Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн банк 1.8 их наяд төгрөгтэй


Хэдийгээр эдийн засаг хүндэрч улсад орж ирэх гадаад валютын урсгал татарсан ч Монгол Улсын Хөгжлийн банкинд нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүддээ оруулах хөрөнгө байна.  Энэ нь урьд цаг сайхан үед босгож чадсан мөнгө билээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж банкны үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм.
Монгол Улсын хөгжлийн банкны өөрийн нийт хөрөнгө одоогоор  169.37 тэрбум төгрөг байна. Тус банкийг  анх байгуулахдаа Засгийн газраас шууд дэмжиж өөрийн хөрөнгийг нь өсгөж  байсан. Ингээд дүрмийн санг нь 123.3 тэрбум төгрөгт хүргэжээ. Үүн дээр 2013 оны татварын дараахь ашиг нэмэгдэнэ. Хөгжлийн банк 2012 онд алдагдалтай ажилласан бол өнгөрсөн жил ашигтай гарсан. Өнгөрсөн оны эцсээр татварын өмнөх ашиг 35 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний улиралд 20 тэрбумд хүрсэн аж.

Энэ оны гуравдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргасан нийт зээл 2.5 их наяд төгрөг давжээ. Одоо байгаа мөнгөн хөрөнгийн хэмжээ 1.8 их наяд төгрөг байна. Ингээд бусад актив нь нэмэгдээд 4.5 их наяд төгрөгийн активтай болжээ.
Хөгжлийн банкны нийт хөрөнгийн дийлэнхийг нь “Чингис бонд” бүрдүүлж буй.  Засгийн газар 2012 оны арванхоёрдугаар сард  олон улсын санхүүгийн захаас босгосон 1.5 тэрбум ам.долларын зарцуулалтыг  Монгол Улсын Хөгжлийн банк хийж байна. ”Чингис бонд”-ын 500 сая ам.доллар нь таван жилийн хугацаатай, жилийн 4.125 хувийн хүүтэй. Үлдсэн мөнгө нь 10 жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэй билээ. Энэ мөнгөөр аж үйлдвэр, дэд бүтэц, эдийн засгийн үр ашигтай  төслүүдийг  санхүүжүүлэх ёстой. Одоогоор тус бондоос 1.4 их наяд орчим буюу 230 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг зарцуулаагүй байгаа ажээ.   Мөн тус банк 2012 оны арванхоёрдугаар сард 580 сая ам.долларын бонд арилжаалсан. Уг бондын жилийн хүү нь 5.75 хувь, таван жилийн хугацаатай. Дээр нь Монгол Улсын Хөгжлийн банк Японы Олон улсын хөгжлийн банктай хамтарч 30 тэрбум иенийн бонд гаргасан.

Засгийн газраас энэ жил үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөж буй юм. Энэ хөрөнгийн эх үүсвэр нь  Хөгжлийн банкнаас гарна. Ингээд импортыг орлох,  экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн сонгон шалгаруулалт зарласан. Үүнд  нийт 1151 төсөл ирүүлснээс 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй байжээ.  Давхардаагүй дүнгээр нийт 1088  төсөл үлдсэн. Үүнээс 200 төслийг  зорилгод нийцээгүй гэж үзсэн тул  888 төсөл нь шалгараад байгаа.  Эдгээр төсөлд  нийт 7.3 их наяд төгрөг шаардлагатай юм. Одоогоор  4.2 их наяд төгрөгийн зээл авах хүсэлт  ирүүлээд байгаа аж. Энэ  төслүүдээс долоон салбарын  экспортыг, найман салбарын импортыг дэмжих төслүүд байгаа юм. Урьдчилсан тооцоогоор 888 төслийг дагаж 40 мянган ажлын байр бий болно. Мөн үр ашиг нь 55 сарын дотор гарна гэсэн тооцоо хийгээд байна.  Төслийн зээлийн хэмжээг аваад үзвэл хамгийн бага нь таван сая,  дээд тал нь  285 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байгаа ажээ. 

Дээрх  төслүүдэд зээлийг төгрөгөөр олгох  бөгөөд таван жилийн хугацаатай байна. Хүү нь жилийн  есөн  хувиас  илүүгүй байхаар тооцсон. Тэгээд  эхний нэг жилийн хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөхгүй, зөвхөн хүүг төлнө.  Одоо  шалгарч үлдээд байгаа 888 төсөл  зээлээ өөрийн хүссэн арилжааны банкнаас авна.  Одоогоор энэ зээлийг олгохоор Хөгжлийн банк арилжааны 14 банктай Санамж бичиг байгуулж буй ажээ. Уг зээлийг олгож буй арилжааны банкууд эрсдэлээ өөрөө хариуцна. Иймд хамгийн сайн чамбай, ашигтай төслүүд л хөрөнгө оруулалт авна хэмээн үзэж байгаа юм. Дээрх төслүүдэд “Чингис бонд” “Самуурай бонд”-оос тус тус 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөж байна.
“Чингис бонд”-ын хөрөнгөөс санхүүжүүлж буй зарим төсөл хөтөлбөрийн явц ямар байгаа талаар дор өгүүлье. Энэ бондын хөрөнгөөс одоогоор 861.1 тэрбум төгрөг, 281.4 сая ам.долларын зээл олгоод байна.

Төрийн өмчит МИАТ компани өөрийн өмчлөлийн холын зайн нислэг хийх анхны агаарын хөлөг  авсан. Үүнийг худалдаж авах зардлыг  тус бондоос  санхүүжүүлсэн. Уг төслийн ажлын гүйцэтгэл болон санхүүжилт бүрэн хийгдсэн. Ингээд 84.2 сая ам.доллар олгожээ. Уг бондоос санхүүжилт аваад эргээд төлж буй ганц төсөл  нь юм. Одоогоор  дээрх мөнгөнөөс 81.3 сая ам.долларыг нь төлжээ. Өөрөөр хэлбэл,  “Чингис бонд”-оос авсан мөнгөнөөс 2.9 сая ам.доллар үлдээд байна.

Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто замын төсөлд нийт 570 тэрбум төгрөг олгох ёстой. Үүнээс 369 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Уг төслөөр нийт 1800 км зам барих учиртай. Төслийн ажлын гүйцэтгэл 68 хувьтай байна. Өнгөрсөн онд 930 км зам барьжээ.

Шинээр барих 267 км төмөр замд 200 сая ам.долларын санхүүжилт хийнэ. Одоогоор 164.2 сая ам.доллар олгожээ. Урьдчилсан ТЭЗҮ-ээр 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Уг төмөр замыг ирэх жилийн аравдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөө бий. Төслийн газар шорооны  буюу төмөр замын далан босгох ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа аж.
Таван толгой ордын эрчим хүчний нүүрсийг түшиглэж цахилгаан станц барих болсон. Энэ цахилгаан станцад 16 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс 14.8 сая ам.долларыг нь олгожээ. Одоогоор уг төслийн ус, байгаль орчны судалгааг хийж дуусгаад геологи, инженерийн судалгааг хийж байна.  
Нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцийн төсөлд 200 тэрбум төгрөгийн  санхүүжилт олгохоор баталсан. Нийт 92 төсөл баталснаас 33 төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулжээ. Ингээд нэг ажил дуусч улсын комисст хүлээлгэн өгсөн бол бусад ажил нь энэ хавар үргэлжилнэ.  Төслүүдийн ажлын гүйцэтгэл 72.2 хувьтай байгаа аж.

Ноолуур, ноос, сүү, оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуй зэрэг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн таван салбарт 270.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Энэ зээлийг “Голомт” банкаар дамжуулан олгож байна. Тус банк 189 компанийн зээл хүссэн материал хүлээн авч 64 нь зээл олгохоор баталжээ. Эдгээр компанид нийт 100.7 тэрбум төгрөг олгох аж. Одоогоор 53.7 тэрбум төгрөг олгосон байна. Иймд ажлын гүйцэтгэл 20 хувьтай байна.
Хөгжлийн банк 580 сая ам.долларын бонд болон өөрийн хөрөнгөөс төсөл хөтөлбөрт санхүүжилт олгож байгаа. Ингээд тус төслүүдээс сонирхуулая.
Орон нутгийн авто замын төсөлд 309.9 сая ам.долларын санхүүжилт хийхээр батлагдсан. Ингээд 151.4 сая ам.доллар гаргаад байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 68 хувьтай байгаа аж. Үүнээс гадна нийт гаргасан зээлийн 8.9 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийжээ.  
Нийслэлийн авто замын төсөлд 51.8 сая ам.доллар олгов. Ингээд нийслэлийн авто замын түгжрэлийг  бууруулах үүднээс 17 төсөл хэрэгжүүлэх учиртай. Хөгжлийн банкнаас 16 төсөлд дээрх хэмжээний мөнгийг  олгоод байна. Нийт ажлын гүйцэтгэл нь 93 хувтай байгаа аж. “ТЭЦ-4” станцын хүчин чадлыг 100 мВт-аар нэмэгдүүлэхэд 70 сая ам.доллар баталснаас 44.1 саяыг нь олгожээ. Турбины үйлдвэрлэл, газар шорооны ажил, ТЭЗҮ болон зураг төслийг нь хийгээд байна. Уг ажил ирэх арваннэгдүгээр сард дуусч ашиглалтад өгөх төлөвлөгөө бий.  


Н.Мөнхбат: Бондын хүү төлөхөд валютын ханшийн эрсдэл хүлээгээгүй

Уулзалтын үеэр сэтгүүлчдийн тавьсан асуултад Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хэрхэн хариулсныг дор сийрүүлье.


-Шинэ төмөр зам төслийн санхүүжилт зогссон гэсэн. Энэ үнэн үү?
-Санхүүжилт гацна гэж байхгүй. Шинэ төмөр зам төсөлд “Чингис бонд”-оос 200 сая ам.доллартай тэнцэх хэмжээний, Хөгжлийн банкнаас 55 сая ам.долларын хөрөнгө  оруулалт хийх учиртай.  Санхүүжилтийн хөрөнгө  нь дуусаагүй. Дэд бүтцийн төслийг санхүүжүүлэхдээ тухайн ажлынх нь гүйцэтгэлийг зохих байгууллагууд нь баталгаажуулсны дараа мөнгийг  нь өгдөг. Шинэ төмөр замын далангийн ажлыг тодорхой үе шаттай хийж байгаа. Ажлын  гүйцэтгэл нь дуусаад зохих байгууллагууд нь баталгаажуулсны  дараа  санхүүжилтийг нь олгож байна.
-“Чингис бонд”, Хөгжлийн банкны бондын хүү төлөлт  ямар байна. Валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалж ямар нэг эрсдэл хүлээж байгаа юу?
-“Чингис бонд” болон Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын хүүг хэвийн төлж байгаа. “Чингис бонд”-ын хувьд Монголбанк, Хөгжлийн банктай байгуулсан гэрээнийхээ дагуу мөнгө байршуулсан газраасаа ашгаа татан авч хөрөнгө оруулагчдад хүүг нь төлж буй юм.  Хөгжлийн банк өөрийн бондын хүүг шууд төлж байна. Гадаад валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалж хүүгийн төлбөр нэмэгдээгүй. Учир нь дээрх бондуудын мөнгө гадаад валютаар орж ирсэн болохоор хүүгийн эргэн төлөлтөд алдагдал хүлээх явдал одоогоор гараагүй.  Хүүгийн эргэн төлөлтийн хуваарь тодорхой тул ханшийн эрсдэлээ удирдаж зохицуулаад явж байна.

-Нүүрсний үнэ унаж экспорт зогсонги байдалд орсон. “Эрдэнэс таван толгой” компани авсан зээлээ хэвийн төлж байгаа юу?
-“Эрдэнэс Таван толгой” компани  “Чалко”-гийн  өрөө нүүрсний нийлүүлэлтээр төлөөд явж байгаа. Энэ онд 4.5 сая тонн нүүрс экспортолсон гэсэн мэдээлэл авсан. Тэгэхээр үйл ажиллагаа нь сайн хэвийн байна гэж ойлгосон. Нүүрсний үнэ унасан нь хүндрэл бэрхшээл үүсгэж байгаа байх. Үүнийг үгүйсгэхгүй. Манай олгосон зээлийн эргэн төлөлтөд ямар нэг асуудал гараагүй. Арилжааны банкуудын хүүгээс бага жилийн долоон хувь байх юм.      

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан