Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ИРЭХ ОНД 0.5 ХУВИАР ӨСНӨ

Ази-Номхон далайн бүс нутагт санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг Азийн хөгжлийн банк (АХБ) манай улсын болон бүс орчмын эдийн засгийн байдалд дүгнэлт өглөө. Тэдний гаргасан тооцоогоор дэлхийн эдийн засгийн төлөв эрсдэл багатай ч, гадаад тэнцлийн алдагдлаас үүдэн Монголын эдийн засаг “шаазан ваар” шиг байх төлөв ажиглагдаж байгаа аж. Гэхдээ урд хөршийн эдийн засгийн өсөлт буурснаар хөгжингүй орнуудын нийт эргэлтийг доош татна хэмээн АХБ үзсэн. Энэ нь, Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд тогтвортой байхад нөлөөлөх юм. Үүнтэй уяалдуулан тус банк “Хөгжиж буй орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ онд 6.2 хувь, ирэх онд 6.4 хувь болно” гэсэн төсөөлөл гаргаад байна.
Харин “Азийн хөгжлийн төлөв 2014” тайланд тусгагдсан Монголын эдийн засгийг тусгайлан авч үзвэл “Оюу толгой” төслийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өнгөрсөн онд эхэлсэнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт энэ онд  9.5 хувьд хүрэх юм байна. Харин ирэх онд 0.5 хувийн өсөлт үзүүлж, 10 хувь болно гэж үзлээ. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт хурдацтай буурч, нүүрсний экспорт унаж байгаагийн зэрэгцээ төсөв, мөнгөний тэлэх бодлого хүчтэй явуулсны улмаас төлбөрийн тэнцэлийн дарамт бий болоод байна. Харин төгрөгийн сулралын нөлөөгөөр урсгал дансны алдагдал тогтворжиж байгаа бол төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах, төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцыг хазаарлахын тулд эдийн засгийн бодлогыг чангатгаж, дотоод эрэлтийн өсөлтийг бууруулах шаардлага бий боллоо гэж АХБ үзэж байна. Түүнчлэн манай улсын эдийн засгийн цаашдын төлөв БНХАУ-ын болон дэлхийн эдийн засгийн төлөв байдлаас ихээхэн хамааралтай хэвээр байхыг дурдсан ч, болзошгүй гадаад цочролоос хамгаалах “зөөлөвч”-ийг одоо баримталж байгаа бодлогууд бүрдүүлж чадахгүй гэдгийг онцолж байна. Тиймээс манай улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлэх гадаад орны эдийн засгийн цаашдын төлөв ямар байгааг хүргэе.

Хятадын ДНБ-ий өсөлт бага зэрэг буурна

Голлох аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлт эрчимжиж байна. АНУ, евро бүс болон Японы ДНБ-ий өсөлт дунджаар өнгөрсөн онд нэг хувь байсан бол энэ онд 1.9 хувьд хүрч 2015 онд 2.2 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байна. Харин эсрэгээрээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац саарах тооцоо гарчээ. Өнгөрсөн оны хувьд урд хөршийн эдийн засгийн өсөлт 7.7 хувь болж буурсан. Үүнд, Хятад улс зээлийн өсөлтийг сааруулсан, аж, үйлдвэрийн илүүдэл хүчин чадлыг хумиж эхэлсэн, орон нутгийн засаг захиргааны өр ихэссэн, юанийн ханш чангарсан улсын хөгжлийн бодлого нь тооноос чанар руу шилжсэн зэрэг шалтгаан тус улсын хувьд эдийн засгийн өсөлт буурах шалтгаан болсон юм. Ирэх хоёр жилийн хувьд ч дээрх хүчин зүйлсийн нөлөө үргэлжлэх учраас урд хөршийн ДНБ-ий өсөлт энэ онд 7.5 хувь, ирэх онд 7.4 хувь болж бага зэрэг буурах төлөв ажиглагдаж байгаа аж.

Эдийн засгийн удаашрал нь Монголд нөлөөлнө

Олон улсын эдийн засгийн эрсдэл харьцангуй намжмал байгаа ч хэд, хэдэн нөхцөл байдлыг анхааралдаа авах хэрэг­­тэй гэдгийг “Азийн хөгж­лийн төлөв 2014” тайландаа тэд тусгажээ.
Тухайлбал, БНХАУ-ын ДНБ бага зэрэг буурахад нөлөөлсөн үндсэн шалтгаануудын нэг болох зээл олголтыг хязгаарлах зорилготой эл арга хэмжээг тус улс маш огцом бөгөөд эдийн засгийн өсөлтийг сааруулахуйц хэмжээнд авсан тохиолдолд эдийн засгийн илэрхий удаашрал нь БНХАУ-тай худалдааны түнш Монгол зэрэг оронд  хүчтэй нөлөөлөх магадлалтай юм.
Мөн голллох аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлтийн талаарх мэдээлэл тодорхой бус байгаагаас үүдэн Азийн бараа бүтээгдэхүүний эрэлт тэдгээр улс орны хүлээсэн хэмжээнд хүрэхгүй байх магадлал ажиглагдаж байна. Мөн АНУ-ын мөнгөний бодлогод орох өөрчлөлтөөс үүдэн дэлхийн санхүүгийн зах зээлд дахин цочрол үүсч болзошгүй зэрэг шалтгааныг манай улс анхаарах нь зүйтэй гэдгийг АХБ-наас анхааруулж байна.

Манай улсын төлбөрийн тэнцлийн байдал

Төлбөрийн тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр өнгөрсөн оны сүүлийн улиралд 448.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1585.7 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Төлбөрийн тэнцлийн урсгал данс урьдчилсан гүйцэтгэлээр өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 616.0 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 104.6 сая ам.доллар буюу 14.5 хувиар буурсан. Үүнд, орлогын дансны алдагдал 206.2 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 86.9 сая ам.доллар буюу 29.6 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Үйлчилгээний орлого 2013 оны дөрөвдүгээр улиралд 200.5 сая ам.доллар, зарлага 468.4 сая ам.доллар болж, үйлчилгээний тэнцэл 267.9 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 30.0 сая ам.доллар буюу 10.1 хувиар буурсан байна.

Б.Ширнэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан