромын Сенатын гишүүд сэтгэл санааг нь ихэд зовоосон эсвэл баярлуулсан зүүдээ Сенатын хуралдаан дээр ярьж болдог байлаа. Эрхмүүдийн зүүдийг сонссон бусад нь зөв тайлж, тайлбарлах гэж хичээдэг байсан гэдэг. Ялангуяа, их газар нутгийг хамарсан байлдааны ажиллагаа явуулах, шийдвэрлэх тулааны өмнө жанжин, эсвэл цэргүүдийн зүүдэнд чухал ач холбогдол өгдөг байв.

Хожим шинжлэх ухаанд материалист үзэл давамгайлах болсон ч зүүд нууцлаг байдлаа алдаагүй хэвээр. Оросын суут химич Менделеев үелэх системийнхээ бүтцийг зүүдэндээ харж цаасан дээр буулгасныг одоо хүртэл дунд сургуульд хүүхдүүд үзсэн хэвээр. Оёдлын машин зохион бүтээгч нэгэн эр зүүг хэрхэн сүвэгчлэхээ мэдэхгүй гацаад байтал зүүдэндээ үзүүр нь цоорхой жад барьсан хүмүүсийг харж оёдлын машины зүүг үзүүрээс нь утсаа сүвэгчлэдэг байхаар бүтээсэн гэдэг. Энэ мэт жишээ олон.

Гэхдээ жишээнээсээ тайлбарлагч нь дутахгүй олон байлаа ч орчин үеийн шинжлэх ухаанд зүүдний тайлал, мөн чанарын талаар мэддэг зүйл хангалтгүй хэвээр. Одоогоор гарцаагүй мэдэгдээд байгаа зүйл гэвэл хүн зүүднийхээ 90 хувийг сэрээд ор тас мартдагийг л хөдөлгөөнгүй тогтоогоод байгаа.

Хараагүй хүмүүс ба зүүд

Зүүдийг үздэг гэж ярьдаг болохоор хараагүй хүн зүүд зүүдэлдэг гэдэг хачин сонсогдож болох. Гэвч судлаачид хараагүй хүмүүс хүний дүрс, нүүр царайг хардаггүй ч дуу авиа, үнэр, хүртэхгүй ба сэтгэл хөдлөл давамгайлсан зүүд зүүдэлдэг гэдгийг хөдлөшгүй баримтаар тогтоосон байдаг юм. Тэгэхээр хүн болгон зүүд зүүдэлнэ. Хэлгүй, дүлий эсвэл хараагүй байна уу огт хамаагүй өөрт заяагдсан бүх л мэдрэмжийг оролцуулан зүүдлэнэ.
Хамгийн гол нь хүн зөвхөн таньдаг, харж байсан, мэддэг хүмүүс оролцсон зүүд зүүдэлдэг. Заримдаа танихгүй хүн зүүдэлдэг ч тэр бүгдийг заавал хаа нэгтээ, хэзээ нэгэнт цагт харж байсан байдаг. Заримдаа өмнө нь мартсан зүүдээ дахин зүүдлэх нь бий. Онгоц эсвэл автобусанд хальт хараад хоёр үг солиод өнгөрсөн танихгүй хүнийг ч зүүдэлдэг.

Өнгөт ба хар цагаан зүүд

Өнгөрсөн зууны 1915-1950 онд эрдэмтэд нарийвчилсан судалгаа явуулаад хараа хэвийн төрсөн хүмүүсийн 12 хувь нь зөвхөн хар цагаан зүүд зүүдэлдэг болохыг тогтоосон байдаг. Гэтэл 1960-аад онд явуулсан судалгаагаар хүмүүсийн ердөө 4,4 хувь нь хар цагаан зүүд зүүдэлдэг байсныг тогтоосон. Үүнд хар цагаан киног өнгөт кино, өнгөт зурагт орлосонтой холбон тайлбарладаг.

Зүүдний бэлгэдэл

Зүүдэнд та бидний харж дасал болсон зүйл тэр чигээрээ гарна гэж бараг үгүй. Гол төлөв харж дассан зүйл болгон өөрийн гэсэн далд бэлгэдэлтэй болдог. Үүнд тухайн улс, үндэстэнд ноёлдог түүх, үлгэр домог, шашны зан үйлс ихээхэн нөлөөлдөг гэж үзнэ. Жишээлэхэд, япон, солонгосчуудын хувьд цагаан өнгө нь гашуудлынх байхад европчууд ба манайхны хувьд цагаан өнгөнд бэлгэ дэмбэрэлтэй зүйл олон байдаг гэх мэт. Мэдээж тэр их олон бэлгэ тэмдгийг хамгийн зөв тайлбарлаж чаддаг хүмүүс нь шашин ба мөргөлийн тахилч, лам нар байв.
Энэ мэтээр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр даяарчлал газар авахад зүүдний утга ч мөн адил дагаад өөрчлөгдөж байх жишээтэй. Суут зохиолчдын бүтээлд шатаар дээшээ явж зүүдлэх нь асуудлыг шийдсэн, дээшээ албан тушаал ахисан гэдгийг бэлгэддэг. Эдгээр зохиол бүтээлийг уншсан дийлэнх хүний зүүдэнд ч шат мөн адил утгатай болж ирнэ. Шатаар дээшилж байгаад мухардаад зогслоо гэж зүүдэлбэл эрэл хайгуул нь мухардсаныг илэрхийлнэ. Ямар ч баримжаагүй тэгш тал, эсвэл битүү ой модоор олон цагийн турш хэрж, тэнэн гарцаа олохгүй байна гэж зүүдэлбэл мөн л амьдралын эрэл хайгуул, тухайн үеийн байдал нь мухардлын байдалтай байгааг илэрхийлдэг.
Домогт жанжин Наполеон гэхэд л тулаанд ялна гэдгээ зүүн зовхи нь татаж, зүүн хөлийнх нь эрээн булчин эрвэгнэхээр мэддэг байсан гэдэг.

Зүүдний сэтгэл хөдлөл

Хүн төрөлхтний дийлэнх нь зүүдэндээ сөрөг сэтгэл хөдлөл мэдэрдэг болохыг тогтоожээ. Нэг удаад хүн гурваас дөрвөн төрлийн зүүд зүүдэлнэ.
Амьтад ч бас зүүдэлдэг. Лабораторын нөхцөлд ноход дээр туршилт хийхэд тэдний тархины зүүдэндээ ажиллаж байгаа горим нь зүүдэлж байгаа хүнийхтэй адил өөрчлөгдөж байгааг баталсан. Тархины горим төдийгүй ноход зүүдэндээ дуу авиа гаргах, хуцах, хөлөө хөдөлгөх гэх мэт шинж тэмдэг илрүүлж байсан нь тэднийг зүүд зүүдэлж байгааг илтгэдэг юм.
Нойронд нүдний хурдан хөдөлгөөнтэй үе шат гэж байх. Яг энэ үед л хүн хожим зүүд гэж санадаг зүйлсийг хардаг, мэдэрдэг. Энэ шатанд хүний биед тусгай механизм ажилд орсноор хүн хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй болдог. Ингэснээр зүүдэндээ огцом хөдөлгөөн хийж өөрийгөө болон өрөөл бусдыг гэмтээхгүй.
Энэ үе шат өнгөрөхөөр хүн зүүдэндээ ярьж, хөрвөөж эхэлдэг.

Зүүд ба бодит байдал

Зүүдний бас нэгэн сонин тал нь үйл явдалд нь бодит байдал огт санамсаргүйгээр орж ирдэг. “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр Боролдой нь Зайрантны хүзүүн дээр эрх тавьсны дараа ямаршуу муухай хар дардгийг та санаж байгаа байх. Үүнтэй адил жишээ олон. Зурагтны нэвтрүүлгийн чанга дуу гэхэд л зүүдний өрнөл, оролцож байгаа баатруудынх нь тоог багагүй өөрчилдөг гэдгийг та хувийн туршлагаараа санаж буй байх.

Хүйсийн ялгаа

Зүүдэнд бас хүйсийн ялгаа гэж байна. Эрэгтэйчүүдийн зүүдний баатрын дийлэнх нь буюу 70 хувьд нь эрэгтэй байдаг. Харин эмэгтэйчүүдийн зүүдний баатрууд бараг тэнцүү, 50 х50 хувь байдаг. Үүнтэй зэрэгцэн эрчүүд нь зүүдэндээ өөрсдийгөө илүү түрэмгий байдалтайгаар дүрслэдэг. Хүн зүүдэндээ дур тавьж бас чаддаг. Ингэхдээ дур тавихыг дагалдан мэдэрдэг биеийн ба сэтгэл санааны мэдрэмж нь бодит байдал дээрхээс хавьгүй илүү байх нь цөөнгүй.

Зөнч зүүд

Судалгаанаас үзвэл хүмүүсийн 18-36 хувь нь амьдралдаа зөнч зүүд харж байсан болохыг баталжээ. Бодит амьдрал дээр ямар нэг нөхцөл байдалтай таараад урьд нь яг ийм байдалд орж байсан гэдгээ санадаг хүмүүсийн эзлэх хувь 70 байдаг. Тэд үнэн хэрэгтээ ийм нөхцөл байдалтай зүүдэндээ таарсан хэрэг. Үүний дээр хүмүүсийн 98 хүртэлх хувь нь зөнч зүүдэнд итгэдэг.

Зүүд ба эмгэг

Хүний зүүдийг дотоод ухамсар гол төлөв удирддаг гэдэг. Харин дотоод ухамсар нь өдөр тутмын ухамсраас огт өөрөөр, заримдаа бүр тэс өөрөөр ажилладаг, өөр зарчимтай. Иймд зүүдэнд зарим зүйл яг эсрэгээрээ харагдаж, эсвэл өөр утгатай болно. Жишээлэхэд, уушигны хүнд өвчтэй хүн мод тээж яваад модонд цээжээрээ дарууллаа гэж зүүдлэх. Нүдний эмгэгтэй хүн харахад гялбаанд нь нүд өвдсөн тийм хурц гэрэлтэй байшин, орд харш олж харлаа гэж зүүдэлнэ. Өсвөр насныхан хэн нэгэнтэй уралдаж яваад нүхэнд хий гишгэн унаад сэрлээ гэж зүүдлэх нь олон. Энэ бол тухайн өсвөр насны хүүхдийн зүрх судасны системийн бойжилт нь биеийнх нь шаардаад байгаа өндөр төвшинд хүрээгүйг илтгэсэн зүйл гэж мэргэжилтнүүд үздэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан