Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сураггүй алга болсон 7 суут хүн

Энэ хорвоод хүн төрж л байдаг, ажиллаж амьдарч  бас нас нөгцдөг. Харин ор сураггүй алга болдог тохиолдол бий. Эдний дунд дэлхий дахин, хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээн мөнхөлсөн нэр алдартай хүмүүс нэг биш. Зохион бүтээгч, хөрөнгө чинээтэй хүмүүсийн хүүхдүүд, улстөрч, нисгэгчид гээд ор сураггүй алга болж намтар түүх нь тайлагдашгүй нууц хэвээр үлдсэн долоо хүн нь энэ.

1.    Майкл Рокфеллер

Америкийн тэрбумтан Нельсон Рокфеллерийн хүү Майкл нэг их сайн хүү байсангүй. Цэргийн алба хааж, их сургуульд сурч бусдын л нэг адил байлаа. Эцгийгээ Нью-Йоркийн амбан захирагч байхад Шинэ Гвиней рүү аяллаар явлаа. Энд явахдаа хамгийн сүүлд нэгэн бөө дээр очсон гэдэг. Тэр нь залуугийн нүүрэнд үхлийн төрх байна гэж хэлж. Майкл “Би махчингуудын омогт ирчихэж. Тэдний шүтээн нь үхэл, тэгээд л ингэж харагдаж байгаа хэрэг” гэж бодож. Харин бөө болохоор Майклд аюул учирч магадгүй гэдгийг яг хэлсэн гэдэг. Харин Майкл үүнийг тоосонгүй, цаашаа хөвсөн байна. Гэтэл онгоц нь хөрвөөж хүмүүс эрэг дээр арай гэж гарсан ч Майкл сураг алдарч. Тэр газар нь махчин матартай гэдэг байж. Манай дэлхийн хамгийн баян хүний залгамжлагчийн алга болсон нь өнөө болтол таамаг хэвээр. Матарт бариулсан уу, үнэхээр махчингуудын идэш болсон уу, ёстой бүү мэд.

2.    Рауль Валленберг

Шведийн энэ дипломат бол  дэлхийн хоёрдугаар дайны үед унгарын хэдэн арван мянган еврейчүүдийг үхлийн лагерьт явуулахаас аварсан хүн. Үүнийхээ ч төлөө 2012 онд АНУ-ын Конгрессын алтан медаль, Австрали, АНУ, Унгар, Канад, Израилын хүндэт иргэн цолоор нэхэн шагнуулсан хүн. Түүнийг 1945 оны нэгдүгээр сарын 18-нд Унгарын нийслэл Будапештэд жолоочтойгоо явахыг харсан байдаг. Зарим мэдээгээр түүнийг гадаад хоригдлуудтай хамт зөвлөлтийн Лефортовын шоронд байсан гэдэг. ЗХУ тарсны дараа шинэ удирдлагууд нь үүнийг няцаадаг. Ямарч байсан  дэлхийн хоёрдугаар дайны үед олон мянган еврейн амийг аварсан энэ дипломатын хувь заяа тун бүрхэг таамаг хэвээр үлдсэн. ЗХУ-ын Аюулаас хамгаалахын генерал Судолатовын дуртгалдаа бичсэнээр бол 1947 онд Валленбергийг Булганины тушаалаар баривчилж Молотовын заавраар цаазалсан гэдэг. Бас Валленберг саяхан болтол амьд байсан гэсэн яриа ч бий. Польшууд ч түүнийг бүр 1959 оны аравдугаар сард амьд байхыг нь харсан гэдэг.

3.    Сигизмунд Леваневский

1937 онд Сталины нэг зөвлөгөөн дээр баатар нисгэгч Сигизмунд Леваневский босоод “Нөхөр Сталин, би мэдэгдэл хиймээр байна” гэж. Сталин “Мэдэгдэл ээ” гэхэд Сигизмунд “Туполев бол хорлон сүйтгэгч учраас би түүнд итгэхгүй байна. Тэрээр муу онгоц хийж хамгийн аюултай мөчид зөвлөлтийн нисгэгчдийг хорлох юм хийж байгаа. Би цаашид Туполевын онгоцоор нисэхгүй” гэж алдарт зохион бүтээгчийн өөдөөс харж байгаад хэлжээ. Үүнийг баатар нисгэгч Байдуков дуртгалдаа бичсэн байдаг. Ингээд маргааш нь тэрээр ДБ-1 онгоцоор ниссэн байна. Ниссэнийх нь дараахан цаг агаар муу байна, баруун хөдөлгүүр ажиллахгүй байна гэсэн дохио радио холбоогоор ирсэн ч тэгээд л сураг тасарсан. Түүнийг ч, онгоцыг нь  ч хэн ч олоогүй. Түүнийг Якут, Аляска гээд хэчнээн эрээд олоогүй.

