Ажил хийвэл ам тосдоно гэх ардын үг бий. Нийгэмд ажилгүйчүүдийн тоо багагүй хувийг эзлэж байгаа хэдий ч олонхи нь гараа хумхиад суулгүй, жинхэнэ монгол хүний ур ухаан шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орны хөгжил болон өөрсдийн амьжиргаанд хувь нэмэр оруулахыг хүсч, хийж чаддаг гэдгээ ч харуулсаар байна. Төрөөс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон бичил бизнест санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгоод багагүй хугацааг үдэж. Энэ ажил хэр үр өгөөжтэй байгааг бид сурвалжиллаа.
Сүхбаатар дүүргийн жижиг дунд бизнесийг дэмжих төвийг манай сурвалжлах хэсэг зорьж очсон юм. Тус дүүргийн хөдөлмөрийн хэлтэс 2013 онд 110 хүнд санхүүгийн дэмжлэг, 12 төсөлд 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хамгийн гол хүсэлт нь бүтээгдэхүүн борлуулахад үзүүлэх дэмжлэг гэнэ. Тиймээс дүүргийн хөдөлмөрийн хэлтэс борлуулалтанд анхаарч эхэлсэн гэдгээ ч дуулгасан юм. Үзэсгэлэн яармаг зохион байгуулахаас гадна Инновацийн төв, хөдөлмөр эрхлэлтийн төвтэй хамтран “Бичил бизнес эрхлэгчдийн борлуулалтын асуудал” сэдвээр хэлэлцүүлэг ч хийжээ. Энэ талаар тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Ганзориг, “Бид бизнес эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг дотооддоо төдийгүй, гадаадад гаргах, борлуулалтыг сайжруулах оновчтой арга эрэлхийлж байгаа” гэв.
Нэг сая төгрөгөөр эхлүүлсэн бизнес
Сүхбаатар дүүргийн жижиг дунд бизнесийг дэмжих төв дэх “Монгол соёл” ХХК-ийн ажилтан Ё.Бадрууштай уулзлаа.
-Та анх бизнесийн санаагаа яаж олсон юм бэ?
-Би таван хүүхэдтэй.Тэднээс маань зурах авъяастай нь 2006 онд анх арьсан дээр зураг зурж түлхүүрийн оосор хийн зарж эхэлсэн. Хэдхэн төрлийг хийж амьжиргаагаа залгуулдаг байсан юм. Эгч нь 2008 онд тэтгэвэрт гарч, хороо дүүргээс зохион байгуулдаг үзэсгэлэнд оролцож мэдээлэл тасралтгүй авч байсны ачаар 2012 онд бичил бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдан бизнес инкубаторын төвд “бойжигчоор” орсон. Гурав, дөрвөн төрлийн түлхүүрийн оосор хийж эхлүүлсэн бизнес маань нэг жилийн хугацаанд 62 төрлийн бүтээгдэхүүн хийх хэмжээнд хүрээд байна. Яахав бүх нэр төрлийнхөө барааг бүрэн үйлдвэрлэж чадахгүй ч авсан дэмжлэг санхүүжилтдээ тааруулан олонхийг нь хэрэглэгчдэд хүргэж байгаа.
-Хэр хэмжээний дэмжлэг авсан юм бэ?
-Гараагаа эхлэхэд зориулж нэг сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг өгсөн. Үүний дараа үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой гэдгийг мэдээд дахин төсөл бичиж таван сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад ажиллаж байна.
-Бүтээгдэхүүнээ хаана борлуулдаг юм бэ?
-Бэлэг дурсгалын дэлгүүрт бөөндөөд өгдөг. Үзэсгэлэн яармагаар ч зардаг. Төрийн болон хувийн албан байгууллагатай хамтарч болох юм байна гэдгийг саяхнаас ойлгоод байгаа.
-Тодруулбал?
-Манайх хамгийн сүүлд нэрийн хуудасны арьсан гэр, компьютерийн хулганы суурь хийсэн. Дээр нь албан газрын нэр, билэгдлийг нь дарсан шинэ бүтээгдэхүүнээ байгууллагуудын захиалгаар үйлдвэрлэж байгаа шүү дээ. Мөн соёлч хүнд зориулсан гутлын алчуур, флаш дискний гэртэй түлхүүрийн оосор гээд бусад арьсан эдлэлийн үйлдвэрт одоогоор хийдэггүй шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.
-Ингэхэд өөрийн бодож олсон шинэ загвараа Оюуны өмчийн газарт бүртгүүлж байна уу?
-Энэ талаар бодсон. Одоохондоо чанартаа л анхаараад байгаа юм.
-Ойрын зорилго тань юу байна?
-Энэ компани охины минь нэр дээр байдаг ч таван өрхийн амьжиргааг залгуулж байгаа. Инкубаторт бойжих хугацаа есдүгээр сард дуусна. Тэр үед таван хүүхэд маань тус тусдаа үйлдвэрлэл эрхлээд бизнесээ өргөжүүлээд явах боломжтой болчих байх.
Монголдоо авто машины сэлбэг үйлдвэрлэж эхлэв
“Green 3D” гэх хаягтай жижигхэн байшинд том үйлийн эхлэл тавигджээ. Энд бүх төрлийн автомашины гупер, кузов гэхчлэн хуванцар эд ангийг хамгийн сүүлийн үеийн 3d төхөөрөмжөөр үйлдвэрлэж байна гэвэл та лав итгэхгүй байх. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтэс өнгөрсөн онд жижиг дунд бизнесийн зээлд олгохоор батлагдсан 500 сая төгрөгөөр 12 төсөл дэмжсэний нэг нь эднийх аж. Б.Алтансүх гэх залуу “BBCEO” ХХК-ийг байгуулж, үйлдвэрлэл нь байгальд хоргүй тул байшингийнхаа гадна “Green3D” гэх хаяг хаджээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таны бизнест төрийн хөнгөлөлттэй зээл хэр үр өгөөжтэй байна вэ?
-Манайх 2013 оны тавдугаар сард жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдаж авсан 90 сая төгрөгөөрөө тоног төхөөрөмж авч ажлаа эхлүүлсэн. Төхөөрөмж маань хэвийг нарийвчлал өндөртэй гаргадгаараа давуу. Одоогоор голчлон автомашины кузов, гупер, хормой зэргийг үйлдвэрлэж байгаа.
-Импортын барааг орлох бүтээгдэхүүн гэхээр их сонин байна. Үнэ өртгийн хувьд харьцуулбал?
-Жишээ нь prius маркийн авто машины гупер 500 орчим мянган төгрөгөөр гарч байгаа. Гаднаас орж ирсэнтэй үнийн хувьд ойролцоо гэсэн үг. Гэхдээ бид төмөр орлуулах түүхий эд ашигладаг болохоор чанараар илүү. Цөөн тоогоор үйлдвэрлэхэд гарах зардал нь өндөр тусдаг.
-Борлуулалт хэр байна вэ. Авсан зээлээ эргүүлэн төлөх хэмжээнд ажиллаж чадаж байгаа юу?
-Зээлээ төлөөд, ажилчдаа цалинжуулаад байх боломжтой болсон. Бид маркетинг хийгээд явж чадахгүй байгаа ч манайхаар юм хийлгэсэн хүн найз нөхөддөө дуулгаж, үйлчлүүлэгч нэмэгдэж, захиалга ч гайгүй байна. Заримдаа захиалгаа хүчрэхгүйд хүрдэг. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд никель эд анги үйлдвэрлэх төхөөрөмж нэмж авсан. Гэхдээ ахиад 30 орчим сая төгрөгийн төхөөрөмж авч байж никелийн үйлдвэрлэлээ эхлэх боломжтой болно.
-30 сая төгрөг ахиад зээлээр авах уу?
-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас дахин зээл авна гэхээр барьцаа хөрөнгө хүрэхгүй. Цаашид олох орлогоо хуримтлуулж авна гэсэн бодолтой байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ч орхихгүй
Жижиг дунд бизнесийг дэмжих бодлого иргэдийг алагчлаагүйн жишээг П.Адъяа гуайнхаас харж болно. Тэрээр хөдөлмөрийн чадвараа 60 хувь, эхнэр Л.Дашиймаа нь 50 хувь алджээ.
Гэсэн ч гарын ур дүйтэй тул хүүхдүүдтэйгээ хамтран модон эдлэл үйлдвэрлэж буй нь энэ. Дүүргийн хөдөлмөрийн хэлтсээр дамжин олгох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгээс хоёр сая төгрөг авч Монголд нэлээд цөөн гэгдэх уран хөрөө авчээ. Хүнд хэрэгтэй бүх төрлийн модон эдлэлийг үйлдвэрлэж чадна гэх П.Адъяа гуай бурхны гүнгэрваа, жааз, идээний таваг, гэрийн тоононы хүрээ голчон үйлдвэрлэдэг гэнэ. Өнгөрсөн сар шинийн баяраар гэхэд л идээний 1000 хос сийлбэртэй модон таваг үйлдвэрлэжээ. Түүнээс борлуулалт ямар байгааг лавлахад, “Нуух юм алга.
Борлуулалт улам бүр дордоод байна. Юанийн үнэ өссөн нь нөлөөлсөн. Лак, будаг, нугас гээд бүх туслах материал маань Хятадынх. Зардлаа тооцоод барааныхаа үнийг нэмчихээр хүн авахаа байчихдаг талтай. Гэхдээ бидэнд бизнесээ өргөжүүлэх хүсэл байхад боломж байгаа нь гарцаагүй.
Хичээвэл хүний амьдрал өдөр өдрөөр дээшилдэг юм” гэв. П.Адъяа, гуай цаашид жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрт төсөл бичиж, бизнесээ өргөжүүлэх бодолтой байгаа гэсэн.