Цэцэрлэг бол өдөр өнжүүлэх газар биш. Аав, ээжийг ажилтай хойгуур асрагчийн үүргийг ч гүйцэтгэх ёсгүй. Боловсролын газар. Тэр дундаа хүн болж төлөвших зөв замд чиглүүлж, ерөнхий боловсролын суурь мэдлэгийг олгодог чухал объект. Харамсалтай нь, манай цэцэрлэгүүд хана нь цуурсан, хаалга нь ямбийсан, мөөгөнцөрт баригдаж, халуу шатсан, хагас зууны түүхтэй хуучны байшин л байдаг. Тэнд хүүхэд хүмүүжүүлэх байтугай хүн орохыг хориглож, өнгөрсөн жилээс эхлэн үүд хаалгыг нь барьж эхэлсэн.
Өдгөө ч урсгал засвараар амь тариа хийж, өнөө, маргаашаа аргалж буй цэцэрлэгт олон хүүхэд толгой хоргодож байна. Ийм үед сурлага хүмүүжил бус суралцах орчноо сайжруулах нь нэн түрүүнд хийх ажил юм.
Гэвч царцаагдсан цэцэрлэг, сургуулийн байшинг нурааж, шинээр барих ажил он дамжин, урин дулаан цагт ч эхлэхгүй байна. Төсөв мөнгө суулгаж өгсөн барилгын ажил явахгүй байгаад олон эцэг эх санаа зовно. Ялангуяа, өнгөрсөн жил хорооны харьяаллаар хүүхдийг цэцэрлэгт авах журам гарсны дараа цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийн эцэг эх дээрх асуудалд анхаарал хандуулж эхэлжээ.
Учир нь, нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй хороо ч бий. Нөгөөтэйгүүр, хүн амын суурьшлаас шалтгаалж, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо харилцан адилгүй гарсан. Дээрх шалтгааны улмаас цэцэрлэгт хүүхдээ өгөх хүсэлтэй иргэн олон хоногийн өмнөөс дараалал үүсгэж, багагүй бухимдалтай байсан. Тиймээс энэ онд ч дээрх байдал давтагдах вий гэдгээс эцэг эхчүүд эмээж байгаа бололтой юм. Үүнийг ч төсөв батлах шинэ хөтөлбөртэй уялдуулан нотолж болно. Тодруулбал, Улаанбаатар хотын энэ оны төсвийг боловсруулахдаа анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318 мянган өрхөөс санал авч, иргэдээс хамгийн их ирүүлсэн саналыг тусгасан байдаг. Үүнд, иргэд 157 байршилд цэцэрлэг барих, хороо бүрт гэрэлтүүлэг, камер тавьж хүүхдийн тоглоомын талбай тохижилт, утасгүй интернэтийн орчин бүрдүүлж өгөхийг хүссэн судалгаа гарсан. Үүнээс иргэдэд хамгийн эрэлттэй зүйл нь цэцэрлэг гэдгийг судалгаанаас харж болох нь. Энэ бол хүн амын өсөлтийг дэмжсэн төрийн бодлогын үр шим. Гэвч өсөлтийг дагасан цэцэрлэг, сургууль зэргээ бид төлөвлөөгүйгээс өдгөө өөрсдөө асуудалд уначихаад байгаа нь энэ. Уг нь, төсөвт эдгээр саналыг шийдвэрлэхээр цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор, он дамжсэн 36 сургууль, 37 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар хөрөнгө суулгасан талаар мэдээлэл тараасан. Гэвч иргэдийн дээрх эрэлтийг энэ ондоо багтан хангаж дийлэхээргүй харагдаж байна.
Түүнчлэн хүн амын өсөлт, шинээр суурьшиж буй хүмүүсийн эрэлт хэрэгцээний хурдыг цэцэрлэгийн хүртээмж гүйцэхгүй байна. Ялангуяа, Хан-Уул болон Баянгол дүүргийн ганцхан хороонд гэхэд л 1000-аас дээш айл өрхтэй орон сууцнууд шинээр ашиглалтад орж байгаа нь хороодод цэцэрлэг хүрэхгүй байх, харьяаллынхаа дагуу цэцэрлэгт хүүхдээ өгөх боломжийг улам хомс болгож байгаа гэдгийг холбогдох газраас хэлж байна. Энэ мэтчилэн хүртээмж багатай хороод олон бий. Үүнд, Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргаж нураах цэцэрлэгийн тоонд оруулсан Чингэлтэй дүүргийн II хороонд орших Улсын тэргүүний Хоёрдугаар цэцэрлэгийг жишээ болгон авч болно. 200 хүүхдийн багтаамжтай тус цэцэрлэг юу, юугүй нурах нь гэсэн шалтгаанаар “тэтгэвэртээ“ суусан. Өөрөөр хэлбэл, нурах аюултай учраас хүн орохыг хориглож, хүүхдүүдийг тараасан. Гэсэн ч хоёр жил орчим хугацаа өнгөрч байхад цэцэрлэгийг нураах байтугай оронд нь Улсын тэргүүний “Лайк караоке” үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэд л биш бол том хүн үхэж болно гэж бодсон бололтой. Хэдийгээр энэ цэцэрлэг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд багтаж, үйл ажиллагаа явуулдаг ч цэцэрлэг ховордсон энэ үед шинээр барьж цэцэрлэгийн байрыг зориулалтаар нь ашиглах бүрэн боломжтой юм. Ингэснээр эхний хүчин чадал буюу 200 хүүхдийн багтаамжийг хэд дахин нэмэгдүүлэх бүрэн нөөц бий. Үгүй дээ гэхэд л 200 гэсэн тоог 2.2 дахин өсгөх бололцоо бий гэдгийг холбогдох газраас баталсан. Өдгөө ч энэ түвшинд үйл ажиллагаа явуулж, багтаамжаа 100 хувь, түүнээс ч дээш хувиар ашиглаж байгаа хүндхэн цэцэрлэгүүд бий. Гэтэл II цэцэрлэг 400 ам.метр талбай бүхий цэцэрлэгийн барилгыг бүхлээр түрээслэх гэрээг “Хас өргөө транс” компанитай 2016 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл хийсэн. Магадгүй, барилгыг царцаахгүй гэсэн санаа байж болох ч цэцэрлэгийн хүртээмж, дээрээс нь үйл ажиллагааг нь хориглосон мэргэжлийн газрын дүгнэлт байхад энэ мэт үйлдэл гаргасан нь хэр зөв бэ гэдэгт одоог хүртэл хэн нэгэн хариулсангүй. Цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхгүй бол энэ мэт алдаа дутагдлууд ирэх элсэлтээр ч ажиглагдах бололтой.