Уран гулгалтын өвлийн олимпын аварга, мөсний хатан хаан гэгддэг БНСУ-ын тамирчин Ким Юнагийн нэр алдрыг мөнхжүүлэх зорилготой дурсгалын медалийг олон нийтэд танилцуулах ёслол дахин хойшилжээ. Севол гатлага онгоц живж, 100 гаруй хүн амиа алдаж, мөн тооны хүн сураггүй болсон эмгэнэлт явдал улс оронд нь тохиолдоод байгаа энэ үед баяр ёслолын арга хэмжээ хийхгүй байхаар Ким Юна шийджээ. Тэрээр дурсгалын медаль танилцуулах ёслолоо энэ сарын 17-нд хийхээр төлөвлөж байсан ч онгоц 16-нд живсэн юм. Осол гарснаас хойш бараг 10 хонох гэж байгаа ч онгоцтой хамт живсэн зорчигчдыг эрэн хайх ажил одоо хүртэл үргэлжилж байгаа билээ. Тиймээс Ким Юна ёслолоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа Твиттерээр мэдэгдээд “Гайхамшиг тохиолдоосой хэмээн залбирч байна” гэж бичжээ. Тэрээр зорчигчдыг аврах, эрэн хайх ажиллагаанд зориулж ЮНИСЕФ-т хувиасаа 100 сая вон хандивласан байна. Солонгосын урлаг соёлын олон арван алдартнууд зорчигчдыг эрэн хайх ажиллагаанд 100, 100 сая вон хандивлаж байгаа юм.
Сочигийн олимпын дараа зодог тайлсан Ким Юнад зориулж нэг алтан медаль, хоёр өөр загварын мөнгөн медаль, нэг цагаан хүрэл гээд дөрвөн янзын дурсгалын медаль гаргажээ. Алт, мөнгөн медаль нь Ким Юнагийн гулгаж буй үеийн зураг, гарын үсэгтэй бол хүрэл медаль дээр нь түүний үзэгчид рүү даллаж байгаа зураг, “Баярлалаа, та жинхэнэ хатан хаан” гэсэн үгийн хамт сийлжээ. Цөөн тоогоор худалдаанд гаргасан уг медалийн алт нь 1,32 сая вон буюу 1270 орчим ам.доллар, мөнгө нь 495 мянган воноор үнэлэгдэж байгаа аж.