Балет бол төгс ур чадвар шаарддаг “харгис” урлаг хэрнээ авдаг шигээ өгдөг эд биш ажээ. Үнэхээр дэлхийн томоохон театруудад л од болон гялалзахгүй юм бол жирийн балетчид хамаг хүч хөдөлмөрөө зарж энэ урлагт зүтгээд ч дунджаас дээш хэмжээнд амьдрах боломжгүй.
“Payscale”-ийн гаргасан судалгаагаар хааяа гоцолдог, дундаж түвшний балетчин жилдээ 35-58 мянган ам.долларын цалин авдаг аж. Энэ бол цалин чамгүй өндөртэй АНУ-ын театруудын балетчдад олгодог ажлын хөлс. Харин цалингийн түвшин угаасаа бага улс орнуудад бол үүнээс ч бага ажлын хөлс санал болгоно. Ийм цалин авдаг жирийн балетчид дундаас товойн дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн бүжигчин болохын тулд асар их тэвчээр хатуужил, авьяас чадвар, нөр их хөдөлмөр зориулах хэрэгтэй. Бүх талаар өөрийгөө дайчилж, алдрын оргилд гарвал харин зөвхөн бүжиглээд зогсохгүй бүжиг дэлгэх, продюсерээр ажиллах, жүжиглэх, загвар өмсөх зэргээр орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой. Доор өгүүлэх дэлхийн хамгийн баян таван балетчин ч зөвхөн театраас бус арилжааны чиглэлээр ажиллаж, өөрсдийн гэсэн эд баялгийг бий болгож чаджээ. Ингээд дэлхийн хамгийн баян, хамгийн өндөр үнэлгээтэй таван балетчиныг танилцуулж байна.
5. Нина Ананиашвили-/ Тоглолт бүрээс 30 мянган ам.доллар/
Өдгөө Гүржийн театрын уран сайхны найруулагчаар ажиллаж буй балетчин Нина Ананиашвили саяхныг хүртэл тайзаа орхихоос өмнө нэг тоглолтод гэхэд 30 мянган ам.доллараар бүжиглэдэг үнэ цэнэтэй бүжигчин байсан юм. Хүүхэд байхдаа уран гулгалтаар хичээллэж байгаад балетын урлаг руу урвасан түүнийг Москвагийн бүжиг дэглээчийн институтэд суралцаж байх үед мэргэжилтнүүд олж харсан гэдэг. Тэрээр карьерынхаа оргил үед АНУ-ын Балетын театр болон “Хьюстон Балет”-ын гоцлол бүжигчин байсан юм.
4. Сильви Гиллем /850 мянган ам.доллар+цалин/
Хэдий Силви Гиллем аль хэдийнэ 50 дөхөж яваа ч дэлхийн хамгийн үнэтэй балетчин хэвээр байна. 80-аад оны дунд үед л гарч ирж байсан энэ франц бүжигчин одоо ч дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудад уригдсаар л. Түүнийг авч чадсан компанийн тоглолтын орлого суга өсдөг учраас театрууд ч урихдаа дуртай байдаг аж.
3. Бенжамин Миллепид- /900 мянган ам.долларын хөрөнгө/
Түүнийг сүүлийн жилүүдэд өөрийнх нь авьяас чадвараас илүүтэй Холливудын од Натали Портманы нөхөр гэдгээр мэддэг болоод буй. Францын бүжиг дэглээч энэ залуу алдарт “Хар Хун” киноны бүжгийг дэглэж байхдаа Натали Портмантай танилцаж, улмаар гэр бүл болсон юм.
2. Рудольф Нуриев- /7,9 сая ам.доллар/
Рудольф Нуриев бол гарцаагүй хамгийн алдартай балетчин. Түүн шиг олон удаа зургаа авахуулсан эрэгтэй үгүй биз ээ.Оросын домогт балетчин бага залуу насаа ядуу зүдүү өнгөрүүлсэн ч 1993 онд таалал төгсөхдөө хувийн арал дээрээ амьсгал хураасан билээ. Балетчины гоц чадвараараа ч бус басхүү дүр төрхөөрөө олны анхаарлыг татдаг байсан тэрээр бүжиг дэглээч, жүжигчин, найруулагчаар ажиллаж найман сая ам.долларын хөрөнгө босгожээ.
1. Михаил Баришников- /45 сая ам.доллар/
Латвийн Ригад төрсөн энэ эр XX зууны хамгийн шилдэг балетчин билээ. Тэрээр эхэндээ Ленинград, Канадын театрт чөлөөт бүжигчинээр ажиллаж байгаад Нью-Йоркийн Сити балетад ирсэн юм. Тэр цагаас эхлэн Баришнковын алдар цуу мандаж эхэлсэн бөгөөд хожмоо хамгийн хүндтэй бүжиг дэглээч болсон билээ. Тэрээр бас Холливудад хүч сорьж “Sex and the City” кинонд Кэрри Бродшоугийн орос амрагийн дүрд тоглоод амжсан юм. Түүний нийт хөрөнгө 45 сая ам.доллар.