4.    Владимир Александров
                             
Энэ бол оросын бас л нэг авьяаслаг хүн байж. Тэрээр англиар ямар ч америк хүнтэй цэвэр техас аялгаар ярьдаг, гадаадад явахдаа буудалд нэг ч удаа буудаггүй, зөвхөн танилуудынхаараа буудаг хүн байж. Тэр бол “Цөмийн өвөл”-ийн онол боловсруулсан хүн. 1983 онд хэсэг эрдэмтний хамт цөмийн дэлбэрэлтийн дараа манай гариг хуучин хэвдээ орж чадахгүй гэсэн дүгнэлт гаргасан. 1985 онд Испанид нэг бага хуралд оролцоод буудлаасаа гарч яваад сураггүй алга болсон. Түүнийг ямар нэг тусгай албаныхан хулгайлсан гэж таамагладаг.

5.    Луи Лепренс

Хүн төрөлхтөнд анхны киног ах дүү Люмьер авч гаргасан гэдэг. Үнэн хэрэгтээ хоёрхон секундын хөдөлгөөнт дүрсийг францын  зохион бүтээгч Луи Лепренс авч “Раундхэйн цэцэрлэг дэх тайз” гэж нэрлэж. Энэ нь жинхэнэ кино гартал долоон жил гарч байсан байна. Тэрээр санхүүжүүлэгч хайж Эдисонтой уулзахаар Америкт яваад буцахдаа Лондонгоор дайрч өөрийнхөө бүтээлийн патент авах ёстой байсан гэнэ. Гэтэл Дюженд буугаад л сураг алдарсан. Түүнийг өрөнд ороод гарах газаргүй болж амиа хорлосон байх гэдэг. Гэхдээ 1902 онд түүний том хүү Альфонс Нью-Йоркт очиж Эдисонтой уулзахаар явсан. Маргааш нь буудалд амиа хорлосон явдал бас бий.

6.    Рудольф Дизель

1913 оны санхүүгийн хямрал алдарт зохион бүтээгч Рудольф Дизелийг бараг сүйрүүлсэн ч тэрээр итгэл найдвараа алдаагүй л байлаа. 1913 оны есдүгээр сарын 29-нд тэрээр Антверленд “Дрезден” хөлгөөр очиж шинэ үйлдвэр нээхээр Лондон руу явлаа. Үүнээс хойш нэрт зохион бүтээгчийг хэн ч олж хараагүй юм. Хэд хэдэн таамаг байдаг. Зүрхний шигдээс болж хөлгөөсөө усанд унасан гэдэг. 30-нд түүнтэй адил хүний цогцос олсон ч биш гэдэг. Дизелийн гэр бүл санхүүгийн асуудалтай байсан. Тэр бүр Дизелийн патентыг худалдаж амь зууж байсан. Харин Дизель үүнийгээ өөрөө худалдаагүй юм бол. Тэр ердөө л хөлгийн өрөөндөө ороод унтахаар хэвтэж, хамаг л хувцас нь өрөөнд нь байсан гэж гэрчилдэг. Гэтэл бас хөлгийн зорчигчдын нэр дотор хөдлөгүүрийн зохион бүтээгчийн нэр байдаггүй. Ямар ч бичиг баримт, эд зүйл олдоогүй.

7.    Гарольд Холд

Австралийн ерөнхий сайд Гарольд Холт 1967 онд далайд сэлж яваад сураггүй алга болсон. Энэ нь бүр австралид өөрийн гэсэн хэллэг бий болгож “Гарольд Холт болгох”, “алга болох”, “нууцлаг байдлаар алга болох” гэсэн нэр томъёо хүртэл бий болсон. Хэд хэдэн таамаг хувилбар байдаг. Нэгдүгээрт нь хятадын усан доогуур шумбагч завь хулгайлсан гэдэг. Хоёрт, Гарольд Холт Вьетнамаас  австралийн цэргийг гаргах гэж байсан учраас Америкийн тагнуулын төв газар устгасан гэнэ. Гуравт, Тэрээр зүгээр л алга болсон гээд хожим нь залуухан нууц амрагтайгаа нууцхан амьдарсан гэдэг. Юутай ч нэг улсын Засгийн газрын тэргүүн 1967 оны арванхоёрдугаар сарын 19-нд мелбурнын буланд усанд сэлж байгаад сураггүй алга болсон түүх энэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан