Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.ГАНБОЛД: МОНГОЛ УЛС АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЦОГЦООР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА

УИХ-аас баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж байгаа нислэгийн хөдөлгөөнд агаарын навигацийн цогц үйлчилгээ үзүүлэхээр тусгасан. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас баталсан хөтөлбөрийн дагуу ИНЕГ-аас агаарын навигацийн үйлчилгээг цогцоор нь шинэчлэх ажлыг хэрэгжүүлж байна. Энэ талаар ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга П.Ганболдоос тодрууллаа.

-Юуны өмнө хийж, хэрэгжүүлж буй ажлуудаасаа сонирхуулаач?

 “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгасан ажлыг хэрэгжүүлэх Засгийн газраас баталсан ерөнхий төлөвлөгөөний хүрээнд агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэх, өөрчлөх талаар багагүй ажлыг зохион байгуулж байна. Нислэгийн аюулгүй байдлыг хангах, агаарын замыг уян хатан, оновчтой зохион байгуулах, нисэх буудлуудад буулт, суулт, хөөрөлт үйлдэж буй агаарын хөлгүүдэд зориулсан нислэгийн зургийг улам боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм.
Ерөнхий хөтөлбөрөөс гадна бид өөрсдөө санаачлан агаарын навигацийн үйлчилгээг шинэ шатанд гаргах тодорхой төлөвлөгөөтэй ажиллалаа. Улсынхаа агаарын зайг үр ашигтай, зөв зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах талаар хэд хэдэн ажлыг  санаачилж хийгээд байна. Тухайлбал, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо болон манай улсын агаарын замаар нислэг үйлддэг томоохон агаарын тээвэрлэгчдийн төлөөллийг урьж,  Монгол Улсын агаарын орон зайд нислэгийн аюулгүй байдлыг хангах талаар хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан. Манай улсын агаарын замыг үр ашигтай зохион байгуулах талаар тэдэнтэй зөвлөлдөж, зарим талаар хамтран ажиллах зөвшилцөлд хүрлээ.
Мөн нэг хүндрэлтэй асуудал байсныг удахгүй шийдвэрлэхээр ажиллаж байна. Манайд бодит ажиглалтаар онгоцыг удирддаггүй байх үед хоёр агаарын хөлөг хоорондын аюулгүй зай 150 км байсныг бид бодит ажиглалтын систем буюу радиолокатор суурилуулснаар 90 км болгож багасгасан. Одоо дахин багасгаж, зургаадугаар сарын 24 гэхэд агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг 30 км болгох зорилт тавиад, олон улсад зарлачихсан ажиллаж байна. Энэ ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх, бичиг баримтууддаа өөрчлөлт оруулах гээд олон ажлыг амжуулж байна даа. Өнөөдрийн байдлаар таван радиолокатор, мөн тооны ADSB буюу хамааралтай ажиглалтын систем ажиллаж байгаа. Энэ онд нэмж хоёр радиолокатор суурилуулна. Бичиг баримтуудаа шинэчилж өөрчлөх, багасгасан зайчлал ханган агаарын хөлгийг удирдах нислэгийн удирдагч нараа бэлтгэх ажил ид өрнөж байна.

-Агаарын хөлгүүдийн аюулгүй зайг багасгахын ач холбогдол  юу вэ?

Ингэж багасгаснаар Монгол Улсын агаарын зайд нэвтрэн өнгөрүүлэх чадварыг сайжруулж, тодорхой хэмжээнд нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Манай улсын хил дээр агаарын хөлгүүд хоорондын зайг холдуулдаг байсан хүндрэлийг арилгаж, нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх талаар хийж буй бидний ажлыг хоёр хөрш төдийгүй агаарын тээвэрлэгч нар тааламжтай хүлээн авч байгаа. Үүнийг хийснээр төр, засгаас баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төдийгүй агаарын тээврийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм. Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулаагүй бол бид энэ ажлыг хэрэгжүүлэхэд хэцүү. Харж удирдаагүй байж хоёр агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг багасгаж нислэг үйлдэнэ гэдэг боломжгүй зүйл байсан. Энэ асуудлыг радиолокатор суурилуулж шийдвэрлэснээр аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж ажиллана гэсэн үг. Ингэснээр манай улсын агаарын хил дээр үүсч байсан цуваачлалын асуудалд хүндрэл гарахгүй болж байгаа юм. Түүнчлэн агаарын хөлгүүдэд өөрсдийн ашигтай өндрийг эзлэн нисэх боломжийг илүү хангаснаар нислэгийн цаг, түлшний зарцуулалтыг бууруулж, агаарын бохирдлыг багасгах, эдийн засгийн ашигтай байдалд нилээд ахиц гарна гэж ойлгож болох юм.

-Агаарын хөлөг хоорондын аюулгүй зайг багасгах талаар өнгөрсөн онд яригдаж байхад энэ оны 12 дугаар сард шийдвэрлэнэ гэж байсан. Хугацааг нь наашлуулжээ?

Хугацааг нь наашлуулсан. Бид Тайландын вант улсын “Aerotai” компанитай хамтарч хийх нислэгийн удирдагч нарын сургалтын хугацааг урагшлуулж чадсан. Бичиг баримтад өөрчлөлт оруулах ажлууд ч хугацаандаа хийгдээд явж байгаа учраас хугацааг наашлуулах боломж бүрдсэн. Нислэгийн удирдагч нараа бэлтгэж, холбогдох бичиг баримтуудыг цэгцэлж дуусаад зургаадугаар сарын 24-нөөс хэрэгжүүлэх юм.

-Эдгээр өөрчлөлтийн үр дүн хэдийнээс гарч эхлэх бол?

Бидний зорьж, зүтгэж буй ажлын үр дүн түрүүчээсээ гарч эхэлж байна. Тухайлбал, Монгол Улсын агаарын орон зайгаар нэвтрэн өнгөрч буй өнгөрөлтийн нислэгийн  цэвэр гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3555 нислэгээр нэмэгдлээ. Энэ нь бидэнд үүнээс ч илүү боломж бий, агаарын орон зайгаар өнгөрүүлэх нислэгийг нэмэгдүүлэх чадвартай гэдгээ олон улсад харуулсан хэрэг болж байгаа. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах талаар бидний хийсэн, санаачилж зохион байгуулсан ажлын үр дүн түрүүчээсээ ингэж гарч байна. Төр засгаас анхаарч ажилласнаас гадна олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд ийм амжилтад хүрлээ. Бид олсон амжилтаа бататгаж, цаашид ч өөрийн улсын дээгүүр дамжин өнгөрөн нислэгийн тоог нэмэгдүүлэх зорилт тавин, урам зоригтой ажиллаж байна даа.

-Нислэгээ нэмэгдүүлсэн агаарын тээвэрлэгчдээс жишээ татаж сонирхуулбал?

Өнгөрсөн жилүүдийн нислэгтэй харьцуулж хэлье. Жишээ нь: “Air China” компани 506, “KLM” буюу Голландын агаарын тээврийн компани 524, “China eastern Airlines” 556, “China southern” 1438 нислэгийг нэмж үйлдсэн байна. Мөн Германы “Lufthanza cargo” компани 345, “TNT” агаарын тээвэрлэгч 236, Хонконгийн “Catayfacific” 347, “British airvays” 556 нислэг нэмсэн байх жишээтэй. Энэ бол бидний хийж хэрэгжүүлж буй ажил, манай улсын агаарын замын аюулгүй байдал дээшилснийг агаарын тээвэрлэгчид гярхай мэдэрсэн байна гэж хэлж болох юм.

-Шинээр нислэг үйлдэх хүсэлтээ ирүүлсэн авиакомпани байгаа юу?

Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлддэггүй дөрвөн компани нислэг үйлдэх зөвшөөрөл хүссэн. Чехийн “Chekh airlines”, Олон улсын шуудан тээврийн “Fedex”, Филиппин улсын “Philippine airlines”, Израйл улсын “Izrail airlines” гэсэн дөрвөн компани нислэг үйлдэх зөвшөөрлөө авч, хоёр нь эхэлчихсэн байгаа. Манай улсын агаарын замын аюулгүй байдлыг нилээд судалсны эцэст нислэг үйлдэх хүсэлтээ тавьж байгаа шүү дээ.
    Мөн хөөрөлт, буултын нислэг өнгөрсөн оныхоос нэмэгдсэн. Энэ нь нислэгийн төлөвлөлтийг уян хатан болгосонтой холбоотой. Өмнө нь бид нислэгийн төлөвлөлтийг гурван өдрийн өмнө ч гэдэг юмуу их хатуу өгдөг байсан.  Одоо бид нэг хоногийн өмнө юмуу, эсвэл зургаан цагийн өмнө өгснөөр Улаанбаатарт бууж, хөөрч буй агаарын хөлгийг тоог нэмэгдүүлсэн байгаа.

-Энэ бүхэн агаарын замын бодлогоо шинэчлэх ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд гэж ойлгож болох уу?

Монгол Улс агаарын орон зайгаа уян хатан болгох, агаарын замуудаа өөрчлөн шинэчилэх тал дээр хоцрогдолтой ажиллаж байсан. Бид үүнийг барьж авч, төлөвлөгөөндөө тусган, Япон улсын Иргэний нисэхийн байгууллагатай хамтарч өнөөдрийн байгаа агаарын замуудад шинэчлэлт, өөрчлөлт оруулах, уян хатан болгох талаар ажиллаж эхэлсэн. Зарим агаарын тээвэрлэгчийн зүгээс “улирлын чанартай салхинаас болж танай нутаг дэвсгэр дээгүүр орж ирсэн үед агаарын замаа солих шаардлага гардаг. Тиймээс танайх агаарын замаа уян хатан болгох тал дээр анхаарч ажиллаач” гэсэн хүсэлтийг гаргадаг. Манай мэргэжилтнүүд энэ тал дээр судалгаа явуулж, түрүүчээс нь уян хатан болгож эхлээд байна. Зарим хязгаарлалттай байсан агаарын замуудын хязгаарлалтыг цуцалсан.
Мөн нислэг үйлдэж буй схем зурган дээрээ анхаарч байгаа. Тухайн агаарын хөлгийг нилээд урт зам туулуулж байж эргүүлэх ч юм уу, буулт, суултанд ороход хүндрэлтэй схем зургууд ганц нэг байдаг. Үүнийг засч сайжруулах тал дээр  ажиллаж байна. Нислэгийн зургийг улам боловсронгуй болгосноор манай улсын дээгүүр нисэн өнгөрч буй агаарын хөлгүүдэд сонголт гаргаж өгч байгаа. Нислэг үйлдэггүй байсан агаарын замуудын ашиглалтыг сайжруулах, манай нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлддэггүй авиакомпаниудын сонирхлыг татах талаар багагүй ажил зохион байгуулж байна. Манай улсын агаарын замуудад өөрчлөлт оруулснаар нислэгээ нэмэгдүүлэх боломж байгаа талаар агаарын тээвэрлэгч нараас хүсэлт ирүүлсээр байгаа. Одоогийн байдлаар ийм хүсэлт долоо ирээд байна.

-Ярилцсан танд баярлалаа.

Бидний хийж хэрэгжүүлж буй ажлын талаар уншигчдадаа мэдээлэл хүргэсэн та бүхэнд ч гэсэн баярлалаа. Иргэний нисэхийн салбарын хамт олондоо удахгүй болох Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярыг ажлын өндөр амжилтаар угтахыг хүсэн ерөөе.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан