Амьдралын утга учир гэж юу юм, хэрэв аз жаргалтай байх нь амьдралын утга учир юм бол яаж жаргалтай байх вэ гэдэг асуултын хариуг олох гэж хүн төрөлхтөн хэдэн зуун жил бодож бясалгаж ирсэн. Маш ойлгомжгүй, хэт нүсэр ойлголт юм шиг санагдах аз жаргал гэдэг зүйл яг үнэндээ маш энгийн, бид заримдаа өдөр тутмын хэвшлээр ч бий болгож болох зүйл гэдгийг дараах зөвлөгөө танд харуулна.
Талархал, талархал, талархал
Бусдад баярлаж талархана, түүнийг илэрхийлнэ гэдэг хүнийг хамгийн ихээр баяр жаргалтай, сэтгэл тэнүүн болгодог зүйл юм. Бусдад талархал илэрхийлснээр нэгдүгээрт та өөрөө жаргалтай болно, хоёрдугаарт тэр хүнтэй харилцах харилцаа тань сайжирна. Талархаж чадаж байна гэдэг таныг мөн сайн хүн гэдгийг ч илтгэнэ.
Хүрэл медаль хүртсэн хүмүүс мөнгөн медальтнуудаас илүү баяр хөөртэй байдаг. Яагаад гээч. Тэд юу ч үгүй хоосон үлдэх байснаас ядаж медальтай хоцорлоо хэмээн баярладаг. Харин мөнгөн медальтнууд бол алт авах боломж байсан шүү дээ хэмээн цаана нь заавал чамлах сэтгэл төрдөг.
Орой бүр орондоо орохын өмнө тэр өдөр тохиолдсон гурван сайхан зүйлийг бичиж тэмдэглэж бай. Гэхдээ сайхан зүйл гэдэг заавал их мөнгөтэй болох, тушаал дэвших гэсэн том үйл явдлыг хэлдэг юм биш шүү дээ. Гадаа нэг их сайхан нартай байхад хэсэгхэн хором алхсанаа, хажуугаар зөрсөн сайхан бүсгүйг харж догдолсноо, санаандгүй байхад утсаар ярьсан найзын дуудлага гээд хэрэв олж харах гэж хичээвэл өдөр бүр сайхан зүйлс үй түмээрээ тохиолддог шүү. Ингэж аливаа зүйлээс эерэг сайхныг нь олж харах гэж хичээж, өдөр бүр тархиа дасгалжуулснаар аяндаа таны бодол дандаа сайн сайхан зүйл рүү татагддаг болно.
Чаддаг зүйлээ хий
Чаддаггүй зүйлээ хийж, байнга өөрийгөө голж чамлаж байснаас чаддаг бөгөөд дуртай зүйлээ байнга хийвэл сэтгэл санаа тайван, өөдрөг байна.
Таалагддаг хүмүүстэйгээ аль болох их цагийг өнгөрүүл
Өөрийн хайртай, дотны, таалагддаг, үлгэр дуурайл авдаг хүмүүстэйгээ аль болох их цагийг өнгөрүүлэх гэж хичээж бай. Ер нь, хамгийн жаргалтай хүмүүс бол бусадтай сайхан харилцаатай, найз нөхөд танилын хүрээ өргөнтэй, нийтэч хүмүүс байдаг. Хүмүүсийн өнгөрсөн хойно нь хамгийн их харамсдаг зүйл бол хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлж чадаагүй хором мөчүүд байдаг. Тиймээс чамд инээд хөөр бэлэглэдэг үр хүүхэдтэйгээ, чамайг үргэлж хайрлаж дэмжиж байдаг эцэг эхтэйгээ, хөгжөөн наргиан бэлэглэж, ямар ч үед чамайг ойлгодог найз нөхөдтэйгөө, урам зориг, урагшлах эрч хүч хайрладаг үлгэр жишээ хүмүүстэйгээ дандаа хамт байгаарай.
Мөнгөнөөс ч чухал зүйлс
Мөнгө амьдралд хамгийн чухал хэрэгцээтэй зүйл гарцаагүй мөн. Гэвч мөнгөтэй байснаар хүн аз жаргалтай болдоггүй гэдгийг л сайн ойлгож ав. Хамгийн баян хүмүүст ч сэтгэлийн зовлон байдаг. Тэрбумтнууд болон ядуусын хорооллынхныг харьцуулсан судалгаагаар ядуус хавьгүй санаа амар, жаргалтай амьдардаг болохыг харуулсан судалгаа бий. Ер нь, барууны янз бүрийн орлоготой айл өрхүүдийг харьцуулан судлахад алтан дундаж буюу жилд дунджаар 50-75 мянган ам.долларын орлоготой гэр бүл илүү жаргалтай амьдарч байгаа нь харагджээ.
Өглөг
Авахаасаа өгөх нь өлзийтэй гэдэг. Үнэхээр ч хүнээс авахаас илүү хүнд өгөх нь илүү баяр баясгалан бэлэглэдэг. Энэ нь аяганы хариу өдөртөө гэдэг шиг хэзээ нэгэн цагт тус нь ирнэ гэсэн ашиг харсан үйлдэл ердөө ч биш бөгөөд хүнд хэрэгтэй зүйлийг нь өгч баярлуулснаар өөрт давхар баяр баясгалан өгч, өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрдөг нь ч нууц биш. Өнөөдөр дэлхийн тэргүүн баячууд яагаад хөрөнгийнхөө дийлэнх хувийг бусдын сайн сайхны төлөө зориулна гэж амлаад байна. Тэд өгөхийн сайхныг, өгсний дараа үр шимийг нь хүртэхийн амтыг мэддэг учраас тэр.
Тэмц, зүтгэ
Үргэлж нэг хэвийн ажил хийсээр байвал амьдрал уйтгартай болно. Тиймээс том зорилго тавьж, түүндээ хүрэх гэж тэмц, зүтгэ. Тэр явцад та унаж, босно. Энэ идэвх, хөдөлгөөн амьдралыг сонирхолтой бас жаргалтай болгоно. Гэртээ телевизийн суваг солиод л суугаад байхыг жаргал гэх үү. Түүний оронд ажил хөөцөлдөөд завгүй гүйж яваад орой харихад гэртээ өнгөрүүлэх хоёр, гурван цаг илүү жаргалтай, үнэ цэнэтэй санагдах болно. Юу ч хийхгүй, зүгээр суух нь уйтгар гунигийг бий болгодог. Харин хөдөлгөөн нь амьдралын эрчмийг сэлбэж, аз жаргалтай болгож байдаг юм.
Өөдрөг бай
Өөдрөг эерэг бодол, нүүр дүүрэн инээмсэглэл, сайхан тэврэлт гээд энгийн зүйлс санаанд оромгүйгээр амьдралыг тань аз жаргалтай болгодгийг та мэдэх үү. Аливаа зүйлийг бага зэрэг хэтрүүлээд сайхнаар бодчиход гэмгүй. Тэртээ тэргүй бид хайртай хүнээ байгаагаас нь илүү сайхнаар харж, дурладаг шүү дээ. Яг түүн шиг аливаа зүйлээс зөвхөн сайн сайхныг нь олж харахыг хичээж яагаад болохгүй гэж.
Ид, унт, амар
Хүний амьдралд зайлшгүй хэрэгцээ гэж байна. Хооллох, унтаж амрах гээд. Хэрвээ бүх л зүйл болж бүтэхгүй байгаа мэт санагдаж, харагдсан хүн бүхэнд уураа гаргачих гээд байгаа бол ямар нэг юм ид.Унтаж амар. Амьдралын энэ зайлшгүй хэрэгцээ танд энерги өгөхөөс гадна унтах явцад гэхэд хүний тархи сөрөг энерги, хортой хогоо цэвэрлэж устгаж байдаг. Тиймээс хангалттай сайхан нойрсч бай. Хүн нойрыг хэзээ ч хуурч чадахгүй. Нойргүйдэж ядарвал хэчнээн өөрийгөө хүчлээд л хүн сайхан ааштай байж чаддаггүй.
Ингэж харамсахгүйг л хичээ
Нас дээр гарсан хүмүүс залуу цагтаа тэгэх минь яалаа, ингэх минь ч яав даа гэж харамсдаг. Тэр дундаа ийм харамслуудыг ихэнх хүн тээж явдаг ажээ. Тэгэхээр ингэж харамсахгүйг л хичээж яв.
-Бусдын хүссэн, төсөөлснөөр биш, өөрийнхөө хүссэнээр амьдрах минь яав даа.
-Юуны төлөө тэгж их ажиллав аа.
-Тэр үед л гомдлоо, уур бухимдлаа, баярласан сэтгэлээ илэрхийлэх минь яалаа.
-Найзуудтайгаа илүү дотно байхгүй яав даа.