Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг хугацааг зогсоогч

Хүн төрөлхтний хүчирч үл чадах хамгийн адармаатай зүйл бол цаг хугацаа. Алган дахь ус мэт алгуурхан багассаар эцэстээ эргэн олдохгүйгээр замхран оддог цаг хугацааг хормын төдий аргамжин авч үлддэг нь гэрэл зураг. Үгүйрэн одсон цаг хугацаанаас үлдэж хоцордог гэрэл зураг гэгч гайхалтай зүйл хүн төрөлхтний хөгжлийн түүхэн дэх томоохон нээлтүүдийг нэг билээ. Өдгөө гэрэл зураг зөвхөн уран сайхан, сонин хэвлэл, хүн, байгалийн зургаар хязгаарлагдахаа больж орчин үеийн технологийн дэвшлийн хүчээр илүү нарийн, өндөр түвшинд хөгжсөөр байна.
Манай оронд ч гэрэл зургийн хурдацтай хөгжлийг даган төрөл зүйл нь ч өргөжсөөр байгаа юм. Гэрэл зургийг хүн, байгаль, сонин хэвлэлийн гэж төсөөлдөг байсан цаг ард хоцорч орчин үеийн чиг хандлага бүхий макро гэрэл зураг гэх мэт олон ч төрөл зүйл салбарлан хөгжжээ.

Эдгээрийн нэг нь “High speed photography” буюу өндөр хурдны гэрэл зураг юм. Товчоор ойлговол хүн болон гэрэл зургийн аппаратны аливаа үйлдэлд үзүүлэх хариу үйлчлэлийн хурд хангалтгүй үед өндөр хурдны мэдрэгч ашиглан зураг авах арга юм.

Хүний хариу үйлдэл үзүүлэх хурд 160 милисекунд бол хамгийн өндөр хүчин чадал бүхий мэргэжлийн гэрэл зургийн аппаратных 60 мс байдаг. Харин өндөр хурдны мэдрэгч хамгийн удаандаа нэг мс хурдтайгаар гэрлийн өөрчлөлт, дуу чимээ, хөдөлгөөн, дор­гилт, чичрэлт гэх маш олон үйлчлэлийн өчүүхэн бага өөрчлөлт, хувирлыг мэдэрч тухайн агшныг гэрэл зурагт буулгадаг. Өөрөөр хэлбэл энгийн нүдээр харж амжихгүй процессыг секундыг мянга хуваасны нэгтэй тэнцэх богино хугацаанд зурагт буулгаж байгаа хэрэг. Ийм л учраас өндөр хурдны гэрэл зураг авахад зайлшгүй өндөр хурдны мэдрэгч хэрэгтэй.



Гэрэл зураг сонирхогч Н.Гансүх Монголд анх удаа өндөр хурдны мэдрэгч зохион бүтээж буй нэгэн юм. Цөмийн физикч мэргэжилтэй тэрээр 1976 оноос гэрэл зураг сонирхож эхэлсэн бөгөөд хоёр жилийн өмнөөс өндөр хурдны гэрэл зураг сонирхох болсон байна. Улмаар өндөр хурдны гэрэл зураг авахад шаардлагатай мэдрэгч төхөөрөмжүүдийг судалж эцэст нь өөрийн гараар хийхээр шийдсэн гэнэ. Жил гаруйн хугацаанд гэрэл, дуу авиа, доргилт чичрэлт, хөдөлгөөн, даралт болон лазер мэдрэгч гэхчлэн нийт 15 төрөл зүйл мэдрэгч хийснээ тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд анх удаа дэлгэн үзүүлсэн юм. Зайсан толгойн баруун уулын аманд байрлах “Ханбогд” амралтын газраас холгүй шувуу хооллодог цэгт тэрээр “Photo freezer” /version 1.0.0/ мэдрэгч төхөөрөмж танилцуулах туршилтаа хийсэн.
Уулын аманд, шувуу хооллодог цэгт туршилт хийхээр шийдсэн нь илүү олон хүнийг хамруулахаас гадна туршилтдаа байгалийн гэрэл ашиглахыг хүссэнтэй нь холбоотой аж. Учир нь, байгалийн гэрэл зураг авахад хамгийн тохиромжтойгоос гадна илүү амьд болгодог гэнэ. Мөн зэрлэг ан амьтдын зургийг мэдрэгч төхөөрөмжөө ашиглан авахаар шийдсэн нь уулын аманд туршилт хийхэд хүргэсэн ажээ.


Их үдийн алдад эхэлсэн туршилт нар өндөрт хөөрч нам гүм ноёлсон ойн гүнд болсон юм. Н.Гансүх эхний туршилтаар хөдөлгөөн мэдрэгч ашиглан хооллохоор хадан дээр суусан шувууны зургийг авч сонирхуулсан юм. Шүдэнзний хайрцагны тал шиг хэмжээтэй мэдрэгчийг шувуу хооллох талх, боов боорцогны үйрмэг дунд нуусны дараа үндсэн төхөөрөмж буюу эх хавтантай холбоно. Үүний дараа эх хавтанг зургийн аппараттай холбож мэдрэх хурд, хам хүрээ гэх мэт үндсэн өгөгдлүүдийг өгнө. Жижиг хадан дээр нуун байрлуулсан мэдрэгч төхөөрөмж дээгүүр шувуу нисч өнгөрөхөд гэрэл болон хөдөлгөөний өөрчлөлтийг мэдэрсэн триггэр эх хавтанд сигнал дамжуулж улмаар аппарат автоматаар зураг авах юм. Энэ мэт дуу шум, гэрлийн өөрчлөлт, доргилт мэдрэгч гэх мэт цөөнгүй мэдрэгч туршсаны дотор хамгийн ихээр сонирхол татсан нь лазер мэдрэгч байв. Арван см орчим зайтай байрлуулсан хоёр ширхэг лазер мэдрэгчийн дундуур биет өнгөрч лазер туяанд хүрэх агшинд зургийн аппарат ажиллана. Энэ мэдрэгчийг ашиглан үрлэн сумтай буугаар өндөг буудан хагалах агшны зураг авсан нь цугласан олныг гайхашруулж байлаа. Лонхны амсарт байрлуулсан өндөг бууны суманд оногдож хагарах агшин, үйл явцыг энгийн нүдээр харах мэдрэгч ашиглан авсан зургийг харах хоёр маш их ялгаатай байв.

Энэ мэт “Photo freezer” буюу Н.Гансүхийн зохион бүтээсэн мэдрэгч төхөөрөмжүүдийг зөвхөн гэрэл зурагт бус өөр олон ч зүйлд ашиглаж болох ажээ. Байгаль экологи, ховор ан амьтан, цаг уур, орчны судалгаа гэх мэт салбар бүрт ашиглаж болно. Туршилтыг сонирхохоор хүрэлцэн ирсэн олны дунд “Боловсрол” суваг телевизээр үзэгчдийн хүртээл болж буй “Хүрээлэн” төслийн багийн гишүүд багтсан байв. Гурван жил үргэлжлэх тус төслийн хүрээнд Монгол орны ховор ан амьтны судалгаанд илүүтэй анхаарч ажиллах ба зэрлэг амьтдыг байгальд нь судлах тэдэнд Н.Гансүхийн зохион бүтээсэнтэй адил мэдрэгч төхөөрөмж ихээр шаардагдаг гэнэ. Жишээ дурдвал шувууны нуруунд байршил заагч төхөөрөмж суурилуулахад нэг бүрийг нь 700 ам.доллараар гаднаас авах болдог аж. Тухайн төхөөрөмж багадаа бүтэн жилийн турш шувууны нуруунд бэхлэгдэн нүүдлийн зам, траектор, шилжих хөдөлгөөн зэргийг дохиогоор дамжуулна. Энэ хугацаанд төхөөрөмж нар, салхиар цэнэглэгдэж байх ёстой. Н.Гансүхийн хувьд энэ мэт өртөг өндөртэй төхөөрөмжийг илүү хямд зардлаар эх орондоо үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм.


Н.Гансүх: Оюун ухаанаа зарж амьдаръя

Н.Гансүх дэлхий дахинд нэр хүнд бүхий “Apple” корпорацын үүсгэн байгуулагч Стив Жобсыг эрхгүй санагдуулна. Тэрээр өөрийн дуртай зүйлийг хийж амьдарч буй нэгэн. Электроник, программчлал болон гэрэл зургийн сонирхол нь түүнийг өдий амжилтад хүрэхэд нь нөлөөлсөн аж. Стив Жобс нэгэнтээ, “Амжилтад хүрэхийг хүсвэл дуртай зүйлээ хайж ол” гэсэн байдаг. Үүнтэй адил Н.Гансүх ч дуртай зүйлээ хийхээс гадна программ хангамж, гэрэл зургийн салбарт өөрийн бүтээлээр хувьсгал хийж үсрэнгүй хөгжлийн эхлэлийг тавьж байгаа гэж болно. Түүнтэй ярилцаж байхад “Хүмүүс алдахаас л айгаад байдаг. Хамаагүй, эхний удаа ямар ч бизнес, хэчнээн хөрөнгө мөнгө зарж юу ч хийсэн хамаагүй шатаж үзэх хэрэгтэй. Хоёр дахиа алдаагаа давтахгүй. Тийм болохоор алдахаас айх хэрэггүй. Мөн аливаа юмыг өөр өнцгөөс өөдрөгөөр харж сур. Тэгвэл шинэчлэл хийж чадна. Би өөрийн мэдрэгчээр нэг ёсны цаг хугацааг зогсоож байгаа гэж ойлгодог. Яагаад цаг хугацааг гэрэл зурагт илүү нарийвчлалтайгаар зогсоон харж болохгүй гэж бодсоны үндсэн дээр мэдрэгчээ хийсэн. “Photo freezer” гэж нэрлэсэн нь ч үүнтэй холбоотой. Лого, таних тэмдгээ ч хажуу тийш харуулсан элсэн цагаар хийсэн. Энэ нь цаг хугацааг зогсоож болдог гэсэн санааг илтгэнэ” хэмээж байв. Ийм л өөдрөг үзэлтэйн дээр үндэсний үйлдвэрлэлд сэтгэл зовинож явдаг түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хэзээнээс гэрэл зураг сонир­хох болов. Мөн мэд­рэгч төхөөрөмж хийх болсон шалтгаан нь юу байв?
-1983 онд их сургуульд багшилдаг байхад “Apple” корпорацын 8 битийн компьютер ирсэн юм. Тэр цагаас эхлэн компьютерт программ бичиж, программист болсон. Түүнээс хойш сонирхлоороо цөмийн багаж болон элдвийн юмсыг компьютерт холбох болс­ноор компьютер, элект­ро­никийн мэдлэгтэй бол­сон доо. Электроник, прог­раммчлалын мэдлэгтэйн дээр гэрэл зураг сонирхдог бай­сан болохоор гэрэл зур­гийн төхөөрөмжүүдийг ав­то­­мат­жуулах шаардлага урган гарсан юм. Жишээ нь, шувууны зураг авахад хүссэн хэмжээндээ ойртож болдоггүй, холоос авсан ч дурангийн зай дутах гэх мэт хүндрэлүүд бий болж эхэлсэн. Мөн хэт хурдан хөдөлгөөнтэй обьект, биетийн хөдөлгөөнийг хүссэн хэмжээндээ авч чадахгүй байв. Тэгээд л гадаадынхан зэрлэг, ховор амьтдын зургийг хэрхэн авдаг тухай судалж эхэлтэл дандаа триггэр буюу мэдрэгч ашиглан авдгийг олж мэдсэн. Тэгээд л фототриггэр буюу мэдрэгч төхөөрөмжөө хийхээр шийдсэн дээ.

-Таных шиг төхөөрөмж хэр их байдаг юм бол?
-Ер нь, энэ мэт үүрэг зориулалт бүхий мэдрэгч миний судалснаар 20 гаруй бий. Би өөрийн мэдрэгчээ хийхийн тулд нэг бүр нь 500 ам.доллараас үнэтэй гадаадын найман өөр мэдрэгч туршиж үзсэн юм. Яагаад 500 ам.доллараас дээш үнэтэй гээд байна гэхээр түүнээс доош үнэтэй нь энгийн хэрэглээний, сонир­хогчийнх болчихдог. 500-гаас дээш үнэтэй нь илүү өндөр түвшний, мэргэжлийн гэгддэг юм.
500-аас хямд үнэтэй мэдрэгчид нь зөвхөн нэг зо­риулалтын, тохиргоо хийгд­дэггүй, автомат хэрэглээ­тэй байх жишээтэй. Хамгийн сайн програмчлал бүхий “Camera Axe” гэх мэдрэгч бий. Энэ төхөө­рөмж 12 сенсор буюу мэд­рэгчээс бүрдэнэ. Мөн “HiViz” гэдэг хоёр мэдрэгч бүхий төхөөрөмж байдаг. Энэ хоёр төхөөрөмжөөс ерөн­хий санаагаа авч, судалж өөрийн мэдрэгчээ хийсэн юм. Гэхдээ санаа авсан гээд шууд хуулчихаагүй. “HiViz”-ээс гаднах гэр буюу кэйсийнх нь санаа шийдлийг авч илүү боловс­ронгуй болгосон бол “Camera Axe”-аас программч­лалын давуу талыг нь тусгасан байх жишээтэй. Ерөнхийдөө одоогийн байдлаар дээрх хоёр шиг 20 гаруй мэдрэгч байгаагаас хамгийн олон мэдрэгчтэй нь минийх болж байна даа. Нэг ёсны давуу тал ихтэй гэсэн үг.

-Таны бүтээлийг ховор ан амьтны судалгаанд ашиг­лах боломжтой гэж харж байна. Мөн гадаадын ийм төхөөрөмж худалдаж ава­хаас илүү хямд өртөгтэй байх болов уу?
-Минийх шиг хэрнээ зургаан мэдрэгчтэй төхөөрөмж 600 ам.долларын үнэтэй бай­даг. Миний хувьд төхөө­рөм­жөө үйлдвэрлэлд нэвтрүүлж худалдаалахаар болвол 300 ам.доллараас багагүй үнэтэй байна гэж төлөвлөж байгаа. Учир нь, хямдхан зүйл л чанар­гүй байдаг. Тийм ч уч­раас үнэндээ дүйх чанартай бүтээг­дэхүүн хийвэл бусад улс оронтой өрсөлдөхүйц хэм­жээнд бүтээгдэхүүн үйлдвэр­лэнэ. Тэр чинээгээрээ зах зээл бий болгоно.
Анх төхөөрөмжөө хийхэд гаргасан хоёр зарчим бий л дээ. Нэгдүгээрт, маш сайн дизайнтай байх ёстой. Хоёр­­дугаарт, маш өндөр үзүү­лэлттэй байх ёстой. Үүний учир нь үнэлэмж үнэ цэнэ­тэй байхын тулд илүү боловс­ронгуй, тансаг, хүний хэрэгцээг бүрэн хангасан байх ёстой юм. Харагдах байдал нь ч тэр.
Ер нь, манайхан заавал хямд юм хэрэглэж, хямд юм үйлдвэрлэх биш үнэтэй юм хийх хэрэгтэй байгаа юм. Жишээ нь, саяхан манайх 39900 төгрөгөөр ус буцалгагч авсан юм. Гэтэл буцалгагч маань нэг л өдөр яасан нь мэдэгдэхгүй эвдэрчихэв ээ. Яав ийв гээд ширэм, температур мэдрэгч гэх мэт дотор нь байх үндсэн эд ангиудыг нь салгаж аваад зах дээр гарч үнийг нь хартал ердөө л 13700 төгрөгийн үнэтэй байгаа юм. Ингэхээр үлдсэн үнэ өртөг нь зөвхөн гаднах хуванцар гэр, хайрцгандаа шингэсэн гэж ойлгож болохоор байгаа биз. Гэхдээ үгүй. Хайрцагны үнэ 13000-даа ч хүрэхгүй. Харин байхгүй шахуу үлдсэн үнэ өртөг юунд нь шингэсэн бэ гэхээр дизайн, загварчлал, бүтээсэн хүний оюуны үнэ, үнэлгээ нэмэгдсэн байгаа юм. Ингээд бодохоор бид ус буцалгагч хийхийн тулд хамгийн өндөр үнэ өртөгтэй хайрцагийг нь үйлдвэрлэчихвэл болчихож байгаа биз. Ширэм, тенн, температур мэдрэгч, унт­рааж асаах товчийг нь за­хын нэг инженер хийчих­нэ. Ойролцоогоор 20000 төгрө­гөөр нөгөө ус буцалгагчийг до­тооддоо үйлдвэрлэвэл хүмүүс 39000 мянгаар биш илүү хямдхан худалдан авахыг хүснэ. Хэрэв хүслээр нь болгож хямд зараад байвал Монголд юу ч хөгжихгүй. Тиймээс л би үнэ цэнэгүй зүйл хямдхан байдаг гээд байгаа юм. Хамгийн гол нь, адил үнээр зарж байгаа ч дотооддоо үйлдвэрлэж байгаад учир байгаа юм шүү дээ. Миний мэдрэгч төхөөрөмж ч яг үүнтэй адил үндэсний үйлдвэрлэлийн нэг хэсэг. Товчхондоо, оюун ухаанаа зарах тухай л яриад байна л даа.

0 Сэтгэгдэл
Gansuh ahdaa amjilt saihan yriltslaga boljee
ийм хүмүү Монгол их хэрэгтэй байм даа дэмжээд өгөхөд л болоо
Хамгийн их уншсан