Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай эдийн засагт хямрал “тавтай морилж” байна


-Зэсийн үнэ унасан тул Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт хойшиллоо-
 
Монгол Улсын эдийн засаг хямарлаа. Энэ онд бүр хүнд үе тохионо гэж эдийн засагчид халаглах боллоо. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж байгаа энэ үед ашигт малтмалын экспортод түшиглэсэн манай эдийн засаг хямрах нь ч аргагүй.

Өнгөрсөн онд  ашигт малтмал  экспортын бүтээгдэ­хүүний 80 хувийг бүрдүүлж байлаа. Мөн  гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувийг эзэлж буй. Энэ хөрөнгө оруулалтын 50 гаруй хувь нь Оюу толгойд ногддог. Гэтэл “Туркойз Хилл”  компани Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтаа есдүгээр сар хүртэл хойшлуулах болжээ. Тэд далд уурхайн бүтээн байгуулалтад зээл олгохоор зөвшөөрсөн зээлдүүлэгчдэдээ ирэх есдүгээр сарын 30 хүртэл зээл олгох хугацаагаа хойшлуулахыг хүссэн байна.

Энэ төслийн нийт хөрөнгө оруулалт 6.6 тэрбум ам.доллар гэдэг. Хэрэв уг мөнгөний түрүүч манайд орж ирвэл эдийн засаг сэргэх байлаа. Ам.долларын ханшийг ч номхотгож иргэдийн халаа­сан дахь төгрөг 20 гаруй хувиар суларсныг багасгах учиртай байв. Нөгөө талаар эдийн засаг ч өндөр өсөлттэй хэвээр гарах байлаа. Гэтэл ганц найдвар болсон хөрөнгө оруулалт хойшлох сураг гарсан тул энэ жил Оюу толгойгоос мөнгө горьдолтгүй боллоо гэсэн үг.  
Хөрөнгө оруулалт хойшил­сон шалтгааныг  Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөв­лөл­тийн газрын дарга Ч.Отго­чулуугаас тодруулахад “Дэл­хийн зах зээл дээр зэсийн үнэ унаж буйтай холбоотой байх.  Өнгөрсөн онд нэг тонн цэ­вэр зэс 8000 гаруй ам.дол­лар байсан. Гэтэл одоо 6500 ам.доллар болчихоод байна” гэв.

Энэ оны улсын төсөвт нэг тонн зэсийн үнийг 6800 ам.доллараар тооцсон. Гэтэл төсвийн орлого бүрдүүлэх гол үүрэг хүлээсэн зэсийн үнэ ингэж унаснаар монголчууд бид бүсээ чангалж хямралыг сө­рөх  цаг үе иржээ гэхэд буруудахгүй.
“Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Энэ оны хагас жил гэхэд Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт орж ирнэ. Засгийн газар далд уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа” гэж байсан нь ийн талаар өнгөрөв бололтой.  “Туркойз Хилл Ресурс” компани олон улсын санхүүгийн зах зээлээс оны эхэнд босгосон хоёр тэрбум орчим ам.доллараа “Оюу Толгой”-д оруулах тухай мэдээлэл түгж байсан билээ.

Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөл энэ оны төсвийг  нь 1.28 тэрбум ам.доллар хэмээн баталсан. Харин төслийн орлого нь 2.65 тэрбум ам.доллар байна гэж тооцоолсон. “Рио Тинто”-гийн санхүүгийн тайланд өнгөрсөн онд манай улсад 220 сая ам.долларын татвар, төлбөр хураамж төлсөн мэдээлэл бий. Тэгэхээр энэ онд Оюу толгойгоос борлуулсан бүтээгдэхүүний татвар л авч чадвал их юм болох нь.   Оюу толгой энэ онд  үйлдвэрлэхээр төлөвлөсөн нийт бүтээгдэхүүнийхээ 74 хувь, ирэх жилийн  84 хувийг нь борлуулах гэрээ хийгээд байгаа. Мөн жилд үйлдвэрлэж буй нийт баяжмалынхаа 40 хувийг найман жилийн хугацаанд борлуулахаар урт хугацаагаар гэрээлжээ.

Оюу толгойн гүний уурхайн ажил удааширч, хөрөнгө оруулалт нь хойшилсноор улсын эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй, төслийн өөрийнх нь үнэ цэнэ ч унаж байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Оюу толгойн үнэ цэнэ буурч,  4.7 тэрбум ам.доллараар л  хэмжигдэж байгаа тухай мэдээлэл түгсэн. Үүнийг задлаад үзвэл 3.6 тэрбум ам.доллар нь компанийн үл хөдлөх хөрөнгө, боловсруулах үйлдвэр, тоног төхөөрөмжид ногдож буй гэнэ. Үлдсэн  1.1 тэрбум ам.доллар нь “Оюу толгой” компанийн үнэлгээ юм. Тухайн үед шинжээчид дүгнэхдээ Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт орж ирэхгүй удааширвал тус компанийн үнэ цэнэ дахин 800 орчим сая ам.доллараар буурч магадгүй төсөөлөл хийж байсан.  Одоо нэгэнт хөрөнгө оруулалт хойшилсон тухай мэдээлэл гарч эхэлсэн тул Оюу толгойн үнэ цэнэ улам л унах бололтой. Үнэ цэнийн энэ уналтад алт, зэсийн үнийн хэтийн төлөв, үйл ажиллагааны зардал, валютын ханш ч нөлөөлсөн ажээ.  
Уг нь, Оюу толгой төслийн ажлыг урагштайхан явуулахаар гурван тал буюу Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” удтал сунжирсан хэлэлцээр хийж буй. Тэд хэлэлцсэн 30 асуудлынхаа дийлэнхийг шийдвэрлэсэн гэдэг. Хэлэлцээрийн талаар “Туркойз Хилл Ресурс” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Кэй Пристли хэлэхдээ  “Оролцогч талууд Оюу толгойн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх, мөн үлдсэн хувь нийлүүлэгчдийн асуудлыг бүрэн шийдвэрлэхийн төлөө ажил­лаж байна. Ажил хэ­рэгч хэлэлцээ үр дүнгээ өгч, асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц гарлаа. Хэлэл­цээ үргэлжилж байна” гэсэн ч үр дүн нь харагдахгүй л байна.

Харин бидний нүдэнд ил харагдаж буй зүйл бол уул уурхайн олборлолт, экспорт, улсын төсвийн орлого буурч байна гэсэн тоо баримтууд.
Ашигт малтмалын газраас гаргасан статистикаар энэ оны эхний улирлын байдлаар уул уурхайн салбар ДНБ-ий 18.5 хувийг эзэлж байна. Экспортод гарсан ашигт малтмалыг сонирхвол жоншны хүдэр баяжмал 40, төмрийн хүдэр баяжмал 778, зэсийн баяжмал 122 мянга, алт 1.5 тонныг экспортолжээ. Харин нүүрс 3.7 орчим сая тонныг экспортод гаргасан байна.

Экспортод гарсан нэг унци алт 1336, зэс 6600, цайр 2000, төмрийн хүдэр 102 ам.долларын үнэтэй байгаа аж. Нэг тонн нүүрсний үнэ 49-64 ам.долларын үнэтэй байгаа юм.  Хэрэв угааж баяжуулсан бол нэг тонн нь 76 ам.доллар хүрч байна. Үүнийг сүүлийн нэг жилийн ханштай харьцуулбал  зэсийн үнэ өнгөрсөн оныхоос 12, төмрийн хүдэр 19, алт зургаа, молибдени гурван хувиар тус тус буурчээ. Зах зээлийн шинжээчид ашигт малтмалын үнэ цаашид ч  буурна гэж төсөөлж буй. Учир нь, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан түүхий эдийн эрэлт буурсан. Дэлхийн ашигт малтмалын хамгийн том хэрэглэгч Хятадын эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас нэг хувиар бага гарч, улсын үйлдвэр боомтуудад хангалттай нөөц бүрдсэн гэлцэж байгаа.
Энэ бүхнээс харвал төсвийг бүрдүүлэгч ашигт малтмалын орлого буурсаар байх нь тодорхой байгаа учраас Оюу толгойгоос эхлээд уул уурхайн төслүүддээ гадаадын хөрөнгө оруулалтыг даруй татах хэрэгтэй байна. 



0 Сэтгэгдэл
ХЯМАРЛЫГ БИЙ БОЛГОСОН НЬ МАН...ЯАГААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХГЙҮ БАЙГАА ЮМ....
БОЛЬЁ ОО
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
Хамгийн их уншсан