Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батхуяг: Оюуны өмч инноваци болон хөгжиж чаддаггүйгээс олон бүтээл үхмэл байдалтай байна

Энэ сарын 26-нд Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгааг тохиолдуулан оюуны өмч, инновацийн залуу судлаач Б.Батхуягтай ярилцлаа.

- Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр маргааш болох нь. Оюуны өмч, инноваци хоёрыг ижил ойлголт гэж хүмүүс андуурах нь бий. Энэ талаар эхлээд уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?

-Оюуны өмч, инноваци хоёр яг ч ижил ойлголт биш л дээ. Инновацийн тухай ярихын тулд эхлээд оюуны өмчийн талаар хөндөх хэрэгтэй болдог. Учир нь, инноваци гэдэг бол оюуны өмчийг бүтээх, хамгаалах, ашиглаад үр дүнг нь хүртэх цогц үйл явц юм. Иймээс инновацийг хөгжүүлэхийн тулд эхлээд оюуны өмчийн талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх нь чухал. Бидний эргэн тойронд оршдог өдөр тутамдаа хэрэглэж хэвшсэн эд зүйлсийн ард ямагт бүтээлч сэтгэлгээний үр өгөөжөөр бий болсон оюуны өмч нуугдаж байдаг. Өнөөдөр бид цалин, орлогынхоо багагүй хэсгийг гар утас, дата хэрэглээ болон технологийн бусад үйлчилгээ, кино, дуу, хөгжим зэрэг соёлын үйлчилгээ, аялал жуулчлал, сургууль, курс, дамжаа зэрэг материаллаг бус хэрэгцээндээ зарцуулж байна. Энэ бүх зүйл чинь оюуны өмчөөр хамгаалагдсан бүтээлүүд шүү дээ. Гэтэл бидний дунд оюуны өмчийг хэтэрхий алс холын ойлголтм юм шиг санадаг хэвээрээ л байна. Хэн нэгэн бизнесмэн, зохион бүтээгчдэд л хамаарах зүйл гэж өрөөсгөлөөр ойлгоод байдаг.
-Тэгвэл оюуны өмчийг хамгийн энгийнээр тодорхойлвол?
-Дэлхий нийтийн уламжлалт хэрэглээ, амьдралын хэвшлийг өөрчилсөн алдартай бүтээлүүд энгийн санаанаас л урган гарсан тухай та зөндөө л сонсч байсан байх. Ерөөсөө оюуны өмч бол бидний өдөр тутмын амьдралын л нэг хэсэг шүү дээ. Гэтэл үүнийг дан ганц Оюуны өмчийн газар, зохион бүтээгч хоорондын харилцаа гэж л төсөөлөөд байдаг. Оюуны өмч гэдгийг нийгмийн амьдралд оролцогч хүн бүрийн өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхлэгч юмуу аль эсвэл эрүүл мэнд, соёл урлаг, аж үйлдвэрийн гээд бүх л салбарын ажилтан ажиллагсад, зохион бүтээгчид төдийгүй энгийн сонирхогч хэний ч бай хийж бүтээсэн бүтээлч үйл ажиллагааны үр дүн гэж ойлгож болно. Уг нь, оюуны өмчийн талаарх иймэрхүү суурь мэдлэг, мэдээллийг нийтэд түгээх нь чухал боловч дорвитой зүйл хийж чадахгүй л байна.
-Энэ талаар дэлхийн бусад оронд олон нийтийн чиг хандлага ямар байдаг юм бэ?
-Сүүлийн үед дэлхийн улс орнуудын оюуны өмчийн байгууллагууд жирийн иргэдийнхээ оюуны өмчийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд их анхаарах болсон байна. Түүнчлэн нано технологи, уламжлалт мэдлэг, биологийн төрөл зүйл, байгаль орчныг хамгаалах болон хүний эрхийн асуудлыг хүртэл оюуны өмчийн талаас нь авч үздэг болж.
