Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ING” банкны төлөөлөгчийн газар манайханд 40 сая ам.долларын зээл олгожээ


Манай улсад одоогоор АНУ-ын “Standard Chartered”,  Японы “Sumitomo Mitsu”, Голландын “ING”, Хятадын “Bank of china” төлөөлөгчийн газраа  нээгээд байгаа билээ. Одоогоор эдгээр төлөөлөгчийн газраас Монголбанкинд албан ёсоор банкны салбараа байгуулах хүсэлт гаргаагүй байна. Гадаадын төрийн өмчит банк  Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Засгийн газарт  салбараа нээх материал бүрдүүлж өгөх ёстой аж. Харин хувийн өмчит банк  бол   төв банкинд хандах хууль эрх зүйн үндэстэй юм. Гадаадын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчийн газрууд Монголд хоёроос дээш жил ажилласан бол өөрийн төв байгууллагаас  эх үүсвэр авч  манайд хөрөнгө оруулах эсвэл дотоодын аж ахуйн нэгжүүдэд дунд, урт хугацаатай зээл олгодог байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадаад худалдаа, экспортын бүтээгдэхүүнд  санхүүгийн дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй гэсэн үг. Тиймээс төлөөлөгчийн газраа нээсэн л бол заавал банкны үйл ажиллагаа явуулах, лиценз авах шаардлагагүй. Нэг ёсондоо, манайд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх  асар их орон зай, боломж бий аж.
Харин гадаадын хувийн болон төрийн банкны төлөөлөгчийн газар их хэмжээний зээл олгож байвал төв банк оролцох, хяналт тавих, зохицуулах эрхтэй. Одоохондоо тэд их хэмжээний зээл олгоогүй байна. Манай улсад хамгийн анх төлөөлөгчийн газраа нээсэн Голландын “ING” банк  одоогоор нийт  40 сая ам.долларын зээл олгосон мэдээлэл бий. Дашрамд дурдахад, тус банкны толгой компани дэлхийн олон оронд хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн менежмент, даатгалын үйлчилгээ үзүүлдэг.  Эдийн засгийн мэдээллийн “Fortune Global” сэтгүүлээс жил бүр хамгийн ашигтай ажилласан банк санхүүгийн 500 байгууллагыг зарлахад тус банк  2012 онд 150 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж, дээрх жагсаалтыг  тэргүүлж байв.

Манай улсад төлөөлөгчийн газраа нээсэн банк, санхүүгийн байгууллагуудаас дотоодын аж ахуйн нэгжүүд   зээл авсан бол хувийн хэвшлийн гадаад өрд бүртгэгдэх учиртай. Иймд Валютын тухай хуульд зааснаар зээл авсан компаниуд Монголбанкинд хаанаас, хэдий хугацаатай, ямар валютаар, хэдий хэмжээний зээл авав гэдгээ мэдэгдэж, бүртгүүлэх ёстой юм.  

Одоо ажиллаж буй гадаадын банкуудын төлөөлөгчийн газар өөрийн улсын бизнес, хөрөнгө оруулагчдыг зуучлах, манай улстай харилцах санхүүгийн боломжуудыг судлах ажил хийдэг байна. Нэг ёсондоо, дипломат үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс биш зээл олгох бодлого төдийлөн баримталдаггүй бололтой.   
Манай улс орж ирэх хөрөнгийн урсгалыг төдийлөн хааж боохыг урьтал болгож  хязгаарлалт, хаалт  тавьдаггүй. Хамгийн гол нь, боломжит хэмжээнд чөлөөтэй байхыг нь л дэмждэг гэнэ. Ийм ч учраас гадаадын банк, санхүүгийн байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээх, ажиллах эрх нээлттэй ажээ. Гэвч гадаадын банкны салбар нээгдэхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Тэдний ажиллах чиг үүрэгт   Монголбанк хяналт тавьж, зохицуулах учиртай аж.  

Төлөөлөгчийн газраа нээж буй гадаадын банк санхүүгийн байгууллага манай улсын санхүү, эдийн засгийн орчны шингээх чадавхийг тооцдог. Үүнээс гадна банкны системээ хариуцдаг,  мөнгөний бодлого хэрэгжүүлдэг Монголбанкнаас боловсруулсан  шаардлагуудыг  тухайн хуулийн этгээд хангаж, нийцэж байгаа эсэхээс хамаарна. 

Монгол Улсын Банкны тухай хуулийн 22 дугаар зүйлд  “Гадаадын хөрөнгө оруулалттай банк,  банкны салбар,  төлөөлөгчийн газар байгуулах,  тэдгээрийн үйл ажиллагаанд тавих шаардлага” гэж бий. Үүнд гадаадын хөрөнгө оруулалтай банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах хуулийн этгээд дээрх хуулийн 19 дүгээр зүйлд заасан  банк үүсгэн байгуулагчид тавих шаардлагыг бүрэн хангасан байх учиртай аж. Уг зүйлийн зарим шаардлагаас дурдвал  манай улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу холбогдох тайлан мэдээгээ жил бүр, эсвэл үүнээс богино хугацаанд тайлагнана.  Мөн төрийн эрх бүхий байгууллагаас тухайн  хуулийн этгээдийн санхүүд хяналт шалгалт хийж байх юм. Тухайн банк үүсгэн байгуулагч нь мөнгө угаах болон терроризмыг  санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдоогүй байх. Үүнээс гадна тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, үүсгэн байгуулах банкны дүрэм, эдийн засгийн үндэслэл, хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт зэрэг бичиг баримт бүрдүүлэх ёстой гэнэ.  Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт банк, банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулах тухай гадаадын банк, санхүүгийн байгууллагын гаргасан шийдвэр, харьяалах улсын төрийн байгууллагын зөвшөөрөл зэргийг шаардана. Мөн тухайн банк, банкны салбар, төлөөлөгчийн газарын үйл ажиллагаанд  тавих нэмэлт шаардлагыг Монголбанкны журмаар тогтоох заалт бий. 

Банкны гол агуулга нь хөрөнгийн эх үүсвэр татах явдал. Тэгэхдээ манай улсын дотоод зах зээлээс татна. Тэгэхээр манай улсад гадаадын томоохон банк салбараа нээвэл дотоодын 13 банкны бүх харилцагчийг татаж авах нөхцөл бүрдэж магадгүй юм. Ийм тохиолдолд  манай улсад дотоодын банк санхүүгийн байгууллага оршин тогтноход хэцүү болно гэсэн үг. Гэвч гадаадын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанаас үзвэл дээрх байдал ажиглагдахгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан