Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Жамбаажамц: Нийт хувьцааны үнэлгээний дийлэнхийг төрийн компанийн “үхмэл хөрөнгө” эзэлдэг


-Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ их өндөр өсөлттэй байх үед нэг их наяд 800 тэрбум төгрөгт хүрсэн. Одоо нэг их наяд төгрөгөөс доош оржээ-

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын Хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Жамбаажамцтай Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Монголд хөрөнгийн зах зээл хөгжиж чадахгүй байгаа гол шалтгаан, чөдөр тушаа нь юу юм бол?
-Манай улсын хөрөнгийн зах зээл сүүлийн хориод жилд сайн хөгжиж чадаагүй шалтгаан гэвэл их олон зүйл ярих байх. Өмч хувьчлал эхлээд хувьцаа цөөн хүний гарт асар их хэмжээгээр төвлөрсөн. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 300 гаруй компани бүгд гэр бүлийн өмчлөлийнх болсон.  Манай улсад анх хувьцаа сонгодог  агуулгаараа үүсээгүй гээд олон зүйл дурдаж болно. Бидний харж буйгаар гол гэж үзэж болох бэрхшээлтэй асуудал бол нэгдүгээрт мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид гарч ирж чадаагүй байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах Нийгмийн даатгал, Тэтгэврийн сан,  Хөрөнгө оруулалтын банкууд, андрейтерын   томоохон компани бий болж чадаагүй.  Өөрөөр хэлбэл,  зах дээр байгаа бүтээгдэхүүнийг нь авч хөрөнгийг нь босгож өгдөг гол  үүсгэгч байхгүй байгаа юм. Хоёрдугаарт нь, томоохон хөрөнгө оруулагчид байхгүй тул хөрөнгийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргах компани алга. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд хэлбэрийн хувьд бүгд хаалттай компани юм. Тухайлбал хоёр гурван хүний, гэр бүлийн өмчлөлд байна. Гуравдугаарт, хууль эрх зүйн орчны асуудал байсан. Тодорхой шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах гэхээр зохицуулалт нь дутмаг, зах зээлийн хөгжлөө дагаж зохицуулагддаг явдал байсан. Үүнээс гадна хөрөнгө оруулагчийн итгэл гэж том асуудал бий. Гэтэл манай хөрөнгийн зах зээл дээр итгэл маш муу байна. Анх ягаан, цэнхэр тасалбар гарч ирсэн. Дараа нь “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа тараалаа. Гэвч энэ нь ард түмэнд үр өгөөжөө өгөөгүй байгаа. Тэгээд хувьцаа гэх нэртэй  үр өгөөжийг нь хүртэж чаддаггүй зүйл байдаг гэсэн нийтлэг ойлголттой болжээ. Манайд хувьцаанд хөрөнгө оруулаад үр ашгийг нь хүртсэн хүмүүс бий. Анх 7000 төгрөгийн эрхийн бичгээр хувьцаа аваад өнөөдөр хэдэн зуун сая төгрөгийн хөрөнгөтэй болсон хүмүүс байдаг.  Ингэж үр ашгийг нь хүртсэн хүн цөөхөн юм. Эрх ашиг нь зөрчигдсөн, итгэл алдарсан хувьцаа эзэмшигч олон байгаа.

-Хөрөнгийн зах дээрх хувьцаа цөөн хүний гарт төвлөрсөн гэлээ. Тэгэхээр хөрөнгийн бирж дээр арилжаалах хувьцааны тоо ширхэг багассан байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд сөрөг нөлөөлж байна гэж ойлгож болох уу?
-Тэгж үзэж болно. Санал нэг байна. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 300 орчим компаниас саяхан 60 орчим компани хасагдлаа.  Хувьцаа нь идэвхтэй арилжаалагддаг 100 гаруй компани бий. Тэдний хувьцаа эзэмшигчийн бүтцийг аваад үзэхээр нэг этгээд юм уу эсвэл нэгдмэл сонирхолтой  гэр бүлээрээ, найз нөхдөөрөө  хоршсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн нийт хувьцааны 70-80 хувь төвлөрсөн байдаг. Үлдсэн 30-20 хувийг нь Дорж, Дондог, Дулмаа нар эзэмшдэг. Тэдний эрх ашгийг хамгаалдаг мэргэжлийн бүтэц нь алга. Тухайлбал,  кастодион банк  байна. Энэ бол жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалдаг бүтэц. Жишээ нь, “Их дэлгүүр” хувьцаат компанийн 70 хувь нь нэг гарт төвлөрсөн.  Үлдсэн 30 хувь нь 50 мянган хувьцаа эзэмшигчид ногдоно. Энэ үлдсэн хувь нь бага хувь биш. Тэгэхээр нэг ширхэг хувьцаа эзэмшиж буй Дондог  явахаас илүү жижиг хувьцаа эзэмшигчийг төлөөлөөд мэргэжлийн тодорхой институц ажиллаж компанид нь асуудлаа тавих юм бол илүү үр дүнтэй. Дор хаяж 1-2 ТУЗ-ийн гишүүн удирдлагад нь оролцоод ажилладаг  механизм олон улсад байдаг. Манайд бол энэ бүтэц алга. Харин үүнийг засах  талаар тодорхой ажил сүүлийн жилүүдэд хийж байна. Эхний үр дүн ч гарч буй юм. Кастодион банкны үйлчилгээ энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэх боломжтой боллоо. Өнгөрсөн онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсан. Эдгээр хуулиар жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалдаг кастодион банкны үйлчилгээ үзүүлэх хууль эрхзүйн орчин бүрдэж буй юм. Үүнээс гадна мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагч бий болгох бүтэц нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар  бүрэлдлээ. Урьд нь манай улсад хууль эрх зүйн ийм орчин байгаагүй юм. Одоо мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд бий болсноор хөрөнгө оруулалтын бодлогоо тодорхойлоод мэргэжлийн менежрүүдээр удирдуулах, тодорхой төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах боломж нь нээгдсэн. Ингээд тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа  нь эхэлж буй компаниуд бий.

-Цэнхэр, ягаан тасалбараа бусдад алдсан, компани нь дампуурсан гэх мэтээр хохирсон хүн олон. Үүний хохирлыг  барагдуулах боломж бий юу?
-Өмч хувьчлалаар иргэдэд цэнхэр, ягаан тасалбар хүн бүрт  тараасан. Тэгээд иргэд тухайн үеийн улсын үйлдвэрийн газрын хувьцаа эзэмшигч болсон. Гэхдээ хүмүүс брокерийн компанид очоод аль компанийн хувьцаа эзэмших эсэхээ сонгосон. Манайханд нэг дутагдалтай тал бий. Нэг газарт бүртгүүлээд орхисон. Одоо миний хувьцаа хаана байна вэ гээд шалгуулахаар  тухайн брокерийн компани нь зарчихсан явдал байдаг. Тухайн иргэн хувьцаагаа зарах захиалга өгөөгүй маргаан асар их гарч буй юм. Тэр үед ажиллаж байсан ихэнх брокерийн пүүс өнөөдөр компани болж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр тэр газартаа хандана. Ингээд асуудлыг нь шийдэж өгөхгүй бол Санхүүгийн зохицуулах хороонд асуудлаа тавих учиртай. Нөгөө талаар брокерийн компани нь дампуурсан тохиолдол бас бий. Тэгэхээр шүүх, цагдаагийн байгууллагад хандаж хохирлоо барагдуулах  боломж иргэдэд нээлттэй.

-Та дээр   жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах кастодион банк байгуулах  хууль эрх зүйн орчин бүрдсэн гэлээ.  Одоогоор тус банкийг байгуулсан газар байна уу?
-Хуульд зааснаар манай улсад кастодион банкны үйл ажиллагааг хоёр л этгээд эрхлэх боломжтой. Нэгдүгээрт, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банк, хоёрдугаарт, Үнэт цаасны төлбөр  тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв кастодион банкны үйл ажиллагаа эрхлэх учиртай. Кастодион банкны үйл ажиллагааны  журмыг нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарч батлах юм. Манай хороо энэ журмыг нь баталсан. Одоо Монголбанк батлаад бэлэн болно. Кастодион банкны үйл ажиллагаа эрхлэхээр манайд албан ёсоор хандсан газар алга. Манай улсын хэд хэдэн томоохон банк судалгаа хийж байгаа мэдээлэл бий. Кастодион банк байгуулахад нэлээд хөрөнгө мөнгө шаардах юм билээ. Тухайлбал,  техник тоног төхөөрөмж авахаас эхэлнэ.

-Хөрөнгийн бирж дээр сүүлийн жилүүдэд шинээр хувьцаа гаргасан хэчнээн компани байна вэ?
-Монголын Хөрөнгийн бирж дээр 2006 оноос хойш зах зээлийн сонгодог утгаараа зарим компани хувьцаа гаргаж эхэлсэн. Жишээлбэл “Зоос банк”, “Би Ди Сек” хувьцаат компани  үнэт цаас арилжаалж хөрөнгө босгосон. Үүнээс хойш 17 орчим компани шинээр үнэт цаас гаргасан. Тэд нийт 100-гаад тэрбум төгрөгийг хөрөнгийн зах  зээлээс татсан тооцоо бий. Тэдэн дундаас  нэг, хоёр муу жишээ гарсан. Өнөөдөр хүн бүр мэдэж байгаа. Тухайлбал, “Зоос”, “Анод” банк байна. Гэхдээ банкны үйл ажиллагаатай эрсдэл үүссэн. Түүнээс биш хувьцаа арилжаалсантай холбоогүй юм.
Банкны өр зээлийн бодлогын алдаанаас болсон.   Үүнээс гадна хувьцаа арилжаалсан бусад компани амжилттай ажиллаж байна. Тухайлбал, анх нэг га газартай, 100 мянган төгрөгтэй үйл ажиллагаагаа  эхэлсэн компани хөрөнгийн зах дээр хувьцаа гаргаж мөнгө босгосон. Ингээд үнэт цаасны зах зээлээс таван тэрбум төгрөг  татаж түүгээрээ үйлдвэрлэл явуулсан. Өнөөдөр Монгол Улсын барилгын салбарт үйлдвэрлэлээрээ  тэргүүлэх хэмжээнд хүрээд буй жишээ бий.  Мөн анх 2006, 2007 онд нэг хувьцааг нь 100 төгрөгөөр авсан ч ханш нь өнөөдөр 3-4 мянган төгрөгт хүрсэн компани ч  бий.

-Хөрөнгийн биржийн арил­жааны мөнгөн дүн сүүлийн хоёр гурван жилд буурсан. Үүний шалтгаан нь юу юм бол?
-Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүн нэлээд буурсан. Урьд нь, өдөрт доод тал нь 100 сая төгрөгийн арилжаа хийдэг байлаа. Жилийн арилжааны орлого дунджаар 100 тэрбум төгрөг өлхөн давдаг байсан. Арилжааны орлого ийнхүү муудахад нөлөөлсөн хэд хэдэн  шалтгаан бий. Үүнд манай улсын хөрөнгө оруулалтын орчин ч бас нөлөөлсөн. Гадаадын хувь хүн, компаниуд манай хөрөнгийн биржээс нэлээд хувьцаа авдаг байсан юм. Тэгээд хөрөнгө оруулалтын орчин муудахаар тэд хувьцаа авах нь татарсан. Гадаадын үнэт цаасны томоохон компанийн салбарууд бий. Тэд үнэт цаасанд оруулах хөрөнгөө хумих маягтай болсон. Нөгөө талаас, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч системийн шинэчлэл, түүнд тохирсон хөрөнгө оруулалтын шийдвэрүүд, дэд бүтцийн асуудал бас нөлөөлсөн юм. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хэрхэн батлагдах  хүлээлт бас байсан байх. Нөгөөтэйгүүр, олон нийтэд арилжаалагдаж буй хувьцааны хэмжээ асар бага байна. Жишээ нь, нийт хувьцааны 92 хувь нь нэг гарт төвлөрсөн компанийн тэр хувь нь хэзээ ч арилжаалагдахгүй. Үлдсэн найман хувь нь л жилд арилжаалагдана гэсэн үг. Тэгэхээр үнэт цаасанд хөрөнгө оруулах шийдвэр гаргаж буй хүмүүс 92 хувь нь төвлөрсөн компанийн үлдсэн хувийг худалдан авах эрсдэлтэй алхам хийхгүй гэж хэлж болох юм. Эцэст нь хэлэхэд, Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад төрийн өмчит компани 30-40 орчим бий.  Тэгээд нийт зах зээлийн үнэлгээ, хувьцааны тоо нь бүтээгдэхүүний дийлэнхийг эзэлдэг. Гэтэл ганцхан хувьцаа эзэмшигч нь төр юм. Хэзээ ч тэр хувьцаа арилжаалагдахгүй.
-Тэгэхээр төрийн өмчит компаниуд  хөрөнгийн зах зээлийн хэдэн хувийг нь эзэлж байгаа юм бол. Одоо хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хэдэн төгрөг байна вэ?
-Хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт компанийн 10 орчим хувийг төрийн өмчит хувьцаат компани эзэлдэг. Гэтэл нийт хувьцааны үнэлгээний талаас илүү хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний арилжаалагддаггүй “үхмэл хөрөнгө” байна гэсэн үг. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ их өндөр өсөлттэй байх үед нэг их наяд 800 тэрбум төгрөгт хүрсэн. Одоо нэг их наяд төгрөгөөс доош орсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан