Монголчууд хамтын хүчээр Монголдоо автобус үйлдвэрлэдэг болсон сайхан мэдээ хүн бүрийн баяр, бахархлыг төрүүлж байсан. Энэ ажлыг гардан зохион байгуулж, амжилттай үргэлжлүүлж яваа Монголын цахилгаан тээвэр компанийн дарга асан Д.Жаргалсайхантай цөөн хором ярилцсан юм.
-Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой тэмдэглэсэн монголчууд 2006 онд машин үйлдвэрлэсэн. Хүн бүр ойлгоод байдаггүй нарийн төвөгтэй техник технологи, үйлдвэрлэлийн энэ ажил одоо ямар түвшинд явж байна вэ?
-Оньсон техник бүтээх монголчуудын зуун зууны мөрөөдөл Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор биелсэнд маш их баярладаг. Өндөр технологи, мэдлэг, туршлага, инноваци шингэсэн цахилгаан машин үйлдвэрлэнэ гэдэг өнөөдөр бодчихоод маргааш нь хийчихдэг ажил биш. Ямар ч байсан монгол хүн машин үйлдвэрлэж чадна гэсэн тэр итгэл үнэмшлийн галыг асааж өгснөөрөө нийгмийн сэтгэл зүйд шинэ сэрэхүй, урам зориг өгсөн түүхэн ач холбогдолтой ажил болсон. Өнөөдрийн байдлаар улс, нийслэлийн төсвөөс 8,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван загварын 66 ширхэг цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн. Нэг ширхэг цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн өртгийг дунджаар 124 сая төгрөг буюу 70 мянган америк долларт багтааж чадсан. Энэ нь, ийм төрлийн тээврийн хэрэгслийн дэлхийн зах зээлийн үнээс 4-14 дахин бага зардлаар JEA-800 маркын цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэснийг аудитын компаниуд баталгаажуулсан байна. Хэрэв өнөөдөр дэлхийн зах зээлээс хосолмол, гурвалсан тэжээлийн эх үүсвэртэй 66 ширхэг цахилгаан машин авсан бол улс, нийслэлийн төсвөөс 21 тэрбум төгрөг нэмж гарах байсан. Мөн машинт үйлдвэрийн салбар хөгжих хууль эрх зүйн акт бичиг баримтуудыг бий болгох, машин үйлдвэрлэл хөгжүүлэх НҮБ-ын конвенц дээр суурилсан үндэсний стандарт боловсруулж батлуулах, Олон улсын машин үйлдвэрлэгчийн холбооноос Монгол Улс Mu-9 VIN Code авах, техникийн зураг, технологийн баримт бичгүүд боловсруулах, техникийн туршилт судалгаа баталгаажуулах ажлыг зохион байгуулах гээд маш олон ажлыг өнгөрсөн хугацаанд хийлээ.
-Уналтад ороод байсан “Цахилгаан тээвэр” компанийг та босгосон. Яагаад ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм бэ?
-Нийгмийн шилжилтийн он жилүүдийн хүндрэл бэрхшээл манай компани, хамт олныг тойрч гараагүй нь мэдээж. Троллейбусны ашиглалтын гүйлт норм 400 мянган км байдаг бөгөөд хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэсэн ЗиУ-682 маркын троллейбуснуудын техник ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах, техникийн үйлчилгээний технологийн горимыг чанд мөрдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг ажил хүчтэй зохион байгуулж ирсний үр дүнд троллейбусны ашиглалтын гүйлтийг 1,2 сая км-д хүргэж, улсад нэлээд олон орон тоогоор илэрхийлэх орлого оруулсан. Ашиглалтын гүйлт нормоосоо 2-3 дахин илүү явчихсан хуучин троллейбустай байхдаа өдөр бүр л загнуулж, дээрэлхүүлэн доромжуулж явсан минь шинэ технологийн орчин үеийн хийцтэй, тэжээлийн олон систем бүхий цахилгаан машин бүтээх эрч хүч өгч байсан. Троллейбустай холбогдсон амьдралын 26 жилдээ үе үеийн олон инженер техникийн ажилтан, засварчдыг сургаж хүмүүжүүлж ирсэн. Харин сүүлийн 10 жил хүмүүс маань тогтвор суурьшилтай, зорилго тэмүүлэлтэй ажиллаж ирлээ. Цахилгаан тээвэр компанийг дампууруулж Автобус-II компанийн адилаар хувьчилна гэж маш олон хүн улайран дайрч байсан. Өнөөдөр цахилгаан тээврийн үйлчилгээний давуу талыг нийгэм ойлгож бараг хүн бүрийн амнаас метро барина гэсэн үг гарч эхэлсэнд мэргэжлийн хүний хувьд баяртай байдаг. Компанийнхаа парк шинэчлэлтийг хамгийн хямд зардлаар хийх хүсэл зорилгын дор ямар ч байсан нэгдүгээр шатны сэргэлт, парк хийж чадсан.
-Тэгээд?
-Цаашид нийтийн тээврийн үйлчилгээ, үйлдвэрлэл хоёр нэг компани дээр зэрэгцэн байж болохгүй гэсэн ЗТЯ, нийслэлийн удирдлага, нийслэлийн Аудитын газраас өгч байсан чиглэлийн дагуу Цахилгаан тээвэр компани дээр өрнөж байсан цахилгаан машин үйлдвэрлэлийн ажил зогсч байгаа. Тэгээд ч өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн шинэ салбар хувийн хэвшилд тулгуурлан хөгжих ёстой гэж бодсон. Энэ үүднээс төрийн компанид үйлдвэрлэл явуулахад ямар их зовлон бэрхшээлтэй, дарамттай байдгийг яс махаараа мэдэрсэн хүний хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
-Цахилгаан тээвэр Жаргалсайхан гэдэг амин холбоо цаашид тасрахгүй биз дээ. Ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Хүний амьдралын 26 жил гэдэг бага биш хугацаа. Энэ компанийн байшин барилга, тоног төхөөрөмж, машин механизмууд, тарьсан мод гээд миний сэтгэл, оюун ухаан, хичээл зүтгэл хөдөлмөр шингэсэн олон зүйл байгаа. Компаниа сэргээн хөгжүүлэхийн төлөө мөр зэрэгцэн өдөр шөнөгүй, амралт, зав чөлөөгүй зүтгэсэн хамт олноо яахан мартах билээ. Компанийнхаа ажилчдын 72 айлын орон сууц барих бүх техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлж өгсөн. Гэхдээ энэ барилгын ажлыг эхлүүлж чадаагүйдээ жаахан харамсдаг. Гэхдээ хөдөлмөрийн талбарт хатаагдсан шинэ удирдлагын баг миний эхлүүлсэн олон ажлыг амжилттай үргэжлүүлэн хийж чадна гэдэгт итгэж байна. Цаашдаа иргэн Жаргалсайхан Төмөрлөг Машин Үйлдвэрлэлийн үндэсний холбооны ажлаа эрчимжүүлэх, хүнд аж үйлдвэр хөгжих хууль эрх зүй, бизнесийн орчин бүрдүүлэх, өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн шинэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, бүс нутгийн машинт үйлдвэрлэлийн интеграцид монголчууд бүтээгдэхүүн болон технологи, техникийн баримт бичгийн аутсортингоор нэгдэх боломж нээх гэх мэт олон ажил төлөвлөн сууж байна.
-Металлург, машинт үйлдвэрлэлийн цоо шинэ хөгжлийн салбар бий болгоно гэж хамгийн их ярьдаг хүн, та. Монголчууд техник технологийн өндөр нарийвчлалтай мега төслүүд хэрэгжүүлснээр юу хожих вэ?
-Тал нутгаа урж сүйтгэхээс илүүтэй тархи оюунаа дайчилсан техник техонологийн мега төслүүдийг хэрэгжүүлж чадвал мянган жил тутам төв Азийн өндөрлөгөөс сэргэн мандах хөх толботнуудын тэнгэрийн зарлиг биелэлээ олж монголчуудын зуун зуунаар алслан амьдрах ирээдүй л баталгаажина. Улс үндэстний хөгжлийн нүүдлийг алслан харж чадах ухааны болон билгийн нүд нь нээгдсэн шинэ үеийн монголчууд сэрж байгаа нь зөв гольдролдоо орсон жам ёсоороо хөгжих итгэл төрүүлж байна.