-Ер нь, манайд оюуны өмч, инновацийн тухай ойлголт их бүрхэг байдаг. Судлаач хүний хувьд хэр хөгжиж байна гэж дүгнэх вэ?
-Сүүлийн жилүүдэд инноваци, мэдлэгт тулгуурласан эдийн засгийн талаар нэлээд ярих болж, олон ч төсөл хөтөлбөр батлагдсан. Зарим нэг ажлыг нь хийж эхэлсэн байх. Гэхдээ энэ бүх хүчин чармайлтын үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, технологи нь өөрөө дэлхийд өрсөлдөхүйц байж чадахгүй л бол дэмий цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарсан хэрэг болно. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд л хэн ч хоцрогдсон загвар, технологийг хэрэглээд байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Ийм нөхцөлд бидэнд бас нэг сонголт бий. Бид өөрсдийнхөө уламжлалт хэрэглээний давтагдашгүй хэв шинжийг хадгалж хөгжүүлэхийн хажуугаар нуугдмал хэрэгцээг нь нээн илрүүлж шинэ зах зээл бий болгох хэрэгтэй байгаа юм. Тэгээд түүндээ таарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх боломжийг хайх хэрэгтэй.
-Тухайлбал?
-Гаднаас оруулж ирж байгаа утаагүй зуухнууд дээр  хоол цайгаа хийх боломжгүй байдаг. Гэтэл энэ сул талыг шийдчихсэн утаа бага ялгаруулдаг зуух хийсэн дотоодын зохион бүтээгч олон бий шүү дээ. Харамсалтай нь, орон нутгаас зарласан тендерүүдэд гадаадад үйлдвэрлэсэн зуухны техникийн тодорхойлолтыг л гаргаж өгдөг болохоор бүтээгдэхүүнийх нь өрсөлдөх боломжийг хязгаарлаад байдаг юм билээ.
-Бидэнд нөөц бололцоо байгаа юм байна. Тэгвэл дотоодын энэ бүтээлүүдээ яаж дэмжиж бүтээгдэхүүн болгох вэ?
-Шинэ бүтээлийн улсын нөөцийн сан гэсэн ойлголт Патентын хуулинд бий. Тус нөөцийн санд бүртгэлтэй бүтээлийн патентын эрхийг Оюуны өмчийн газар хамтран эзэмшинэ гээд заачихсан байдаг. Эндээс харвал патентын эрхийг төр ямар учраас хамтран эзэмших гээд байгаа нь тодорхойгүй байгаа юм. Шинэ бүтээлийн улсын нөөцийн сан гэж байх нь зүйн хэрэг боловч яг ямар зорилгоор бүрдүүлээд, дараа нь хэрхэн яаж ашиглах нь ойлгомжгүй. Миний бодлоор патентын эрхийн хамгаалалтын хугацаа нь дууссан бүтээлүүдийг тус санд нэгтгээд, мэдээллийн сан бүрдүүлдэг. Түүнийг нь өөр зохион бүтээгч юм уу сонирхсон хүн ашиглах боломжтой байхаар тусгаж өгч болох юм. Мөн шинээр бүртгэсэн бүтээлийг төрөөс зах зээлийн эргэлтэд оруулах, инкубаци хийж ашиглах боломжийг хуулинд томьёолж өгөх хэрэгтэй.
-Таны ярианаас оюуны өмчид бүртгэгдсэн шинэ санаа, шинэ бүтээлийг бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргахыг инноваци хэмээн хэлдэг гэж ойлголоо.
-Тийм ээ, инноваци, оюуны өмч гэдэг ойлголтууд хоорондоо салшгүй холбоотой Манайд оюуны өмчөө баталгаажуулах эрх зүйн орчин хангалттай бүрдсэн. Жил бүр нэлээд тооны бүтээл хамгаалагдаж байна. Гагцхүү эрхийг нь хамгаалсан тухайн бүтээлийг зах зээлд нэвтрүүлж, үр ашгийг нь хүртэх тогтолцоо үндсэндээ байхгүйгээс энэ салбар хөгжихгүй байгаа юм. Мал амьтнаар зүйрлүүлж хэлвэл үр төлөө гаргаад эх нь хаяад явчихвал нялх амьтан өсч торниход хэцүү шүү дээ. Үүнтэй ижил манайд оюуны өмчийн бүтээлүүд төрмөгцөө цаашаа хөгжиж, зах зээлд байр сууриа олох цогц үйл ажиллагаа байдаггүйгээс олон тооны бүтээл өнөөдөр үхмэл байдалтай байна. Нэгэнт бүтээлийн эрхийг хамгаалсан л бол хэрэгцээтэй зах зээлд нь хүргэж, үр шимийг нь хүртдэг байх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол оюуны өмчийн хамгаалалтын ач холбогдол гарахгүй. Үүнийг хийж чадвал инновацийг хийж чадлаа гэсэн үг.
-Инновацийг чухам ямар салбарт илүү хөгжүүлэх хэрэгтэй вэ?
-Инноваци дан ганц хувийн бизнест ч биш төрийн үйлчилгээний салбарт их үгүйлэгдэж байна. Жишээлбэл, төсөвт мөнгө цугларахын хэрээр төсвийн байгууллагын урсгал зардал нэмэгддэг байдлыг халж, тухайн салбарынхаа тэргүүлэх чиглэлд инновацийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэг болмоор байгаа юм. Ингэвэл төсвийн байгууллагын барилга байгууламж, унаа тэрэг нь томордог биш, хариуцсан салбар нь хөгжиж тэр хэмжээгээрээ улсын төсвийн ачаалал буурдаг болно.
Мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг шалгаруулахдаа инновацийг нэвтрүүлэх боломжийг нь хармаар санагддаг. Миний ажиглаж байгаагаар санаа нь давхардсан олон төсөлд хөрөнгө оруулаад байх шиг. Энэ жил Засгийн газраас “Дотооддоо үйлдвэрлэе” гэсэн уриа гаргаж, нэг их наяд төгрөгийг үндэсний үйлдвэрлэгчдэд зарцуулахаар төлөвлөсөн. Энэ бол жижиг дунд бизнес эрхлэгчид болон шинээр үйлдвэрлэл эрхлэхийг хүссэн хүн бүрт том боломж. Тиймээс шинэ төсөл шалгаруулахдаа инновацийг дээд зэргийн үр дүнтэй хөгжүүлж чадах эсэхийг нь нэг шалгуур болгон хардаг байгаасай. Дээр нь нэмж хэлэхэд, УИХ-аас 2007 онд баталсан 2015 он хүртэлх Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийн хугацаа дуусах дөхөөд байгаа энэ цаг үед Шинэчлэлийн засгийн газраас дээрх хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаар дараагийн бодлогын баримт бичиг боловсруулах шаардлагатай. Үндэснийхээ онцлогийг маш сайн тусгасан том амбицтай бодлогын баримт бичиг бидэнд хэрэгтэй байна.

Б.Сонор

0 Сэтгэгдэл
Инновациар гадаадууд хөгжөөд байгаа манайд хөгждөггүй юмаа гэхэд боловсролын тогтолцоондоо энэ талаарх мэдлэг олгодог механизмыг суулгаж өгөх хэрэгтэй.
Innovation hariutsdag hugjvvldeg baiguullaga bdag yum uu?
Iimerhvv zaluu sudlaachdiin bag bvrdvvlj tur shaardlagatai bodlogo bolowsruulah heregtei
Innovation hariutsdag hugjvvldeg baiguullaga bdag yum uu?
shine sanaa buteelch setgelgeegee ashiglaj zah zeelees mongo bosgoh bolomjiig burduulj ogvol heregteil dee.manaihan dund gadaadiin buteegdehuun sain gesen oilgolttoi hun olon bdag.uul n shine sanaa n uildverlel bolj teriig n hereglegchid demjdeg bval gadagshaa ih mongo ursahgui
Хамгийн их уншсан